Монгол улсын үндсэн хууль”-д
Ардчиллын нэгэн хэлбэр/загвар/ болдог шууд /сонгодог/ ардчиллын аргачлалыг
төрийн үйл хэрэгт /шийдвэр гаргах/ ашиглах санааг хоёрдмол утгаар биш тов
тодорхой шууд ойлгогдох утга агуулгаар дараах байдлаар хуульчилсан аж.
Гуравдугаар зүйл.
3.1. Монгол Улсад
засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт
шууд оролцож, ... энэхүү эрхээ эдэлнэ.
Энэхүү заалтаас харахад Монголын ард түмний төрийн үйл хэрэгтээ оролцох эрх
нь шууд ба төлөөллийн гэсэн хоёр хэлбэрээр хангагдахаар хуульчлагдсан байна.
Үүнийг мөн хуулийн 16-р зүйлд дахин баталгаажуулж Монгол улсын иргэний
баталгаатай эдлэх эрх хэмээн тунхагласан нь сонирхол татаж байна.
Арван зургадугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх,
эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
...16.9/ шууд буюу төлөөлөгчдийн
байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.
Эдгээр
заалтуудаас харахад Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд шууд
оролцох эрхзүйн үндэстэй байна гэж дүгнэж болохоор боловч бодит амьдрал дээр
энэ онцгой эрхээ ашиглаагүй байна. Үүний зарим шалтгааныг мөн хуулийн дараах
хэсгээс харж болно.
Хорин тавдугаар зүйл.
1. Улсын Их Хурал төрийн
дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь
асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд
хадгалж шийдвэрлэнэ:
...16/ ард нийтийн санал
асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн
санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн
санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж
үзнэ;
Энэхүү заалтаас харахад иргэдийн Улс төрийн амьдралд шууд
оролцох эрхээ эдлэх нэгээхэн арга зам болсон “ард нийтийн санал асуулга
явуулах” асуудлыг зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан нь төлөөллийн байгууллага болох УИХ –ын эрх
хэмжээг, ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрхээс дээгүүр тавьж,
тус эрхийг хааж боогдуулах нөхцөлийг хангасан байна.
Чухамдаа Үндсэн хуульт
ёсны тулгуур Үндсэн зарчим нь “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх” тухай
үзэл санаа юм. Энэхүү үзэл санааг Женевийн иргэн гэж алдаршсан Жан Жак Руссо
өөрийнхөө “Нийгмийн гэрээ” номондоо маш итгэл үнэмшилтэй, түүхэн баримттайгаар
нотлон бичсэн билээ. Тэрээр төр, засаг үүсэхээс өмнө “Нийгмийн гэрээ” үүссэн
гэж үзсэн ба энэхүү гэрээг төр засаг амьдралд хэрэгжүүлэх үүрэгтэйг заасан.
Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдэл бүхэлдээ зөвхөн ард түмний гарт байх ба
энэхүү цорын ганц онцгой эрхээ “шууд” эдлэх жам ёсны эрхтэй ажээ. Гэвч төр улс томрохын
хэрээр ард түмний энэхүү “онцгой” эрхээ шууд эдлэх боломж буурдаг тул
“Төлөөллийн ардчилал”-ын үзэл санаа шууд Ардчиллын эсрэг хөгжиж өнөөгийн олон
орон энэхүү төлөөллийн аргаар засаг, төрийн үйл ажиллагааг хөтлөн явуулж байна.
Төлөөллийн Ардчилал нь олон сайн талтай боловч мөнхүү сул талтай юм. Өөрөөр
хэлбэл нийт Ард түмний хүсэл зориг, эрх ашгийг ханган ажиллах учиртай төлөөллийн
байгууллагын “улс төрийн шийдвэр” нь ард түмний хүсэл сонирхлоос зөрөх
тохиолдол олонтаа гардаг.
Орчин үеийн Ардчиллын
онолчидын томоохон төлөөлөгчийн нэг Роберт Даль энэхүү асуудалд ихээхэн ач
холбогдол өгсөн ба төлөөллийн ардчиллын сул тал нь бидний зорьж буй “эрхэмлэх
төгс Ардчилал”-д харш, муу нөлөө үзүүлж буйг тэмдэглээд шууд Ардчилалын
загварыг төлөөллийн Ардчилалын загвартай хослуулан хэрэглэх санааг дэвшүүлсэн
байна. Мөн тэрээр орчин үеийн интернэт ба сошиал медиа хэрэгсэлүүд нь шууд Ардчиллыг
шийдвэр гаргах түвшинд ашиглах урьд байгаагүй бололцоог өнөө үед олгож байгааг
цохон тэмдэглэжээ. /Эх сурвалж: https://ganaa.mn/2009/09/17/lkjfglkjdflskjl/
Ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрх нь
“Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” үзэл санааг бодит амьдрал дээр
хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл мөн. Иймээс миний зүгээс “айлаас эрэхээр
авдараа уудал” гэдэг монгол сургааль үгийн биелэл болсон нэгэн шийдлийг санал
болгохыг хүсэж байна.
Монголын улс төрийн
шийдвэр гаргах үйл ажиллагаанд “шууд” Ардчиллын аргыг хэрэглэж байсан түүхэн
туршлага бий. 1945 оны “ард нийтийн санал асуулга”-р БНХАУ-с тусгаар тогтнох,
эсэх тухай асуудлыг шийдсэн явдал нь монголын ард түмэн бүх нийтээр оролцож
гаргасан хүчин төгөлдөр улс төрийн шийдвэр мөн билээ. Энэхүү аргыг хэрэглэх
боломжыг Үндсэн хуулиар олгосон боловч энэхүү эрхээ эдлэх, эс эдлэх тухай
асуудал нь өнөөгийн УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байгааг би дээр тодорхой дурдсан.
Үүнээс гадна монголын иргэдийн улс төрийн амьдралд шууд
оролцох эрхээ эдэлдэг нэг институц бол “баг,
хорооний Иргэдийн нийтийн хурал” хэмээх байгууллага юм. Энэ байгууллагын
шийдвэр гаргах үйл явц нь төлөөллийн бус шууд оролцооны хэлбэртэй байдаг.
Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр гаргах үйл хэрэгт иргэд өөрөө өөрийгөө төлөөлдөг
буюу асуудалд шууд оролцох сонгодог Ардчиллын зарчим энд үйлчилдэг. Энэ талаар
Монгол улсын Үндсэн хуульд дараах байдлаар тусгасан байна.
Тавин есдүгээр зүйл.
2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол ..., баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, ... мөн.
Ийнхүү
хуульчилсаны хажуугаар дараах зүйлд Нутгийн өөрөө удирдах байгууллага “улсын хэмжээний чанартай асуудлыг шийвэрлэхэд” шууд оролцох
эрхтэй байж болохоор хуульчилсаныг анзаарна уу.
Жаран хоёрдугаар зүйл.
1. Нутгийн өөрөө удирдах байгууллага ... эдийн засаг, нийгмийн амьдралын
асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт УЛС,
дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж
оролцуулна.
Энэхүү заалтаас харахад
дам байдлаар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад улс орны хэмжээний
асуудлыг шийдэхэд оролцох ард түмний “шууд оролцоо”-ны эрхийг “баг, хорооны
иргэдийн Нийтийн Хурал”-аар дамжуулан олгосон байна. Мэдээж хэрэг ганц нэг сум
ба нэг аймгийн бүх баг, хорооны иргэдийн нийтийн хурлын шийдвэр нь УИХ-аас
гаргасан шийдвэртэй эн тэнцүү байх боломжгүй ба харин бүх монгол улсын
хэмжээний баг /нийт 1568 баг/, хороо/нийт 151 хороо/-ны иргэдийн нийтийн хурал тус
бүрээр улсын хэмжээний нэг асуудлаар
хуралдаж, олонхын зарчимаар нэг
шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ нь УИХ-аас гаргасан эрх зүйн баримт бичгээс
дээгүүрт тооцогдох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Монгол улсын Үндсэн
хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” заалтаар зөвтгөгдөж, хууль
ёсны болох эрхээр хангагджээ.
No comments:
Post a Comment