Энэ нийтлэлийн нэр зүгээр л наргиан төдий шүү. Хэрвээ Ерөнхийлөгчийг орон
нутгийн нэг Засаг Даргын Тамгын газарт нэг мэргэжилтэнгээр нэг сар ажил хийлгэвэл
ямархуу байх бол гэсэн хөгжилтэй бодол толгойноос салдаггүй. Энэ бодол төрөх
болсон шалтгаан нь нэг үлгэр юм л даа. Дорнын нэг үлгэрт “эзэн хаан” нь харц
боолын хувцас өмсөж, нүүрээ хувиргаад түшмэлээ дагуулан шөнө орой гарч, улс
орныхоо бодит амьдралтай өөрийн биеэр танилцдаг тухай гардаг юм. Энэ үлгэрт гардаг
шиг манай том дарга нар энгийн хувцас өмсөөд бидэндээ танигдалгүй улс орныхоо
үнэн бодит амьдралтай танилцдаг бол мөн сайхан аа гэж боддогоо нууж чадашгүй
нь. Ер нь манай улс төрчид сонгуулиар гоё сайхан юм ярьж ярьчихаад сонгууль
дуусахаар таг чиг болдог гэмтэй хүмүүс.
Заавал Ерөнхийлөгч байдаг нь юу юм бэ?
гэж та сонирхож магадгүй Улсын их хурлын дарга болохоор завгүй Дарга
байхгүй бол парламентийн үйл ажиллагаа
нэг сар зогсоно. Ерөнхий сайд бол бүр болохгүй өмнөх ажил нь үстэй
толгойноос нь их хүнийг нэг сар “танилцах” ажил хийлгэчихээр улсын минь төрийн
ажил цалгардана шүү дээ. Манай Ерөнхийлөгч энэ хоёроосоо арай ажил багатай
Үндсэн хуулинд зааснаар бол бэлгэ, тэмдэгийн чанартай хүн учир Ерөнхийлөгчөөр
хийлгэе гэж сонгосон юм.
Мэдээж Ерөнхийлөгчийг бүх хүн таних учир Ерөнхийлөгчөө хэр баргийн хүн
танихааргүй залуу хүн болгож өөрчилнөө. Гэхдээ гоо сайхны мэс засал хийхгүй.
Монте Кристо гүн шиг л нүүр хувиргалт хийнэ шүү дээ. Дараа нь бусад хүнд
мэдэгдэж хар авахуулахгүйн тулд Ерөнхийлөгчөө гадаад улс руу нэг сарын
томилолтоор явлаа гэж улс орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ.
Ингээд урьдчилсан бэлтгэл ажил хангагдах нь тэр.
Өө уучлаарай нэг маш чухал юм мартчихаж. Шууд би нэг сар ажиллая гээд албан
газар яваад очихоор хэнч ажиллуулахгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд даа үүрэг
өгч сонгосон газартаа сонгосон местэн дээрээ ажиллаж буй хүнийг 1 сар цалинтай
амраана. Оронд нэг хүн ажиллуулна гэж тохирно. Дээд шатны дарга нь олон юм
шалгаавал улсын нууц, элдэв хэл ам гаргавал ажилтай чинь ярина шүү гээд амыг таглачихна. Хамгийн гол нь тухайн
нутагт ямарч хүн манай Ерөнхийлөгчийг таних ёсгүй, энэ нууц ажиллагааг мэдэх
ёсгүй. Зүгээр л эгэл жирийн хүний дүрээр очих ёстой юм.
Хэрвээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны хуулиар ажилд
орохоор хөөцөлдвөл сонгосон ажилдаа ажиллахын тулд наад зах нь нэг жил хүлээх
болох ба эцсийн дүндээ улс төрийн намын томхон даргын нөлөөлөл үгүй бол ажилд
орно гэдэг нь бараг ямарч боломжгүй зүйл гэдгийг ойлгоно.
За энэ ч яахав бүх бэлтгэл ажил хангагдлаа. Манай Ерөнхийлөгч сарын эхээр
ажилдаа орлоо. Ажлын байрны тодорхойлолттойгоо танилцаж, хэдэн бичиг цаас,
хуулийн товхимол, ажилд хэрэг болох хэдэн утасны дугаар, брошур, хуучны
хоцрогдсон Персонал комьпютер хүлээн авна. Ажил хүлээлцэх комисс танд таны
албаны өмчийг хүлээлгэн өгч та “Хүлээн авлаа” гэж гарын үсэг актанд зурсанаар
албан ёсны ажилд орох үйл ажиллагаа шувтарна. Ойрын үед болох ажилчидын нэгдсэн
хуралдаан дээр таныг албан ёсоор танилцуулж ажилд чинь амжилт хүсэх ба бусад хүмүүс таныг ажилтай болсонд
баяр хүргэж алга ташна.
Би ч гэсэн танд хувийн зүгээс танилцах ажил хийж байгаад тань баяр хүргэмээр
байна. Мэдээж та манлайлагч, хичээнгүй хүн учраас ганцхан сар гялалзтал
ажиллана шүү дээ. Муу төсөвт байгууллага чинь ядуу шүү дээ ядуу. Адаглаад цаас
хүрэлцээтэй биш та гадуур албаны ажлаа амжуулахын тулд хувийнхаа машинаар явах
хэрэгтэй болно. Прентерийн хор нь дуусчихна. Хороо цэнэглүүлэхийн тулд хөөрхөөн
юм болно шүү. За энэ ч яахав байдаг л зүйл.
Хэд хэдэн нөхцөлийг урьдчилан тохирчихъё. Учир нь эцэст нь таны сарын цалин
амьдралд чинь хүрэхнүү үгүй юу гэдгийг харах бас нэг давхар зорилго байна.
Та хэдэн сарын өмнө Тоёота Королла гэдэг машин банкны зээлээр авсан. Сард
220,000₮ төлнөө. Ажилдаа явган харайлгана гэдэг бүтэхгүй. Өглөө хоцрохгүй
байхаас гадна хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гэх мэт ажлыг зөвхөн
машинтай байж л амжуулна. Машинаа хөдөлгөхийн тулд шатахуун хийнэ. Хамгийн
багаар бодоход 7 хоногт 20,000₮-өөр шатахуун хийнэ. Сардаа 80,000₮. Хүн бүр
ухаалаг утас барьдаг болсон өнөө үед та бас бусдын жишгээр нэг ухаалаг утас
лизингээр авсан. Ядаж байхад тэр утаснуудын дараагийн загвар ямар хурдан гардаг
гээч. Түүнд та сард 30,000₮ төлдөг. Мэдээж нэгж зарцуулнаа. Сард 5000 нэгж зарцуулна
гэж бодлоо шүү.
Та гэр хороололд 5 ханатай гэрт амьдардаг. Сарын тог, цахилгааны төлбөрт
15,000₮, хогны төлбөрт 3000₮ төлнө. Түлээ нүүрсний зардалд өдөрт 1000₮ гэж
бодоход сардаа 30,000₮ гэж бодъё.
Танай ам бүлийг эхнэр, нөхөр 2 хүүхдийн хамт байдаг буюу ам бүл 4-үүл гэж
авъя. Гэр бүлийн насанд хүрсэн нэг
гишүүн өдөрт /өглөө, орой/ 2000 төгрөгний хоол иднэ. Харин хүүхэд 1000₮.
Ингээд бодохоор Өдөрт 6000₮ гарч байна. Үүнийгээ сардаа бодохоор 180,000₮ болж
байна. Гэр бүлийн ариун цэврийн хэрэгцээний зардал гэж бий. Бас соёлын
хэрэгцээний зардал гэж байна. ДДиш ТВ-ны төлбөр, Интэрнэтийн төлбөр гэх мэт.
Хүүхдээ эрхлүүлж амттан авах мөнгө бол залшгүй зардалд орно. Үүнд мөнгө
төлөвлөх хэрэгтэй. За ингээд энэ мэт аар саар зардалыг багцлаад 30,000₮ гэд
бодчихоё. Үнэхээр багаар бодлоо. Тоочоод
байвал нэмэлт зардал гарч ирээд байх учраас үүгээр гэр бүлийн хэрэгцээний
зардалыг хязгаарлая.
Албан байгууллагын зардал гэж бас байна. Хамгийн түрүүнд хамт олны зардал
гарна. Нэгэнт байгууллага хамт олон юм чинь хамт олны чинь аль нэг хүнд зовлон,
жаргал тохиолдоно. Хэн нэгэн ажилтаны төрсөн өдөр нэг сард найдвартай тохионо.
Бас нэг ажилтан чинь хүүхдийн үсээ авах найр хийж болно. Мэдээж амьдрал юм чинь
нэг ажилтаны чинь ар гэрт үхэл хагацал гарч магадгүй. Монголчууд нэгэндээ үхэл
хагацлын зовлон тохиолдоход тэр зовлонг нь үнэхээр сайн хуваалцдаг ард түмэн
шүү. Магадгүй эрт цагт их дайн самуун хийж, их үхэл хагацал үзэж байсаны ул мөр
байх. Энэ бүхэнд та дор хаяж 20,000 төгрөг зарцуулна.
Өдөр нь цайны цагаар гэртээ харьж хоол хийж иднэ гэдэг бол бүтэшгүй зүйл тиймээс
та байгууллагынхаа цайны газар хооллоно. Нэг өдрийн хоол ойролцоогоор 4000
төгрөг. Хоолны мөнгийг сарын эцэст таны цалингаас шууд суутгаад авчихна гэдгийг
сануулая. Хоолонд сарын 21 хоног ажиллана гэж тооцохоор 84,000 төгрөг
зарцуулна. Өөр нэг төлөвлөгдөөгүй гэнэтийн зардал гарнаа. Энэ бол
ажлынхантайгаа нийлж өдрийн ажлынхаа стрессийг гаргах зардал юм. Үнэртүүлэх
төдий ганц шил юм хувааж уух буюу та хүсэхгүй бол архи биш пиво ууж болно. Хамт
олонтойгоо ажлын бус цагаар сардаа ганц хоёр удаа сууна шүү сууна энэ бол
зайлшгүй. Үүнд та хамгийн багадаа 10,000 төгрөг зарцуулна.
Таны цалингаас зулгаах өөр нэг газар бол сургууль, цэцэрлэгийн торгууль. Тийм
юмны, ийм юмны гэд бүх эцэг эхчүүдээс мөнгө хурааж байгаа учраас та түүнийг
заавал өгөх хэрэгтэй болно. Таныг бусдын жишгээр хоёр хүүхэдтэй гэж жишээлсэн
учраас энэ зардалыг чинь 10,000 гэд бодчихоё.
Та санамсаргүй алдаа гаргаад замын цагдаад торгуулбал яана гэч. Энэ оноос
хэрэгжиж байгаа хуулийн торгуулийн хэмжээ маш өндөр. Ёстой муу ёр хүсэх ч юм
биш.
Та сарын эхээр аванз гэж авна. Харин
сарын сүүлээр бөгс мөнгө гэж нэрлэгддэг үлдэгдэл цалингаа бүх татвар, шимтгэл,
суутгалаа хасуулаад авна. Үүнийг та эрхбиш мэдэж байгаа.
За одоо зардалаа тооцоё. /сараар/
№
|
Зарцуулалтын нэр
|
Мөнгөн дүн
|
1
|
Тоёота Королла машин
/банкны зээл төлөх/
|
220,000
|
2
|
Шатахуун
|
80,000
|
3
|
Гар утасны
лизинг, нэгж
|
35,000
|
4
|
Цахилгаан
|
15,000
|
5
|
Хогны төлбөр
|
3000
|
6
|
Түлээ, нүүрс
|
30,000
|
7
|
Хоолны зардал
|
180,000
|
8
|
Бусад хэрэглээний
зардал
|
30,000
|
9
|
Хамт олны зардал
|
20,000
|
10
|
Өдрийн хоолны
зардал
|
84,000
|
11
|
Стресс тайлах
зардал
|
10,000
|
12
|
Бусад газрын
торгууль /сургууль, цэцэрлэг гэх мэт/
|
10,000
|
13
|
Бүгд зардал
|
717,000
|
Монголчууд бидний тэмдэглэдэг олон баяр бий. Гэр бүлийн баяраас авахуулаад,
Үндэсний баяр, ёлк, Цагаан сар гэх мэт. За цагаан сарын баяраар бол байдагаа
барна доо. Хэрвээ хүүхдээ төлбөртэй сургууль цэцэрлэгт явуулбал таны цалин бол
хаанаа ч хүрэхгүй. Таны эхнэрийг тань ажилгүй гэртээ байдаг гэж авсан. Учир нь
үнэндээ орон нутагт ажлын байр байхгүй шүү дээ. Хэрвээ гэр бүлийн хоёр хоёулаа
ажилтай бол тэр айл шууд хангалуун айлын тоонд орно. Өөрөөр хэлбэл гэр
хороололд биш байр лизингдээд орон сууцанд амьдарна гэсэн үг. Танай орлого бол
зөвхөн таны цалин үгүй бас нэг өөр орлого байгаа л даа. Тэр бол хүүхдийн мөнгө
болох 40,000₮. Тэр мөнгийг хүүхдийн ээж авч үрэх учир энэ мөнгө танд нэг их
хамааралгүй мөнгө.
Одоо хүртэл би таны цалинг хэлсэнгүй. Уг нь нэг их нууцлаад байх юм биш л
дээ. Гэхдээ ихэнх төрийн албан хаагчид цалингийн хэмжээгээ нууцалдаг юм.
Магадгүй ичсэндээ тэр байх. Таны цалинг шударга байх үүднээс Үндэсний
статистикийн газраас гаргасан улсын дундаж
цалингаар бодъё. 642,200 энэ цалингаас тань өршөөгүй хандаад хууль ёсоор суутгах
татвар, шимтгэлийг хасахгүй байя. /Эх сурвалж: http://time.mn:81/60811,
http://www.nso.mn/content/44#.Vm5anEp961s,
Бодит амьдралд арай дөхсөн мэдээлэл/ Яг үнэндээ би нягтлан бодогч биш учраас
бүх татвар шимтгэлийг хасаад хэд үлдэхийг бодож чадахгүй нь. Ингээд:
Таны цалин 642,200 төгрөг
Бодит амьдрал дээр төрийн албан хаагчидын ихэнх нь 500 мянга хүрэхтэй
үгүйтэй цалин гар дээрээ авдаг харин мэдээллийн хэрэгсэлээр төрийн албан
хаагчид өндөр цалин авдаг гэж албан ёсоор гүтгэдэг. Жишээ нь: Үндэсний
статистикийн газрын мэдээлснээр монгол улсын дундаж цалин энэ онд 844 мянгад
хүрсэн гэжээ. /Эх сурталж: http://www.olloo.mn/n/12895.html
/Харин энэ мэдээллийг нь МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ тоог тархи
угаасан, бодит биш тоо гэж мэдэгдсэн байна. /Эх сурвалж: http://vip76.mn/content/31415 / Би
л хувьдаа санал нэг байна. Харин Шүүхийнхэн
бусад төрийн албан хаагчидаас илүү өндөр цалин авдаг нь үнэн юм шиг байгаа юм.
Нэгэнт дундаж цалин ярьсаных дэлхийн дундаж цалин 1480 ам/доллар байдаг
гэнэ. Энгийн математик тооцоо хийе. 1480*2000=
2.960.000₮ /Эх сурвалж http://www.assa.mn/content/2248.shtml?a=economy
/ Монголын минь цалин үүнтэй хавьтаж ойртох ч болоогүй байна даа.
Хэдийгээр хийсвэр ч гэсэн бид Ерөнхийлөгчөө төрийн албанд нэг сар ажиллууллаа.
Бодит амьдрал дээр манай Ерөнхийлөгч үнэхээр ингэж ажиллаж үзвэл төрийн албаны доод шатанд
ямар зовлон жаргал, асуудал байдагыг биеэр мэдэрнэ, зарим нэг нь хийх ажилгүй
өдөржин Facebook ухаж байхад зарим
нэг нь толгой өндийх завгүй бичиг цаас, өргөдөл гомдолд дарагдаж байх жишээний
ажил ачааллын ялгаанаас авахуулад төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал гэх мэтийн
олон юмыг анзаарах байх. Уг нь би энэ нийтлэлийг их хошин хөгжилтэй нийтлэл
болох байх гэж бодсон чинь цалингийн баланс хасах гараад жаахан гутранги
нийтлэл болоод явчихлаа.
Таны зарлага болоод орлогын зөрүү хасахтай гарлаа. Тодруулбал -74800
төгрөгний алдагдалтай. Эдийн засгийн утгаар энэ бол дампуурал. Хасах баланстай
хүмүүс өрөнд орж, /хэлсэн хэлээгүй бүгд өртэй/ хамгийн муугаар бодоход
өлсгөлөнд нэрвэгдэх байх. За тэр Хуримтлал энэ тэр бол бүүр цаашаа шүү.
Хадгаламжтай болох бол монгол мөрөөдөл. “Төрийн албан хаагч хадгаламжтай болов”
гэдэг бол монгол онигоо. Гэхдээ л монголчууд хэвийн амьдраад л болоод л байдаг.
Үүнд нэг “бяцхаан” нууц бий. Та нар
энэ нууцыг таа даа.
No comments:
Post a Comment