Tuesday, November 17, 2015

Өнөөгийн нийгэм дэх бидний оролцоо

1990 оноос хойш Монголчууд бид Ардчилал шинэчлэлийн замаар хөгжиж байна. Ардчилал гэдэг нийгмийн тогтолцоо нь тухайн нийгмийн иргэдээсээ оролцооны өндөр идэвх шаардаж байдаг онцлогтой юм. Хэрвээ иргэд Ардчилсан төрийнхөө үйл хэрэгт идэвхтэй сайн оролцохгүй бол нийгэмд шударга бус үзэгдэл газар авч, дарангуйлалын засаглал тогтох, авилгал хээл хахууль нэмэгдэх, засаглалын үр ашиг буурах зэрэг үзэгдэлүүд гардаг.
Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо нь Ардчилсан тогтолцооны цусны эргэлт нь болж байдаг. Өөрөөр хэлбэл эргэх холбоо нь юм. Аливаа улс төрийн хүчний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид баримтлах бодлого чиглэлийг зөв тодорхойлж улс орон зөв, эрч хүчтэй хөгжих үндэс суурь иргэдийн оролцооноос ихээхэн хамаардаг.
Энгийнээр хэлэхэд Далайн уснаас уур манан гарч тэнгэрт үүл болж тэр нь Эх газарт бороо, цас болон орж голын усаар дамжин эргэн далайд нийлж дахин үүл болон хувирч бороо, цас болох зэргээр мөнх эргэх холбоог үүсгэдэг шиг улс төрийн үйл явц дахь эргэх холбоог иргэдийн оролцоо үүсгэдэг байна.
Иймээс улс орныхоо сайн сайхан ирээдүй, хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн хүн бүр улс төрийн өндөр мэдлэг, боловсролтой байж улс төрийн сонгуульд идэвхтэй оролцож улс орноо удирдах зөв удирдагчидыг сонгож чаддаг байх наад захын чадвартай байх нь иргэн бүрт байх нэгэн суурь боловсрол юм. Хэрвээ улс орныхоо улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байвал тухайн иргэний зүгээс улс орныхооныхоо хөгжил дэвшилд оруулж буй маш том хувь нэмэр юм. 
Иргэн хүний улс төрийн оролцооноос гадна бас нэгэн чухал оролцоо бий. Энэ нь эдийн засгийн оролцоо юм. Улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах, хөдөлмөрлөх, шинээр бүтээх зэргээр нийгмийн баялагыг бий болгоход оролцох нь улс орны хөгжил дэвшилд оруулах маш чухал хувь нэмэр мөн. Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ялангуяа өмч эзэмших түүнийгээ хамгаалах, хуулийн дагуу өсгөж арвижуулах бүрэн боломжыг олгодогоороо хуучин нийгмээс давуу юм. 


Sunday, November 15, 2015

Улс төрийн нэгжээс эдийн засгийн нэгж рүү

Би өөрөө бол Ардчилсан хувьсгал болж байх үед дөнгөж 4 настай байсан болохоор тухайн үед болсон үйл явдлыг нүдээр үзэж чихээр сонсох бядгүй балчир байж. Харин ухаан сууж хүний үгийг амтархан сонсох дуртай болсон үедээ настай голдуу хүмүүс энэ хэдэн "Ардчилал" гэж ярьсан амьдрал мэдэхгүй хүүхдүүд болж бүтэж байсан нийгэм журмыг болохыг нь байлгачихлаа гэж ярихыг бишгүйдээ нэг сонссон юм. Ухаандаа хөгшчүүл Ардчилсан нийгэмд дургүйцдэг байсан юм уу даа. Харин өөр нэг хэсэг нь хуучин нийгмийн үед эрх чөлөөгүй ба Их Орос гүрний колони байсан учраас их хэцүүхэн байсан талаар ярьдаг. Хуучин нийгмийн үеийн бүх зүйлийг болж бүтэхгүй, үр ашиггүй зүйл хэмээн үгүйсгэж ямар ч урьдчилсан бэлтгэлгүйгээр нийгмийг үндсээр нь богино хугацаанд огцом өөрчилсөн нь Монгол улс бүхэлдээ хэсэг хугацаанд "шок"-ын байдалд орох үндсэн шалтгаан болсон нь ойлгомжтой. Нэг үеэ бодвол одоо монгол хүн, монгол улс хөгжил цэцэглэлтийн замдаа орж, дэвшин дээшилсэн нь харваас мэдэгдэхээр байв ч зарим нэг зүйл дээр ахиж дэвшиж чадахгүй байгаа нь нүднээ илт харагдана. Бүр зарим салбараа Соц нийгмийн үеийнхээс ч дордуулан унагасан нь басхүү нүднээ илт байх баримт юм. 
Нэгдэл ба Ардчилал: 1950-иад онд анх Нэгдэлжих хөдөлгөөн үүсч хувийн малыг бүгдийг нь нийгмийн болгосон үйл явдал нь малчидын зүгээс багагүй саадтай тулж байсан ч нийгэмд бий болсон айдасын хүчээр коммунист Засаг төрийн энэ бодлого шийдвэр онцын саадгүй хэрэгжсэн байна.
Нэгдэлжих хөдөлгөөн ялсаны дараа монгол улсын Засаг захиргааны нэгж болсон "Сум" нь улс төрийн шинжтэй Засаг захиргааны нэгж гэхээс илүүтэйгээр Аж ахуйн шинжтэй эдийн засгийн үүрэг роль бүхий нэгж болсон байна. Одоогийнхоор бол нэг сум нь хувь нийлүүлсэн нэг компани маягын зүйл байж л дээ. Мэдээж социалист нийгмийн нэг хэсэг тул ашиг олохын тулд биш буюу зах зээлийн бус зарчим дээр үйл ажиллагаа нь суурилж байсан. Сайн муу хэлдэг ч "Нэгдэл" бол Монголын хөдөөг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн алдар гавъяатай байгууллага юм. 
Шинэ зууны хөдөөгийн хөгжил ямар байх талаарх дорвитой төсөөлөл өнөөгийн улс төрчдөд  хараахан алга. Саяхан өргөн баригдсан Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөлд Орон нутаг хэтэрхий улс төржих болсон учраас ИТХурлын төлөөлөгчидыг аливаа улс төрийн Намаас нэр дэвшүүлэхгүй байхаар тусгасан нь нэг талын ахиц дэвшил мөн боловч энэ нь хөдөөд байгаа хөгжлийн асуудлыг шийдэх гарц биш. 
Одоогийн хуулиар бол хөдөөгийн Засаг захиргааны нэгж нь хэт улс төрийн шинжтэй байгааг би хүлээн зөвшөөрнө. Энэ байдал нь хий улстөржих, талцах хуваагдах, эв нэгдэлгүй болж улс төрчид орон нутгийн нийтлэг эрх ашгийн төлөө явах бус хувийн буюу хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг илүү дээр тавих байдалд хүргэсэн. Цөөхөн хүн амтай сумын хувьд хэтэрхий улс төржих нь асуудлыг улам хурцатгахаас биш зөв замаа олоход нь тус болж чадахгүй байгаад хамаг учир байна. Үүнд бас төлөөллийн ардчилалын завхрал гүн гүнзгий нөлөөлнө. Цөөн хүн амтай бөгөөд уг гарвал удам угсааны хувьд нэн ойр төрөл болох нэг сумынхан дунд цэвэр улс төр байх үндэслэл их хомс. Хэн илүү боловсролтой вэ?  Хэн илүү юм хийж чадах чадвартай вэ?  хэн илүү сонгуулийн мөрийн хөтөлбөртэй вэ? гэдгээс илүү ах дүү хамаатан садан, танил найз нөхөд, мөнгө, хувийн эрх ашиг гэх мэт зүйлс нь улс төрийн сонголтонд нь илүү нөлөөлнө. 
Монголын зарим сумын иргэд бараг бүгдээрээ хоорондоо ах дүү байдаг ялангуяа говийн суманд энэ байдал илүү түгээмэл юм. 
Миний бодлоор хуучин туршлага дээрээ үндэслээд сумыг илүү үр ашигт суурилсан эдийн засгийн нэгж болгох нь илүү хөгжилд нийцсэн шийдэл байж болох юм. 
Одоогийн сумын Засаг дарга нь сум, нэгдэлийн дарга гэдэг статустай болж улс төрийн гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн хөгжилд гол анхаарлаа хандуулах учиртай юм. Сумын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх, ашиг олох гэх мэтэд илүү анхаарал хандуулж, сумынхаа иргэдийг нэгтгэн зохион байгуулж, манлайлж ажиллах тэр талын мэдлэг боловсролтой хүнээр удирдуулах сонирхолтой болох юм. Улсаас тэжээж тэтгэх бодлогоо хумиж өөрийг нь бие даалгах, өөрөө өөрийнхөө нөөц бололцоогоо ашиглан хөгжих боломжоор нь хангах гэх зэрэг асуудлыг шийдвэрлэвэл эерэг өөрчлөлт гарна гэж найдаж байна. 
Харин төлөөллийн байгууллага болох сумын ИТХурлыг Нэгдэлийн төлөөлөн удирдах зөвлөл болгон өөрчилж Нэгдэлийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих юм. Нэгдэлийн даргыг сумын иргэд шууд сонгох нь илүү зохимжтой бөгөөд ингэснээр шууд ба төлөөллийн Ардчилалыг хослуулах юм. 
Асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд загварчилая.
Нэг сум нь бүхэлдээ нэг "Нэгдэл" буюу Хувьцаат компани байна. Сумын бүх хөдөлмөрийн насны иргэд тухайн компаний хувь нийлүүлсэн хувь нийлүүлэгчид. Нэгдэл нийт сумын иргэдийн дундын өмч бөгөөд нэгдэлд хувь нийлүүлэгчид харилцан адилгүй хувь эзэмшиж болно. Сумын иргэдэд хөрөнгө байхгүй учир анхны хөрөнгийг буюу хамгийн доод тал 100 сая төгрөгний эхлэлтийн хөрөнгийг улсаас маш бага хүүтэй, олон жилийн хугацаатайгаар зээлнэ. Бас тодорхой хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж болно. Ингээд иргэд Нэгдэлийн даргаа шууд сонгож тэрхүү хөрөнгөө яаж өсгөхөө шийднэ. Харин сумын ИТХурлыг Удирдах зөвлөл болгон өөрчилж Удирдах зөвлөл нь нэгдэлийн даргад хяналт тавьна. Үүнийг шууд ба төлөөллийн Ардчилалыг хослуулан хэрэглэсэн зэрэгцээ засаглал гэж нэрлэж болно. Суман дахь Засаг даргын тамгын газар нь Нэгдэлийн даргын ажлын алба болох юм. Нийгмийн шинжтэй байгууллагууд болох сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нь одоо байгаа статусаараа явна. Эдгээр бүтэц хэвээрээ байхаас гадна сумын ЗДТГазарт харьяалагддаг Багийн дарга, Иргэний бүртгэл, татвар, даатгалын гэх мэт ажилчид нь хуучнаараа хэвийн үйл ажиллагаагаа явуулна. 
Ингэснээр сум нэгдэлийн дарга нь сумынхаа эдийн засгийн хөгжилд илүү анхаарах боломж үүснэ. Сум нэгдэлийн даргын үйл ажиллагаа сайн ба муу байгааг үнэлэх илүү бодит үнэлэмжтэй болно. Хэрвээ нэгдэлийг үр ашигтай удирдаж сумын иргэдийн амьдрал ахуйг өөднө татаж чадахгүй болж сонгуулиар сольж болно.
Монгол хүний оюун ухаан, мэдлэг чадварын боломжыг илүү их ашиглах үр ашигтай нийгмийн бүтцийг бий болгох нь илүү чухал болсон өнөө цаг үед бид улс төрийн талцал тэмцэлээс ангижирч, нэг нэгнийгээ хэмлэж хохироож амьдрах биш нэг нэгэндээ хэрэгтэй ашигтай байх зарчимыг баримталж хөгжилийн замаа сонговол илүү үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг. Монгол улсаа хөгжүүлэе. 

Friday, November 13, 2015

Төлөөллийн Ардчилалын завхрал

Ардчилсан төрийн тогтолцооны гол шинж чанар бол улс орны аливаа  хэрэгт ард түмэн шууд оролцож байх явдал юм. Анх Грект үүсэхдээ энэхүү Ардчилсан төрийн загвар нь хот улс буюу хэмжээнээр жижиг нийгмийн нийтлэгт үүссэн. Энэ нь хотын иргэд аливаа шийвдэр гаргахдаа хотын төвдөө цугларч улс төрийн шийдвэр гаргахад шууд санал өгөх замаар оролцдог байсантай холбоотой. Үүнийг Улс төрийн шинжлэх ухаанд шууд Ардчилалын загвар гэдэг. Ардчиллын өөр нэг загвар нь Төлөөллийн ардчилал юм. Хэмжээний хувьд томорч, их хүн амтай болох тусам шууд Ардчилалын загварыг хэрэгжүүлэхэд хэцүү болдог.
Асуудлыг шийдэхийн тулд маш олон хүн цуглуулах нь нэн төвөгтэй бөгөөд шийдвэр гаргах хурд удаан байдаг зэргээс шалтгаалан тодорхой бүлэг хүмүүсийг төлөөлүүлэн хэн нэгнийг сонгуулж, шийдвэр гаргах үйл явцад тэрхүү сонгогдсон төлөөлөгчийг оролцуулсанаар түүний саналыг түүний төлөөлж ирсэн бүлэг хүмүүсийн санал хэмээн ойлгож шийдвэр гаргахыг Төлөөллийн ардчилал гэж нэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийг УИХуралд төлөөлөх нэг л хүн байна. Өмнөговь аймаг 60,000 хүн амтай учир тэрхүү 60,000 хүн амын санаа бодол хүсэл зоригийг ганцхан хүн улсын хэмжээнд төлөөлж байгаа гэсэн үг. Үндсэн логик нь энэ. Гэвч мэдээж тэр 60,000 хүн бүгдээрээ нэг санаатай нэг хүсэл зоригтой байгаад тэрхүү Төлөөлөгчөө дуу нэгтэй сонгож явуулсан уу? гэвэл тийм биш юм. Төлөөлөгчөөр сонгогдсон хүн нь сонгуулийн үр дүнгээр буюу нийт сонгогчидын олонхын саналыг авсан учраас л ирсэн хэрэг. Нөгөөтэйгүүр цөөнх болсон хэсэг сонгогч нарт тухайн хүний үзэл бодол, ажлын хөтөлбөр нь таалагдаагүй учир түүнийг сонгоогүй ба тухайн төлөөлөгч цөөнхийг тэдний саналаар төлөөлөөгүй болно. Гэвч мөнөөх төлөөлөгч УИХуралд санал өгөхдөө нийт 60,000 сонгогчидынхоо өмнөөс дуртайяа, бардам, ялагчийн дүрээр санал өгч төлөөлдөг авай.
Төлөөллийн ардчилалд сул тал бий. Харин монголын улс төрийн амьдралд төлөөллийн ардчиллын сул тал нь бүр завхрал болж хувирчээ. Угаасаа Ардчилсан төрийн тогтолцоо нь төрийн төгс загвар биш гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Төлөөллийн ардчиллын сул талыг буюу түүний алдаа завхралыг багасгах арилгах талын аргыг эрэн хайж түүнийг хууль, эрх зүйн зохицуулалттайгаар хязгаарлахгүй бол Монголын төр доройтсоор байх болно. Хэдэн жишээ татахыг хүсч байна. Доор дурдах жишээ нь УИХурлын түвшинд болдог үйл явдалтай тун төстэй болохыг уншигч та мэргэн оюундаа өөрөө тунгаан бодно буй заа.
Тохиолдол 1.
Нэгэн сумын ИТХурлын сонгуулийн үр дүнгээр нийт 21 төлөөлөгчөөс  Ардын намын төлөөлөгч 13, Ардчилсан намын төлөөлөгч 8 сонгогдсон байв. Төлөөлөгчидын анхны хуралдаанаар ИТХурлын даргаа сонгож дараа нь сумын Засаг даргаа сонгох болоход хачирхалтай нь цөөнх болсон  Ардчилсан намын дарга нь Засаг даргаар сонгогдов. Үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын намын дарга шоконд орсон нь ойлгомжтой. Сонгуулийн дараа сүртэй ялалтын баяр хийж өөрийгөө аль хэдийнээ Засаг дарга болсонд тооцсон хүнд бол мэдээж хүнд ялагдал. Цөөнх болсон намын дарга Сумын Засаг даргаар томилогдох нь тэр. Энэ тохиолдолд улс төрчид шалтгааныг нь урвагчидаар тайлбарлана. Дор хаяж 3 Ардын намын төлөөлөгч сөрөг намынхаа даргыг дэмжсэн санал өгсөн байж таарлаа. Гэхдээ хэн бэ гэдэг мэдэгддэггүй ялангуяа хурал болж байх үед. Учир нь асуудлыг нууц санал хураалтаар шийдэж байгаа.
Үл итгэлцэл, хардалт, гомдол цөхрөл үүснэ. Нам дотроосоо хагарах, журмын нөхөддөө үл итгэх, хувийн ашиг хожооны төлөөх урвалт энэ бүхэн монгол дахь улс төрийн намыг хүчгүй болгож байгаа гол хүчин зүйл мөн.
Тохиолдол 2.
Нэгэн аймгийн ИТХурлын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам 31 суудлаас 21 суудал авч, харин Ардын намынхан энэ удаа 10 суудал авсанаар цөөнх боллоо. Энэ ялалт болт Ардчилсан намынханы хувьд гайхалтай ялалт бүр үнэмлэхүй шүү. Харин ИТХурал болоход Ардчилсан нам дотроо 2 хуваагдсан учир намын даргаа Засаг дарга болгохгүй байх шинж бүрдээд байв. Мэдээж урдчилсан нууц уулзалтууд болж хуйвалдаан хэдийн хийгдсэн нь тодорхой. Хурал болоход Ардчилсан намын 21 төлөөлөгч хоёр хуваагдаад байсан учир олонх болохын тулд Ардын намын 10 төлөөлөгчөөс аль болох олныг өөртөө татаж чадсан тал нь өөрийн хүнийг аймгийн Засаг дарга болгох боломжтой юм. Мэдээж эрх баригч нам нь  дотроо хоёр хуваагдсан явдал нь цөөнх болсон хүмүүст "Хүрд эргүүлэх алтан боломж" олгоно. Аль их мөнгө өгсөн, аль өндөр албан тушаал амласан талд нь орох нь хөөрхий цөөнх болсон төлөөлөгчидийн хувьд ёстой л "Тэнгэрийн умдаг" атгахтай адил болж хувирах нь тэр. Энэ тохиолдолд зарим нэг урвагчидын хувьд бараг ялсанаас ялагдсан нь дээр ажгуу.
Улс төр улам бохир заваан, хуйвалдаан, хор найруулалт, урвалт шарвалтаар дүүрч байгаа гэдэгтэй та санал нийлэх байх. Намд итгэх иргэдийн итгэл буурч, сүүлийн сонгуулиудын сонгогчидын ирц тогтмол буурч байгаа нь төрийн доройтож байгаагийн шинж болов уу.
Энэ мэт хөгийн улс төрөөс ангижирч, Монголын төрийг Түгжилүүдээс чөлөөлөх боломж байхгүй юм гэжүү.
Хариулт нь мэдээж Тийм боломж бий.
Төлөөллийн ардчиллын завхрал нь үндсэндээ хоёр хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Завхруулагч хүчин зүйл: Энэ нь голдуу гадаад хүчин зүйл. Өөрөөр хэлбэл улс төрийн нам, зүтгэлтэнд гаднаас ямар нэгэн арга хэрэгсэл ашиглан нөлөөлөх үйл явдал. Авилгадах, дарамтлах /шантаажлах/, элдэв амлалт өгөх гэх мэт ....
Завхрагч хүчин зүйл: Энэ нь голдуу хувь хүний ёс зүйтэй холбоотой дотоод хүчин зүйл. Шууд хэлэхэд улс төрчид хувийн эрх ашгийн үүднээс улс эх орныхоо нийтлэг ашиг сонирхолоос урвах, нам, улс төрийн хүчнийхээ эсрэг урвах, авилга авах, хууль бусаар хөрөнгөжих гэх мэтээр амар хялбар аргаар амьдрах, баяжих гэсэн хувиа бодсон хүний үйлдэлээс болсон завхрал юм. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө өргөсөн тангарагаасаа няцаж урваж, хувийн эрх ашгаа илүү тавих улс төрийн гажуудал.
Дээр дурдсан хоёр зүйл нь аль ч улсын улс төрийн амьдралд ажиглагддаг зүйл. Гэхдээ улс орныхоо нийлэг эрх ашгийг хамгаалахын тулд дээрх хоёр хүчин зүйлийн хор хөнөөлийг багасгах, хазаарлах хуулийн зохицуулалт, хамгаалалтыг хийж болно. Хийх ч ёстой. Хийгээд зогсохгүй бүр байнга тэрхүү хамгаалалтаа сайжруулж байх ёстой. Энэ процесс монголд хийгдэхгүй байна.
Нэгэн жишээ санал болгоё.
Туршлагаас үзэхэд голдуу Гүйцэтгэх Засаглалын тэргүүнийг сонгох явцад энэхүү завхрал илүүтэй харагддаг учраас энэ жишээн дээр ажиллая.
Заавал Үндсэн хуулийг өөрчлөнө гэхгүйгээр дэд хуулиар энэхүү асуудлыг шийдээд явчих боломж байна гэж би боддог.
Сонгууль дуусахаар сонгогдсон төлөөлөгчид хуралдаж Ерөнхий сайдыг томилдог явдал нь Ард түмний сонголтыг УИХурал баталгаажуулж сонгодог эсвэл сольж сонгодог тийм нэг давхардсан сонгох үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл Ард түмний нэгэнт хийсэн улс төрийн сонголтыг өөрчлөх эс өөрчлөх эрх мэдлийг УИХурал өөртөө бий болгожээ. Энэ байдал нь урвагчдад том боломж олгосон, төрийг завхруулах сулруулах нөхцөл нь болж байна.
Авах арга хэмжээ буюу шийдэл:
-Сонгуулийн үр дүнгээр олонх болсон Намын даргыг шууд Ерөнхий сайдаар томилогдсонд тооцох. Намын дарга Ерөнхий сайдын ажлыг хийж байгаад нас барах, хэрэгт холбогдох, өвчиний улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед шууд намын дэд дарга нь Ерөнхий сайд болох.
-Зөвхөн Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгох үед улс төрийн аль нэгэн намын төлөөлөгч өөр бусад хүчинг дэмжих буюу өөрийн намын бодлогыг эсэргүүцэхийг хориглох,
-Нууцаар санал хураахыг хориглох бүх түвшинд /зөвхөн тухайн тохиолдолд/гэх мэт ... Үүнээс илүү олон хувилбар бичиж болох боловч нийтлэл маань хэт нуршуу болох тул үүгээр хязгаарлая.
Яг яаж шийдэх вэ? гэдэгт үүнээс өөр найруулга байж болох боловч үндсэн гол зарчим нь төлөөллийн завхрал гарч аль нэг урвагчаас болж Монгол улсын болон орон нутгийн нийтлэг  эрх ашиг хохирч болохгүй гэдэг зарчим гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.
Үүнээс гарах сайн үр дүн: Асуудлаа нам дотроо шийдэхгүйгээр түүнийгээ УИХурлын танхимд шийдэх гэж зүтгээд үр дүнд нь улс орон хохирдог жишиг тогтохоос сэргийлэх.
Ганц нэг буюу цөөхөн улс төрч тоглолт хийж хувийн ашиг хонжоо олохоос сэргийлэх.
Хамгийн чухал зүйл нь хүн хүндээ итгэдэг болно. Нам доторх улс төрийн итгэлцэл бий болно. Засгийн газар тогтворжино. Нам бэхжинэ, хөгжинө. Урвалт, шарвалт, өсөрхөл, гомдол зэргээс болж Монголын төр, монголчууд хохирохгүй.
Нэр дэвшигчидийн чанар сайжирна. Учир нь өөрийнх талын бөгөөд өөрт нь үхэтлээ үнэнч байдаг л бол тэр нэр дэвшигч нь ямар дүлзэн байх нь хамаагүй болчихоод байгаа өнөөдрийн нөхцөл байдалд бол сайнаар нөлөөлнө. Сайн хүмүүс улс төрд орж ирвэл төр аяндаа цэвэрших биз.
Уламжлал: Өнөөдөр Их Эзэн Чингис хааны маань төрсөн өдөр. Их хаан маань өөрийн ихэс дээдэс ноёндоо үнэнч бус хүнийг буюу хувийнхаа эрх ашгийн төлөө урвадаг урвагч нарыг хамгийн муу үйл хийсэн хэмээн үзэж, үзэн ядах төдийгүй даруй цаазлан хороодог байсаныг та бүхэн бэлхэнээ мэднэ буй заа. Монгол төрд энэхүү уламжлалыг эргүүлэн авч хэрэглэх зайлшгүй шаардлага өнөө үед бий болжээ.
2015.11.12

Их хааныхаа Төрсөн өдөрт зориулав. Бичсэн: Б.Оюунсуртал

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...