Thursday, July 28, 2011

Эрүүл амьдарлын 3 тулгуур /Нэгдүгээр хэсэг/

Үндсэндээ би эрүүл аж төрж, амьдрах, арга ухааны талаар нэлээд их зүйлийг сурч мэдэж, ойлгож байна.  Эрүүл амьдрах арга ухааны янз бүрийн сургалтанд хамрагдахдаа миний ойлгосон хамгийн гол зүйл бол  хүнд өөрт нь эрүүл урт наслах, аз жаргалтай амьдрах боломж ямагт байдаг гэдгийг ойлгосон  явдал юм. Өөрийн хэмжээнд мэдэж сурсан зүйлээ хэсэгчлэн блог дээрээ нийтэлж байна. Энэ бол үнэхээр амьдралдаа нэн даруй хэрэгжүүлэхүйц мэдлэг бөгөөд үүнийг маш анхааралтай уншиж, ойлгож амьдралдаа хэрэгжүүлбэл өвчин, зовлонгоосоо ангижрах нь гарцаагүй юм. Үүнд итгэлтэй байж болно.
Эхлэл хэсэг:
Хятадын анагаах ухааны “Ян инь”-ны онолоор бол хүний эрүүл энх амьдрах нь дараах тулгуур 3 зүйлээс хамаардаг ажээ.
Үүнд:
Ø  Зохистой дасгал, хөдөлгөөн
Ø  Эерэг сэтгэл санаа
Ø  Зөв хооллолт юм.
Ер нь бол өвчин “хийсч” ирдэггүй “хэлж” ирдэг ажээ. Биднийг багаас маань өвчин хийсч ирдэг юм хэмээн төөрөгдүүлж түүнд итгүүлсний хар гайгаар өвчин, зовлон тусахгүй байх арга замыг судлаж хайлгүй өдийг хүрсэн байна.
Хүний өвдөхгүй байх нь тухайн хүний эрүүл амьдрах арга ухаанд хэр зэрэг суралцсан түүнийгээ амьдралдаа хэр зэрэг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалдаг аж. Өөрөөр хэлбэл хүний өвдөж зовох, эсвэл зовохгүй жаргалтай байх зэрэг нь салхинд биш эмч, эмнэлэгт ч биш тухайн хүний өөрийнх нь гарт нь байдаг зүйл ажээ.
Хүний өвдөх эсэхийн 92%-93%-нь зөвхөн тухайн хүн өөрөөс нь шалтгаалдаг аж. Харин үлдсэн багахан хувь нь гадны хүчин зүйлээс хамаардагыг шинжлэх ухаан баталсан байна. Бурхан хүнд 120 нас хайрласан ба түүнээс өмнө үхэж байгаа тохиолдол бүрийг зуурдын үхэл мөн гэдгийг эмч нар нэгэн дуугаар зөвшөөрч байна.
Ийнхүү эрүүл амьдарлын 3 тулгууртай таныг танилцуулая.
Нэгдүгээр хэсэг: Дасгал хөдөлгөөн чухал
Хүн хөгширч биш хөшиж үхдэг ажээ. Цус нь бохирдож царцаж, булчин шөрмөс нь хатингаршиж, бие мах бодь нь хөшсөөр, нас ахих тусам улам давжаарсаар насан эцэслэдэг аж.
Хүн хөдөлгөөний хомсдолд орохгүйн тулд өдөрт 3-4 км газар явган алхаж байх ёстой бөгөөд ингэхдээ зүгээр алхах биш тодорхой хурдтай алхах учиртай юм байна.
Ганцхан алхаснаар хөдөлгөөний дутагдлаас сэргийлчихэж болно гэвэл үүн шиг том эндүүрэл үгүй байх болно. Иймээс тусгай бие мах бодийг сэргээх, агшсан булчин шөрмөсийг сунгаж өгөх дасгалуудыг хийх хэрэгтэй. Бүжиг ба спорт тоглоомууд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх сайн арга замууд мөн боловч хэт хурдан, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөнийг огцом, гэнэт хийвэл энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Дасгал хөдөлгөөний хамгийн зохимжтой хэлбэр нь ИОГ-ийн дасгал юм. Иогийн дасгалууд нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх тусгай дасгалууд бөгөөд гол онцлог нь хүний биед хүнд, огцом ачаалал өгөлгүйгээр бүх биеийн булчин шөрмөсийг суллаж, сунгаж, мөн дотоод эрхтэнгүүдэд иллэг массаж болж өгдөг.  Аажим хөдөлгөөнөөр хийх нь чухал байдаг. Иогийн дасгалыг хийхдээ хэт хүчилж болохгүй. Ер нь бол тусгай багшийн удирдлаган доор хийхийг зөвлөдөг. Гэхдээ үндсэн зарчмуудыг нь ойлгоод гэрийн нөхцөлд хийж болно. Энэ талаар гарсан номнууд бий.
Дасгал хөдөлгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол амьсгалын дасгал юм. Амьсгалын дасгал нь хүний бие эрхтэнг хүчил төрөгчөөр хангах процессыг дэмжиж улмаар дасгалын үр дүнд биеийн цус хүчил төрөгчөөр бүрэн хангагдаж, шингэрч бохирдол нь багасахад чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын дасгал хийснээр цус шингэрдэг байх нь “Нас залуу цус шингэн” гэж ярьдаг нь учиртай бөгөөд амьсгалын дасгал нь цусыг шингэлж өгөхөд чухал нөлөөтэй.
Ингэснээр зүрх судасны өвчин, даралт ихсэх, буурах зэрэг үзэгдлээс ангижирч болно. Амьсгалын дасгал нь зөв амьсгал авахаас эхэлнэ.
Бидний ихэнх нь буруу амьсгалдаг ажээ. Хамгийн зөв амьсгал бол хэвлийгээрээ амьсгалах амьсгал юм байна. Гэдсээрээ амьсгална гэсэн үг. Өөрөөр хэлбэл амьсгаа авахад цээж түнхийх биш гэдэс наашаагаа түмбийх ёстой. Амьсгаагаа гаргахад мөн гэдэс хонхойх ёстой. Үүнийг хэвлийгээр буюу гэдсээр амьсгалах гээд байгаа юм.
Энэ амьсгалд өрц гол үүрэг гүйцэтгэнэ. Зарим нь үүнийг өрцөөр амьсгалах гэж нэрлэдэг. Амьсгал авахад өрц хэвлий рүү шахагдах бөгөөд энэ хэмжээгээр уушигны багтаамж нэмэгдэж цус хүчил төрөгчөөр баяжих юм. Амьсгалаа гаргахад мөн гэдсээ хонхойлгон татаж, өрцөөрөө уушгаа шахаж өгсөнөөр уушгин дахь муу хий сайн гадагшилж өгөх юм. Ингэснээр уушиг бүрэн зөв ажиллах бөгөөд цусыг хүчил төрөгчөөр хангах өөрийн үүргээ сайн биелүүлнэ. Цус хүчил төрөгчөөр хэдий сайн хангагдана бие организмын үйл ажиллагаа төдий чинээ эрүүлжиж, сайжрах юм.
            Эрүүл амьдрахад амьсгалын дасгал маш сайн нөлөөтэй бөгөөд амьсгалын дасгалыг зөвхөн хамраараа хийнэ. Амьсгалын дасгалыг өдөр бүр зөв хийснээр зүрх судасны өвчнөөс ангижрах бүрэн боломжтой.
Бурханы шашны гол тарни болох “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарни нь амьсгалын дасгал аж. УМ гэж хэлэхэд гэдэс наашаа түмбийж амьсгал авагдана. МА НИ гэж хэлэхэд мөн гэдэс наашаа түнтийнэ. БАД МЭ ХУМ гэхэд амьсгал гадагшилж гэдэс хонхойно. ХУМ гэхэд бүх амьсгал гадагшлах юм. Тарнийг үе үеээр нь салгаж хэлээд байхад гэдэс түмбэлзэж дасгал болж байгаа нь илэрхий мэдэгдэнэ.
Мөн сунаж мөргөх нь биеийн чилээг гаргах булчин шөрмөсийг суллах, сунгах маш сайн дасгал юм байна. Гэтэл зарим нь үүнийг мухар сүсэгтний утгагүй үйлдэл гэж ойлгодог. Өдөрт дор хаяж 9 удаа  сунаж мөргөхөд өдөртөө бие хөнгөн шингэн байгаа нь мэдрэгдэнэ.
Бариа засал нь хүний биеийн булчин шөрмөсийг суллах, амраах, тайвшруулах, сунгах гэх зэргээр буюу зохиомол хөдөлгөөнийг ашиглан биеийн гаднаас биед сайн нөлөө үзүүлж эмчилдэг арга юм. Их архаг, хууч, ужиг өвчтэй хүн бариа засал хийлгэх нь өвчнөөсөө хурдан салахад нь тустай бөгөөд бариа засал нь нэг төрлийн зохиомол хөдөлгөөнөөр хүний биеийн өвчнийг илааршуулдаг арга гэдгийг ойлгосон байх.
Хөдөлгөөний  дутагдал нь хүний олон төрлийн  өвчиний  суурь үндэс болдог. Орчин үед хүний суугаа ажил ихэссэнээс шалтгаалан хөдлөж, явах, гүйх зэрэг эрчимтэй хөдөлгөөн эрс багассан нь хөдөлгөөний дутагдал үүсэх томоохон шалтгаан болж байна. Гэрээс гарч машинд суух ажил дээрээ олон цагаар сандал дээр суух, өдөржин машинаар явах гэх мэтээр суугаа байдлаар голдуу ажилладаг энэ үед хүний нурууны булчин байнгын ачаалалд орж чангардаг байна. Хүний булчингуудаас хамгийн том талбайг эзлэн оршдог булчин нь нуруу болон гэдэсний булчингууд бөгөөд эдгээр булчингууд нь тэнцүү ачааллыг үүрэн ажиллаж чангарч, суларч байх учиртай байдаг. Гэтэл байнгын суугаа байдал нь гэдэсний булчинг сулруулж, нурууны булчинд ачаалал өгсөнөөр нурууны булчин байнгын чангаралын байдалд ордог байна. Энэ нь даамжирч аарцаг ясны өвчин буюу нурууны тэгш хэм алдагдаж, гажилт үүсэх өвчиний эх үндэс болдог байна. Улмаар нурууны яснууд үе хоорондоо шохойжиж үе мөчний өвчин болдог учиртай ажээ.
Гэдэсний булчин байнгын сул ажиллагаагүй байсны хор нөлөө дотор эрхтэнд илэрнэ. Өөрөөр хэлбэл гэдэсний булчин ходоод гэдэс, дотоод эрхтэнгүүдийг хэвийн хэмжээнд барьж байх үүргээ алдаж улмаар бөөр бусад эрхтэн унжих үйл ажиллагаа нь доголдох эх суурь болдог ажээ. Иймээс байнгын суугаа байх нь хүний биед ихээхэн хохиролтой тул суугаа ажилтай хүмүүс 2 цаг тутамд босож гэдэсний булчингийн төрөл бүрийн дасгал 15 минут хийж байхыг зөвлөж байна. Үргэлжлэл бий.

Wednesday, July 27, 2011

Хүн гомдоохгүй юмсан. Гэвч ...

Хүний хамгийн эхний сурах ёстой зүйл бол аливаа хүнийг өвтгөхгүй, гомдоохгүй, зовоохгүй, дээрэлхэхгүй, доромжлохгүй байхад суралцах явдал мөн. Товчоор хэлбэл аливаа хүнд бие болоод хэл, сэтгэл гурваараа гэм хор хүргэхгүй байх явдал билээ. Энэ бол хүний амьдарлын хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал зарчим. Барууны ухаантнууд үүнийг “өөртөө хүсдэггүй зүйлээ бусдад бүү хүс” гэж хэлсэн байдаг.

Гэвч зарим нэг хачин хүмүүс энэ орчлонд бас байх юм. Бусад хүн өөрийг нь гомдоох болон зовоох сэдэл, сэтгэлгүйгээр хэлсэн болон хийсэн үйлдэлд аль хэдийнээ гомдчихсон байдаг. Надад нэг ийм явдал тохиолдсон юм л даа.

Миний нэг танил ах байдаг юм. Түүний яахоо хаяг нь миний мэссенжир листэнд бүртгэлтэй байдаг байв.

Миний мэссенжир хаяг руу хүмүүс янз бүрийн л техт, мессеж илгээдэг юм. Жишээ нь: Алдар цуутай хүмүүсийн амьдралд хэрэг болж, ухаарал хайрлахуйц онч мэргэн үгс, онигоо, элдэв баярын мэндчилгээ, хандив өгөхийг хүссэн гуйлт шаардлага, заримдаа сурталчилгаа, өөр олон янз бүрийн л /мөнгө өсгөдөг тарни гэх мэт/ хэрэгтэй хэрэггүй URL-г спамддаг одоо ч тэр хэвээрээ л дээ. Би тэдгээрээс өөртөө таалагдсаныгаа copy хийгээд бусдад дамжуулдаг юм. Энэ бол миний нэг зуршил болсон зан байлаа.

Нэг удаа надад хотын утааг егөөдөж бичсэн шүлэг ирсэн юм. “Нүүрсний утаа боргилсон гэр хороололд төрсөн би Утаат гэр хорооллоо өлгий минь гэж боддог Хар утаа суунагласан гэр хорооллоо ширтээд Өтгөн утаат мананг нь сэтгэл бахдан харахад Үлээж байгаа утаа нь үнсээд ч байгаа юм шиг Өргөн утаат хөшиг нь илээд ч байгаа юм шиг Утаандаа угаартмаар болоход элэг, зүрх минь өвдөж Хорсож өвдсөндөө нулимс хоёр нүдийг минь бүрхдэг” гэсэн манай монголын алдарт шүлгийг гуйвуулан хотын маань утаа тортогтой байгаа байдлыг тун оновчтой егөөдсөн шүлэг ирдэг юм. Би бол уншаад инээд хүрсэн гэхдээ үнэхээр үнэн байдал учраас бас харамсмаар ч юм шиг нарийн шинжвэл бас улс төрийн агуулгатай гэж хэлж болохоор эрх мэдэлтнүүдэд, ард түмэнд ч  үнэхээр бидний энэ асуудал хурцдаж байнаа гэдгийг уран сайхны аргаар ойлгуулах гэсэн оролдлого гэж дүгнэж болохоор. За даа ихэнхдээ эхлээд юуны урьд уншсан хүний инээд хүрмээр зүйл харин дараа нь бага зэргийн гуниг төрж магад.

За тэгээд надад үнэхээр таалагдсан тул би заншил ёсоороо листнийхээ бүх хүмүүст явуулж орхив. Тэр дороо л зарим хүмүүс нь инээдтэй зүйл явуулсанд талархлаа, үнэн үгтэй болж гэх мэтээр л над руу хариу бичицгээсэн юм мэдээж би шүлгийн автор биш ч гэсэн бусдад түүнийг түгээснийхээ шанд тиймэрхүү талархлын үгсийг хүлээж авах эрхтэй л дээ.

Хэдэн хоног өнгөрсний дараа тэр шүлэг миний ухаан санаанаас ор тас мартагдсан байх үед манай нөгөө ах над руу залгаж байна. Тэгснээ л мэндийн зөрөөгүй “багахан шиг доромжлоорой. Чи ахыгаа гэр хороололд амьдардгаар нь тэгж даапаалж байгаа хэрэг үү. Би чамд зөндөө л тус болж байсан байх ахаа энээ тэрээ гээд гуйгаад явж байсанаа санаарай. Би чамайг алсан ч чадна шүү намайг чадалгүй гэж бодож байна уу...” гэх мэтээр сүрдүүлсэн доромжилсон, үзэн ядаж гомдсон байдалтайгаар ярьж өглөө дөө. Би шууд шоконд оров. Намайг сүрдүүлж, үзэн ядсан үгсээ хэлж дууссаны дараагаар “үгүй та чинь юу яриад байгаа юм бэ?” гэж би огт юу ч ойлгоогүй учраас гайхсан байдалтайгаар эргүүлж асуулаа. “Чи намайг тэр шүлгээрээ гэр хороололд амьдардгаар минь доромжилсон байна” гэдэг байгаа. Яг тэр үед нөгөө шүлэг миний санаанд харван орж ирлээ. Энэ үед би бага зэрэг тайвшраад “үгүй ээ тэр чинь зүгээр л шүлэг түүнд таныг доромжилсон, гомдооё гэсэн ямарч санаа байхгүй, би бүх листнийхээ хүнд ...” гээд тайлбар тавих гэсэн боловч миний тайлбарыг олигтой сонссонгүй тэгэсгээд утсаа таслав. Би ч яахав дээ. Инээдтэй ч юм шиг, харамсмаар ч юм шиг ингээд нэг шүлэгнээс болж нэг танил ахтайгаа тангараг тасрана чинээ бодоогүй байсан юм. Тэгээд аргагүйн эрхэнд ахынхаа хаягыг  листнээсээ хаслаа. Тэр ах руугаа дараа нь уур нь гарахаар залгаж учрыг тайлбарлаж өгнө гэж бодсон боловч утсаа аваагүй тэгээд л тэр чигээрээ өнгөрсөн юм. Одоо хүртэл надад гомдсоор л байгаа харин би түүнийг зөвөөр ойлгуулж тайлбарлаж өгч чадахгүй л байна.

Хамгийн гол нь хүн таныг гомдоох гээгүй байхад нь хүнд гомдоод байдаг юм биш биз. Ийм хүмүүс зөндөө байдаг юм. Энэ намайг үл тоолоо. Эсвэл дээрэлхлээ гэж боддог даанч нөгөө хүн нь тиймэрхүү сэтгэгдэл төрөхөөр үйлдэлийг огт “ТИЙМ муухай өөрийнх нь бодсон шиг сэтгэлгүйгээр” гаргасан байх нь элбэг. Бид аливаа зүйлсийг өөртөө төрсөн сэтгэгдлээр хүлээж авдаг. Харин бидний харилцагч нөгөө хүн  бидэнд тийм сэтгэгдэл төрнө гэж огт бодоогүй байхад “бид гомдоод л өөрийгөө болоод өрөөлийг ч зовоогоод л байдаг” гэдгийг би энэ жишээгээр харуулах гэсэн юм.

Нөгөө талаас хичнээн хүн гомдоохгүй бас зовоохгүй байя гэвч зарим хүн бидэнд  аль хэдийнээ ялих шалихгүй зүйлээс болж гомдчихсон л тууж явдаг. Хамгийн чухал нь хүнийг санаатайгаар зовоох, гомдоох хэрэггүй гэвч та өөрөө ч мэдэлгүй санамсаргүйгээр хүн гомдоочоод байдаг үүнийг харин яалтай билээ. Гэхдээ бас л ийм байдал гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй байхал даа.

Үүнээс үзэхэд хүнийг гомдоохгүй байх, зовоохгүй байх тухай асуудал дан ганц биднээс хамаардаг зүйл биш байх нь. Өөрөөр хэлбэл харилцагчаас минь бас хамаардаг байх нь. Харилцагч хүн маань хэтэрхий эмзэг “дотогшоогоо” хүн бол яг манай ах шиг л “хүн гомдоох гээгүй байхад гомдчихоод” байдаг. Хэрвээ та ийм хүний нэг бол юун түрүүн гомдохоо битгий яараарай. Энэ түүхийг хаяа ч гэсэн бодож байгаарай.

Thursday, July 21, 2011

Хог хаяагүй нь буруутай гэж үү.

Бүгчим халуун өдөр гадуур явах нэлээд бэрх байдагыг та бүхэн мэднэ. Хөлс гоожоод, хувцас биед наалдаад л ... Яг л тийм өдөр энэ явдал болсон юм. Хоёр танилын хамт нэг хэсэг алхаад л эсвэл нэг хэсэг таксидаад л явах хэрэг гарсан юм. Бид замдаа таарсан хүнсний дэлгүүрээс нэг нэг ус авч уулаа. Түрээчээсээ хүмүүсийн ус дуусаад эхлэхлээр нь зэрэг би хоосон савыг нь надад өгчих гээд л аваад явлаа. Таксиндаа суухдаа ч тэр бариад явав. Төд удалгүй бид ахиад нэг нэг сав ус авлаа. Би мөн л усаа уугаад дуусахаар нь хоосон саваа хаяхаас нь өмнө надад өгчих гээд авчихлаа. Энэ үед л надтай хамт явсан нэг нөхөр /тэр намайг сайн танихгүй зүс танидаг л байсан юм/ намайг нилээд гайхсан янзаар харж байна. Уг нь ч түрүүнээс хойш л сав бариад яваад байгааг маань анзаараад л байсан л даа. Тэр тэсэлгүй “чи наад савнуудаараа яах гэж байгаа юм бэ?” гэж их л гайхсан янзтай асуугаад “Арай ... /хуванцар сав цуглуулдаг юм биш биз дээ/” гэж надаас яг үнэнгээсээ асуухнээ. Би ч сандраад асуухаас өмнө “үгүй ээ үгүй хогийн пүнкэр тааралдвал хаях гээд л, амьхандаа байгалиа бохирдуулахгүй л гэсэндээ” гэж   амжиж хэллээ. Ямар ч хэрэггүй хоосон 6 сав тэврээд яваад байхаар энэ чинь сав цуглуулдаг байж магадгүй нь гэсэн таамаг хэний ч толгойд орж ирэх  байхал даа. Яг энэ үед надад бага зэрэг ичих мэдрэмж төрсөн шүү.
Тэгсэн нөгөөх чинь харин намайг нэлээд буруугаар ойлгосондоо бантаж бас давхар миний байгалиа  бохирдуулахгүй гэсэндээ ийм  утгагүй гэмээр үйлдэл гаргаж байгааг  маань шал буруугаар ойлгосондоо ичиж, гэмшиж байгаа бололтой намайг түрүүнээс хойш шоолонгуй, ёожилсон мэт байсан зан байдал нь тэр дороо алга болж байна аа. Би гэдэг амьтан чинь урамшаад л явчихав. Яамай даа өөрөө хог тарихаа болидоггүй юм аа гэхэд хог тарихгүй гэж байгаа хүнийг бага ч гэсэн хүндэлж байна. Ухамсартай л байна даа. Зарим бүүр дүүрсэн ухамсаргүй нэг нь “чи мянга ингэлээ яах юм бэ? Тэртээ тэрэнгүй бүгдээрээ байгалиа бохирдуулж байна. Битгий ингэж тэнэглэж биеэ зовоож бай. Төрийн төлөө оготно боож үхэв гэлээ гэгчээр” гэж ирээд  л шоолдог юм. Харин энэ удаад намайг тэгж шоолж, тавласангүйд нь тэгж би баярлаж урамшсан хэрэг л дээ. Тэгээд би ямар ч байсан тэдгээр усны савнуудыг хогийн саванд хаясан юм даа.
Их сургуульд сурч байхад манай нэг багш “хүн бүр хог хаяхаа байчихвал, хогоо хогийн саванд хийгээд сурчихвал манай хот хоггүй болчихноо” гэж хэлж байсан нь миний санаанд их тод үлдсэн юм. Тийм учраас л ядаж би хог хаяхгүй байя, хогоо хогийн саванд нь хаяж байя гэж бодох болсон. Мэдээж энэ бодлоо гүйцээхэд  олон бэрхшээлтэй учирдаг наад захын явдлаасаа л би бичлээ. Харин хамгийн бэрхшээлтэй нь хэрэг болох үед ойрхон хогийн сав олдохгүй байх явдал байдаг. Манай хотод хогийн сав тэр бүр амархан олддоггүй юм тийм учраас хогийн сав хаана байна гээд л хараад л яваад л байна шүү дээ хотынхоо гудамжаар ...
            Бяцхан санамж: Та дэлгүүрээс зайрмаг авбал дэлгүүр дотор нь задлаад хогийн саванд нь гялгар цаасыг нь хийж байгаарай. Манай ихэнх хүнсний дэлгүүрүүдийн гадаа хогийн сав байдаггүй юм. Нэгэнт та дэлгүүрээсээ гараад явцан бол над шиг хогийн сав тааралдтал гялгар цаас бариад явах аль эсвэл хүний нүд хариулж байгаад аль нэг булан руу шидэх гэсэн хоёр сонголтын аль нэгийг сонгох хэрэгтэй болно.

ТААЛАГДЛАА ЭНЭ ШҮЛЭГ

Өглөө болгоны нарыг өөрийн юм шиг ашигла.

Өөрт олдсон жаргалыг олдохгүй юм шиг гамна.

Бурханаас өгсөн залуу насыг мэдэхийн төлөө ашигла.

Бусдын өгсөн хайрыг ховор юм шиг гамна.

Сэтгэлээр чи унасан бол сархаданд бүү дурла

Сэтгэлээ харин алдсан бол түүнийгээ бүү нуу

Хайрыг чи хүнээс гуйсан бол хариуг нь бүү яаруул

Хайрын гуйлт авсан бол хариуг нь бүү удаа

Хүнд муу зүйл хийсэн бол уучилалт гуйж сур

Хариуд нь харин чи хүнийг уучилж сур

Та нартаа баярлалаа өгүүлэл

Машинтай болохоороо явган алхаж байгаа хүмүүсийн зовлонг ойлгож байгаарай гэж хүмүүсийг явган алхуулдаг.
Мөнгөтэй болохоороо мөнгөгүй хүний зовлонг ойлгож байгаарай гэж мөнгөгүйн зовлонг хүмүүст мэдрүүлдэг.
Баян болохоороо ядуу хүний зовлонг битгий мартаарай гэж хүнийг бусдыг царайчлан гуйх нөхцөлд хүргэдэг.
Сайн явах үедээ ядарсан нэгнээ битгий дээрэлхээрэй гэж хүнийг  хүмүүсээр дээрэлхүүлдэг,
Амжилттай явах үедээ урам хугарсан нэгний урмыг сэргээж байгаарай гэж хүний урмыг бусдаар хугалуулдаг.  
              Харин энэ бүхнээ дараа нь санаж байдаг хүн хэдий хэр олон бэ?
Иймэрхүү зүйл амьдралд нь тохиолдоод байгаа хүмүүст: Энэ бүхэн зүгээр л сорилт учраас таньд муугаар хандсан бүхэнд би баярлаж байна. Та нартаа баярлалаа гэж хэлээрэй. Өмнүүр дайрчих шахан өнгөрсөн машин бүртээ, мөнгө зээлээч гэж гуйхад ихэрхсэн хүмүүст, ядуу хэмээн таныг үл тоосон хүмүүст ч, бүсгүйд ч, элдвээр дээрэлхсэн хүмүүст ч тэр, миний урмыг хугалж доош хийх үгсийг харамгүй хэлсэн бүх хүмүүстээ та баярлаж яваарай. Зэн буддизмын номлолд туслахгүй байх нь өөрөө хамгийн сайн тус гэсэн байдаг. Эдгээр буянтай хүмүүсийн хийсэн үйлд таны сэтгэл номхорч, та бардам дээрэлхүү зангаасаа салж, өөрийгөө бүхнээс мундаг гэж боддог байсан гэх мэтийн танд байсан бүхий л муу зангуудаасаа тунч амархан салж чадна. Эдгээр хүмүүст та баярлах ёстой энэ хүмүүс байгаагүй бол та ингэж их хурцлагдаж, урам зоригтой болж, ийм их сэтгэлийн тэнхээтэй болохгүй байх байлаа. Та дээрх бүх хүмүүст хэн гэдгээ харуулахын тулд өөрт байгаа бүхнээ дайчилж чадна. Цаашид ч дайчилсаар байх болно. Таныг улам зоригжуулж, бас үнэ төлбөргүй амьдарлын ухаанд сургаж, саад бэрхшээлийг давах сэтгэл зүрхийг хурцалдаг таны нөхөр болсон "тэдгээр бүх хүмүүст" та баярлалаа гэж хэлээрэй.
"Амьдарлын хөтөлбөр ба мөрөөдөл" номноос

Болсон явдалаас улбаалсан санаа

Би нэгэн хороон дээр төрийн үйлчилгээ авахаар 09,05 минут орчимд хүрч очлоо. Аз болоход хороо онгорхой байв. Би дотроо ихэд баярлаж хороонд явж орсон боловч хорооны ихэнх албан хаагчид эзгүй байна. Хорооны цэвэрлэгч өрөөнүүдийг цэвэрлэнэ... Хорооны ажилтнуудаас ганц ажилтан ирсэн байлаа. Тэр ажилтанд өөрийнхөө хэрэг зоргийг танилцуулж тодорхойлолт авах учраа хэллээ. Хороон Засаг дарга хуралтай байгаа 10 цаг өнгөрөөгөөд ирнэ гэв. Хороон Засаг даргыг тань иртэл би хүлээх хэрэг үү. Уг нь тийм ч сүртэй тодорхойлолт биш шүү дээ гэж би учирлан хэллээ. Хүлээх дургүй бол явахгүй юу даа гэсэн хариулт сонслоо. Олигтой үг сонсохгүй гэдгээ мэдсэн би коридорт хүлээлгийн өрөөнд суулаа. Цэвэрлэгч цэвэрлэгээ хийсээр ...

10 цаг өнгөртөл тэвчээртэй хүлээв. Миний адил хүлээгчид нэмэгдэж байв. Нэг нь Засаг даргын утсыг мэддэг бололтой утсаар ярьлаа. Ярианаас удахгүй дарга ирэх гэж байгаа болох нь тодорхой боллоо... Засаг дарга бас бус хүний хамтаар орж ирэв. Би ч тэвчээртэй хүлээсний хэрэг гарлаа гэж дотроо баярлаж байлаа. Гэтэл хороон Засаг дарга коридорт байсан хэдэн хүмүүс болон дагуулж ирсэн бусад хүмүүсийнхээ хамтаар өрөөндөө орж “бид одоо хуралтай” гэж хэлээд өрөөнийхөө хаалгаа түгжиж  тэд нэлээд хугацаанд таг болов. Ашгүй хаалга дуугарч түгжээ торхийн онгойж нөгөө хүмүүс баахан үүрэг даалгавар авсан бололтой “харин тиймээ, сайн ойлгож байгаа” гэх мэтийн зүйлсийг ярьсаар гарч одлоо.

Үүний дараагаар би сая л хорооны Засаг даргын өрөөнд орж хэрэг явдлаа даргад танилцууллаа. Иргэний үнэмлэхээ өг гэлээ. Тэр мэдээж тул тэр дор нь гаргаж өгөв. Гэтэл Засаг дарга “ийм тодорхойлолт гаргуулахад 2 хувь цээж зураг, ... төгрөгний хураамж бас иргэний үнэмлэхээ ар өвөргүй конандаад ... гэх мэт ” /би бүгдийг нь нэг дор тогтоож авахад арай л их агуулгатай зүйл хэлэв/ үүний дараа таны тодорхойлолтыг чинь гаргаж өгнө гэлээ. Ажил бүтэх гэж бодож байсан бодол маань тэр дороо замхран арилж оронд нь бухимдах, энүүхнийг сонсох гэж ингэж удаан хүлээсэндээ харамсах сэтгэл төрлөө. Би тэсэлгүй “ийм тодорхойлолт гаргуулахад ийм ийм зүйлийг бүрдүүлэх ёстой гэдгийг танилцуулсан иргэдэд зориулсан нээлттэй мэдээллийн салбар ч юм уу нэг тийм юм байдаггүй юм уу” гэлээ. Засаг дарга “Байгаа ш дээ өөрөө олоод харахгүй юу” гэж уцаарлангуй хэлж миний амыг таглаж орхив. Би тэрүүхэн хооронд өөртөө эргэлзэж “би олж хараагүй юм байхдаа хачин л юм” гэж бодоод коридорт гарсаныхаа дараагаар галын самбараас өөр юм байхгүйг харуут “би зөв л харсан байна даа” гэх өөрийгөө өмөөрөх бодол толгойд харван орж ирээд уур улам хүрээд явчив. Намайг гаруут өөр хүн аль хэдийн даргын өрөөнд зөрөөд орсон учир би хорооны нэгэн албан хаагчаас “танай мэдээллийн самбар хаана байна вэ?” гэж асуулаа. Гэтэл эсрэг талын өрөөг зааж тэр өрөөнд байгаа ороод харж болно гэв. Иргэд чөлөөтэй үзэж танилцаж байх ёстой самбар бас нэгэн албан хаагчийнх нь өрөөнд байгаад би ихээхэн гайхаж байж үзэж танилцаад, бүрдүүлэх ёстой гэх баримтуудын жагсаалтыг нямбай тэмдэглэж аваад хорооноос гарах зуур цаг өдрийн 12 цаг болж байлаа.

Үйл явдалаас улбаалсан санаа буюу шийдэл нь юу байж болох вэ?

Гараад явах зуур уурлах бухимдах маань бага зэрэг намжсан байв. /учир нь би өөрөө төрийн албан хаагч байсан учраас дорхноо тайвширч төрийн албанд ажиллаж байхад тохиолддог байсан бэрхшээлүүдийн тухай дурсамжууд сэргэж, бодогдож байлаа/ Энэ асуудал бол бараг л бүх шатны төрийн байгууллагад байдаг бас ихэнх иргэдэд тохиолддог бэрхшээл /хэтрүүлж хэлбэл иргэдийн зовлон болсон зүйл/ билээ. Нэгэнтээ “ төр бол хамгийн муу менежер” гэж хэлсэн байдаг. Энэ үг яах аргагүй үнэн. Бизнесийн байгууллагын “үйлчилгээний шинэ соёл” тэдний нэвтрүүлсэн дэвшилтэд арга технологиос төрийн үйлчилгээ байнга хоцорч байдгаас үүнийг төвөггүй олж харж болно.

Миний хэлэх гээд байгаа санаа бол мэдээж шинэ биш гадаадаас туршлага хайн явах шаардлага ч байхгүй манай монгол компаниудын аль хэдийнээ зах зээлд нэвтрүүлчихсэн үйлчилгээ. Энэ бол “ЛАВЛАХ”-ын үйлчилгээ “Одоо бүх асуултыг их мэдэхээс л асуудаг болсон” гэх мэтийн реклам чихэнд хоногшжээ. “Ноён зууч 1950”-н реклам ч чихэнд хоногшсон сайн реклам. Бүүр зарим компани өөрийн гэсэн тусгай лавлахтай. 2222 руу залгаад “үс засуулахад сайн өдрөө яаж үзэх билээ” гэх мэтээр л үйлчилүүлнэ шүү дээ.

Төрийн нэг ийм үйлчилгээ байхад хаа хаанаа л хэрэгтэй байна. Өөрсдөө санаачилдаггүй юм аа гэхэд “сонгууль болохоор хошуу дэлгэн гуйдаг иргэдээ бодоод” төр засгийн үйлчилгээндээ дэвшилттэй арга технологийг нь цаг алдалгүй нэвтрүүлж баймаар байна. Шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ авах гэх мэтээр иргэдэд ч хороон даргын тодорхойлолт ч хэрэг болох үе ч гарна шүү дээ гарна.

Надад тохиолдолдсон явдал дээр жишээ авъя: Би өглөө гарахаасаа өмнө “төрийн лавлах” /одоохондоо ингэж гэрлэе/ руу утасдаж ийм тийм “тодорхойлолт” авах гэж буйгаа хэлж бүрдүүлэх ёстой материал, хэлэх ёстой үг зэргийн талаар тун тодорхой мэдээлэл авна. Нэгэнт мэдээлэл авсан хүн чинь над шиг хорооноосоо хоосон гуяа ганзгалаад буцахгүйн тулд хэрэгтэй гэсэн бүхнийг нөгөөх лавлахаас авсан мэдээллийнхээ мөрөөр бүрдүүлээд жин тан очно. Хэн хэндээ амар. Ажил түргэн бүтнэ. Нээлттэй төр засгийн бас нэгэн шинж болон төлөвшинө. Иргэдийн төр болон түүний албан хаагчдыг хүнд сурталтай хэмээн харааж зүхэх нь багасна. Тоочоод байвал олон үр ашиг гарна шүү. Ийм нэгэн санаа төрсөнөө та бүхэнтэй хуваалцлаа. Ажил хэрэг болгочихоор албаны хүн байвал ажил хэрэг болгохыг хичээгээрэй.

Wednesday, July 20, 2011

Монгол түмэн минь

Таван толгойгоо зарж амьдрахаас илүүтэйгээр
Тархи толгойгоо зарж амьдрая монгол түмэн минь
Оюу толгойгоо ухаж амьдрахаас илүүтэйгээр
Оюун ухаанаа ухаж амьдрая монгол түмэн минь

Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам

Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл зари...