Showing posts with label niitlel. Show all posts
Showing posts with label niitlel. Show all posts

Wednesday, November 30, 2016

Иргэдийн оролцоо: Үндсэн хуулинд заасан шууд Ардчиллыг ашиглах нь

Монгол улсын үндсэн хууль”-д Ардчиллын нэгэн хэлбэр/загвар/ болдог шууд /сонгодог/ ардчиллын аргачлалыг төрийн үйл хэрэгт /шийдвэр гаргах/ ашиглах санааг хоёрдмол утгаар биш тов тодорхой шууд ойлгогдох утга агуулгаар дараах байдлаар хуульчилсан аж.
Гуравдугаар зүйл.
3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож,  ... энэхүү эрхээ эдэлнэ.
Энэхүү заалтаас харахад Монголын ард түмний төрийн үйл хэрэгтээ оролцох эрх нь шууд ба төлөөллийн гэсэн хоёр хэлбэрээр хангагдахаар хуульчлагдсан байна. Үүнийг мөн хуулийн 16-р зүйлд дахин баталгаажуулж Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх хэмээн тунхагласан нь сонирхол татаж байна.
Арван зургадугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
...16.9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.
            Эдгээр заалтуудаас харахад Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд шууд оролцох эрхзүйн үндэстэй байна гэж дүгнэж болохоор боловч бодит амьдрал дээр энэ онцгой эрхээ ашиглаагүй байна. Үүний зарим шалтгааныг мөн хуулийн дараах хэсгээс харж болно.
Хорин тавдугаар зүйл.
1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
...16/ ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
                Энэхүү заалтаас харахад иргэдийн Улс төрийн амьдралд шууд оролцох эрхээ эдлэх нэгээхэн арга зам болсон “ард нийтийн санал асуулга явуулах” асуудлыг зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан нь  төлөөллийн байгууллага болох УИХ –ын эрх хэмжээг, ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрхээс дээгүүр тавьж, тус эрхийг хааж боогдуулах нөхцөлийг хангасан байна.
            Чухамдаа Үндсэн хуульт ёсны тулгуур Үндсэн зарчим нь “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх” тухай үзэл санаа юм. Энэхүү үзэл санааг Женевийн иргэн гэж алдаршсан Жан Жак Руссо өөрийнхөө “Нийгмийн гэрээ” номондоо маш итгэл үнэмшилтэй, түүхэн баримттайгаар нотлон бичсэн билээ. Тэрээр төр, засаг үүсэхээс өмнө “Нийгмийн гэрээ” үүссэн гэж үзсэн ба энэхүү гэрээг төр засаг амьдралд хэрэгжүүлэх үүрэгтэйг заасан. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдэл бүхэлдээ зөвхөн ард түмний гарт байх ба энэхүү цорын ганц онцгой эрхээ “шууд” эдлэх  жам ёсны эрхтэй ажээ. Гэвч төр улс томрохын хэрээр ард түмний энэхүү “онцгой” эрхээ шууд эдлэх боломж буурдаг тул “Төлөөллийн ардчилал”-ын үзэл санаа шууд Ардчиллын эсрэг хөгжиж өнөөгийн олон орон энэхүү төлөөллийн аргаар засаг, төрийн үйл ажиллагааг хөтлөн явуулж байна. Төлөөллийн Ардчилал нь олон сайн талтай боловч мөнхүү сул талтай юм. Өөрөөр хэлбэл нийт Ард түмний хүсэл зориг, эрх ашгийг ханган ажиллах учиртай төлөөллийн байгууллагын “улс төрийн шийдвэр” нь ард түмний хүсэл сонирхлоос зөрөх тохиолдол олонтаа гардаг.
            Орчин үеийн Ардчиллын онолчидын томоохон төлөөлөгчийн нэг Роберт Даль энэхүү асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн ба төлөөллийн ардчиллын сул тал нь бидний зорьж буй “эрхэмлэх төгс Ардчилал”-д харш, муу нөлөө үзүүлж буйг тэмдэглээд шууд Ардчилалын загварыг төлөөллийн Ардчилалын загвартай хослуулан хэрэглэх санааг дэвшүүлсэн байна. Мөн тэрээр орчин үеийн интернэт ба сошиал медиа хэрэгсэлүүд нь шууд Ардчиллыг шийдвэр гаргах түвшинд ашиглах урьд байгаагүй бололцоог өнөө үед олгож байгааг цохон тэмдэглэжээ. /Эх сурвалж: https://ganaa.mn/2009/09/17/lkjfglkjdflskjl/
           
Ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрх нь “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” үзэл санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл мөн. Иймээс миний зүгээс “айлаас эрэхээр авдараа уудал” гэдэг монгол сургааль үгийн биелэл болсон нэгэн шийдлийг санал болгохыг хүсэж байна.

            Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд “шууд” Ардчиллын аргыг хэрэглэж байсан түүхэн туршлага бий. 1945 оны “ард нийтийн санал асуулга”-р БНХАУ-с тусгаар тогтнох, эсэх тухай асуудлыг шийдсэн явдал нь монголын ард түмэн бүх нийтээр оролцож гаргасан хүчин төгөлдөр улс төрийн шийдвэр мөн билээ. Энэхүү аргыг хэрэглэх боломжыг Үндсэн хуулиар олгосон боловч энэхүү эрхээ эдлэх, эс эдлэх тухай асуудал нь өнөөгийн УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байгааг би дээр тодорхой дурдсан.
            Үүнээс гадна монголын иргэдийн улс төрийн амьдралд шууд оролцох эрхээ эдэлдэг нэг институц бол “баг, хорооний Иргэдийн нийтийн хурал” хэмээх байгууллага юм. Энэ байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь төлөөллийн бус шууд оролцооны хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр гаргах үйл хэрэгт иргэд өөрөө өөрийгөө төлөөлдөг буюу асуудалд шууд оролцох сонгодог Ардчиллын зарчим энд үйлчилдэг. Энэ талаар Монгол улсын Үндсэн хуульд дараах байдлаар тусгасан байна.
Тавин есдүгээр зүйл.
2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол ..., баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, ... мөн.
Ийнхүү хуульчилсаны хажуугаар дараах зүйлд Нутгийн өөрөө удирдах байгууллага “улсын хэмжээний чанартай асуудлыг шийвэрлэхэд” шууд оролцох эрхтэй байж болохоор хуульчилсаныг  анзаарна уу.
Жаран хоёрдугаар зүйл.
1. Нутгийн өөрөө удирдах байгууллага ... эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт УЛС, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

            Энэхүү заалтаас харахад дам байдлаар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад улс орны хэмжээний асуудлыг шийдэхэд оролцох ард түмний “шууд оролцоо”-ны эрхийг “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”-аар дамжуулан олгосон байна. Мэдээж хэрэг ганц нэг сум ба нэг аймгийн бүх баг, хорооны иргэдийн нийтийн хурлын шийдвэр нь УИХ-аас гаргасан шийдвэртэй эн тэнцүү байх боломжгүй ба харин бүх монгол улсын хэмжээний баг /нийт 1568 баг/, хороо/нийт 151 хороо/-ны иргэдийн нийтийн хурал тус бүрээр улсын хэмжээний нэг асуудлаар хуралдаж, олонхын зарчимаар нэг шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ нь УИХ-аас гаргасан эрх зүйн баримт бичгээс дээгүүрт тооцогдох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” заалтаар зөвтгөгдөж, хууль ёсны болох эрхээр хангагджээ. 

Шашин ба Үндсэн хуульт ёс

Үндсэн хуульт ёс нь хүн төрөлхтний түүхийн харьцангуй сүүлийн үеийн бүтээл. Өөрөөр хэлбэл Их британий лордуудын Эзэн хааныхаа эсрэг тэмцсэн тэмцэл нь Үндсэн хуульт ёсны анхны “шав” болсон гэж үзвэл /Эзэн хааны хэмжээгүй эрхийг хуулийн хүрээнд хязгаарлах анхны зоримог алхам болсон буюу энэхүү түүхэн үйл явдал нь 1215 онд болсоноос үзэхэд/ Үндсэн хуульт ёс нь ухаант хүн үүссэн 45000  жилийн түүхтэй харьцуулахад нэн сүүлийн үеийн ухаарал, нээлт ажгуу. Хааны Засаглал биш хуулийн Засаглал дор амьдрах гэсэн хүн төрөлхтний түүхэн тэмцэл Их Британид эхэлж байхад Монголчууд хэмжээгүй эрхт хаант засаглалыг Төв Азид бэхжүүлэхээр их дайнаа амжилттай үргэлжлүүлж байжээ.
            Үндсэн хуульт ёс ийм хожуу үүссэн юм бол түүнээс өмнөх үеийн хүмүүс хууль ёсгүй амьдарч байсан уу? гэвэл үгүй юм. Гараар бичигдсэн хуулиас өмнө хүн төрөлхтөний амьдарлын хэм хэмжээ, дэг журмыг бичигдээгүй хууль зохицуулж байсан ба түүний нэг боловсронгуй хэлбэр нь шашны суртал, ухуулга байв. Нүгэл ба буян мөн хойт нас, там, диваажин хэмээх шашны ойлголтуудаар дамжуулан хүний айх, сүрдэх сэтгэхүйн онцлогт суурилж түүнийг ашиглах замаар, ёс суртахууны нөгөө талаар зөв амьдрахуйн бүхэл бүтэн цогц сургааль боловсрогдож тэрхүү сургааль, номлол нь хүн төрөлхтөний дагаж мөрдөх хууль дүрмийн үүргийг гүйцэтгэж байлаа.
            Бага хаадын үеийн монгол ба Манжын дарлалын үеийн монголчуудын амьдралд Буддын ёс суртахуун хүчтэй нөлөөтэй байж эгэл жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд Үндсэн хуулийн адил зохицуулалт хийж ирсэн байна. Үүний нэг томоохон жишээ бол 10 цагаан буян ба 10 хар нүглийн тухай сургааль юм. Бичигдээгүй хууль буюу хэв хуулийн нэг онцлог шинж нь тухайн үедээ одоогийн бичмэл хуулиас илүү тун сайн хэрэгжиж  байсан явдал юм. Өөрөөр хэлбэл шашны нөлөөгөөр хүмүүсийн ёс суртахуун сайжирч, айх, ичих мэдрэмж хүний амьдарлыг илүү их удирдах болсон ба нөгөө талаас бичигдээгүй энэхүү ёс суртахууны хуулийн хэрэгжилтэнд тавих эгэл жирийн иргэдийн хяналт хүчтэй байв. Нүгэл үйлдсэн хүнийг бусад хүний зүгээс /нийгмийн/ жигшин, зэвүүцэж гадуурхах ба энэхүү үйлдэл нь “өнөөгийн бичмэл” хуулийг зөрчсөн хүнд төрийн шийтгэл хүлээлгэснээс илүү хүнд шийтгэл болдог байжээ. Хувь хүнд нийгмийн зүгээс ирэх гадуурхал, үл тоомсорлол, жигшил зэвүүцэл нь маш том шийтгэл болдог тул тийнхүү жигшигдэж, гадуурхагдахгүйн тулд хувь хүмүүс нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг дуулгавартай сахин мөрддөг байжээ.
            Энэ тухай цухасхан гардаг кино бол “Ард Аюуш” хэмээх Монгол кино юм. Ард Аюушын өдөөсөн маргааныг шийдвэрлэхийн тулд элдэв бузраар хордуулсан гэгдэх эд зүйлийн доогуур маргалдагч талуудыг шурган гарахыг шаарддаг. Энэ нь шашны ойлголтоор дамжуулан хүн хоорондын амьдарлын элдэв маргааныг шийдвэрлэж байсныг нотлосон үйл явдал билээ.
            Нийгэм, улс төр судлаачдын анхаарал хандуулах ёстой нэг факт бол төрийн хүч сулархад шашны хүч нөлөө ихсэж, харин төрийн хүч нөлөө ихсэхэд шашны нөлөө багасаж ирсэн түүхийн үйл явц юм. Төр ба шашин хоёр нь харилцан бие биенээ нөхөж ирсэн түүхтэй ба зарим үед шашин нь төрөөс илүү нийгмийн амьдралыг зохицуулж, зарим үед энэ хүч нөлөөгөө төрд бүрэн алдаж явсан мэдээ хүн төрөлхтөний түүхэнд бий. Манай Монгол улсад Шашин төрийг хослон баригч Богд хааныг 1911 онд залж байсан нь үүнийг тодхон харуулна. 1990 оноос хойш Монголд төрийн эрх хэмжээ /төрийн дарангуйлал/ буурсанаар шашин дахин сэргэж хөгжиж ирлээ. Гэвч уламжлалт шашнаас гадна харийн буюу Христосын шашин монголд Буддын шашнаас илүү хурдацтай хөгжиж олон итгэгчтэй болсоор байгааг саяхан Их тэнгэрийн амны Туул голын гүүрний хажуудах Христ итгэгчдийн зан үйл харуулсан билээ.
            Хубилай хааны үе ба түүний үеэс хойших Монголчууд төрийн шашнаа Буддын шашин болгож албан ёсоор дэмжиж ирсэн байдаг. Энэ нь төрийн үйл хэрэгтээ шашныг ашиглан улмаар нийт улс орныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн боловч түүний эцсийн үр дүн нь эсрэг гарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хятадад дэлгэрүүлсэн Буддын шашин нь эргээд хятад дахь Монголын төрийг түлхэн унагаахад голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин Манж Чин гүрэн монголыг эрхшээлдээ оруулах улмаар үргэлжлэн нөлөөндөө байлгахад шарын шашин их нөлөөтэй гэж үзэж шашныг зүйл бүрээр дэмжиж ирсэн нь түүхнээ тодхон тэмдэглэгджээ. Гэвч 1911 онд Манжаас тусгаар тогтнох үзэл санаа тэрхүү зүйл бүрээр дэмжиж ирсэн шашны зүтгэлтнүүдийнх /Богд хаан/нь зүгээс гарч тэдний идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан нь бас л түүхийн бодит үнэн билээ.

            Эртний үед бүх зүйлийг бурханы хүсэл зоригоор тайлбарлаж ирсэн. Яваандаа бурхан өөрийн бүх хүсэл зоригийг хэрэгжүүлэх “эзэн хаан” хэмээгчийг бий болгосон ба Хаан газар дэлхий дээрх бурханы хаанчлалыг хэрэгжүүлэгч аж. Ийнхүү шашин хааныг зөвтгөсөн ба шашныг хаан зүйл бүрээр хөхүүлэн дэмждэг. Гэвч түүхэн хөгжилийн явцад эзэн хаан шашнаа үгүйсгэж шашныхаа дээр гарсан байдаг. Хэдийгээр “төр буюу хаан” шашны ивээл, хайр, зөвтгөлийн нөлөөгөөр үүссэн боловч хожим нь шашнаасаа илүү эрх мэдэлтэй болсон ажээ. Үүний нэгэн адилаар Үндсэн хуульт ёс нь ёс заншлаас үүсэлтэй боловч өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралд ёс заншлаас илүү статустай болсон байна. Шашны номлолд /ялангуяа Христийн/ бурханы өмнө хүн бүр “эрх тэгш” гэж тунхагладаг байжээ. Цаг хугацааны явцад энэхүү тунхаглал нь зөвхөн шашны тунхаглал төдийхнөөс халиж, илүү нийтийн, нийгмийн ялангуяа улс төрийн гол зарчим, уриа болсон ба энэ үзэл санааны үрээр хүмүүс “Эзэн хаан”-ы давуу эрхийг хязгаарлаж “эрх тэгш” байхыг чухалчлах болсоноор “Үндсэн хууль”-т ёс үүссэн гэлтэй.
            Шашнаас “улс төр” үргэлж хамаарч ирсэн учраас шашинд улс төрийн гол гол элементүүд өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл шашны номлолууд нь Үндсэн хуулийн адил нийгэмд хүчтэй нөлөөтэй хэвээр, ард түмний оюун санаанд оршсоор, “Төрийн хууль”-ийн хажуугаар нийгмийн амьдралд хэрэглэгдсээр байна. Төрийн хууль ёсны легитимт шинж чанар ард түмний дунд алдагдаж, төрийн хүч суларч эхлэхэд шашны номлол, хүч нөлөө нэмэгдэж өсөх ба энэ үйл явц нь төр ба улс орны хөгжилд сайн эсвэл муугаар нөлөөлдөг байна.

Үүний нэг жишээ нь манай Монгол улсад ажиглагдаж, төрийн хямралт байдлын улмаас монголчууд шашинд /зарим талаараа мухар сүсэгт/илүү татагдан орж байж болох юм. Үүний шалтгаан нь “хуульт ёс”-ны хямрал байж болно. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжихээ больж, нийгэмд үнэ цэнээ алдсанаар /хууль гууль болох/, иргэдийн “хуульт ёс”-нд /төрд/ итгэх итгэл алдарч түүний орон зайг “шашин” эзлэж байж болох юм. Иймээс “Үндсэн хуульт ёс”-ыг бэхжүүлэхийн тулд хуулийн хэрэгжилтийг чангатгахаас гадна хууль нь жинхэнэ нийгмийн дотоод асуудлыг бүрэн шударга шийдвэрлэж чадах, иргэдийн сэтгэл ханамжыг ихэсгэх чадамжтай байх шаардлага урган гарч байгаа болов уу.

Friday, January 8, 2016

Монгол төрийн цаашдын чиг хандлага ямар байх вэ?

Монгол төрийн цаашдын чиг хандлага ямар байх вэ? гэсэн асуулт өнөөдөр их яригдах болж. Нэг хэсэг нь Ардчилсан хөгжилийнхөө үзэл баримтлалд тууштай байх тухай ярьж байхад нөгөө хэсэг монголын Ардчилал  хуурамч “дүр эсгэсэн Ардчилал” болжээ. Ард түмэн хүчтэй удирдагчийг хүсэж байна. Ер нь монголд Ардчилал тохирохгүй нь Монголыг хүчтэй, амбицтай, Путин шиг Ерөнхийлөгч удирдвал илүү их хөгжинө гэх мэт дэл сул яриа гарч байна.
Ардчилал хөгжилийн замаар замнасан 25 жилд алдаатай оноотой зүйл бий. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, авилгал хээл хахууль гэх мэт иргэдийн санааг зовоосон, нийгмийн өмнө тулгамдсан асуудлууд монголыг тойрсонгүй. Алга урвуулахын төдийд Америк шиг хөгжилтэй улс болно гэж зарим хүмүүс итгэж, улс төрчид нь сонгуульд ялахын тулд илбийн юм шиг өөрчлөөд хөгжүүлээд өгнө гэж амладаг боловч сонгуулийн дараа бүх зүйл бахь байдагаараа болохоор Ардчилалд итгэх иргэдийн итгэл буурч байгаа байж болох юм. Ер нь монголчууд Ардчилсан төр засгаас их зүйл хүсэж хүлээдэг боловч өнөөх төр засаг нь хүссэн хэмжээнд нь хүрч ажиллахгүй ч байгаа ч юм уу. Миний хувийн бодлоор иргэдийн хүлээлт, төрд итгэх итгэл харьцангуй өндөр байх шиг. Харин төрийн хариу гүйцэтгэл тун муу байна. АНУ-ын нэгэн судалгааны байгууллага Монголчуудын Ардчилалд итгэх итгэл суларсан гэсэн судалгаа хийсэн гэнэ. Гадны улсын судалгаатай судалгаагүй бүх хүний нүдээ ил байх баримт бол сонгууль бүрт сонгогчидын ирц буурч байгаа явдал юм. Хамгийн сүүлд болсон орон нутгийн сонгуульд зарим газар сонгогчидын ирц хүрээгүйн улмаас дахин сонгууль болсоноос харахад Иргэдийн төр засагтаа итгэх итгэл буурч байгааг зоволтгүй мэдэж болно.
Өндөр хөгжилтэй Ардчилсан улсад сонгуулийн ирц 50 хувьдаа ч хүрэхгүй байх тохиолдол элбэг бий. Ийм улсад иргэд нь төр засагтаа итгэхээ больсон учраас сонгуульдаа оролцдоггүй биш зүгээр л улс төр тэдний өдөр тутмын амьдралд тийм их хамаатай биш. Тэдгээр улсын иргэдээс “Та яагаад сонгуульдаа оролцоогүй вэ?” гэж асуухад миний амьдрал сонгууль өгсөн өгөөгүй элбэг хангалуун туйлын тогтвортой байна гэж хариулдаг байна. Нийгмийн асуудлууд нь шийдэгдчихсэн, хууль нь тогтвортой, эдийн засгийн өндөр хөгжилтэй улсад бол хүмүүс нь нэг их улс төржөөд байдаггүй. Улс төртэй төргүй амьдрал нь тогтвортой хангалуун болчихсон гэсэн үг л дээ.
Харин манай улсын хувьд сонгогчид нь  идэвхгүй болсон  шалтгаан нь  төр засагтаа итгэхээ байсантай холбоотой гэнэ. Ухаандаа аль ч нам нь адилхан, тэртээ тэргүй юу ч хийхгүй харин идэж уухаа л боддог хүмүүсийг юуг нь сонгох вэ? дээ гэх мэтээр төр засагтаа үл итгэх ба түүнийг эсэргүүцэх тэмцэл нь сонгуульд оролцохгүй байх явдал болж хувирсан байна. Итгэл найдвар хүлээлгэн бидний төлөө эрх биш ажиллах байх гэж сонгосон хүн нь сонгогдоод л сураг тасарна. Хааяа нэг ТВ-гээр харагдах нөхрийн амьдрал нь дээшилж, хүмүүсийн нүдээ илтээр баяжиж, амьдрал нь чинээлэг болоод ирэхээр ард олонд дургүйцэл өөрийн эрхгүй төрж заримынх нь огиудас нь хүрдэг биз.
Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл буурсан гэдгийг харуулсан судалгааны  дүн ч гарсан байна. Ийм дүр зураг удаан үргэлжилбэл ард түмний дургүйцэл нь үйлдэл болж, бослого тэмцэлээр үргэлжилж зарим хүмүүсийн уриалж байгаагаар хувьсгал хийгдвэл Монгол улсад амьдрахад хүнд болно. Энэ бол хүсээд байх зүйл биш.
Ардчилал бол хамгийн сайн засаглал биш гэхдээ өнөөдрийн хүн төрөлхтөний мэддэг засаглалуудаас хамгийн сайн нь гэж У.Черчил хэлсэн байдаг.
Ардчилсан засаглалаа улам хөгжүүлэн төгөлдөржүүлж, засаж сайжруулан, ард түмэндээ илүү их үр өгөөжөө өгдөг байхад чиглүүлэх явдал бол Монгол төрийн цаашдын чиг хандлага байх учиртай юм.
Бүх зүйл хоёр талтай байдагчлан монголын өнөөгийн  дорой, буурай байдалд улс төрийн нам, эрх мэдэлтэнгүүд буруутайгаас гадна судлаач Д.Ганхуяг гуайн хэлсэнээр ард түмний “сурчихсан арчаагүй байдал” ч бас холбоотой юм. Монгол бол Ардчилсан улс гэж хэлбэрдэхээсээ илүү Ардчилалынхаа мөн чанарт нь илүү их анхаарах цаг болж. Улс төрийн намууд нь Ардчилалтай байна уу? Олон түмний сонгох, сонгогдох эрх баталгаатай хангагдсан уу? гэх мэт суурь асуудлууд руу анхаарах цаг болжээ.
Ер нь хэлбэрийн төдий Ардчилал үүсэх үндсэн нөхцөл нь иргэдийн  оролцооны хомсдол юм. Олон түмний улс төрийн идэвх оролцоо сул байгаагаас үүдэлтэй  Ардчилалгүй буюу Ардын эрхгүй Ардчилал монголд зонхилж байна. Голлох намууд нь цөөн хэдэн олигархиудын өмч болж тэдний эрх ашигт үйлчлэх болсон байна. Жижиг намуудын олонх нь ганц хүний өмч буюу үүсгэн байгуулагчийн өмч байдаг. Уг нь нам бол олон нийтийн байгууллага шүү дээ.
Хуучин нийгмийн үед Ардын эрхт төр, Ардын засаг гэх мэт үгийг маш их ашиглаж байсан учраас 1990 оноос хойш тэдгээр үгнүүдээс татгалзаж Ардчилсан гэдэг үгийг хэрэглэх болсон нь тун харамсалтай. Уг нь Ардын эрхт төр, Ардын засаг гэх мэт үгс нь Ардчилсан гэдэг үгийг түүнээс илүү утга төгөлдөр илэрхийлдэг юм.
Ардчилсан улсад хүн бүр улс төрч байдаг. Үүнийг Аристотель “ Хүн бол улс төрийн амьтан” гэж шууд тодорхойлсон. Онолын хувьд улс орны өдөр тутмын амьдралыг удирдан зохицуулахад хүн бүр оролцох эрхтэй боловч ийм боломж үнэндээ байдаггүй. Тиймээс хүмүүс өөрсдийнхөө өмнөөс биднийг төлөөлөн улс орны асуудлыг шийд хэмээн хамгийн их итгэж найддаг, боловсролтой шилдэг гэсэн хүндээ улс орноо удирдах өөрсдийн эрхээ шилжүүлж, түүнийг өөрсдийнхөө өмнөөс тэдний эрх ашигт нийцсэн хууль тогтоомж гаргаж түүнийгээ хэрэгжүүл хэмээн явуулдаг. Хаашаа гэдэг нь тодорхой Улаанбаатар хотын төвд байх Төрийн ордон руу.
Өөрөөр хэлбэл хуучнаар Ардын их хурал одоо цагийнхаар бол Улсын их хурлын гишүүн болгодог. Энэ хурал бол бүх ард түмнийг бүрэн төлөөлөх их хурал юм. Энэ их хурлаас улс орон даяар мөрдөх хууль тогтоомжыг гаргаж түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрыг томилдог. Миний бодлоор бол Засгийн газрыг Ардын засгийн газар гэвэл илүү зохимжтой мэт. Ардын засаг гэдэг нь нийт ард түмний эрх ашгийн төлөөх засаг гэсэн утгатай. Нийт гэдэг нь хуучин цагийнхаар бол хаад, ноёд, лам нарын засаг биш, одоогийнхоор бол хэдхэн олигархи бүлэглэлийн засаглал биш гэсэн Утгийг илтгэнэ. Монголын улс төрийн бодит байдалыг хараад байхад монголд жинхэнэ Ардын эрхт Ардчилсан төр байна уу үгүй юу гэдэгт эргэлзээ төрнө.
Жинхэнэ Ардын эрхт, ард түмний төлөөх Ардчилсан Ардын засаглал байгуулах зорилтоосоо ухарч боломгүй. Одоогийн хүрсэн амжилтаа улам ахиулж Ардчилсан төрийн тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх шаардлага байгаа юу гэвэл байна. Тийм боломж байна уу гэвэл бас байна. Учир нь манай улс харьцангуй Ардчилсан улс. Хараат бус сэтгүүл зүй бараг байхгүй болсонч  интернэтийн буянаар Facebook гэх мэт сошиал хэрэгсэлүүдээр хүмүүс чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлж, шүүмжилж байна. Энэ бол дэвшил.
Ардчилал бол иргэн хүнээс оролцоог дээд хэмжээгээр шаардахаас гадна улс төрийн өндөр боловсролтой байхыг шаарддаг. Тиймээс бүх их дээд сургуулиудад Улс төрийн боловсрол олгох хичээл заахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудад Улс төрийн талаар ойлголт өгөх хичээл орж байна. Энэ бол бүхэлдээ иргэдийн улс төрийн боловсролыг сайжруулахад чиглэж байгаа боловч хангалтгүй байна. Ардчилсан улсын иргэн байхын тулд өндөр хариуцлагатай, ухамсартай, боловсролтой, ёс зүйтэй байх хэрэгтэй болдог.
Ардчилалын хамгийн том дайсан нь ажилгүйдэл ядуурал юм. Ядуурлын түвшин өндөртэй улсад Ардчилал бүрэн утгаараа төлөвшинө гэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хүмүүс Ардчиллаа талхнаас сольчихдог. Сонгууль болох үед мөнгөтэй баян хүмүүс будаа, гурил, түлээ, нүүрс мэтхэнээр хүмүүсийн саналыг авчихдаг. Ядуурал ихсэх тусам Ардчилал хэврэгшинэ. Энэ хоёр урвуу хамааралтай. Нийгмийн дундаж давхарга нэмэгдэх тусам Ардчилал бэхжиж хөгждөг. Энэ хоёр шууд хамааралтай.
Ядуурлыг бууруулах бодлого нь ядуу байхыг дэмжих бодлого болж хувирдаг. Харин дундаж давхаргыг дэмжиж, дундчуулаа ядууруулахгүй байх бодлого нь ядуурал нэмэгдэхгүй байх боломжыг бүрдүүлдэг. Ардчиллаа бэхжүүлж хөгжүүлэхэд нийгмийн дундаж давхаргын нийгэмд эзлэх эзлэхүүн чухал үүрэгтэй. Харин нийгмийн дундаж давхаргын эзлэхүүнийг нэмэгдүүлэх төрийн бодлого байна уу? Ардчилсан төрийн амин сүнс дундаж давхаргаа дэмжье.

Wednesday, December 16, 2015

Цуст ванн доторх хүүр


Энэ зураг бол их алдартай. Аугаа их Францын хувьсгалын нэрт зүтгэлтэн /Жан Пол Марат/ үхлийг харуулсан түүхэн зураг юм. Энэ зураг мөн дэлхийн Улс төрийн шинжлэх ухаанд ч хамааралтай. Марат арьсны өвчтэй хүн байснаас усанд ордог өрөөгөө  албан өрөө болгон ашигладаг байжээ. Түүнийг Шарлот Кордей хэмээх бүсгүй өс хонзонгийн сэдэлтэйгээр алсан гэж үздэг ч энэ аллагыг хожим янз бүрээр тайлбарласан байдаг. Тэр шүүх хурлын үеэр “Би 100,000 хүний амь аврахын тулд ганц хүний амийг бүрэлгэсэн юм” гэж мэдүүлсэн байдаг. Юутай ч энэ явдал хүн төрөлхтөнд ихээхэн сургамжтай зүйл болжээ.
Үүнийг Нэгдүгээрт: Ордны хуйвалдаан гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл хувьсгалчдын дотоод хуйвалдааны золиос болсон гэх таамаг юм. Юу ч гэж нэрлэсэн энэ үйл явдал бол гэмт хэрэг гэдэг нь тодорхой. Гэвч хувьсгалт тэмцлийн үед хүн алах бол гавъяа байдаг. Хоёрдугаарт: Түүний амь насаа алдах үед хэрэглэж байсан ванн хийгээд амьдарч байсан тансаг харш бол түүнийх биш харин түүний хувьсгал хийж алж хядаж устгасан Францын дээд язгууртнуудын хэн нэгнийх нь эзэмшил юм. Хувьсгал хийсний дараа эзэмшигчдийг нь хороож өөрөө эзэмшсэн хэрэг л дээ. Тийм биш байсан ч хувьсгалын үед аллага дээрэм тонуул хяналтаас гарч нийгэмд эмх замбараагүй байдал үүсдэг тул түүнд өс хонзон санах хүн олон байсан нь лавтай.
Нэг. Ордны хуйвалдаан
Хүн төрөлхтний засаглалын түүхэн хөгжлийн явцад ордны хуйвалдаан үргэлж байсаар ирсэн. Засаглах эрх мэдэл хэдхэн хүний гарт буюу Хаан болон түүний тойрон хүрээлэгчдэд байх ба үүнд ард түмний оролцоо эрх мэдэл байхгүй. Хэмжээгүй эрхийг авсан хүний хувийн үзэмжээр хууль болон бусад улс орны чанартай шийдвэрүүд гарна. Дайтах хийгээд найрамдах, шийтгэх хийгээд шагнах нь зөвхөн захирагчид /хаанд/ байх хэмжээгүй эрх байв. Түүний зан авир, хүсэл сонирхолд “хэн ч” хэмжээ хязгаар тавихгүй. Үүнийг Францын 16-р Людвиг Хаан “Төр бол би” гэж хэлснээр улс төрд томъёолно. Ийм төртэй улс оронд ард түмэн туйлын хүнд дарлал зовлонг амсаж, ямар ч эрх чөлөө эдлэхгүйгээс гадна зүгээр л хааны үнэгүй албат боол болж хувирдаг.
Засаглалын легитимт шинж хэмээх ойлголт Улс төрийн төрийн амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг монголчилбол засаглалын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх шинж гэж ойлгогдоно. Энэ бол засаглалын маш  чухал шинж. Энэ шинж чанараа алдсан засаглал нэгэнт мөхдөг хувь тавилантай. Өгүүлэн буй үеийн Франц улсын Хаант засаглал ард олны дун дахь энэ шинжээ нэгэнт алдаж үр дүнд нь Хувьсгалт тэмцлээр Францад дэлхийн хамгийн анхны Бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэй.
13-р зууны үеийн Монголчуудын Засаглалын легитимт байдал нь Боржигон удмын ноёрхол буюу Чингэс хааны удмын үе залгамжилсан өвөрмөц хууль ёсны /тогтсон/ уламжлалаар баталгаажиж байв. Хааны эрх мэдлийг бусдад хүлээн зөвшөөрүүлэх тогтсон уламжлал нь Их хуралдай байсан ба Их хааныг Их хуралдайгаар Өргөмжилснөөр түүний эзэнт гүрэн дэх бүрэн эрх баталгааждаг байв. Энэ уламжлалыг Хубилай эвдэж “Их хуралдайн зөвшөөрөл”-гүйгээр өөрийгөө хаанд  өргөмжилсөн нь хууль ёсны бус Хаан гэгдэх шалтгаан болж үр дүнд нь эзэнт гүрэн хуваагдсан түүхтэй. Энэ нь монголын түүхэнд монголчууд дундаа хагаралдах, өөр өөрсдийгөө дур зоргоороо хаанд өргөмжлөх явдал цаашид зогсолтгүй үргэлжлэх гинжин урвалын эхлэл болсон байна. Өөрөөр хэлбэл нийт монголчуудыг нэгтгэж байсан Их хуралдай гэх уламжлалт засаглалын хэлбэрийг үгүй хийснээр хэн хэндээ хүлээн зөвшөөрөгдөөгүй  эзэнт улсуудад хуваагдсан ба энэ нь  монголчуудын цаашдын түүхэнд маш хортойгоор нөлөөлж улмаар энэ нь Манжийн дарангуйлал хүртэл үргэлжилж Монгол төр доройтон мөхсөн байдаг.
Бага хаадын үед ордны хуйвалдаан дээд цэгтээ хүрч хаанаар өргөмжлөгдсөн хүн багахан хугацаанд амьдраад түүний дараагийн хаан өргөмжлөгдөх гэх мэтээр ялангуяа энэ процессын үр дүнд хааны угсааныхан маш их зовлон амссан байдаг. Төр улс жолоодох чадваргүй хүүхдийг тоглоомын улсын хаанаар өргөмжилж хэсэг бүлэг нөлөө бүхий түшмэл буюу боржигон угсааны бус хүн хэрэг дээрээ төрийн эрх барих үзэгдэл цөөнгүй гарсан байдаг. Энэ бол бүхэлдээ засаглалын легитимт шинжийн хямралын үр дүн юм. Орчин үед үүнийг төр засаг ард түмнээсээ тасран холдох үзэгдэл гэж нэрлэдэг. Ард түмнээсээ холдсон эрх мэдэлтнүүдэд иргэд захирагдахаа больж тэдний засаглалыг үл зөвшөөрч, өөр хууль ёсны засаглал буюу ард түмний дундаас төрсөн өөрсдийн засаглалыг  үүсгэн байгуулж, түүнийг бүх талаар зөвтгөн дэмжих ба ард түмнийхээ амьдралаас холдон тасарсан ноёрхогч  цөөнхийн эсрэг цуст тероризм хийж тэдний засаглалыг бүр мөсөн устгадаг. Энэ үйл явцыг хувьсгал гэж нэрлэдэг. Ордны хуйвалдаан бол Ардчиллаас ангид зүйл юм. Ард түмний хүсэл сонирхлыг үл тоосон хэдхэн хүний хуйвалдаан улс орны амьдралд хүчтэй нөлөөлж байвал энд Ардчилсан засаглал байгаа эсэх нь тун эргэлзээтэй болж таардаг.
Харин манай монголд ийм үзэгдэл байна уу?  Сүүлийн үед сонгуулийн ирц буурсаар байгаа нь төрд итгэх ард түмний итгэл суларсантай холбоотойгоос гадна төр засаг нь ард түмнээсээ бага багаар хөндийрөн тасарч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл ард түмний төр засгаа хууль ёсоор хүлээн зөвшөөрөх байдал нь суларч байна гэсэн үг.
Хоёр: Цуст ванн
Зурагт  хувьсгалт тэмцэгчийг цустай ваннд үхсэнээр дүрсэлсэн байна. Энэ бол хоёр дахь бодомж үүсэх шалтгаан юм. Өөрөөр хэлбэл түүнийг хувьсгалчдын доторх хуйвалдааны золиос болсон гэдгээс гадна  түүний тансаг амьдралд нь хорссон ард түмний өс хонзон, уур хилэн түүний үхлийн шалтгаан гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэдэг юм. Дээдэс язгууртны баян тансаг байдал, тэдний хэтэрхий дур зоргоороо авирлах үйлдэл ядуу иргэдийн уур бухимдлыг төрүүлэх гол шалтгаан болдог. Эгэл жирийн хүн өлсгөлөнгөөр гудамжид амиа алдаж байхад ихэс дээдсийн ордонд тансаг найр цэнгүүн тасралтгүй үргэлжилж тэнд очсон хүмүүс бялууг ч тоож идэхээргүй цатгалан байдаг явдалд бухимдаж дургүйцсэн олон түмний уур хилэнг удирдаж, хувьсгалт тэмцэл хийсэн хувьсгалын удирдагч өөрөө язгууртны орд харш, баян тансаг амьдралыг булаан тэдний жишгээр амьдардаг.
1990 оны хувьсгалчид тухайн үеийн намын төв хорооныхны Тусгай хангамжийг шударга бус гэж маш их шүүмжилсэн байдаг. Харин одоогийн дарга нарын тусгай хангамж тэд нарынхаас тэгтлээ ялгарах зүйлгүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү. Ер нь Ардчилал бол байнга засаж сайжруулж, хөгжүүлж байхыг шаарддаг засаглалын хэлбэр. Ухаандаа хүн гэрээ цэвэрлэхгүй хэтэрхий удвал амьдрах орчин чинь тохь тух муутай, бохир заваан болох учир та гэр орноо байнга цэвэрлэхэд хүрдэг. Яг үүний нэгэн адилаар Ардчиллыг байнга арчиж зүлгэж, цэвэрлэж байхгүй бол тэр бохирдож, өнгөө алддаг.
Золгүй хувьсгалчийн хувьд гадаа гудамжид үхэх, тансаг ваннд үхэх хоёрт зарчмын ялгаа байхгүй ч орчны ялгаа бол мэдээжээр байна. Манай нэг дуучны дуулснаар “Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр”  гэж бодсон ч байж болох.
Эцсийн дүндээ нийгэмд шударга ёс тогтох хүртэл ард олны уур хилэн намждаггүй бололтой. Нийгэм дэх баян хоосны ялгаа нэмэгдэж хэсэг цөөнх бүлэглэл нь шударга бусаар нийгмийн баялгийг эзэмшиж эхлэх нь бусад хүмүүсийн дургүйцэл, бухимдлыг төрүүлдэг. Энэ бол хамгийн аюултай үзэгдэл юм. Тиймээс аливаа нийгэм хүн бүрт шударгаар хөрөнгөжих, чөлөөтэй өрсөлдөх эдийн засгийн тэгш боломжийг олгох хэрэгтэй ба эсрэгээрээ шударга бусаар баяжсан хөрөнгөжсөн хүмүүст туйлын хатуу шийтгэл ноогдуулан ард оны уур хилэнг намжаахгүй бол асуудал даамжирсаар улс орон ямар ч зам руу гулсан орж мэдэх юм.
Ардчилсан улсад хуулийн засаглал хүчтэй байх учиртай. Хүн бүрт хууль тэгш үйлчлэх ба хуулиас дээгүүр хэн ч гарах ёсгүй юм. Энэ зарчим бол нийгмийн тогтвортой хөгжлийн үндсэн зарчим. Харин манайд сүүлийн үед хуулиас дээгүүр эрх мэдэл эдлэх, хуулиас дээгүүр хүн мэт аашлах, хуулийг үл тоомсорлон зөрчих гэх мэт зүй бус үзэгдэл мэр сэр гарсаар байна. Үүнд хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг Судлаач Д.Ганхуяг ах “сурчихсан арчаагүй байдал” гэж тодорхойлсон байна. Харин би “монголчууд төр засгийнхаа сайн ба муугаас үл хамааран хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдраад байж чаддаг хүмүүс” гэж хэлмээр байна. Үүнд байгалийн баялаг бүхий өргөн уудам нутаг, мал сүрэг гэх мэт өвөг дээдсээс өвлүүлсэн нүүдэлчин ахуй нөлөөлдөг байх. Гэхдээ энэ бол мэдээж Ард түмнийг тэмцэх чадваргүй, мунхаг гэж басан доромжилсон хэрэг биш. Төр засаг ч ийм мэтээр төсөөлж боломгүй.
Зөвхөн хууль дээр нийгэм тогтдог уу гэвэл бас тийм биш юм. Улс орны хөгжилд үүнээс дутахгүй нөлөөлдөг чухал хүчин зүйл бол ёс зүйтэй байх, бие биеэ хүндэтгэх, хүн хүндээ итгэж найдах явдал юм. Сонгуульд оролцож, амлалт өгч, улс орныг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нам, улс төрийн хүчин олон түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх тусам ард түмний төр засагт итгэх, Ардчилалд итгэх итгэл буурсаар байна. Ард түмний засаглах эрх мэдлийг нэмэгдүүлэх, шууд Ардчиллын зарим хэлбэрийг ашиглах, шударга ёсыг сахиулах, хууль бусаар хөрөнгөжих, завших явдлыг хязгаарлах, нийгэм дэх баян хоосны ялгааг багасгах, төрд тавих хяналт, хариуцлагын механизмыг бий болгох гэх мэт маш олон сорилт монголын Ардчиллын өмнө байна.
Тэгш эрхийн зарчим алдагдсан ганцхан жишээг дурдъя. Энэ бол УИХурлын 76 гишүүнд байдаг “Халдашгүй дархан эрх” минийхээр эдгээр нөхдийн халдашгүй дархан эрхийг цуцлах, үгүй бол бүх Ард түмнээ халдашгүй дархан эрхтэй болгох. Ингэвэл шударга ёсонд илүү нийцмээр санагдана.

Дүгнэхэд “цуст ванн доторх хүүр”бол түүхийн маш том сургамж ийм хүүртэй болохгүйн тулд хаа хаанаа хичээх хэрэгтэй мэт. 

Тоо буруутай юу?

Уламжлал ба шинэчлэл хоёр эсрэг тэсрэг учраас үргэлж зөрчилдөж байдаг. Хуучин нь ул болж, шинэ зул болдог нь хүний нийгмийн нэгэн зүй тогтол. Гарцаагүй илүү үр дүнтэй, илүү дэвшилтэд, үр ашигтай зүйлс нь хуучны хоцрогдсон бүдүүлэг технологи, үзэл санаа зэргийг түрэн зайлуулдаг нь жам ёсны үзэгдэл юм. Хэрвээ энэ жам ёсны үзэгдлийг хааж боож хяхан хавчваас шинэ зүйлийн эрч хүч хуучныгаа юу ч үгүй болтол нь гишгэлдэг. Гэхдээ нийгмийн аливаа үзэгдэлд эрс хувьсгалч байдлаар хандах нь туйлын муу, сөрөг үр дагаврыг авчрах нь бас бий. Тиймээс уламжлал, шинэчлэлийг хослуулах нь төвөгтэй ч гэсэн ийм замаар явахаас өөр аргагүй. Ямар ч хүн толигор сайхан засмал замаар хурдлахыг хүсдэг. Яг үүний нэгэн адилаар хүн бүр үргэлж шинэ соргог, өөрт илүү тааламжтай зүйлийг хүсдэг.
Харин улс төрд шинэчлэл яаж хийгддэг вэ? Ихэнхдээ шинэчлэлийг залуус хийдэг тэд нийгмийн хуучин бүтцийн алдаа оноо сул тал зэргийг илчлэн түүнийг засаж сайжруулахад туйлын идэвхтэй оролцдог. 1990 оны Ардчилсан хувьсгалыг 20-30 насны залуучууд хийсэн байдаг. Тэд шинэ юмыг маш соргогоор хүлээн авч өөрчлөлт хийх зориг зүрх, хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Харин одоогийн байр суурь, нийгмийн зэрэг зиндаагаа хамгаалан үлдэхэд нь шинэчлэл туйлын халгаатай байдаг учир хөгшчүүл шинэчлэлд хойрго удаан, болгоомжтой хандах бөгөөд нэгэнт тогтсон уламжлалыг хэвээр хадгалахыг хүсдэг. Манай улсын шинэ цагийн Ардчилалд хуучин коммунист нийгмээс уламжлагдан ирсэн олон зүйл бий. Нам төвтэй систем, дарга төвтэй гүйцэтгэх засаглал товчхондоо хуулийн биш хэсэг бүлгийн эрх ашигт илүү их үйлчилсэн нийгмийн тогтолцооны гажиг.
Нэгэнт эрх мэдэлд хүрсэн бол тэр хүн эрх мэдлээ аль болох удаан хадгалах сонирхолтой байдаг нь хүний төрөлх араншин учраас үүнийг хазаарлахын тулд сонгууль зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл сонгууль нь дарангуйлал үүсэхээс сэргийлсэн нэг төрлийн хамгаалалт. Нөгөөтэйгүүр нийгмийн амьдрал түүний тулгамдсан асуудлыг үргэлж шинэчлэн шийдвэрлэж байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хүний нийгмийн хөгжлийн хурдыг улс төрийн шийдвэр гаргах үйл явц үргэлж гүйцэж байгаагүй. Өөрөөр хэлбэл улс төрчид нийгмийн асуудлыг урьдчилан зохицуулж чаддаггүй ба нийгмийн хөгжлөөс улс төр ямагт хоцордог. Асуудал нэгэнт бий болсны дараа түүнийг зохицуулахаас өөр аргагүй болсон үед л  ард түмний шахалт дарамтын хүчээр асуудлыг шийдэж явдаг. Үнэндээ бүгд зөнч биш учраас нийгмийн асуудлыг урьдчилан харж, зохицуулах боломж   хомс үүнд улс төрчдийг буруутгах аргагүй. Ийм байдаг гээд асуудалд цалгар назгай, удаан хойрго хандах эрх улс төрчдөд байхгүй. Улс төрчид нийгэмд үүссэн асуудалд тун мэдрэмжтэй байж, түүнийг даамжрахаас нь өмнө зөв шийдлийг олж, шийдвэрлэж байх бүр цаашилбал нийгэмд тулгамдсан асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж, асуудалд шинжлэх ухаан ч, тооцоо судалгаатайгаар хандах эрмэлзлэлтэй байх учиртай.
Саяхан өргөн барьсан үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд засгийн эрхийн хугацааг 5 жил болгохоор тусгасан нь тун эмгэнэлтэй юм. Ардчилсан хөгжлийнхөө ололт амжилтаас ухарсан алсын хараагүй төсөл. Хуучин “соц” нийгмийн үед нийгмийн хөгжлөө 5 жилээр төлөвлөж удирддаг байсныг Ардчилсан хувьсгалаар 4 жил болгон өөрчилсөн нь дэвшил байв. Гэвч 25 жил яваад энэ хөгжлөөсөө ухарч хуучин уламжлалаа илүүд үзсэн нь хэр оновчтой вэ? Өдөр ирэх бүр улам бүр даяарчлагдан хурдтай хөгжиж буй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд монголын төрд хурд хэрэгтэй болохоос биш хугацаа хэрэггүй. Тэртээ тэргүй нийгмийн хөгжлөөс улс төр ямагт хоцордог байтал бүүр хоцроох шийдэл хэнд хэрэгтэй вэ? 4 жил тутамд шинэчлэн өөрчлөгдөж, хөгжиж байх ёстой улс төрийн зорилго зорилтууд маань 5 жил тутамд шинэчлэгдэх болбол нийгмийн хөгжлийн хурд 1 жилээр саарах нөхцөл бүрдэх юм. Нөгөө талаас эрх мэдэлтнүүдийн зөөлөн сандалдаа илүү удаан, илүү тухтай, илүү найдвартай тухлах гэсэн хүсэл зорилго нь энд нуугдаж байна. Ард түмний эрх баригчдад дүн тавьдаг сонгуулийн хугацаа улам бүр нэмэгдэх нь ард түмэн хийгээд улс төрчидийн хоорондын ойр холбоог холдуулах аюултай. Өөрөөр хэлбэл улс орныг удирдан залах олон түмний эрх мэдэл тэднээс улам бүр тасрахад хүргэнэ. Муугаар бодоход  сонгогчидын 4 жил тутамд авдаг будаа гурил, түлээ нүүрс, сонгуулийн бялуурам амлалт, саналаа худалддаг мөнгө нь хойшлох ба хамгийн чухал “эрхэм эрх” буюу улсыг удирдахад саналаа өгөх эрх чөлөө нь ард түмнээс 1 жилээр холдох юм. Сонгууль болоход аз жаргалаар бялхаж улс орны хамгийн чухал хүн гэдгээ сая нэг мэдэрдэг сайхан мэдрэмж нь 1 жилээр хойшлох нь.
Одоогийн эрх баригчид өөрсдийнхөө ажилгүй, сэтгэлгүй, хайхрамжгүй байдалд буруу өгсөнгүй харин энгийн нэг тоонд бүх бурууг өгч байна. Улсаа хөгжүүлэхэд 76 гэсэн тоо буруутай гэнэ. Уг нь 99 байвал улс орон минь мандах бадрах юм байх. 4 гэсэн тоо бас л дутаад 5 болгочихвол улс төрчид Ард түмнээс “ОНЦ” /5/ үнэлгээ авах юм байх. Миний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч болмооргүй санагдана. Ажил муу хийснийхээ бурууг “Тоо” руу чихээд, ард нь өөрсдөө цэвэрхэн үлдэх үү. Эцсийн эцэст энэ бүхэнд тоо буруутай юу?
Хохирогч нь Ард түмэн. Завшигч нь улс төрчид. 4 жил тутам нэмэгддэг сургууль цэцэрлэг, 5 жил тутамд нэмэгдэх болно. Гэтэл хүн амын өсөлт улам нэмэгдэж, нийгмийн хөгжилийг дагасан асуудлууд хурдтай томорч байхад улс төрчид нь энэ бүхнээс зайгаа барихыг санаархаж байна.
Сонгуулийн хугацаа холдох тусам ард түмнээс төр засаг алсран холдож, төр засгаа өөрчлөх сонгууль болохыг хүлээж тэвчилгүй хувьсгал хийх магадлал нэмэгдэнэ. Энэ бол Ардчилалын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл юм. Ихэнх Ардчилсан улсын сонгуулийн давтамж 4 жил байдаг нь тохиолдолын санамсаргүй хэрэг биш.
Ерөнхийлөгч нь хаа очсон газраа манай улс бол Ардчилсан улс гэж ам бардам тунхаглаж явна. Зүй нь Ардчилсан хөгжилийн замдаа яваа л даа. Өнөөгийн Ардчилсан гэх улс орнууд Ардчиллын замаар цаад зах 200 жил замнаж байж сая дэлхийд гайгүй Ардчилалтай улс гэгдэж байхад манай улс 25 хан жилийн дотор жинхэнэ Ардчилсан улсыг байгуулсан юм байх.
Олон түмэн болохоор энэ үгэнд үнэхээр үнэмшчихсэн.Тэгсэн хэрнээ улс орноо өөрсдийнхөө ахуй амьдарлаа хараад ядуу буурай хэвээрээ байгаад гайхаж эцсийн дүндээ Ардчилал бол улс орныг хөгжүүлж, ард түмнийг жаргаах тийм төр засаглалын хэлбэр биш юм байна гэсэн логик дүгнэлт хийхэд хүрчээ.
Монголын гэсэн онцлогтой Ардчилсан улс байгуулах шилжилтийн, завсрын үеийг бид туулж байна. Эхэндээ Ардчилалтай цоо шинээр танилцаж байсан учраас бусдын туршлагыг шууд хуулбарласан. Шинэ ажилтан ажил дээрээ туршлагатай ажилчныг дагалдан ажиллаж түүний туршлага мэдлэгээс суралцдаг ч дараа нь өөрийн гэсэн ажлын арга барил туршлагыг бий болгож түүнийгээ хөгжүүлдэг. Хуучин цагийн шинэ хүмүүс улс орныг удирдаж байна. Одоо халаагаа шинэ цагийн шинэ хүмүүст өгөх цаг болсон бололтой.
Бодсоор бодсоор бодын шийр 4 гэгчээр явж явж улс төрийн нам дээрээ л ирдэг. Нам нь дотроо ардчилалгүй, гишүүд нь намынхаа дотоод хэрэгт идэвхтэй оролцдоггүй. Нам нь улс орноо үнэн шударгаар удирдаж хөгжүүлж чадах тийм манлайлагчыг төрүүлэн гаргах чадавхгүй. Хугацаа нь дууссан бараа шиг улс төрийн тогоонд 20 жил чанагдсан нөгөө л нэг байдаг л улс төрчид нь , тулга тойрсон шалдир бульдар хэрүүлээ хийнэ. Сандал суудал булаацалдана.
Нам ажлаа хийгүй бол ард түмэн өмнөөс нь ажлыг хийгээд өгдөг. Ардчилсан улсад хүн бүр улс төрч учраас улс орноо гэх сэтгэлтэй, зүтгэлтэй, боловсролтой өөр нэг хүнийг сонгочих эрх нь Ард түмэнд одоохондоо байна.
Манай улсыг тойроод бөөн амбиц. Хятад улс дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогч болохыг мөрөөдөж байна. Тэд хятад мөрөөдөлдөө хүрэхэд ойрхон ирсэн. Орос улс Евразид гол тоглогч байхыг санаархаж байна. Адгийн муу Казакстан хүртэл дэлхийн өндөр хөгжилтэй 30 улсын тоонд багтах зорилт дэвшүүлсэн гэнэ. Харин манай монголчууд ялангуяа улс төрчид нь ядуу буурай, хөгжилгүй, арчаагүй байдалтайгаа эвлэрчихсэн. Жижиг жижигхэн түлээ нүүрс, будаа гурил гэх мэт асуудлаас цааш гардаггүй. Нэг хэсэг нь бид тусгаар тогтнуулсан, нөгөө хэсэг нь бид Ардчиллыг авчирсан гэдгээ улиг болтол ярьж “тахин шүтүүлэх” байдалтай. Эвий минь хөөрхий минь эд нар маань нээрээ Ард түмэндээ гавъяа байгуулсан шүү дээ гээд насаараа тэд нарыг бурхан болгож тахих ёстой юм шиг аашилна. Ардчилсан нийгэм бол удирдагчдынхаа чадвар мэдлэг боловсролыг маш богино хугацаанд ашиглаад хаядаг дарга нарт халгаатай нийгэм. Харин монголын Ардчилал бол удирдагчдаа  маш богино хугацаанд тэрбумтан болгодог сонин туршлагатай. Зарим хүмүүс улс төрийг баяжих арга хэрэгсэл гэж андуурч ойлгоод байх шиг. Тэдэнд хувийн амбиц байхаас биш улс орныг хөгжүүлэх том амбиц байхгүй.

Хувийн биш улс орноо хөгжүүлэх маш том амбицтай баймаар байна. Энэ бол иргэн бүрт хамааралтай үг. Амбиц бол мөрөөдөл, хүсэл зорилго. Бидэнд бусдад зарлачихсан Монгол мөрөөдөл байна уу. 

Monday, December 14, 2015

Ерөнхийлөгч нэг сар төрийн албанд ажиллав.

Энэ нийтлэлийн нэр зүгээр л наргиан төдий шүү. Хэрвээ Ерөнхийлөгчийг орон нутгийн нэг Засаг Даргын Тамгын газарт нэг мэргэжилтэнгээр нэг сар ажил хийлгэвэл ямархуу байх бол гэсэн хөгжилтэй бодол толгойноос салдаггүй. Энэ бодол төрөх болсон шалтгаан нь нэг үлгэр юм л даа. Дорнын нэг үлгэрт “эзэн хаан” нь харц боолын хувцас өмсөж, нүүрээ хувиргаад түшмэлээ дагуулан шөнө орой гарч, улс орныхоо бодит амьдралтай өөрийн биеэр танилцдаг тухай гардаг юм. Энэ үлгэрт гардаг шиг манай том дарга нар энгийн хувцас өмсөөд бидэндээ танигдалгүй улс орныхоо үнэн бодит амьдралтай танилцдаг бол мөн сайхан аа гэж боддогоо нууж чадашгүй нь. Ер нь манай улс төрчид сонгуулиар гоё сайхан юм ярьж ярьчихаад сонгууль дуусахаар таг чиг болдог гэмтэй хүмүүс.
Заавал Ерөнхийлөгч байдаг нь юу юм бэ?  гэж та сонирхож магадгүй Улсын их хурлын дарга болохоор завгүй Дарга байхгүй бол парламентийн үйл ажиллагаа  нэг сар зогсоно. Ерөнхий сайд бол бүр болохгүй өмнөх ажил нь үстэй толгойноос нь их хүнийг нэг сар “танилцах” ажил хийлгэчихээр улсын минь төрийн ажил цалгардана шүү дээ. Манай Ерөнхийлөгч энэ хоёроосоо арай ажил багатай Үндсэн хуулинд зааснаар бол бэлгэ, тэмдэгийн чанартай хүн учир Ерөнхийлөгчөөр хийлгэе гэж сонгосон юм.
Мэдээж Ерөнхийлөгчийг бүх хүн таних учир Ерөнхийлөгчөө хэр баргийн хүн танихааргүй залуу хүн болгож өөрчилнөө. Гэхдээ гоо сайхны мэс засал хийхгүй. Монте Кристо гүн шиг л нүүр хувиргалт хийнэ шүү дээ. Дараа нь бусад хүнд мэдэгдэж хар авахуулахгүйн тулд Ерөнхийлөгчөө гадаад улс руу нэг сарын томилолтоор явлаа гэж улс орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ. Ингээд урьдчилсан бэлтгэл ажил хангагдах нь тэр.
Өө уучлаарай нэг маш чухал юм мартчихаж. Шууд би нэг сар ажиллая гээд албан газар яваад очихоор хэнч ажиллуулахгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд даа үүрэг өгч сонгосон газартаа сонгосон местэн дээрээ ажиллаж буй хүнийг 1 сар цалинтай амраана. Оронд нэг хүн ажиллуулна гэж тохирно. Дээд шатны дарга нь олон юм шалгаавал улсын нууц, элдэв хэл ам гаргавал ажилтай чинь ярина шүү  гээд амыг таглачихна. Хамгийн гол нь тухайн нутагт ямарч хүн манай Ерөнхийлөгчийг таних ёсгүй, энэ нууц ажиллагааг мэдэх ёсгүй. Зүгээр л эгэл жирийн хүний дүрээр очих ёстой юм.
Хэрвээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны хуулиар ажилд орохоор хөөцөлдвөл сонгосон ажилдаа ажиллахын тулд наад зах нь нэг жил хүлээх болох ба эцсийн дүндээ улс төрийн намын томхон даргын нөлөөлөл үгүй бол ажилд орно гэдэг нь бараг ямарч боломжгүй зүйл гэдгийг ойлгоно.
За энэ ч яахав бүх бэлтгэл ажил хангагдлаа. Манай Ерөнхийлөгч сарын эхээр ажилдаа орлоо. Ажлын байрны тодорхойлолттойгоо танилцаж, хэдэн бичиг цаас, хуулийн товхимол, ажилд хэрэг болох хэдэн утасны дугаар, брошур, хуучны хоцрогдсон Персонал комьпютер хүлээн авна. Ажил хүлээлцэх комисс танд таны албаны өмчийг хүлээлгэн өгч та “Хүлээн авлаа” гэж гарын үсэг актанд зурсанаар албан ёсны ажилд орох үйл ажиллагаа шувтарна. Ойрын үед болох ажилчидын нэгдсэн хуралдаан дээр таныг албан ёсоор танилцуулж ажилд чинь амжилт  хүсэх ба бусад хүмүүс таныг ажилтай болсонд баяр хүргэж алга ташна.
Би ч гэсэн танд хувийн зүгээс танилцах ажил хийж байгаад тань баяр хүргэмээр байна. Мэдээж та манлайлагч, хичээнгүй хүн учраас ганцхан сар гялалзтал ажиллана шүү дээ. Муу төсөвт байгууллага чинь ядуу шүү дээ ядуу. Адаглаад цаас хүрэлцээтэй биш та гадуур албаны ажлаа амжуулахын тулд хувийнхаа машинаар явах хэрэгтэй болно. Прентерийн хор нь дуусчихна. Хороо цэнэглүүлэхийн тулд хөөрхөөн юм болно шүү. За энэ ч яахав байдаг л зүйл.
Хэд хэдэн нөхцөлийг урьдчилан тохирчихъё. Учир нь эцэст нь таны сарын цалин амьдралд чинь хүрэхнүү үгүй юу гэдгийг харах бас нэг давхар зорилго байна.
Та хэдэн сарын өмнө Тоёота Королла гэдэг машин банкны зээлээр авсан. Сард 220,000₮ төлнөө. Ажилдаа явган харайлгана гэдэг бүтэхгүй. Өглөө хоцрохгүй байхаас гадна хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гэх мэт ажлыг зөвхөн машинтай байж л амжуулна. Машинаа хөдөлгөхийн тулд шатахуун хийнэ. Хамгийн багаар бодоход 7 хоногт 20,000₮-өөр шатахуун хийнэ. Сардаа 80,000₮. Хүн бүр ухаалаг утас барьдаг болсон өнөө үед та бас бусдын жишгээр нэг ухаалаг утас лизингээр авсан. Ядаж байхад тэр утаснуудын дараагийн загвар ямар хурдан гардаг гээч. Түүнд та сард 30,000₮ төлдөг. Мэдээж нэгж зарцуулнаа. Сард 5000 нэгж зарцуулна гэж бодлоо шүү.
Та гэр хороололд 5 ханатай гэрт амьдардаг. Сарын тог, цахилгааны төлбөрт 15,000₮, хогны төлбөрт 3000₮ төлнө. Түлээ нүүрсний зардалд өдөрт 1000₮ гэж бодоход  сардаа 30,000₮ гэж бодъё.
Танай ам бүлийг эхнэр, нөхөр 2 хүүхдийн хамт байдаг буюу ам бүл 4-үүл гэж авъя. Гэр бүлийн насанд хүрсэн нэг  гишүүн өдөрт /өглөө, орой/ 2000 төгрөгний хоол иднэ. Харин хүүхэд 1000₮. Ингээд бодохоор Өдөрт 6000₮ гарч байна. Үүнийгээ сардаа бодохоор 180,000₮ болж байна. Гэр бүлийн ариун цэврийн хэрэгцээний зардал гэж бий. Бас соёлын хэрэгцээний зардал гэж байна. ДДиш ТВ-ны төлбөр, Интэрнэтийн төлбөр гэх мэт. Хүүхдээ эрхлүүлж амттан авах мөнгө бол залшгүй зардалд орно. Үүнд мөнгө төлөвлөх хэрэгтэй. За ингээд энэ мэт аар саар зардалыг багцлаад 30,000₮ гэд бодчихоё. Үнэхээр багаар бодлоо.  Тоочоод байвал нэмэлт зардал гарч ирээд байх учраас үүгээр гэр бүлийн хэрэгцээний зардалыг хязгаарлая.
Албан байгууллагын зардал гэж бас байна. Хамгийн түрүүнд хамт олны зардал гарна. Нэгэнт байгууллага хамт олон юм чинь хамт олны чинь аль нэг хүнд зовлон, жаргал тохиолдоно. Хэн нэгэн ажилтаны төрсөн өдөр нэг сард найдвартай тохионо. Бас нэг ажилтан чинь хүүхдийн үсээ авах найр хийж болно. Мэдээж амьдрал юм чинь нэг ажилтаны чинь ар гэрт үхэл хагацал гарч магадгүй. Монголчууд нэгэндээ үхэл хагацлын зовлон тохиолдоход тэр зовлонг нь үнэхээр сайн хуваалцдаг ард түмэн шүү. Магадгүй эрт цагт их дайн самуун хийж, их үхэл хагацал үзэж байсаны ул мөр байх. Энэ бүхэнд та дор хаяж 20,000 төгрөг зарцуулна.
Өдөр нь цайны цагаар гэртээ харьж хоол хийж иднэ гэдэг бол бүтэшгүй зүйл тиймээс та байгууллагынхаа цайны газар хооллоно. Нэг өдрийн хоол ойролцоогоор 4000 төгрөг. Хоолны мөнгийг сарын эцэст таны цалингаас шууд суутгаад авчихна гэдгийг сануулая. Хоолонд сарын 21 хоног ажиллана гэж тооцохоор 84,000 төгрөг зарцуулна. Өөр нэг төлөвлөгдөөгүй гэнэтийн зардал гарнаа. Энэ бол ажлынхантайгаа нийлж өдрийн ажлынхаа стрессийг гаргах зардал юм. Үнэртүүлэх төдий ганц шил юм хувааж уух буюу та хүсэхгүй бол архи биш пиво ууж болно. Хамт олонтойгоо ажлын бус цагаар сардаа ганц хоёр удаа сууна шүү сууна энэ бол зайлшгүй. Үүнд та хамгийн багадаа 10,000 төгрөг зарцуулна.
Таны цалингаас зулгаах өөр нэг газар бол сургууль, цэцэрлэгийн торгууль. Тийм юмны, ийм юмны гэд бүх эцэг эхчүүдээс мөнгө хурааж байгаа учраас та түүнийг заавал өгөх хэрэгтэй болно. Таныг бусдын жишгээр хоёр хүүхэдтэй гэж жишээлсэн учраас энэ зардалыг чинь 10,000 гэд бодчихоё.
Та санамсаргүй алдаа гаргаад замын цагдаад торгуулбал яана гэч. Энэ оноос хэрэгжиж байгаа хуулийн торгуулийн хэмжээ маш өндөр. Ёстой муу ёр хүсэх ч юм биш.
Та сарын эхээр аванз  гэж авна. Харин сарын сүүлээр бөгс мөнгө гэж нэрлэгддэг үлдэгдэл цалингаа бүх татвар, шимтгэл, суутгалаа хасуулаад авна. Үүнийг та эрхбиш мэдэж байгаа.
За одоо зардалаа тооцоё. /сараар/
Зарцуулалтын нэр
Мөнгөн дүн
1
Тоёота Королла машин /банкны зээл төлөх/
220,000
2
Шатахуун
80,000
3
Гар утасны лизинг, нэгж
35,000
4
Цахилгаан
15,000
5
Хогны төлбөр
3000
6
Түлээ, нүүрс
30,000
7
Хоолны зардал
180,000
8
Бусад хэрэглээний зардал
30,000
9
Хамт олны зардал
20,000
10
Өдрийн хоолны зардал
84,000
11
Стресс тайлах зардал
10,000
12
Бусад газрын торгууль /сургууль, цэцэрлэг гэх мэт/
10,000
13
Бүгд зардал
717,000

Монголчууд бидний тэмдэглэдэг олон баяр бий. Гэр бүлийн баяраас авахуулаад, Үндэсний баяр, ёлк, Цагаан сар гэх мэт. За цагаан сарын баяраар бол байдагаа барна доо. Хэрвээ хүүхдээ төлбөртэй сургууль цэцэрлэгт явуулбал таны цалин бол хаанаа ч хүрэхгүй. Таны эхнэрийг тань ажилгүй гэртээ байдаг гэж авсан. Учир нь үнэндээ орон нутагт ажлын байр байхгүй шүү дээ. Хэрвээ гэр бүлийн хоёр хоёулаа ажилтай бол тэр айл шууд хангалуун айлын тоонд орно. Өөрөөр хэлбэл гэр хороололд биш байр лизингдээд орон сууцанд амьдарна гэсэн үг. Танай орлого бол зөвхөн таны цалин үгүй бас нэг өөр орлого байгаа л даа. Тэр бол хүүхдийн мөнгө болох 40,000₮. Тэр мөнгийг хүүхдийн ээж авч үрэх учир энэ мөнгө танд нэг их хамааралгүй мөнгө.
Одоо хүртэл би таны цалинг хэлсэнгүй. Уг нь нэг их нууцлаад байх юм биш л дээ. Гэхдээ ихэнх төрийн албан хаагчид цалингийн хэмжээгээ нууцалдаг юм. Магадгүй ичсэндээ тэр байх. Таны цалинг шударга байх үүднээс Үндэсний статистикийн газраас гаргасан  улсын дундаж цалингаар бодъё. 642,200 энэ цалингаас  тань өршөөгүй хандаад хууль ёсоор суутгах татвар, шимтгэлийг хасахгүй байя. /Эх сурвалж: http://time.mn:81/60811, http://www.nso.mn/content/44#.Vm5anEp961s, Бодит амьдралд арай дөхсөн мэдээлэл/ Яг үнэндээ би нягтлан бодогч биш учраас бүх татвар шимтгэлийг хасаад хэд үлдэхийг бодож чадахгүй нь. Ингээд:
Таны цалин 642,200 төгрөг
Бодит амьдрал дээр төрийн албан хаагчидын ихэнх нь 500 мянга хүрэхтэй үгүйтэй цалин гар дээрээ авдаг харин мэдээллийн хэрэгсэлээр төрийн албан хаагчид өндөр цалин авдаг гэж албан ёсоор гүтгэдэг. Жишээ нь: Үндэсний статистикийн газрын мэдээлснээр монгол улсын дундаж цалин энэ онд 844 мянгад хүрсэн гэжээ. /Эх сурталж: http://www.olloo.mn/n/12895.html /Харин энэ мэдээллийг нь МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ тоог тархи угаасан, бодит биш тоо гэж мэдэгдсэн байна. /Эх сурвалж: http://vip76.mn/content/31415 / Би л хувьдаа санал нэг байна.  Харин Шүүхийнхэн бусад төрийн албан хаагчидаас илүү өндөр цалин авдаг нь үнэн юм шиг байгаа юм.
Нэгэнт дундаж цалин ярьсаных дэлхийн дундаж цалин 1480 ам/доллар байдаг гэнэ. Энгийн математик тооцоо хийе. 1480*2000= 2.960.000₮ /Эх сурвалж http://www.assa.mn/content/2248.shtml?a=economy / Монголын минь цалин үүнтэй хавьтаж ойртох ч болоогүй байна даа.
Хэдийгээр хийсвэр ч гэсэн бид Ерөнхийлөгчөө төрийн албанд нэг сар ажиллууллаа. Бодит амьдрал дээр манай Ерөнхийлөгч үнэхээр ингэж ажиллаж үзвэл төрийн албаны доод шатанд ямар зовлон жаргал, асуудал байдагыг биеэр мэдэрнэ, зарим нэг нь хийх ажилгүй өдөржин Facebook ухаж байхад зарим нэг нь толгой өндийх завгүй бичиг цаас, өргөдөл гомдолд дарагдаж байх жишээний ажил ачааллын ялгаанаас авахуулад төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал гэх мэтийн олон юмыг анзаарах байх. Уг нь би энэ нийтлэлийг их хошин хөгжилтэй нийтлэл болох байх гэж бодсон чинь цалингийн баланс хасах гараад жаахан гутранги нийтлэл болоод явчихлаа.

Таны зарлага болоод орлогын зөрүү хасахтай гарлаа. Тодруулбал -74800 төгрөгний алдагдалтай. Эдийн засгийн утгаар энэ бол дампуурал. Хасах баланстай хүмүүс өрөнд орж, /хэлсэн хэлээгүй бүгд өртэй/ хамгийн муугаар бодоход өлсгөлөнд нэрвэгдэх байх. За тэр Хуримтлал энэ тэр бол бүүр цаашаа шүү. Хадгаламжтай болох бол монгол мөрөөдөл. “Төрийн албан хаагч хадгаламжтай болов” гэдэг бол монгол онигоо. Гэхдээ л монголчууд хэвийн амьдраад л болоод л байдаг. Үүнд нэг “бяцхаан” нууц бий. Та нар энэ нууцыг таа даа. 

Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам

Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл зари...