Ардчилсан Хувьсгал ялсанаас хойш даруй 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 6
удаагийн парламентийн сонгууль болж зарим хүмүүсийн үзэж байгаагаар монголчууд
Ардчилсан хувьсгалыг амжилттай хийсэн ажээ.
Нөгөө нэг хэсэг хүмүүсийн хувьд монголын Ардчилал хуурамч, дүр эсгэсэн үйл
явц болсон ба эдийн засгийн хувьд амжилт олсон боловч эрх мэдэл хувиарлалтын
хувьд алдаа завхрал гарч нугалаа үүссэн төдийгүй энэхүү завхралыг ашиглан хэсэг
бүлэг тодруулбал эдийн засгийн олигархи бүлэглэлийн ашиг сонирхол ард түмний
хяналтаас гарсан байна. Төлөөллийн Ардчилалын сул талыг арилгах талаарх
төсөөлөл ойлголт монголчуудад байсангүй ард түмнээс эрх авсан Төлөөлөгчидын эрх
мэдэлд хэмжээ хязгаар тавьсангүй тэдэнд хариуцлага тооцох механизм улс төрийн
тогтолцоонд огт суулгаж өгөөгүй. Бүр хуулиар УИХ-ын гишүүдийг халдашгүй дархан
эрхтэй болгосноор хэмжээгүй эрхтэй хууль бусаар хөрөнгөжигсөд газар авлаа. Нам
нь хэсэг бүлэг хүмүүсийн хаант улс болж зарим талаараа монголд Ардчилсан
дарангуйлал тогтлоо. Энэ бүхэн бол Ардчилсан хувьсгалын ололтын хажуугаарх
гажуудал юм.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан хүчин засгийн эрхийг 2 удаа авсан байна.
Өөрөөр хэлбэл парламентын сонгуульд амжилттай оролцсон хоёр удаагийн
тохиолдолоор засгийн эрхийг авсан юм. Эхнийх нь 1996 онд, удаах нь 2012 онд
болсон.
Эхний удаагийн азгүйдэл:
1996 оны парламентийн сонгуульд Ардчилсан хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа.
Мэдээж шинээр төлөвшиж байгаа улс төрийн хүчний хувьд гайхамшигтай үйл явдал
болсон юм. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ сонгуульд шинэ тутам гарч ирсэн
Ардчилсан гэх тодотголтой намууд нэгдэж эвсэл болж орсоноороо онцлог байсан.
Гэхдээ Ард түмэн ойлгохдоо 1996 онд Ардчилсан хүчинд саналаа өглөө гэж ойлгосон
юм.
Би хэдийгээр хүүхэд байсан /10 настай/ хэдий ч манай багш Ардчилсан үзэл
санааг дэмждэг байсан юм уу нэг удаагийн хичээл дээр бидэнд Ардчилсан намын
тухай ярьж өгч билээ. Бүх хүмүүс газраа өмчилж авах ба өмчилсөн газартаа зүлэг
ногоо тарьж болно. Байшин барьж болно. Хүмүүс өмчтэй баян чилээлэг болох ба
түүнийгээ зарж борлуулах түүндээ хөрөнгө оруулах зэрэг нь тухайн хүний эрх байх
тухай гэх мэт одоо санахад их л гоё зүйлийг хийж улс орон хөгжих мэтээр ярьж байсан
нь санаанд бүдэг бадаг үлджээ. Тэр үеэс л Ардчилалын тухай сайхан гэгээлэг
төсөөлөл ой ухаанд суусан бололтой. Одоо бол багш хүн хүүхдүүдэд энэ мэтээр
яриа ухуулга хийх нь хориотой юм.
1996 он гэдэг бол монгол улсын хувьд эдийн засгийн чадавх маш сул хөгжил
буурай байсан үе. Ардчилсан хүчин ялсаны дараах он жилүүд ард түмний итгэж, хүсэн
хүлээж байсан тэр сайхан гэгээлэг мөрөөдөл, төсөөллөөс хол зөрүүтэй байсан юм.
Ардчилсан хүчний дотоод зөрчил нь тухайн үед 4 удаагийн Засгийн газрын нүүрийг
үзэхэд хүргэсэн. Ард түмний хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн зүтгэлтэн С.Зориг
бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан юм. Тэдгээр он жилүүд бол монголчуудын
хувьд хар дарсан зүүд мэт он жилүүд байлаа.
Эдийн засгийн хөгжил зогсонги хэвээр байлаа. 1997 онд Азийг хамарсан “Азийн
эдийн засгийн хямрал” болсон юм. Энэ нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд
нэрмээс болж байлаа. Аргаа барсан эрх баригчид Монголд хандивлагч улс орнуудын
уулзалтыг зохион байгуулж өөрийн улсын ядуурал, зовлонгоо тоочиж нэгэн үе
Монгол улс гадны улсын хандив тусламжаар амьдардаг байсан тухай дурсамжыг ихэнх
хүмүүс санаж байгаа.
1996 оны Ардчилсан хүчний ялалт бол Ардчилалд үзүүлсэн ард түмний итгэл
байлаа. Харин сонгуулийн 4 жил дуусахад Ардчилсан хүчинд итгэх ард түмний итгэл
алдарч 2000 оны сонгуульд Ардчилсан хүчний “аз” азгүйдэлээр дууссан түүхтэй.
Дараагийн удаагийн азгүйдэл:
2012 оны парламентийн сонгуульд Ардчилсан нам харьцангуй ялалт байгууллаа.
Харьцангуй гэдэг нь Засгийн газрыг дангаараа байгуулж чадахааргүй буюу дийлэнх
олонх болж ялалт байгуулаагүй гэсэн үг юм. Иймээс арга буюу сонгуулийн дараа
МАН-аас өрх тусгаарлаж сонгуульд орсон МАХНамтай хамтарсан засгийн газрыг
байгуулсан юм. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам уран гоё сонгуулийн
компанит ажил зохион байгуулж Ард түмний дунд алдсан нэр хүндээ эргүүлэн олж
аваад байлаа. 1996 оны үйл явдалыг ард түмэн бараг мартжээ. Өнгөрсөн хугацаанд
болж өнгөрсөн муу муухай зүйл бүгдийг эрх баригч намд тохлоо. Мөн өрсөлдөгч
томоохон хүчин болох МАНам нь сонгуулийн өмнө хоёр хуваагдаад байлаа. Энэ бүхэн
нь Ардчилсан намд сонгуульд амжилттай өрсөлдөх үржил шимт хөрсийг бүрдүүлж
байв. Гэхдээ л Ардчилсан нам дийлэнх олонх болж чадаагүй харьцангуй олонх.
1996 оных шиг алдаагаа дахин давтахгүй байх гэсэн Ард түмний итгэлийг бас
дахин хугалж Засгийн газраа огцорууллаа. Энэ үйл явцад Ардчилсан намын УИХ дахь
гишүүд нь идэвхийлэн оролцсон нь бүр гайхмаар басхүү урам хугарч дахин итгэл
алдармаар зүйл болов. Ард түмний хувьд энэ бол хууртагдсан итгэл найдвар. Шалтгаан
нь “Давхар дээл” гэхдээ дараагийн засгийн газар байгуулагдахад энэ нь зөвхөн
шалтаг /халхавч/ байсан гэдэг нь бэлхэнээ харагдсан юм.
2012 оны эдийн засгийн нөхцөл байдал 1996 оныхоос эрс ялгаатай байлаа. Энэ
үед Монгол улсын эдийн засаг эрчимтэй өсөж хөгжиж байв. Эдийн засгийн өсөлт
хөгжилийн түүхэн оргил үе энэ үед тохиогоод байсан юм. Засгийн газар
байгуулагдаад удсангүй олон улсын санхүүгийн зах зээлд “Чингис бонд”-ыг
амжилттай гаргаж төсвийн бус асар их мөнгөтэй боллоо. 2013 он бол Ардчилсан
намд итгэх Ард түмний итгэл дээд цэгтээ байсан үе учир нь 2013 оны
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан ерөнхийлөгч дахин сонгогдлоо. Давхар ялалт, давхар
аз үнэхээр гайхамшигтай зүйл болж байлаа.
Нөхцөл байдал 2014 оноос алга урвуулахын адил гэнэт өөрчлөгдөж эхэллээ. Энэ
эхлэл нь улс төрийн хямрал биш эдийн засгийн хямралаас үүдэлтэй байв. Олон улсын
зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ огцом унаж байлаа. Эрх
баригчидын болчимгүй бодлого ба дэлхийн эдийн засгийн хямралын хавсарсан нөлөөллөөс
гадаадын хөрөнгө оруулалт огцом буурлаа. Уул уурхайн томоохон төслүүд нь
зогслоо. Төгрөгийн ханш огцом сулрав. Ард түмний амьдрал ганцхан жилийн дотор
эрс доройтсон ийм тохиолдол урд өмнө монголын түүхэнд тохиогоогүй бизээ.
Тохиолдсон байлаа ч гэсэн энэ удаагийнх шиг эмгэнэлтэй хямрал тохиолдоогүй байх
ягаад гэвэл энэ үед монголчуудын ихэнх нь банкинд өртэй, улсын төр нь гадаадад
их хэмжээний өртэй болсон байв.
Хятадын эдийн засгийн өсөлт саарч хөөс хагарав. Хятад улсын хувьд энэ нь
ханиахын төдий зүйл боловч монгол улсад энэ нь хатгаа болж хүндэрсэн эдийн
засгийн уналтыг авчирсан юм.
Цаашдын төлөв:
Ардчилсан намын улс төрийн амжилтын төлөв: 1996 оны ялалт бол Ардчилсан
хүчний хувьд маш богино хугацааны амжилт байлаа. Өөрөөр хэлбэл 1990 онд хийсэн
Ардчилсан хувьсгалаас хойш ердөө 6 жилийн дараа Засгийн эрхийг авсан амжилт
байв. Харин 2000 оны азгүйдэлээс хойш 12 жилийн дараа, 1996 онд ялсанаас хойш
16 жилийн дараа парламентын сонгуульд арай хийн харьцангуй олонх болсон юм. Харин
одоо болох 2016 оны сонгуульд ялах төлөв харагдахгүй байна. Дараагийн ялалт нь
хэдэн жилийн дараа тохиох вэ? Судлаачын хувьд би нэг таамаг дэвшүүлэе. 20
жилийн дараа хэрвээ Монгол Ардын нам асар муу ажиллавал энэ хугацаа богино болж
мэдэх юм. Хамгийн гол нь энэ хоёр намд итгэх Ард түмний итгэл маш их муудлаа.
Тиймээс цаашид 3 дахь ч нам хүчнүүд улс төрийн тавцанд илүү хүчтэй тоглох байх.
Азгүйдэлийн шалтгаан ба түүнийг арилгах арга зам:
Ардчилсан намын дотоод зөрчил Азгүйдэлийн гол шалтгаан: Эрийн цээнд хүрсэн
гэж өөрсдийгөө дөвийлгөж байсан Ардчилсан намыхан дотоод зөрчилдөө дахин өвдөг
сөхөрлөө. Үндсэн хууль, намын тухай хууль, сонгуулийн тухай хууль зэрэгт
зарчимын өөрчлөлт хийхгүй бол Ардчилсан намын дотоод хямрал нь эв найрамдал, ёс
зүй, итгэл үнэмшил гэх мэт хуулийн бус тохируулгаар зохицож явж чадахгүй
гэдгийг өнгөрсөн үйл явц дахин баталлаа.
Азгүйдэлийн гадаад шалтгаан: Хамгийн сонирхолтой нь Ардчилсан хүчин эрх
барих үед олон улсын эдийн засгийн хямрал болох үе давхцаад байна. Үүнийг
тайлбарлах шинжлэх ухаанч тайлбар надад алга. Зүгээр л ийм азгүй явдал
тохиолдох болоод тохиолдов уу?
Эртний монголчуудын “ТЭНГЭР”-ийг шүтэх үзлээр бол “харсан тэнгэр нь хаях”
гэдэг үг байдаг. Дотроо эв түнжин муутай, урвагч шарвагчаар дүүрсэн, амин
хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгаасаа дээгүүр тавьдаг тийм хүмүүстэй баг хамт
олныг монголчуудын хэлдэгээр “Харсан тэнгэр нь хаядаг” байна. Өөрөөр хэлбэл
“ТЭНГЭР” ивээдэггүй гэсэн үг.
Чингис хаан бол тэнгэрийн ивээлийг олсон хүн гэдгээрээ тал нутагт маш их
нэр хүндийг олсон юм. Учир нь түүний багт урвагч шарвагч, амин хувиа хичээгч,
эв түнжингүй байдал зэрэг “ДЭЭД ТЭНГЭР”-ийн гэсгээлийг хүртэх зүйлс байгаагүй
юм.
Нууц товчоонд дурдсанаар дайны олзонд шунаж дайн байлдаанд ялах гэсэн
үндсэн зорилгоосоо ухарвал хүндээр шийтгэдэг байжээ. Эзэн ноёноосоо урвах аваас
дайсан хийгээд өөрийн тал аль ч тохиолдолд шууд цаазалдаг байлаа.
Ардчилсан намын дотоод зөрчил нь “Тэнгэрийн гэсгээлийг хүртэх” шалтгаан
болсон байж болох. Тэрхүү тэнгэрийн гэсгээл нь эдийн засгийн хямрал болж бүх
монголчуудыг шийтгэсэн ч байж болох юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.
Дүгнэлт: Эвийг эрхэмлэж хөгжилийг авчиръя. Монгол улсын төр, намуудад
бүгсэн урвагч шарвагч, амин хувиа хичээгч, хагалган бутаргагч, ард түмнийхээ
эрх ашгийг хөсөрдүүлэгч нараас монгол төр, нам, улсаа цэвэрлэхгүй бол Монгол
улсыг минь эртний өвөг дээдсийн минь “ТЭНГЭР” нь ивээхгүй ээ. Монгол улсыг минь заяа нь түшиж, “МӨНХ ХӨХ
ТЭНГЭР” нь ивээг.
2015,12,06
Б.ОЮУНСУРТАЛ
No comments:
Post a Comment