Monday, December 7, 2015

Азгүй Ардчилсан нам буюу Заримдаа “аз” азгүйдэлээр дуусдаг тухай

Ардчилсан Хувьсгал ялсанаас хойш даруй 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 6 удаагийн парламентийн сонгууль болж зарим хүмүүсийн үзэж байгаагаар монголчууд Ардчилсан хувьсгалыг амжилттай хийсэн ажээ.
Нөгөө нэг хэсэг хүмүүсийн хувьд монголын Ардчилал хуурамч, дүр эсгэсэн үйл явц болсон ба эдийн засгийн хувьд амжилт олсон боловч эрх мэдэл хувиарлалтын хувьд алдаа завхрал гарч нугалаа үүссэн төдийгүй энэхүү завхралыг ашиглан хэсэг бүлэг тодруулбал эдийн засгийн олигархи бүлэглэлийн ашиг сонирхол ард түмний хяналтаас гарсан байна. Төлөөллийн Ардчилалын сул талыг арилгах талаарх төсөөлөл ойлголт монголчуудад байсангүй ард түмнээс эрх авсан Төлөөлөгчидын эрх мэдэлд хэмжээ хязгаар тавьсангүй тэдэнд хариуцлага тооцох механизм улс төрийн тогтолцоонд огт суулгаж өгөөгүй. Бүр хуулиар УИХ-ын гишүүдийг халдашгүй дархан эрхтэй болгосноор хэмжээгүй эрхтэй хууль бусаар хөрөнгөжигсөд газар авлаа. Нам нь хэсэг бүлэг хүмүүсийн хаант улс болж зарим талаараа монголд Ардчилсан дарангуйлал тогтлоо. Энэ бүхэн бол Ардчилсан хувьсгалын ололтын хажуугаарх гажуудал юм.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан хүчин засгийн эрхийг 2 удаа авсан байна. Өөрөөр хэлбэл парламентын сонгуульд амжилттай оролцсон хоёр удаагийн тохиолдолоор засгийн эрхийг авсан юм. Эхнийх нь 1996 онд, удаах нь 2012 онд болсон.
Эхний удаагийн азгүйдэл:
1996 оны парламентийн сонгуульд Ардчилсан хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа. Мэдээж шинээр төлөвшиж байгаа улс төрийн хүчний хувьд гайхамшигтай үйл явдал болсон юм. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ сонгуульд шинэ тутам гарч ирсэн Ардчилсан гэх тодотголтой намууд нэгдэж эвсэл болж орсоноороо онцлог байсан. Гэхдээ Ард түмэн ойлгохдоо 1996 онд Ардчилсан хүчинд саналаа өглөө гэж ойлгосон юм.
Би хэдийгээр хүүхэд байсан /10 настай/ хэдий ч манай багш Ардчилсан үзэл санааг дэмждэг байсан юм уу нэг удаагийн хичээл дээр бидэнд Ардчилсан намын тухай ярьж өгч билээ. Бүх хүмүүс газраа өмчилж авах ба өмчилсөн газартаа зүлэг ногоо тарьж болно. Байшин барьж болно. Хүмүүс өмчтэй баян чилээлэг болох ба түүнийгээ зарж борлуулах түүндээ хөрөнгө оруулах зэрэг нь тухайн хүний эрх байх тухай гэх мэт одоо санахад их л гоё зүйлийг хийж улс орон хөгжих мэтээр ярьж байсан нь санаанд бүдэг бадаг үлджээ. Тэр үеэс л Ардчилалын тухай сайхан гэгээлэг төсөөлөл ой ухаанд суусан бололтой. Одоо бол багш хүн хүүхдүүдэд энэ мэтээр яриа ухуулга хийх нь хориотой юм.
1996 он гэдэг бол монгол улсын хувьд эдийн засгийн чадавх маш сул хөгжил буурай байсан үе. Ардчилсан хүчин ялсаны дараах он жилүүд ард түмний итгэж, хүсэн хүлээж байсан тэр сайхан гэгээлэг мөрөөдөл, төсөөллөөс хол зөрүүтэй байсан юм. Ардчилсан хүчний дотоод зөрчил нь тухайн үед 4 удаагийн Засгийн газрын нүүрийг үзэхэд хүргэсэн. Ард түмний хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан юм. Тэдгээр он жилүүд бол монголчуудын хувьд хар дарсан зүүд мэт он жилүүд байлаа.
Эдийн засгийн хөгжил зогсонги хэвээр байлаа. 1997 онд Азийг хамарсан “Азийн эдийн засгийн хямрал” болсон юм. Энэ нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд нэрмээс болж байлаа. Аргаа барсан эрх баригчид Монголд хандивлагч улс орнуудын уулзалтыг зохион байгуулж өөрийн улсын ядуурал, зовлонгоо тоочиж нэгэн үе Монгол улс гадны улсын хандив тусламжаар амьдардаг байсан тухай дурсамжыг ихэнх хүмүүс санаж байгаа.
1996 оны Ардчилсан хүчний ялалт бол Ардчилалд үзүүлсэн ард түмний итгэл байлаа. Харин сонгуулийн 4 жил дуусахад Ардчилсан хүчинд итгэх ард түмний итгэл алдарч 2000 оны сонгуульд Ардчилсан хүчний “аз” азгүйдэлээр дууссан түүхтэй.
Дараагийн удаагийн азгүйдэл:
2012 оны парламентийн сонгуульд Ардчилсан нам харьцангуй ялалт байгууллаа. Харьцангуй гэдэг нь Засгийн газрыг дангаараа байгуулж чадахааргүй буюу дийлэнх олонх болж ялалт байгуулаагүй гэсэн үг юм. Иймээс арга буюу сонгуулийн дараа МАН-аас өрх тусгаарлаж сонгуульд орсон МАХНамтай хамтарсан засгийн газрыг байгуулсан юм. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам уран гоё сонгуулийн компанит ажил зохион байгуулж Ард түмний дунд алдсан нэр хүндээ эргүүлэн олж аваад байлаа. 1996 оны үйл явдалыг ард түмэн бараг мартжээ. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн муу муухай зүйл бүгдийг эрх баригч намд тохлоо. Мөн өрсөлдөгч томоохон хүчин болох МАНам нь сонгуулийн өмнө хоёр хуваагдаад байлаа. Энэ бүхэн нь Ардчилсан намд сонгуульд амжилттай өрсөлдөх үржил шимт хөрсийг бүрдүүлж байв. Гэхдээ л Ардчилсан нам дийлэнх олонх болж чадаагүй харьцангуй олонх.
1996 оных шиг алдаагаа дахин давтахгүй байх гэсэн Ард түмний итгэлийг бас дахин хугалж Засгийн газраа огцорууллаа. Энэ үйл явцад Ардчилсан намын УИХ дахь гишүүд нь идэвхийлэн оролцсон нь бүр гайхмаар басхүү урам хугарч дахин итгэл алдармаар зүйл болов. Ард түмний хувьд энэ бол хууртагдсан итгэл найдвар. Шалтгаан нь “Давхар дээл” гэхдээ дараагийн засгийн газар байгуулагдахад энэ нь зөвхөн шалтаг /халхавч/ байсан гэдэг нь бэлхэнээ харагдсан юм.
2012 оны эдийн засгийн нөхцөл байдал 1996 оныхоос эрс ялгаатай байлаа. Энэ үед Монгол улсын эдийн засаг эрчимтэй өсөж хөгжиж байв. Эдийн засгийн өсөлт хөгжилийн түүхэн оргил үе энэ үед тохиогоод байсан юм. Засгийн газар байгуулагдаад удсангүй олон улсын санхүүгийн зах зээлд “Чингис бонд”-ыг амжилттай гаргаж төсвийн бус асар их мөнгөтэй боллоо. 2013 он бол Ардчилсан намд итгэх Ард түмний итгэл дээд цэгтээ байсан үе учир нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан ерөнхийлөгч дахин сонгогдлоо. Давхар ялалт, давхар аз үнэхээр гайхамшигтай зүйл болж байлаа.
Нөхцөл байдал 2014 оноос алга урвуулахын адил гэнэт өөрчлөгдөж эхэллээ. Энэ эхлэл нь улс төрийн хямрал биш эдийн засгийн хямралаас үүдэлтэй байв. Олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ огцом унаж байлаа. Эрх баригчидын болчимгүй бодлого ба дэлхийн эдийн засгийн хямралын хавсарсан нөлөөллөөс гадаадын хөрөнгө оруулалт огцом буурлаа. Уул уурхайн томоохон төслүүд нь зогслоо. Төгрөгийн ханш огцом сулрав. Ард түмний амьдрал ганцхан жилийн дотор эрс доройтсон ийм тохиолдол урд өмнө монголын түүхэнд тохиогоогүй бизээ. Тохиолдсон байлаа ч гэсэн энэ удаагийнх шиг эмгэнэлтэй хямрал тохиолдоогүй байх ягаад гэвэл энэ үед монголчуудын ихэнх нь банкинд өртэй, улсын төр нь гадаадад их хэмжээний өртэй болсон байв.
Хятадын эдийн засгийн өсөлт саарч хөөс хагарав. Хятад улсын хувьд энэ нь ханиахын төдий зүйл боловч монгол улсад энэ нь хатгаа болж хүндэрсэн эдийн засгийн уналтыг авчирсан юм.
Цаашдын төлөв:
Ардчилсан намын улс төрийн амжилтын төлөв: 1996 оны ялалт бол Ардчилсан хүчний хувьд маш богино хугацааны амжилт байлаа. Өөрөөр хэлбэл 1990 онд хийсэн Ардчилсан хувьсгалаас хойш ердөө 6 жилийн дараа Засгийн эрхийг авсан амжилт байв. Харин 2000 оны азгүйдэлээс хойш 12 жилийн дараа, 1996 онд ялсанаас хойш 16 жилийн дараа парламентын сонгуульд арай хийн харьцангуй олонх болсон юм. Харин одоо болох 2016 оны сонгуульд ялах төлөв харагдахгүй байна. Дараагийн ялалт нь хэдэн жилийн дараа тохиох вэ? Судлаачын хувьд би нэг таамаг дэвшүүлэе. 20 жилийн дараа хэрвээ Монгол Ардын нам асар муу ажиллавал энэ хугацаа богино болж мэдэх юм. Хамгийн гол нь энэ хоёр намд итгэх Ард түмний итгэл маш их муудлаа. Тиймээс цаашид 3 дахь ч нам хүчнүүд улс төрийн тавцанд илүү хүчтэй тоглох байх.
Азгүйдэлийн шалтгаан ба түүнийг арилгах арга зам:
Ардчилсан намын дотоод зөрчил Азгүйдэлийн гол шалтгаан: Эрийн цээнд хүрсэн гэж өөрсдийгөө дөвийлгөж байсан Ардчилсан намыхан дотоод зөрчилдөө дахин өвдөг сөхөрлөө. Үндсэн хууль, намын тухай хууль, сонгуулийн тухай хууль зэрэгт зарчимын өөрчлөлт хийхгүй бол Ардчилсан намын дотоод хямрал нь эв найрамдал, ёс зүй, итгэл үнэмшил гэх мэт хуулийн бус тохируулгаар зохицож явж чадахгүй гэдгийг өнгөрсөн үйл явц дахин баталлаа.
Азгүйдэлийн гадаад шалтгаан: Хамгийн сонирхолтой нь Ардчилсан хүчин эрх барих үед олон улсын эдийн засгийн хямрал болох үе давхцаад байна. Үүнийг тайлбарлах шинжлэх ухаанч тайлбар надад алга. Зүгээр л ийм азгүй явдал тохиолдох болоод тохиолдов уу?
Эртний монголчуудын “ТЭНГЭР”-ийг шүтэх үзлээр бол “харсан тэнгэр нь хаях” гэдэг үг байдаг. Дотроо эв түнжин муутай, урвагч шарвагчаар дүүрсэн, амин хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгаасаа дээгүүр тавьдаг тийм хүмүүстэй баг хамт олныг монголчуудын хэлдэгээр “Харсан тэнгэр нь хаядаг” байна. Өөрөөр хэлбэл “ТЭНГЭР” ивээдэггүй гэсэн үг.
Чингис хаан бол тэнгэрийн ивээлийг олсон хүн гэдгээрээ тал нутагт маш их нэр хүндийг олсон юм. Учир нь түүний багт урвагч шарвагч, амин хувиа хичээгч, эв түнжингүй байдал зэрэг “ДЭЭД ТЭНГЭР”-ийн гэсгээлийг хүртэх зүйлс байгаагүй юм.
Нууц товчоонд дурдсанаар дайны олзонд шунаж дайн байлдаанд ялах гэсэн үндсэн зорилгоосоо ухарвал хүндээр шийтгэдэг байжээ. Эзэн ноёноосоо урвах аваас дайсан хийгээд өөрийн тал аль ч тохиолдолд шууд цаазалдаг байлаа.
Ардчилсан намын дотоод зөрчил нь “Тэнгэрийн гэсгээлийг хүртэх” шалтгаан болсон байж болох. Тэрхүү тэнгэрийн гэсгээл нь эдийн засгийн хямрал болж бүх монголчуудыг шийтгэсэн ч байж болох юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. 
Дүгнэлт: Эвийг эрхэмлэж хөгжилийг авчиръя. Монгол улсын төр, намуудад бүгсэн урвагч шарвагч, амин хувиа хичээгч, хагалган бутаргагч, ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлэгч нараас монгол төр, нам, улсаа цэвэрлэхгүй бол Монгол улсыг минь эртний өвөг дээдсийн минь “ТЭНГЭР” нь ивээхгүй  ээ.  Монгол улсыг минь заяа нь түшиж, “МӨНХ ХӨХ ТЭНГЭР” нь ивээг.

2015,12,06                                                                                               Б.ОЮУНСУРТАЛ

Tuesday, November 17, 2015

Өнөөгийн нийгэм дэх бидний оролцоо

1990 оноос хойш Монголчууд бид Ардчилал шинэчлэлийн замаар хөгжиж байна. Ардчилал гэдэг нийгмийн тогтолцоо нь тухайн нийгмийн иргэдээсээ оролцооны өндөр идэвх шаардаж байдаг онцлогтой юм. Хэрвээ иргэд Ардчилсан төрийнхөө үйл хэрэгт идэвхтэй сайн оролцохгүй бол нийгэмд шударга бус үзэгдэл газар авч, дарангуйлалын засаглал тогтох, авилгал хээл хахууль нэмэгдэх, засаглалын үр ашиг буурах зэрэг үзэгдэлүүд гардаг.
Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо нь Ардчилсан тогтолцооны цусны эргэлт нь болж байдаг. Өөрөөр хэлбэл эргэх холбоо нь юм. Аливаа улс төрийн хүчний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид баримтлах бодлого чиглэлийг зөв тодорхойлж улс орон зөв, эрч хүчтэй хөгжих үндэс суурь иргэдийн оролцооноос ихээхэн хамаардаг.
Энгийнээр хэлэхэд Далайн уснаас уур манан гарч тэнгэрт үүл болж тэр нь Эх газарт бороо, цас болон орж голын усаар дамжин эргэн далайд нийлж дахин үүл болон хувирч бороо, цас болох зэргээр мөнх эргэх холбоог үүсгэдэг шиг улс төрийн үйл явц дахь эргэх холбоог иргэдийн оролцоо үүсгэдэг байна.
Иймээс улс орныхоо сайн сайхан ирээдүй, хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн хүн бүр улс төрийн өндөр мэдлэг, боловсролтой байж улс төрийн сонгуульд идэвхтэй оролцож улс орноо удирдах зөв удирдагчидыг сонгож чаддаг байх наад захын чадвартай байх нь иргэн бүрт байх нэгэн суурь боловсрол юм. Хэрвээ улс орныхоо улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байвал тухайн иргэний зүгээс улс орныхооныхоо хөгжил дэвшилд оруулж буй маш том хувь нэмэр юм. 
Иргэн хүний улс төрийн оролцооноос гадна бас нэгэн чухал оролцоо бий. Энэ нь эдийн засгийн оролцоо юм. Улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах, хөдөлмөрлөх, шинээр бүтээх зэргээр нийгмийн баялагыг бий болгоход оролцох нь улс орны хөгжил дэвшилд оруулах маш чухал хувь нэмэр мөн. Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ялангуяа өмч эзэмших түүнийгээ хамгаалах, хуулийн дагуу өсгөж арвижуулах бүрэн боломжыг олгодогоороо хуучин нийгмээс давуу юм. 


Sunday, November 15, 2015

Улс төрийн нэгжээс эдийн засгийн нэгж рүү

Би өөрөө бол Ардчилсан хувьсгал болж байх үед дөнгөж 4 настай байсан болохоор тухайн үед болсон үйл явдлыг нүдээр үзэж чихээр сонсох бядгүй балчир байж. Харин ухаан сууж хүний үгийг амтархан сонсох дуртай болсон үедээ настай голдуу хүмүүс энэ хэдэн "Ардчилал" гэж ярьсан амьдрал мэдэхгүй хүүхдүүд болж бүтэж байсан нийгэм журмыг болохыг нь байлгачихлаа гэж ярихыг бишгүйдээ нэг сонссон юм. Ухаандаа хөгшчүүл Ардчилсан нийгэмд дургүйцдэг байсан юм уу даа. Харин өөр нэг хэсэг нь хуучин нийгмийн үед эрх чөлөөгүй ба Их Орос гүрний колони байсан учраас их хэцүүхэн байсан талаар ярьдаг. Хуучин нийгмийн үеийн бүх зүйлийг болж бүтэхгүй, үр ашиггүй зүйл хэмээн үгүйсгэж ямар ч урьдчилсан бэлтгэлгүйгээр нийгмийг үндсээр нь богино хугацаанд огцом өөрчилсөн нь Монгол улс бүхэлдээ хэсэг хугацаанд "шок"-ын байдалд орох үндсэн шалтгаан болсон нь ойлгомжтой. Нэг үеэ бодвол одоо монгол хүн, монгол улс хөгжил цэцэглэлтийн замдаа орж, дэвшин дээшилсэн нь харваас мэдэгдэхээр байв ч зарим нэг зүйл дээр ахиж дэвшиж чадахгүй байгаа нь нүднээ илт харагдана. Бүр зарим салбараа Соц нийгмийн үеийнхээс ч дордуулан унагасан нь басхүү нүднээ илт байх баримт юм. 
Нэгдэл ба Ардчилал: 1950-иад онд анх Нэгдэлжих хөдөлгөөн үүсч хувийн малыг бүгдийг нь нийгмийн болгосон үйл явдал нь малчидын зүгээс багагүй саадтай тулж байсан ч нийгэмд бий болсон айдасын хүчээр коммунист Засаг төрийн энэ бодлого шийдвэр онцын саадгүй хэрэгжсэн байна.
Нэгдэлжих хөдөлгөөн ялсаны дараа монгол улсын Засаг захиргааны нэгж болсон "Сум" нь улс төрийн шинжтэй Засаг захиргааны нэгж гэхээс илүүтэйгээр Аж ахуйн шинжтэй эдийн засгийн үүрэг роль бүхий нэгж болсон байна. Одоогийнхоор бол нэг сум нь хувь нийлүүлсэн нэг компани маягын зүйл байж л дээ. Мэдээж социалист нийгмийн нэг хэсэг тул ашиг олохын тулд биш буюу зах зээлийн бус зарчим дээр үйл ажиллагаа нь суурилж байсан. Сайн муу хэлдэг ч "Нэгдэл" бол Монголын хөдөөг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн алдар гавъяатай байгууллага юм. 
Шинэ зууны хөдөөгийн хөгжил ямар байх талаарх дорвитой төсөөлөл өнөөгийн улс төрчдөд  хараахан алга. Саяхан өргөн баригдсан Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөлд Орон нутаг хэтэрхий улс төржих болсон учраас ИТХурлын төлөөлөгчидыг аливаа улс төрийн Намаас нэр дэвшүүлэхгүй байхаар тусгасан нь нэг талын ахиц дэвшил мөн боловч энэ нь хөдөөд байгаа хөгжлийн асуудлыг шийдэх гарц биш. 
Одоогийн хуулиар бол хөдөөгийн Засаг захиргааны нэгж нь хэт улс төрийн шинжтэй байгааг би хүлээн зөвшөөрнө. Энэ байдал нь хий улстөржих, талцах хуваагдах, эв нэгдэлгүй болж улс төрчид орон нутгийн нийтлэг эрх ашгийн төлөө явах бус хувийн буюу хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг илүү дээр тавих байдалд хүргэсэн. Цөөхөн хүн амтай сумын хувьд хэтэрхий улс төржих нь асуудлыг улам хурцатгахаас биш зөв замаа олоход нь тус болж чадахгүй байгаад хамаг учир байна. Үүнд бас төлөөллийн ардчилалын завхрал гүн гүнзгий нөлөөлнө. Цөөн хүн амтай бөгөөд уг гарвал удам угсааны хувьд нэн ойр төрөл болох нэг сумынхан дунд цэвэр улс төр байх үндэслэл их хомс. Хэн илүү боловсролтой вэ?  Хэн илүү юм хийж чадах чадвартай вэ?  хэн илүү сонгуулийн мөрийн хөтөлбөртэй вэ? гэдгээс илүү ах дүү хамаатан садан, танил найз нөхөд, мөнгө, хувийн эрх ашиг гэх мэт зүйлс нь улс төрийн сонголтонд нь илүү нөлөөлнө. 
Монголын зарим сумын иргэд бараг бүгдээрээ хоорондоо ах дүү байдаг ялангуяа говийн суманд энэ байдал илүү түгээмэл юм. 
Миний бодлоор хуучин туршлага дээрээ үндэслээд сумыг илүү үр ашигт суурилсан эдийн засгийн нэгж болгох нь илүү хөгжилд нийцсэн шийдэл байж болох юм. 
Одоогийн сумын Засаг дарга нь сум, нэгдэлийн дарга гэдэг статустай болж улс төрийн гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн хөгжилд гол анхаарлаа хандуулах учиртай юм. Сумын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх, ашиг олох гэх мэтэд илүү анхаарал хандуулж, сумынхаа иргэдийг нэгтгэн зохион байгуулж, манлайлж ажиллах тэр талын мэдлэг боловсролтой хүнээр удирдуулах сонирхолтой болох юм. Улсаас тэжээж тэтгэх бодлогоо хумиж өөрийг нь бие даалгах, өөрөө өөрийнхөө нөөц бололцоогоо ашиглан хөгжих боломжоор нь хангах гэх зэрэг асуудлыг шийдвэрлэвэл эерэг өөрчлөлт гарна гэж найдаж байна. 
Харин төлөөллийн байгууллага болох сумын ИТХурлыг Нэгдэлийн төлөөлөн удирдах зөвлөл болгон өөрчилж Нэгдэлийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих юм. Нэгдэлийн даргыг сумын иргэд шууд сонгох нь илүү зохимжтой бөгөөд ингэснээр шууд ба төлөөллийн Ардчилалыг хослуулах юм. 
Асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд загварчилая.
Нэг сум нь бүхэлдээ нэг "Нэгдэл" буюу Хувьцаат компани байна. Сумын бүх хөдөлмөрийн насны иргэд тухайн компаний хувь нийлүүлсэн хувь нийлүүлэгчид. Нэгдэл нийт сумын иргэдийн дундын өмч бөгөөд нэгдэлд хувь нийлүүлэгчид харилцан адилгүй хувь эзэмшиж болно. Сумын иргэдэд хөрөнгө байхгүй учир анхны хөрөнгийг буюу хамгийн доод тал 100 сая төгрөгний эхлэлтийн хөрөнгийг улсаас маш бага хүүтэй, олон жилийн хугацаатайгаар зээлнэ. Бас тодорхой хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж болно. Ингээд иргэд Нэгдэлийн даргаа шууд сонгож тэрхүү хөрөнгөө яаж өсгөхөө шийднэ. Харин сумын ИТХурлыг Удирдах зөвлөл болгон өөрчилж Удирдах зөвлөл нь нэгдэлийн даргад хяналт тавьна. Үүнийг шууд ба төлөөллийн Ардчилалыг хослуулан хэрэглэсэн зэрэгцээ засаглал гэж нэрлэж болно. Суман дахь Засаг даргын тамгын газар нь Нэгдэлийн даргын ажлын алба болох юм. Нийгмийн шинжтэй байгууллагууд болох сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нь одоо байгаа статусаараа явна. Эдгээр бүтэц хэвээрээ байхаас гадна сумын ЗДТГазарт харьяалагддаг Багийн дарга, Иргэний бүртгэл, татвар, даатгалын гэх мэт ажилчид нь хуучнаараа хэвийн үйл ажиллагаагаа явуулна. 
Ингэснээр сум нэгдэлийн дарга нь сумынхаа эдийн засгийн хөгжилд илүү анхаарах боломж үүснэ. Сум нэгдэлийн даргын үйл ажиллагаа сайн ба муу байгааг үнэлэх илүү бодит үнэлэмжтэй болно. Хэрвээ нэгдэлийг үр ашигтай удирдаж сумын иргэдийн амьдрал ахуйг өөднө татаж чадахгүй болж сонгуулиар сольж болно.
Монгол хүний оюун ухаан, мэдлэг чадварын боломжыг илүү их ашиглах үр ашигтай нийгмийн бүтцийг бий болгох нь илүү чухал болсон өнөө цаг үед бид улс төрийн талцал тэмцэлээс ангижирч, нэг нэгнийгээ хэмлэж хохироож амьдрах биш нэг нэгэндээ хэрэгтэй ашигтай байх зарчимыг баримталж хөгжилийн замаа сонговол илүү үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг. Монгол улсаа хөгжүүлэе. 

Friday, November 13, 2015

Төлөөллийн Ардчилалын завхрал

Ардчилсан төрийн тогтолцооны гол шинж чанар бол улс орны аливаа  хэрэгт ард түмэн шууд оролцож байх явдал юм. Анх Грект үүсэхдээ энэхүү Ардчилсан төрийн загвар нь хот улс буюу хэмжээнээр жижиг нийгмийн нийтлэгт үүссэн. Энэ нь хотын иргэд аливаа шийвдэр гаргахдаа хотын төвдөө цугларч улс төрийн шийдвэр гаргахад шууд санал өгөх замаар оролцдог байсантай холбоотой. Үүнийг Улс төрийн шинжлэх ухаанд шууд Ардчилалын загвар гэдэг. Ардчиллын өөр нэг загвар нь Төлөөллийн ардчилал юм. Хэмжээний хувьд томорч, их хүн амтай болох тусам шууд Ардчилалын загварыг хэрэгжүүлэхэд хэцүү болдог.
Асуудлыг шийдэхийн тулд маш олон хүн цуглуулах нь нэн төвөгтэй бөгөөд шийдвэр гаргах хурд удаан байдаг зэргээс шалтгаалан тодорхой бүлэг хүмүүсийг төлөөлүүлэн хэн нэгнийг сонгуулж, шийдвэр гаргах үйл явцад тэрхүү сонгогдсон төлөөлөгчийг оролцуулсанаар түүний саналыг түүний төлөөлж ирсэн бүлэг хүмүүсийн санал хэмээн ойлгож шийдвэр гаргахыг Төлөөллийн ардчилал гэж нэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийг УИХуралд төлөөлөх нэг л хүн байна. Өмнөговь аймаг 60,000 хүн амтай учир тэрхүү 60,000 хүн амын санаа бодол хүсэл зоригийг ганцхан хүн улсын хэмжээнд төлөөлж байгаа гэсэн үг. Үндсэн логик нь энэ. Гэвч мэдээж тэр 60,000 хүн бүгдээрээ нэг санаатай нэг хүсэл зоригтой байгаад тэрхүү Төлөөлөгчөө дуу нэгтэй сонгож явуулсан уу? гэвэл тийм биш юм. Төлөөлөгчөөр сонгогдсон хүн нь сонгуулийн үр дүнгээр буюу нийт сонгогчидын олонхын саналыг авсан учраас л ирсэн хэрэг. Нөгөөтэйгүүр цөөнх болсон хэсэг сонгогч нарт тухайн хүний үзэл бодол, ажлын хөтөлбөр нь таалагдаагүй учир түүнийг сонгоогүй ба тухайн төлөөлөгч цөөнхийг тэдний саналаар төлөөлөөгүй болно. Гэвч мөнөөх төлөөлөгч УИХуралд санал өгөхдөө нийт 60,000 сонгогчидынхоо өмнөөс дуртайяа, бардам, ялагчийн дүрээр санал өгч төлөөлдөг авай.
Төлөөллийн ардчилалд сул тал бий. Харин монголын улс төрийн амьдралд төлөөллийн ардчиллын сул тал нь бүр завхрал болж хувирчээ. Угаасаа Ардчилсан төрийн тогтолцоо нь төрийн төгс загвар биш гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Төлөөллийн ардчиллын сул талыг буюу түүний алдаа завхралыг багасгах арилгах талын аргыг эрэн хайж түүнийг хууль, эрх зүйн зохицуулалттайгаар хязгаарлахгүй бол Монголын төр доройтсоор байх болно. Хэдэн жишээ татахыг хүсч байна. Доор дурдах жишээ нь УИХурлын түвшинд болдог үйл явдалтай тун төстэй болохыг уншигч та мэргэн оюундаа өөрөө тунгаан бодно буй заа.
Тохиолдол 1.
Нэгэн сумын ИТХурлын сонгуулийн үр дүнгээр нийт 21 төлөөлөгчөөс  Ардын намын төлөөлөгч 13, Ардчилсан намын төлөөлөгч 8 сонгогдсон байв. Төлөөлөгчидын анхны хуралдаанаар ИТХурлын даргаа сонгож дараа нь сумын Засаг даргаа сонгох болоход хачирхалтай нь цөөнх болсон  Ардчилсан намын дарга нь Засаг даргаар сонгогдов. Үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын намын дарга шоконд орсон нь ойлгомжтой. Сонгуулийн дараа сүртэй ялалтын баяр хийж өөрийгөө аль хэдийнээ Засаг дарга болсонд тооцсон хүнд бол мэдээж хүнд ялагдал. Цөөнх болсон намын дарга Сумын Засаг даргаар томилогдох нь тэр. Энэ тохиолдолд улс төрчид шалтгааныг нь урвагчидаар тайлбарлана. Дор хаяж 3 Ардын намын төлөөлөгч сөрөг намынхаа даргыг дэмжсэн санал өгсөн байж таарлаа. Гэхдээ хэн бэ гэдэг мэдэгддэггүй ялангуяа хурал болж байх үед. Учир нь асуудлыг нууц санал хураалтаар шийдэж байгаа.
Үл итгэлцэл, хардалт, гомдол цөхрөл үүснэ. Нам дотроосоо хагарах, журмын нөхөддөө үл итгэх, хувийн ашиг хожооны төлөөх урвалт энэ бүхэн монгол дахь улс төрийн намыг хүчгүй болгож байгаа гол хүчин зүйл мөн.
Тохиолдол 2.
Нэгэн аймгийн ИТХурлын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам 31 суудлаас 21 суудал авч, харин Ардын намынхан энэ удаа 10 суудал авсанаар цөөнх боллоо. Энэ ялалт болт Ардчилсан намынханы хувьд гайхалтай ялалт бүр үнэмлэхүй шүү. Харин ИТХурал болоход Ардчилсан нам дотроо 2 хуваагдсан учир намын даргаа Засаг дарга болгохгүй байх шинж бүрдээд байв. Мэдээж урдчилсан нууц уулзалтууд болж хуйвалдаан хэдийн хийгдсэн нь тодорхой. Хурал болоход Ардчилсан намын 21 төлөөлөгч хоёр хуваагдаад байсан учир олонх болохын тулд Ардын намын 10 төлөөлөгчөөс аль болох олныг өөртөө татаж чадсан тал нь өөрийн хүнийг аймгийн Засаг дарга болгох боломжтой юм. Мэдээж эрх баригч нам нь  дотроо хоёр хуваагдсан явдал нь цөөнх болсон хүмүүст "Хүрд эргүүлэх алтан боломж" олгоно. Аль их мөнгө өгсөн, аль өндөр албан тушаал амласан талд нь орох нь хөөрхий цөөнх болсон төлөөлөгчидийн хувьд ёстой л "Тэнгэрийн умдаг" атгахтай адил болж хувирах нь тэр. Энэ тохиолдолд зарим нэг урвагчидын хувьд бараг ялсанаас ялагдсан нь дээр ажгуу.
Улс төр улам бохир заваан, хуйвалдаан, хор найруулалт, урвалт шарвалтаар дүүрч байгаа гэдэгтэй та санал нийлэх байх. Намд итгэх иргэдийн итгэл буурч, сүүлийн сонгуулиудын сонгогчидын ирц тогтмол буурч байгаа нь төрийн доройтож байгаагийн шинж болов уу.
Энэ мэт хөгийн улс төрөөс ангижирч, Монголын төрийг Түгжилүүдээс чөлөөлөх боломж байхгүй юм гэжүү.
Хариулт нь мэдээж Тийм боломж бий.
Төлөөллийн ардчиллын завхрал нь үндсэндээ хоёр хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Завхруулагч хүчин зүйл: Энэ нь голдуу гадаад хүчин зүйл. Өөрөөр хэлбэл улс төрийн нам, зүтгэлтэнд гаднаас ямар нэгэн арга хэрэгсэл ашиглан нөлөөлөх үйл явдал. Авилгадах, дарамтлах /шантаажлах/, элдэв амлалт өгөх гэх мэт ....
Завхрагч хүчин зүйл: Энэ нь голдуу хувь хүний ёс зүйтэй холбоотой дотоод хүчин зүйл. Шууд хэлэхэд улс төрчид хувийн эрх ашгийн үүднээс улс эх орныхоо нийтлэг ашиг сонирхолоос урвах, нам, улс төрийн хүчнийхээ эсрэг урвах, авилга авах, хууль бусаар хөрөнгөжих гэх мэтээр амар хялбар аргаар амьдрах, баяжих гэсэн хувиа бодсон хүний үйлдэлээс болсон завхрал юм. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө өргөсөн тангарагаасаа няцаж урваж, хувийн эрх ашгаа илүү тавих улс төрийн гажуудал.
Дээр дурдсан хоёр зүйл нь аль ч улсын улс төрийн амьдралд ажиглагддаг зүйл. Гэхдээ улс орныхоо нийлэг эрх ашгийг хамгаалахын тулд дээрх хоёр хүчин зүйлийн хор хөнөөлийг багасгах, хазаарлах хуулийн зохицуулалт, хамгаалалтыг хийж болно. Хийх ч ёстой. Хийгээд зогсохгүй бүр байнга тэрхүү хамгаалалтаа сайжруулж байх ёстой. Энэ процесс монголд хийгдэхгүй байна.
Нэгэн жишээ санал болгоё.
Туршлагаас үзэхэд голдуу Гүйцэтгэх Засаглалын тэргүүнийг сонгох явцад энэхүү завхрал илүүтэй харагддаг учраас энэ жишээн дээр ажиллая.
Заавал Үндсэн хуулийг өөрчлөнө гэхгүйгээр дэд хуулиар энэхүү асуудлыг шийдээд явчих боломж байна гэж би боддог.
Сонгууль дуусахаар сонгогдсон төлөөлөгчид хуралдаж Ерөнхий сайдыг томилдог явдал нь Ард түмний сонголтыг УИХурал баталгаажуулж сонгодог эсвэл сольж сонгодог тийм нэг давхардсан сонгох үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл Ард түмний нэгэнт хийсэн улс төрийн сонголтыг өөрчлөх эс өөрчлөх эрх мэдлийг УИХурал өөртөө бий болгожээ. Энэ байдал нь урвагчдад том боломж олгосон, төрийг завхруулах сулруулах нөхцөл нь болж байна.
Авах арга хэмжээ буюу шийдэл:
-Сонгуулийн үр дүнгээр олонх болсон Намын даргыг шууд Ерөнхий сайдаар томилогдсонд тооцох. Намын дарга Ерөнхий сайдын ажлыг хийж байгаад нас барах, хэрэгт холбогдох, өвчиний улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед шууд намын дэд дарга нь Ерөнхий сайд болох.
-Зөвхөн Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгох үед улс төрийн аль нэгэн намын төлөөлөгч өөр бусад хүчинг дэмжих буюу өөрийн намын бодлогыг эсэргүүцэхийг хориглох,
-Нууцаар санал хураахыг хориглох бүх түвшинд /зөвхөн тухайн тохиолдолд/гэх мэт ... Үүнээс илүү олон хувилбар бичиж болох боловч нийтлэл маань хэт нуршуу болох тул үүгээр хязгаарлая.
Яг яаж шийдэх вэ? гэдэгт үүнээс өөр найруулга байж болох боловч үндсэн гол зарчим нь төлөөллийн завхрал гарч аль нэг урвагчаас болж Монгол улсын болон орон нутгийн нийтлэг  эрх ашиг хохирч болохгүй гэдэг зарчим гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.
Үүнээс гарах сайн үр дүн: Асуудлаа нам дотроо шийдэхгүйгээр түүнийгээ УИХурлын танхимд шийдэх гэж зүтгээд үр дүнд нь улс орон хохирдог жишиг тогтохоос сэргийлэх.
Ганц нэг буюу цөөхөн улс төрч тоглолт хийж хувийн ашиг хонжоо олохоос сэргийлэх.
Хамгийн чухал зүйл нь хүн хүндээ итгэдэг болно. Нам доторх улс төрийн итгэлцэл бий болно. Засгийн газар тогтворжино. Нам бэхжинэ, хөгжинө. Урвалт, шарвалт, өсөрхөл, гомдол зэргээс болж Монголын төр, монголчууд хохирохгүй.
Нэр дэвшигчидийн чанар сайжирна. Учир нь өөрийнх талын бөгөөд өөрт нь үхэтлээ үнэнч байдаг л бол тэр нэр дэвшигч нь ямар дүлзэн байх нь хамаагүй болчихоод байгаа өнөөдрийн нөхцөл байдалд бол сайнаар нөлөөлнө. Сайн хүмүүс улс төрд орж ирвэл төр аяндаа цэвэрших биз.
Уламжлал: Өнөөдөр Их Эзэн Чингис хааны маань төрсөн өдөр. Их хаан маань өөрийн ихэс дээдэс ноёндоо үнэнч бус хүнийг буюу хувийнхаа эрх ашгийн төлөө урвадаг урвагч нарыг хамгийн муу үйл хийсэн хэмээн үзэж, үзэн ядах төдийгүй даруй цаазлан хороодог байсаныг та бүхэн бэлхэнээ мэднэ буй заа. Монгол төрд энэхүү уламжлалыг эргүүлэн авч хэрэглэх зайлшгүй шаардлага өнөө үед бий болжээ.
2015.11.12

Их хааныхаа Төрсөн өдөрт зориулав. Бичсэн: Б.Оюунсуртал

Saturday, July 25, 2015

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим

Хүний өөдрөг сайн явах 25 зарчим1. Сэтгэлийн их тэнхээтэй яв
2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Friday, July 24, 2015

Хүүхдүүдээ хэрхэн манлайлагч болгон өсгөх вэ?

Хүүхдүүдээ хэрхэн манлайлагч болгон өсгөх вэ?

Бид бүгдээрээ л хүүхдүүдээ манлайлагч, удирдагч нэгэн болгохыг хүсдэг.
Эр зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, чигч шударга нэгэн болоосой хэмээн хүсдэг. Үйлдэл нь бусдад урам зориг өгч, хэзээ ч төсөөлж байгаагүй гайхалтай зүйлст хүрээсэй хэмээн бид мөрөөддөг.
Харин тэднийг манлайлалд хүргэх зам нь эцэг эх, асран хамгаалагчид бидний л гарт байдаг.
Энэ хязгааргүй өрсөлдөөнт дэлхий ертөнцөд өөрийгөө болон бусдыг удирдан чиглүүлэх чадвартай нэгэн болох уу, эсвэл нийгэмд өөрсдийгөө боол зарц мэтээр харах сөрөг бодлын хохирогчид болох уу - Энэ бүхэн биднээс л шалтгаална.
Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг маш том хариуцлага.
Доор дурдсан 8 зөвлөгөөнд төвлөрөн өдөр бүр хэрэгжүүлбэл, хүүхдэдээ, мөн өөртөө манлайллын ур чадварыг төлөвшүүлж чадна:
1.Сэтгэл зүйн чадамж (EQ) –ийг нь хөгжүүл
Сэтгэл зүйн чадамж гэдэг нь бид бүгдийн дотор орших биет бус зүйл юм. Энэ нь бидний биеэ авч явах хэм хэмжээг удирдан, тулгарсан төвөгтэй асуудлуудыг даван туулах, эерэг үр дүнд хүрэхийн тулд бие даан шийдвэр гаргах чадварт нөлөөлж байдаг.
Сэтгэл зүйн чадамжийн талаар хүүхдүүд эцэг эхээсээ суралцдаг нь илэрхий. Эцэг эхээ өдөр болгон харж, зан авир, үйлдэл, шинж чанарыг нь яг л далайн хөвөн мэт өөртөө шингээн авч байдаг.
Сэтгэл зүйн чадамж гэдэг ойлголтыг манлайллын байр сууринаас харвал, амжилтанд хүрэх хамгийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг болдог. TalentSmart компаниас 1 сая гаруй хүмүүсийн дунд судалгаа явуулахад, манлайлагчийн ажлын гүйцэтгэлийн 58% нь сэтгэл зүйн чадамжаас хамаардаг болохыг олж тогтоосон байна. Мөн маш амжилттай яваа манлайлагчдын 90% нь сэтгэл зүйн чадамж (EQ) өндөртэй байдаг нь илэрчээ.
Ихэнх хүмүүс сэтгэл зүйн чадамжаа хөгжүүлэх тал дээр маш бага зүйлийг хийдэг. Бидний судалгаанд оролцсон хүмүүсийн дөнгөж 36% нь л сэтгэл хөдлөлөө танин мэдэх, удирдах чадвартай нь тогтоогдсон. Сэтгэл зүйн чадамжаа өндөр түвшинд хөгжүүлж чадсан хүүхдүүд тухайн чадвараа насанд хүртлээ байнга өнгөлөн зүлгэснээр амьдралд манлайлах боломжоор илүү байдаг байна.
2.Зөвхөн амжилтын төлөө улайрагч нэгэн болгож болохгүй
Эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйд маш өндөр амжилтанд хүрээсэй гэж хүссэндээ, үргэлж л амжилт, үр дүнг тэднээс нэхэн шаарддаг. Хэзээ ч ялагдахгүй дандаа ялаад сурчихвал, хүүхдэд тодорхой хэмжээгээр муу нөлөөтэйг мартаж болохгүй. Ялангуяа удирдагч, манлайлагч болох гэж байгаа хүн зөвхөн хувийн амжилтандаа төвлөрөөд сурчихвал багаа амжилтанд хүргэх хэцүү.
Энгийнээр хэлэхэд, шилдэг манлайлагчид ганцаараа бүгдийг хийж чадахгүй гэдгээ мэддэг учраас хамгийн агуу, гайхалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байдаг. Амжилтанд шунаж, дулдуйдсан хүүхдүүд зөвхөн шагнал, хэзээ ч бүрэн ойлгогдохгүй үр дүнд л төвлөрдөг. Тэд хамгийн үнэ цэнтэй тоглогчийн цом хэнд очсон, алдартай сонин сэтгүүлийн нүүрэн дээр ямар захирлын зураг гарсан гэх мэтээр амжилтыг зөвхөн хувь хүн хүртэх ёстой зүйл гэж хардаг. Ийм сэтгэхүйг өөртөө бий болгосон хүүхэд ирээдүйд бүхнийг олж мэдээд их л харамсах болно.
3.Хэт их магтах хэрэггүй
Хүүхдээ өөрийгөө үнэн бодитоор, эерэгээр үнэлэх мэдрэмжтэй болгохын тулд урам, магтаалаар тэтгэж байх нь зүйтэй. Харамсалтай нь үргэлж магтаал, сайшаалаар тэднийг буллаа гээд, өөртөө илүү их итгэлтэй хүн болчихгүй. Хүүхдүүд өөрийгөө үнэлж, амжилттай удирдагч болоход шаардлагатай өөртөө итгэлтэй чанарыг хөгжүүлэх нь зүйн хэрэг ч, үсэг холбож, бөмбөг өшиглөх бүрт нь учиргүй магтаад байвал, хүүхдэд эргэлзээ, хуурмаг итгэл төрүүлэх аюултай. Хүүхдүүдийнхээ хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээр нь бахархаж байгаагаа үргэлж хэлж бай; гэвч супер од биш гэдгийг нь мэдсээр байж, цаасан малгай өмсгөх хэрэггүй.
4.Эрсдэл, бүтэлгүйтэлтэй учрахыг нь зөвшөөр
Бизнес болон амьдралд, амжилт гэдэг ямар нэгэн эрсдлийн үр дүнд бий болдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгаалах тал дээр хэт ихийг хийж бас болохгүй. Ингэснээр тэдний эрсдэл гаргах, түүнийхээ үр дүнг үзэх боломжийг нь хаах аюултай. Хэрэв танд бүтэлгүйтэх нөхцөл өгөгдөөгүй бол, эрсдлийн утга учрыг ойлгохгүй шүү дээ.
Амжилтанд хөтлөх зам бүтэлгүйтлээр цутгагдсан байдаг. Хүүхдүүдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлэх гэсэндээ үргэлж л хамгаалж, хаацайлаад байвал, манлайлагч болоход шаардлагатай бүтэлгүйтлийг тэсэн гарах чадварыг тэдэнд суулгаж чадахгүй. Түүнчлэн бүтэлгүйтэх боломжийг олгосон бол, алдаа дутагдлыг нь шүүмжилж, шоолж болохгүй. Энэ үед л эцэг эхийн дэмжлэг хамгаас чухал байдгийг мартаж болохгүй. Хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг гэдгээ харуул. Бүтэлгүйтэхэд ямар их өвддөгийг мэднэ гэдгээ тэдэнд хэл. Эрсдэл гаргаж, алдаанаасаа суралцаж, хариуцлагаа хүлээж чадах чанар бол ирээдүйн манлайлагчийг бий болгоход хамгийн чухал чанар гэдгийг бүү март.
5.Үгүй гэж хэл
Хүүхдээ хэт эрхлүүлбэл, манлайлагч болон төлөвшихөд нь мэдээжээр саад болно. Удирдагч болохыг хүссэн хүн зугаа цэнгэлийг хойш тавьж, үнэнхүү чухал зүйлийнхээ төлөө шаргуу ажиллах чадвартай байх ёстой. Үүнд хүрэх тэвчээрийг хүүхдүүддээ төлөвшүүл. Тэд зорилго, зорилтуудыг тавьж, түүнийхээ төлөө тууштай, шаргуу ажилласныхаа үр дүнд ирэх баяр баясгаланг мэдрэвэл зохино. Шаардлагатай үед тэдэнд үгүй гэж хэлж бай. Хэсэг зуур тэднийг гонсойлгох ч, хэтдээ чухал зүйлсийн үнэ цэнийг ойлгуул.
6.Асуудлыг өөрийнхөөрөө шийдэх боломжийг олго
Удирдагч манлайлагч хүн биеэ даасан, тусгаар нэгэн байх ёстой. Хүүхдүүддээ өөрийнхөөрөө хийх боломжийг нь олгосон бол, үүсгэсэн эмх замбараагүй байдлаа өөрсдөө цэгцлэх шаардлагыг ч мөн тавь. Эцэг эхчүүд асуудал гармагц л хүүхдүүдийнхээ урдуур орж шийдвэрлээд байвал, тэд хэзээ ч 2 хөл дээрээ бат зогсож чадахгүй. Үргэлж хэн нэгэн ирж авардаг, үүсгэсэн асуудлыг нь шийддэг үзэгдэлд дасчихвал, хойшдоо ч бүх зүйл тийм амархан байх мэтээр, хэн нэгнээс хараат, санаачлагагүй нэгэн болж төлөвшдөг. Манлайлагчид үйлдэл хийдэг. Тэд хийсэн үйлдэлдээ эзэн болдог. Тэд ухамсартай, хариуцлагаа үүрэх чадвартай. Хүүхдээ ч мөн адил тийм зан чанаруудад сурга.
7.Хэлсэндээ хүр
Жинхэнэ манлайлагчид ил тод, нээлттэй, үргэлж бэлэн байдалд байдаг. Төгс төгөлдөр биш ч, хэлсэндээ хүрдэг чанараараа хүмүүсийн итгэл, хүндлэлийг хүлээдэг. Хэрэв та яг ийм байж, хүүхдүүддээ зөв үлгэр дууриал үзүүлж чадвал, тэд ч ямар нэгэн тусгайлсан хичээл оролдлогогүйгээр тухайн зан чанаруудыг өөртөө суулгах боломжтой. Жинхэнэ, үнэн нэгэн байхын тулд зөвхөн хэлж буй үг, хийж буй үйлдэлдээ бус, өөрөө өөртөө, бүх зүйлд үнэнч, шударга хандах ёстой. Хэлсэн үгэндээ хүрдэг чанар бол, өөрийг чинь жинхэнэ нэгэн болохыг илтгэдэг чухал чанар. Энэ зан чанарыг тэд эцэг эхээсээ суралцдаг.
8.Өөрийгөө хүн гэдгээ харуул
Хэдийгээр хүүхдүүд тухайн нөхцөл байдалд эцэг эхдээ дургуйцэх, тэднийг зэвүүцэх зан гаргадаг ч, тэдний хувьд хүчирхэг баатар, үлгэр жишээ нэгэн нь хэвээрээ л байх болно. Гаргасан алдааг минь давтах вий гэсэндээ тэднээс нууж болохгүй. Хэрэв өөрийн дутагдал, сул талаа харуулахгүй байх юм бол, хүүхдүүд чинь зөвхөн өөрсдөө л үргэлж уучламгүй алдаа гаргаж байдаг нэгэн мэтээр өөрийгөө буруутгаж, гэмшиж болох юм.
Хүүхдүүдээ манлайлагч болгон хөгжүүлэхийн тулд, тэдний шүтэн биширдэг хэн ч бай алдаа гаргаж, бүтэлгүйтдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манлайлагчид алдаагаа шүүн тунгааж, түүнээсээ суралцаж, илүү сайн нэгэн болохын тулд цааш урагшлах хатуужилтай байх ёстой. Харин алдаа гаргасанд нь зэмлэж буруушаавал, хүүхдүүдийнхээ цааш алхах зоригийг мохоох болно. Тиймээс хүүхдүүдэд алдаанаасаа хэрхэн суралцахыг заах жинхэнэ, бодит, сул талтай хүн хэрэгтэй.
Хэрэв бид хичээвэл, хүүхдүүдээ удирдагч, манлайлагч нэгэн болгон өсгөж чадна. Энэ бол амьдралд өөрийн цаг хугацаа, хичээл зүтгэлээ зарцуулбал зохих цөөн зүйлсийн нэг юм шүү.
Та хүүхдээ манлайлагч болгон хүмүүжүүлэхийн тулд юуг заадаг вэ? Коммент хэсэгт өөрийн санал бодлоо бидэнтэй хуваалцана уу.
Эх сурвалж: biznetwork.mn

​“Бүтэлгүй” хүний 7 зуршил

​“Бүтэлгүй” хүний 7 зуршил


Марк Аврелий (161 - 180 онд Ромын эзэн хаан байсан): "Аз жаргалтай амьдрал таны бодлоос эхтэй".

“Бүтэлгүйтэл” гэдэг зүйл хүний бодол, зан байдал, зуршлаас шууд хамаардаг. Иймд та өөрийн ертөнцөөс муу бодол, буруу зуршлуудыг авч хаях хэрэгтэй ба хүмүүсийн амьдралд илэрдэг нийтлэг сөрөг зуршлуудыг жагсаая.

Төгс байдал руу хэт тэмүүлэх – аз жаргал хүнд тийм ч амар ирэхгүй нь тодорхой. Жижиг гэлтгүй өөрийн хүчин чармайлтаар хийсэн бүх зүйл түүний үр дүнд сэгэл хангалуун байж сур. Агуу зүйл гэдэг бол жижиг зүйлсийн нийлбэр ба аливаа зүйл биднээс тодорхой хугацаа шаардаж байдаг. Иймд та өөрийгөө голж эхлэх биш харин бүтээсэн зүйлээ улам хөгжүүл.

Сөрөг орчинд амьдрах - зовлон, бүтэлгүйтэл, уналт зэрэг нь амьдралын нэг хэсэг гэж үздэг хүмүүсийн сөрөг бодол, дуу хоолойг дагах нь таныг аз жаргал, сэтгэл хангалуун байдлаас холдуулдаг. Үүнийг хэрхэн даван туулах вэ? Найзууд болон орчноо зөв сонго, эерэг сэтгэлгээтэй хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлж, танд аз жаргалыг мэдрүүлдэг зүйлсийг хий. Жишээ нь: ном унших, тоглолт үзэх гэх мэт.

Өнгөрсөн болон ирээдүйн амьдралынхаа талаар хэт санаа зовох – өнгөрсөн амьдралын дурамж, алдагдсан боломж, хийсэн сонголтууд гээд маш олон зүйлд гэмших, ирээдүйнхээ талаар хэт санаа зовох нь таны амьдралыг бүтэлгүй мэт санагдуулна.

Хувийн амьдрал болон амжилтаа бусадтай харьцуулах – ажил мэргэжил, өмссөн зүүсэн, ууж идсэн гээд бүхийл зүйлээ бусадтай харьцуулах нь том алдаа юм. Эцэст нь тэрэндээ өөрөө стресстэж, бүтэлгүйтэж эхлэнэ. Үүнийг даван туулахын тулд өөрийгөө бусадтай харьцуулахын оронд өөрийнхөө амжилтаа өөртэйгөө харьцуул, эелдэг бай.

Амьдралынхаа бүтэхгүй байгаа талыг илүү олж харах

Орчин чамайг өөрчлөнө гэдэгт итгээд хэрэггүй

Амьдрал түвэгтэй санагдах – амьдралд бэрхшээл тулгарах нь мэдээж. Тэр түвэгтэй асуудлуудыг ихэнхдээ хүн өөрөө бий болгодог юм. Ямарваа нэг алхам хийхдээ анхаарлаа сайн төвлөрүүлэх, сонголтоо зөв хийх, сайтар эргэцүүлэн бодох, асуудлуудыг тархиндаа удаан хадгалж стресстэхүй байх хэрэгтэйг анхаараарай.

Аз жаргалтай, сэтгэл дүүрэн, эрүүл амьдрая гэвэл дээрх сөрөг зуршлуудыг өөрийн ертөнцөөс авч хаяаарай. Таньд амжилт хүсье!
- See more at: http://mlctraining.mn/a4/#sthash.9UvIlioz.dpuf

Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам

Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл зари...