Sunday, June 19, 2011

Очир-Эрдэнээр дүүрэн талбай



Энэ үлгэр бол болсон явдалаас үүдэлтэй гэж байгаа. Дээр цагт Европын нэгэн улсад томоохон усан үзмийн тариалангийн талбайтай муугүй хөрөнгө чинээтэй нэгэн залуу амьдардаг байж. Түүний тосгоны нэг танил хүн нь Африк орноор олон жил аяласны дараа нутагтаа буцан ирсэн байсан бөгөөд нэгэн өдөр залуутай уулзжээ. Танил нь залууд явсан газрын сонин сайхнаасаа хуучилж гэнэ. Өнөөх танил нь Африкийн эх газар асар их баялагтай бөгөөд тэнд Очир-Эрдэнээр дүүрэн талбай их байдаг тэр тайбайгаас хүмүүс шуудай шуудайгаар Очир-Эрдэнэ авч хэдэн үеэрээ идээд барахгүй эд хөрөнгөтэй болж байна гэж ярьжээ. Тэр яриа тариаланч залуугийн ухаан санаанаас ер гарч өгсөнгүй гэнэ. Нэгэн өдөр залуу баян тансаг гэгдэх Африкийг зорихоор шийдэж хамаг эд хөрөнгө эдлэн газар /тариалангийн талбай/ бүхнээ зарж борлуулан мөнгөөрөө замын зардал, хоол хүнс, зарц бараа бологч, хөлөг онгоц  хөлслөн Очир-Эрдэнийн талбайд хүрэхээр Африк орныг зорьжээ. Залуу олон жил эрсэн боловч нөгөө танилынх нь ярьсан Очир-Эрдэнийн талбай олдсонгүй. Эцэст нь хөрөнгө мөнгөгүй болж, хоол унд нь дуусч, зарц бараа бологчид нь орхин оджээ. Ядарч гутарсан залуу голын усанд унаж амиа хорложээ.
Золгүй залуугаас тариалангийн талбайг нь худалдан авсан залуу нэгэн өдөр тариалангийн талбай дахь голынхоо эргээр зугаалж яваад нэгэн том хэмжээтэй өвөрмөц чулуу хараад түүнийг гэртээ аваачжээ. Гэтэл гэрт нь эдлэн газрын урьдын эзний танил болох хүн /золгүй залуугийн танил/ ирж таарчээ. Тэр залууд хэлэв. Чи наад чулуугаа хаанаас авсан бэ? гэхэд залуу би голынхоо эргээр зугаалж яваад оллоо гэжээ. Наад чулуу чинь Очир-Эрдэний чулуу байна шүү дээ. Ийм том хэмжээтэй Очир-Эрдэний чулуу урьд нь би харж байгаагүй юм байна. Чи наад чулуугаа эрдэний чулуучинд аваачиж үзүүлээч гэж. Залуу уулга алдаж тиймүү би тэгвэл асар баян боллоо. Ийм чулуу манай талбайгаар нэг хөглөрч байдаг юм шүү дээ гэжээ. Ийнхүү залуугийн талбай Очир-Эрдэнээр дүүрэн олборлолтын талбай болжээ. Азтай залуу ийнхүү санамсаргүй улс орныхоо хамгийн баян хүн болжээ. 
Сургамж: Дэлхийгээр нэг боломж хайх хэрэггүй. Боломж хажууд чинь бий. 

No comments:

Post a Comment