Monday, January 9, 2012

Чулуу байрнаасаа нэг хөдөлбөл 3 жил зовдог.

Tsonjiin_chuluu
Хэзээ ч юм бэ энэ үгийг би багадаа л сонссон юм шиг. Учир нь би энэ үгийг аль хэдийнээс л мэддэг юм. Монголчууд байгаль дэлхийдээ хайртай ард түмэн тийм учраас уул овоо,чулуу модыг хөндөхийг цээрлэдэг олон цээртэй. Түүний нэг нь энэ цээр юм. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлах том соёлын өчүүхэн хэлтэрхий нь. Энэ цээр нь цагийн уртад шашны агуулгаар баяжиж хаана хамаагүй чулуу, газар шороо хөндвөл лус, савдаг хилэгнэдэг гэдэг байлаа. Тийм ч учраас "нэг байрнаасаа хөдөлсөн чулуу дахин байраа олох гэж 3 жил зовдог" гэж хэлэлцэж  хамаа замбараагүй газар хөнддөггүй байж. Энэ уламжлал миний монголын газар шороо унаган төрхөөрөө үлдэхэд их хэрэгтэй соёл мөн.

Энэ үг өөрөө шууд утгаараа байгаль дэлхийгээ хайрлахыг сануулдаг боловч шууд бус өөр нэг утгаараа хүмүүст хэрэгтэй бас нэгэн сургааль болдог. Хүний амьдрал мөн чулуу лугаа адил юм. Өөрөөр хэлбэл хүний амьдрал нэг хөдлөхөөрөө дахин байраа олох гэж  бас ойролцоогоор 3 жил орчим чарайдаг /зовдог/  гэдгийг сануулсан захиа үг юм. Хүний амьдрал янз бүрээр өөрчлөгдөж хөдөлгөөнд орж байдаг. Зарим нэг нь эхнэр нөхрөөсөө салж, ажлаа солиж, амьдарлаа сайжруулахын тулд ч юм уу ер ямар нэгэн зорилгоор хаашаа ч хамаагүй нүүж суудаг. Ердөө чулуу гэдэг үгийг нь хүн гэдэг үгээр солиод харахад л ихээхэн ухаарал өгөхүйц онч мэргэн үг болчихно. "Хүн байрнаасаа нэг хөдөлбөл дахин байраа олох гэж 3 жил зовдог"

Энэ үг нь хүмүүсийг нэг байрнаасаа хөдлөхгүй суугаад бай гэсэн үг биш. Гэхдээ хүмүүсийг амьдралдаа томоохонд тооцогдох аливаа шийдвэрийг  гаргахдаа долоо хэмжиж нэг огтлохын адилаар нухацтай хандаж, гарах үр дагаварыг тооцож байхыг сануулсан үг байна гэж би бодож байна. Хамгийн сайхан нь зовсны эцэст жаргал ирэх нь гарцаагүй тиймээс зоригтой бай л гэж хэлмээр байна даа.

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...