Tuesday, December 8, 2015

Улс төрийн ган


Би говийн хүүхэд болохоор байгалийн нэгэн гамшигт үзэгдэл болох “ГАН” гэдгийн тухай сайн мэдэх юм. Говьд ган болох үзэгдэл элбэг тохиолдоно. Хавар дуусч зун эхэлчихээд байхад бороо хур орохгүй байх ба нар улам хурцаар шарж, халуун салхи дотор бачууруулан үлээж бие нозооруулна. Уул хангай минь хур бороогоо хайрлахнуу гэсэн хүмүүсийн горьдлого тасарсан харц тэнгэрт гарч ирсэн үүл болгон руу чиглэж, итгэж найдан ширтэх боловч өнөөх нь халуун салхинд туугдан алга болно. Ган болоход хөгшчүүл сэтгэлээр их унадаг бололтой. Учир нь ган болсон зун ахмадууд тэнгэрийн орондоо илүү олноор явах шиг болдог юм. Гэхдээ одоо миний энэхүү бичиж байгаа нийтлэл маань байгальд тохиолддог “ГАН” хэмээх үзэгдэлийн тухай биш улс орны улс төрийн амьдралд тохиолдоод байгаа “ГАН”-гийн тухай юм.

Онолын үүднээс авч үзэх юм бол улс төрийн үйл явц нь их системлэг /тогтолцоолог/ зүйл юм. Төрийн Ардчилсан хэв маягын системийг тойм хэлбэрээр бүдүүвчилбэл: Эхлээд тодорхой хил хязгаар, нутаг дэвсгэр бүхий өөрийн гэсэн онцлог соёл, иргэншилтэй улсын “ард түмэн” байна. Ард түмэн шударга сонгуулийн зарчмаар өөрийн улсын төрийг төлөөллийн зарчмаар бий болгоно. Төр нь улс орны  гадаад дотоод бодлогыг боловсруулж улс орны хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөх хууль буюу шийдвэр гаргаж түүнийг хэрэгжүүлнэ. Гаргасан хууль шийдвэрүүд нь улс орны амьдралд сайн муугаар нөлөөлнө. Тогтсон хугацааны дараа сонгууль дахин болж Ард түмэн төр барьсан эрх мэдэлтнүүдийнхээ үйл ажиллагаанд дүн тавьна. Сайн дүн тавьбал тэдгээр эрх баригчидыг улируулан сонгох ба муу дүн тавьбал тэднээс илүү их ажиллаж чадах хүмүүсийг төрийн эрхэнд гаргана. Ийнхүү эргэх холбоо үүсдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн системийн эргэлт ийхүү байнга дахин дахин давтагдаж явах юм. Ардчилсан системийн нэг онцлог бол улс төрийн эрх мэдэлтнүүдийг тодорхой буюу богино хугацаанд сольж байх тухай ойлголт юм. Энэ нь улс оронд дарангуйлал тогтохоос сэргийлсэн арга хэмжээ бөгөөд нөгөө талаар энэ нь улс төрийн удирдагчидын чадвар чадавхыг дээд хэмжээгээр улс орныхоо нийтлэг эрх ашиг, сайн сайханы төлөө ашиглах сонирхолоос үүдэлтэй.

Нам улс төрийн системд маш их үүрэгтэй. Нам улс орны хэмжээнд тулгамдсан асуудлыг гарган ирж төрийн бодлого болгож, асуудлыг шийдвэрлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ. Намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь үнэхээр олон түмний хүсэл сонирхолд нийцсэн тэдний амьдралд тохиолдож буй асуудлыг шийдэхүйц цагаа олсон шийдэлтэй зөв, мэргэн бодлого хөтөлбөр байх аваас сая сонгогчид тэрхүү намыг сонгуульд дэмжинэ. Олон түмний дэмжлэгийг авч сонгуульд ялалт байгуулсан нам тэрхүү сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө амьдралд хэрэгжүүлж үр шимийг нь сонгогчид, ард түмэн хүртэж улс орон урагшлан хөгжих учиртай юм. Энэ бол онол бас бусад Ардчилал хөгжсөн орнуудын нийтлэг жишиг. Энэ онолоор буюу нэгэнт батлагдсан энэ жишигээр явахгүй бол улс оронд өлсгөлөн, ядуурал, эмх замбараагүй байдал газар авч, эцэст нь энэ бүхэн хүчирхийллийг өдөөж, цуст иргэний дайнаар төгсдөг гашуун түүхтэй.
Аливаа зүйлийн жам ёс алдагдвал нийгэмд ч тэр, байгальд ч тэр таагүй зүйлс тохиолдож эхэлдэг. Улс төрийн ГАН бол тэрхүү жам ёс алдагдсанаас үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл ардчилалын үнэт зүйлс алдагдаж, ардчилсан төрийн жам ёсноос гадуурх үйл явц монголын улс төрд хэтэрхий удаан бугшсанаас болж Монголын улс төрд ГАН болоод байна.

Амьдралтай жишээн дээр тайлбарлая. А гэдэг намын Б гэдэг дарга байна гэж бодъё. Мэдээж улс төрийн намын эцсийн зорилго бол засгийн эрхийг авах. Тухайн улсын парламент 21 төлөөлөгчтэй байя. Өөрөөр хэлбэл УИХурал нь 21 гишүүнтэй гэж бодъё. Сонгуульд намаас нэр дэвших хүмүүсийг намын дарга Б мэднэ. Уг нь бол онолоороо буюу дүрмээрээ тухайн төлөөлөгчийг нэр дэвшүүлэх эсэхийг тухайн шатны нам түүний гишүүд нь мэдэх учиртай л даа. Сонгуульд нэр дэвшигч ба намын дарга Б хоёр нэг нам боловч намаас дэвшигч УИХуралд сонгогдож гарч ирээд намын даргаа дэмжихгүй бол яах вэ? Б-г дэмжихгүй бол намын дарга Ерөнхий сайд болж чадахгүй. Б-г дэмжихгүй байх хуулийн бололцоотой. Тэгэхээр Б нам дотроосоо яг өөртөө үнэнч байх өөрийн хүнийг дэвшүүлэх сонирхолтой байна. Доод шатны сонгогчид ямар хүн дэвшүүлэх сонирхолтой байгаа нь намын дарга Б-д чухал биш хамгийн чухал нь нэр дэвшигч маань яг Б-гийн гарын итгэлтэй хүн /фракцын/ байх ёстой гэсэн шалгуур нэгдүгээрт тавигдаж эхэлнэ. Учир нь монголын улс төрд хувийн эрх ашгийн үүднээс өөр намд урваж санал өгөх бүрэн боломж байдаг. Тиймээс намын даргын хувьд нэр дэвшигчдэд байх ёстой шалгууруудын хамгийн эхэнд надад үнэнч, надаас урвахгүй /зарим тохиолдолд бөгс долоогч/ хүн байх ёстой ба нэр дэвшигч нь оюун сэтгэлгээ болоод эдийн засгийн хувьд сул дорой байх нь хамаагүй.
Харин ард түмэнд ашигтай төлөөлөгч бол боловсрол мэдлэгтэй, хувийн эрх ашгаасаа илүү олон түмний эрх ашгийг дээдэлдэг, итгэл даадаг, ард түмний дун дахь зовлон жаргалыг сайн мэддэг тэрхүү зовлонг нь эрх мэдэлтэй болбол нимгэлэх, арилгах бодлого шийдвэрийг гаргадаг хүчтэй, зөв шударга, бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн байх ёстой.  Гэхдээ энэ зарчим монголын улс төрд үйлчлэхгүй байгаа буюу нам дотор бодит амьдрал дээр яг үүний эсрэгээр явдаг.

Намын доод шатны эгэл жирийн гишүүд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр төрд зүтгэж чадах жинхэнэ төлөөлөгчийг гаргаж ирж чадахгүй байгаа нөгөө талаар тийм боломжыг олгох сонирхол намын дээд удирдлагад байдаггүй. Учир нь улс төрийн намыг өөрийнхөө өмч, өөрийнхөө хувийн эрх ашиг, тодорхой хэсэг бүлэглэлийн мэдэлд байлгах хүсэлтэй байгаа. Доороосоо дээшээ биш дээрээсээ доош чиглэсэн удирдлагын /дарангуйлалын/ хэв маяг тогтоод байна. Иймээс монголын төр жинхэнээсээ ард түмний Ардчилсан төр байж чадахгүй байна.
Монгол улс шинээр Ардчилсан улс төрийн тогтолцоог нутагшуулж байгаа улс учраас ард түмэн  өөртөө олгогдсон улс төрийн эрх, Ардчиллынхаа мөн чанарыг сайн таниагүй байна. Ардчилал бол ард түмний засаглал болохоос биш хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн бамбай биш, Ардчилал бол бүх нийтийн сайн сайханы төлөө зориулагдсан нийт ард түмэнд ашигтай төр болохоос биш ханаж цадахаа мэдэхгүй ёс зүйгүй, увайгүй хэсэг бүлэг хүмүүсийн сайн сайханы төлөө, хэдхэн бүлэглэлд ашигтайгаар үйлчилдэг төр засгийн хэлбэр биш юм.
Шалтгаан хийгээд гарах арга зам: Нэгдүгээрт: Төлөөллийн Ардчилалын завхралын талаар би тусгай нийтлэл бичсэн учир энд нуршихыг хүсэхгүй байна. Шууд Ардчилалын хэлбэрийг шийдвэр гаргах түвшинд илүү өргөн ашиглах, Төлөөллийн Ардчилалын сул талыг арилгах хууль эрх зүй зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.
Хоёрдугаарт: Иргэд, олон түмний улс төрийн оролцоог идэвхжүүлж хуульчлах, нам доторх Ардчилалыг хуульчлах, олон ургальч байдалыг дэмжин урамшуулах гэхдээ цөөнх нь олонхоо дагадаг улс төрийн соёлыг хуульчлах, Ардчилсан улс төрийн соёл төлөвшөөгүй учраас нам дотроо цөөнх болбол гараад сөрөг намтайгаа эвсэж байгаад өөрийн намын олонхыг дардаг тийм улс төрийн соёлгүй зэрлэг бүдүүлэг дүрэмгүй улс төр монголд ноёрхож байна.

Маш энгийнээр тайлбарлахад улс төрийн системийн /тогтолцооны/ эргэлт  нь байгаль дах усны эргэлттэй тун төстэй юм.

Байгаль дах ус агаарт хөөрч үүл болон хувирна. /Аль нэгэн намаас эсвэл бие даагчид нэр дэвшиж сонгогдсоноор улс төрийн эрх мэдэлд хүрнэ/ Үүлнээс бороо орж газар дэлхий гайхамшигтай сайханаар баясаж, ган тайлагдаж, ургамал ногоо дэлгэрээд хүн малын зоо тэнийж амгалан жаргалан болно. /Төрийн бодлого шийдвэр зөв мэргэн байж улс орон хөгжиж, ард түмний амьдрал сайжраад, иргэд өмсөж идэхээр дутахгүй гар газар, хөл хөсөр амгалан жаргалтай амьдарна/ 
Орсон борооны ус газраас, гол горхиноос, далай тэнгисээс дахин ууршиж үүл болно. /Нэгэнт эрх мэдэлд хүрсэн хүмүүс эрх мэдлээ алдах дургүй байдаг буюу дарангуйлал тогтоодог учир ихэнх улсад улс төрийн зүтгэлтэн дахин нэг удаа сонгогдож ажиллахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл аливаа улс төрийн зүтгэлтэний улс төрийн идэвхтэй амьдрал нь голдуу 8 жил үргэлжлэхээр хуульчилсан байдаг. Иймээс улс төрд шинэ залгамж халааг авсан нэр дэвшигчид өөр бусад шинэ зүтгэлтнүүд дахин сонгогдож улс төрийн эрх мэдлийг авна/ Ийнхүү тэр шинэ үүлнээс дахин бороо орж газар дэлхийг баясгана. Ийнхүү мөнхөд эргэлдэх усны эргэлт байгалийг тэжээдэг. /Ийнхүү ус ба цусны эргэлт мэт улс төрийн тогтолцоо мөнхөд эргэх холбоог үүсгэж улс орон урагшлан хөгжиж, ардчилал эцсийн дүндээ гагцхүү ард түмэнд ашигтай байж, өгөөжөө өгдөг учиртай юм/
Дүгнэлт: Монголд улс төрийн ГАН болоод байгааг би уншигч танд маш ойгомжтой байхаар бичих гэж чадан ядан хичээлээ. Нэгэнт бороогоо оруулж хураа хайрласан үүлнүүд ямарч бороо оруулж чадахааргүй сэмжин үүл болчихоод Монголын улс төрийн тэнгэрт олон жил болсон учраас ган болж байна. Ийм хүмүүс маш олон байгаа. Та бүхэн надаас дутахгүй нэрлэчихнэ. Би хоёрхон хүн нэрлэе. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж ... Тэд цагтаа шинэ борооны үүл болж Монголын улс төрийн “ГАН”-г тайлж байсан хүмүүс гэвч одоо тэдэнд бороо оруулахаасаа илүү монголын тэнгэрт илүү их удаан байх нь чухал болсон бололтой.
Говь нутагт ган болсон жил хүмүүст үүлэнд итгэхээ байчихдаг. Учир нь бороогүй хуурамч үүл байн байн гарсаар байгаад хүмүүсийг залхаачихдаг юм. Яг үүнтэй адилаар улс орноо хөгжүүлнэ хөгжүүлнэ жаргаана жаргаана гэсээр байгаад улс төрийн намууд сонгогчидыг залхаасан юм шиг байдаг. Сонгууль болох бүрт сонгогчидын ирц буурсаар байгааг би энэ явдалтай жишиж тайлбарламаар байна. Иргэд үүлэнд итгэхээ байдаг шиг сонгогчид намуудад итгэхээ больж байна. Энэ бол аюул энэ бол эхний дохио юм. Тун удахгүй бороо оруулахгүй байгаа үүл рүү уурссан сонгогчид шинэ технологи ашиглаж бороо оруулдаг буугаар буудвал яана даа. Жинхэнэ байгалийн үүл рүү буудаж байгаа бол ч яая гэхэв харин төр засаг руугаа буудвал энэ нь жинхэнэ сүйрэл авчирна. Энэ бол хүсэх зүйл биш. Байгаль дэлхий ч тэр, төр засаг минь ч тэр бидэндээ үргэлж жам ёсоороо үр өгөөжөө өгөхийн ерөөл өргөе.

Ардчилал төлөвшсөн улс төрийн соёлтой улсад бол 20 гаран жил улс төрийн амьдралд идэвхтэй байдаг тийм улс төрийн зүтгэлтэн байхгүй. Байгаа бол тэр нь гарцаагүй дарангуйлагч болж таарна. Монголын улс төрийн намуудад маш олон залуучууд байгаа тэдэнд амбиц бий, тэдэнд шинэ санаа бий, мэдлэг боловсрол ч бий. Залуучууд гэдэг бол монголын улс төрийн “ГАН”-г тайлах шинэ борооны үүлнүүд. Гэвч шинэ борооны үүл ууршиж тэнгэрт гарахгүй байна. Тэнгэрт үүл гарахгүй бол бороо яаж орох вэ? Шинэ залуу улс төрчид ягаад монголын улс төрийн амьдралд оролцож чадахгүй байна вэ? Шалтгаан нь улс төрийн намуудад байгаа юм биш биз. Улс төрийн намын тухай хуулиа эргэж харъя.

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...