Sunday, October 2, 2016

Франсис Фукуяма. Түүхийн төгсгөл ба Сүүлчийн хүн номын тухай.

Франсис Фукуяма
Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн
1989 онд “The National Interest” сэтгүүлд зориулан бичсэн “Түүхийн төгсгөл” гэдэг өгүүлэлээ анх хэвлүүлсэн.
Түүнийхээ дараагаар 1992 онд “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” зохиолоо хэвлүүлсэн байна.

Профессор Фрэнсис Фукуяама 


Энэ хүн олон улсын шилдэг их дээд сургуулиудад уригдан лекц уншдаг юм.  Улс төр, эдийн засгийн холбогдолтой олон ном зохиол бичиж тэрээр дэлхийд алдаршжээ. Түүний  хамгийн алдартай ном нь “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” юм.  Энэ ном шүүмжлэгчдээс магтаал хүртэж, олны дунд ихээхэн шуугиан тарьсан гэдэг. 1992 онд худалдаанд гарсан даруйдаа АНУ, Франц, Япон, Чили улсад хамгийн олон тоогоор борлогдсон номоор тодорч, бас “Лос Анжелес Таймс”-ын шилдэг номоор шалгарчээ. Дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдсэн энэ бүтээл уншигчдаас өндөр үнэлгээ авсан төдийгүй орчин үеийн лидерүүдийн ширээний ном болсон байна. 

Түүнээс гадна тэрээр 1995 онд “Итгэл найдвар: Нийгмийн үр ашиг ба баялгийг бүтээх нь” номоо дэлхийн арав гаруй орны хэлээр хэвлүүлсэн нь найман сая гаруй ширхэг борлогджээ. “Хүн төрөлтхний ирээдүй: Биотехнологийн хувьсгалын үр дагавар” номоо 2002 онд гадаадын дөрвөн хэлээр хэвлүүлж, дөрвөн сая гаруй нь борлогдсон байна. Харин “Төрийн байгуулалт: Засаглал ба дэлхийн хэв журам XXI зуунд” номоо 2004 онд, “Салаа замын эхэн дэх Америк” номоо 2006 онд хэвлүүлсэн нь тус бүр хоёр сая хувиар, “Хоцрогдол: АНУ болон Латин Америкийн хөгжлийн ялгааг тайлбарлах нь” номоо 2008 онд, “Улс төрийн дэг журмын эхлэл” номоо 2011 онд нийтэд толилуулсан нь тус бүр сая хувиар борлогджээ.  

Фукуяама “Салаа замын эхэн дэх Америк” номоороо америкчуудад өнгөрснөө эргэн харж, ирээдүйдээ чухам ямар хувь тавиланг сонгох вэ гэдэг асуултыг тавьсан юм. Тэрбээр Иракийн дайны гашуун туршлагыг сануулж, америкчууд энхийн замаар явсан бол дэлхий нийтээрээ хямрал, хүнд байдлаас зайлсхийх боломжтой байсныг илэрхийлэн олон улсын бодлогод шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа онцолсон байдаг.  

Нэгэн үеийн турш хөгжлийн талаарх барууны сэтгэлгээ чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол буюу заримдаа Вашингтоны зөвшилцөл хэмээгддэг онол дээр тулгуурлаж иржээ. Олон жилийн турш энэхүү загвар ширүүн шүүмжлэлд өртсөн бөгөөд 2008-2009 оны Уолл Стритийн санхүүгийн хямралаас хойш нийтээрээ түүнээс татгалзах болжээ. Энэхүү загварыг Европын загвараар орлуулж болох тухай зарим санаа гардаг ч энэ нь тийм ч таатай сонголт бус гэдгийг эдүгээ үргэлжилж буй еврогийн хямрал бэлхнээ нотолж буй гэлтэй.

Тэгээд ер нь улс орнууд хөгжлийн ямар загвар баримтлах учиртай вэ? Зарим нь Хятадын авторитар капитализмыг боломжит хувилбар гэж үздэг. Хятадын тэрхүү загварын амжилтын үндэс нь төрийн чадавхид оршдог гэж үзэх авч ихэнх хөгжиж буй орнуудад төрийн чадавх үгүйлэгддэг. Иймд хөгжлийн стратеги нь төрийн оролцоог хангахдаа нөхцөл байдлын бодит дүгнэлт үнэлгээнд суурилах, мөн улсын хэвшлийн чухал салбаруудад чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх учиртай. Тиймээс орчин үеийн, аль нэг хувь хүнийг шүтсэн бус, өмчийн эрх, мөн иргэний эрх, эрх чөлөөг хангаж ажилладаг төртэй байх нь дан ганц эдийн засгийн хөгжилд бус ардчилал оршин тогтноход амин чухал ач холбогдолтой талаар Фрэнсис Фукуяама энэ удаа өгүүлэх бололтой.
Эх сурвалж: NEWS.MN

Номын гол агуулга:
Энэхүү ном нь Германы сонгодог философич Гегель болон Ницше нарын үзэл санааг дахин улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэж, шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Эдгээр хоёр сэтгэгчийн үзэл санаа нь марксист үзэл санаа гэгдэх болж 20 дугаар зууны сүүлд үл ойшоогдох болсон байна. Өөрөөр хэлбэл коммунист дэглэм нуран унаж, либерал Ардчилсан дэглэм дэлхийд өрсөлдөгчгүйгээр ноёрхох болсон нь хүн төрөлхтөний түүхийн төгсгөл болж байна уу гэсэн асуултыг гарган ирсэн.
Гегелийн философи буюу эзэн боолын мөнхийн зөрчилт харилцаа дууссанаар дэлхийн түүх төгсөнө гэсэн таамаглал үнэн бол бид эдүгээ хүн төрөлхтөний түүхийн төгсгөлд тулж ирсэн бөгөөд тэрхүү төгсгөлд нь амьдарч буй сүүлчийн хүмүүс аж.
Гегель: Хүн бүрт өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дийлдэшгүй их хүслэн байдаг. Энэ их хүсэл бол хүнийг анх үүсэхэд л хүний оюун санаанд анхнаасаа байсан санж. Ийнхүү “анхны хүн” мөн өөртэйгөө адил хүнтэй тааралдах тэр үед хэн хэндээ “хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх” цуст тулаан хийжээ. Ингээд өөрийнхөө  “хүлээн зөвшөөрлийг” амиараа солихоос ч буцахгүй эр зоригтон нь ялагч болж, эзэн болсон бол өөрийнхөө амь насыг “хүлээн зөвшөөрлөөсөө” илүүд үзсэн нь аз туршихаас айж бууж өгч эзний боол болсон ажээ. Ийнхүү эзэн боолын харилцаа үүссэн ба энэ харилцаа нь цаашид хүн төрөлхтөний мөнхийн зөрчилт харилцаа болж, түүхэн хөгжилийн явцад боол эзнийхээ харьяатаас гарч эрх чөлөөт хүн болох урт хугацааны тэмцэлд орсон нь хүн төрөлхтөний нийтлэг түгээмэл түүх аж. Хачирхалтай нь эзэн боолын харьцаа нь эцсийн эцэст боолд ашигтайгаар дуусдаг бөгөөд боол хөдөлмөрлөх явцадаа өөрийгөө биеэ даасан “хүлээн зөвшөөрлийн оршихуй” гэдгээ ухамсарлах бөгөөд ийнхүү боолууд эзнийхээ эсрэг тэмцсэнээр эзэн боолийн харилцаа дуусаж эзэн ба боол гэгдэх зүйлгүй эрх чөлөөтэй, тэгш нийгэмд /либерал ардчилсан нийгэм/ хүрэх ажээ.
Ишлэл: Гегель. Хүн болгон өөрийгөө тодорхой хэмжээний үнэ цэнэтэй гэдэгт итгэдэг бөгөөд бусад хүмүүс түүнийг тэрхүү үнэ цэнээс нь доогуур үнэлэхэд тэрээр уур уцаарын мэдрэмжийг мэдэрдэг байна. Бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл, эрмэлзлэл, түүнийг дагалдах уур, ичилт, бахархал, бүгд нийлэд улс төрийн амьдралд онц чухал ач холбогдолтой хүний нэгэн цогц, бодгаль шинжийг агуулдаг ажээ. Эдгээрийг Гегель түүхийн бүхий л үйл явцын хөдөлгөгч хүч гэж үзсэн. Энэхүү ойлголтыг энэ номонд “Thymos”, ондоошил, төгс сэтгэлийн дуудлага, шударга ёс, ёс суртахуун, хүнлэг чанар гэх мэтээр өргөн утгаар тайлбарлан бичжээ.
Энэ зан чанар бол дарангуйлал удаан хугацаанд оршин тогтнодоггүйн гол шалтгаан юм. Учир нь хүмүүс боолчлолыг бус эрх чөлөөг хүсдэг ажгуу.
Фредрих Ницше: Либерал ардчилал ба английн Утилитар үзэл санааг шүүмжлэгч
Либерал Ардчилал нь өмчийн тэгш биш байдлыг зөвтгөдөг учраас аливаа үндэстний хөгжил цэцэглэлтийн туйлын түвшин болон шийдэл биш. Өөрөөр хэлбэл либерал Ардчилал эрх тэгш хүмүүсийг цаашид ч тэгш бус байдлаар хүндэтгэж, хүлээн зөвшөөрсөөр байх болно гэдэг.
Фредрих Ницше орчин үеийн Ардчиллыг боолчууд өөрөө өөрсөддөө эзэн болсон явдал биш, харин боол боолын ёс зүй гарцаагүй ялсаны илэрхийлэл гэж үзэж байв.
Түүнийхээр бол хүн /орчин үеийн/ либерал сургаалиар хүмүүжиж өөртөө итгэх итгэл, үнэмшил, өөрийнхөө дотоод мөн чанар давуу талынхаа “төлөө тэмцэлийг” ая тухтайхан амьдарч, амиа аргалах аргаар сольсон “сүүлчийн хүн” аж. Либерал Ардчилал хүсэл эрмэлзлэл, рационализмын мэдрэхүй сайтайч, төгс сэтгэлийн /Thymos/ мэдрэхүй муутай, алс хэтийн ашиг сонирхлоо тооцоолсны үндсэн дээр үл ханах явцуу хүсэл/эдийн/ шуналаа хангах шинэ арга зам олохдоо гаргуун болсон /цээжгүй болсон, зүрх сэтгэлгүй/ хүнийг бий болгон төлөвшүүлдэг.
Сүүлчийн хүнд өөрийгөө бусдаас дээгүүр гэж хүндлүүлж, хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзлэл байдаггүй тул төгс төгөлдөр амжилтанд хүрэх боломжгүй. Хувийн аз жаргалдаа сэтгэл ханаж, мөнөөх хүсэл шуналаасаа дээш гарч чадахгүй байгаагаа ойлгож, ичих чадваргүй болсноор сүүлчийн хүн маань эцэстээ хүн байхаа больдог аж.
Энэ ном нь 5 бүлэгтэй, 31 хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэг. Урт настай асуултыг дахин нэг тавихуй.
Энд дурдагдсан урт настай асуултыг анх Гегель тавьсан бөгөөд тэр асуулт нь хүн төрөлхтөний түгээмэл түүх гэж байх уу? Байдаг бол тэр нь ямар түүх байх вэ? Түүх төгсөх үү гэх мэт асуултууд байсан. Тэр эдгээр асуултанд бүгдэд нь тодорхой хэмжээний хариулт олж, түүнийгээ тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний түгээмэл түүх гэж байх бөгөөд тэр түүх нь эзэн боолын харилцааны түүх аж. Энэхүү эзэн боолын зөрчилт харилцаа төгссөнөөр түүх төгсөх ажээ. Энэ нь Марксист үзэл санааны суурь болсон бөгөөд үүнийг Карл Маркс цааш хөгжүүлжээ.
Хүн бол тогтсон нэг шинж төрхтэй байгаад байх бус, урьд байснаасаа өөр болох нь хүний бодгаль шинж билээ. Гегель
Хүн аз жаргалын хойноос улайрдаггүй атал ганцхан англи хүн л тэгэх аж. Ницше
Тэрээр англичуудад маш дургүй байжээ. Тэдний утилитар үзлийг шавхай дунд гэдэс цатгалан туйлын тааламжтайгаар хэвтэж буй гахайтай зүйрлэсэн аж.
Хоёрдугаар бүлэг. Хүн төрөлхтөний эрт үе.
Гэвч коммунист систем нуран унасанаар марксист үзэл санаа тоогдохоо больжээ. Өөрөөр хэлбэл түгээмэл түүхийн үзэл санаа үгүйсгэгдсэн байна. Гэхдээ  улс үндэстнүүдийн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ба ондооших гэсэн тэрхүү нууц оньс одоог хүртэл хэвээр байгаа бөгөөд түүний нэг бэлхэн жишээ бол Араб дахин юм.
Хүн төрөлхтөний түүхэнд үл тоомсорлогдож дорд үзэгдэж, бүдүүлэг боол гэгдэж асан үндэстнүүд тэднийг тийнхүү доромжилж ирсэн соёл иргэншлийг эцэстээ мөхөөж өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж ирсэн боловч эдүгээ тэдгээр эрт үеийнх шиг зэрлэгүүд хэдийнээ алга болж иргэншсэн байна.
Либерал Ардчилал түүхийн олон саад тотгор, хүчтэй өрсөлдөгчтэй тулгарч байсан ч эцсийн эцэст ялалт байгуулж ялалтын тугаа дэлхий дахинаа мандуулсан хэдий ч басхүү яг энэ зарчмаар хөгжөөгүй зөрүүд хэдэн азийн улс байсныг анзаарах хэрэгтэй болов уу. Одоогийн Азийн бар гэгдэх Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань зэрэг улс ардчиллын биш авторитар дэглэмийн үед эдийн засгийн гайхамшигт өсөлтийг үзүүлсэн байдаг. Үүний нууц нь юу юм бол. Ягаад ардчилал тийм үнэхээр сайхан зүйл юм бол зарим орон ардчилалд шилжиж чадахгүй байгаа юм бол?
Хэдийгээр коммунизм бүтэлгүйтэж түгээмэл түүхийн үзэл санаа үгүйсгэгдсэн ч энэ үзэл санаа дүрсээ хувирган шинэ дүр төрхтэйгээр гарч ирсэн нь либерал Ардчилал бөгөөд энэ зарчим нь дэлхийн улс орнуудын цаашдын хөгжилийн нэгэн түгээмэл түүх болж байгаа аж.
Ишлэл: Хүний жинхэнэ хэрэгцээ үнэндээ тун цөөхөн, хүн гадны элемендүүдээс хамгаалах орон байр, идэх хоол л хэрэгтэй, үүнээс бусад хүний бүх хүслэн бол аз жаргалтай холбоотой зүйл биш, харин хүний өөрийнхөө бусадтай харьцуулах бусдад байгаа зүйл өөрт нь байхгүй нөхцөлд сэтгэл ханамжгүй байдалд ордогоо мэдрэх чадвараас үүсэлтэй. Жан жак Руссо.
Ишлэл: Ардчиллын гол дайсан бол өөрсдийн давуу эрх ашгаа уламжлалт, соёл ёс заншилаар хүлээн зөвшөөрүүлсэн хуучинсаг ноёрхогч бүлгүүд юм. Ө/х засгийн эрхийг авахын тулд ардчиллын тухай онолдож түүний ачаар тэрүүхэн зуур олдсон Ардчилсан хэм хэмжээний багахан ололтоор төрийн эрхийг авангуут өнөө анх ярьсан ардчилал нь ул мөргүй алга болдог байна. Фукуяма.
Жозеф Шумпетер: “Капитализм, социализм ба Ардчилал” номонд дурдсанаар ...
Ардчиллыг бишрэн шүтсэн сонгогчид чөлөөт зах зээлийн зарчмыг ерөнхий утга санаагаар нь дэмждэг хирнээ ойр зуурын эдийн засгийн эрх ашиг нь эрсдэлд орох төлөвтэй болонгуут өөрийн үзэл баримтлалаас буцах нь энүүхэнд гэнэ. Ө/х ардчиллыг хүсэгчид эдийн засгийн хувьд ухаалаг хувилбарыг сонгоно гэсэн ямарч бодит зүй тогтол байхгүй аж.
Ардчилсан нийгмийн эрх мэдэлтэн нийгмийнхээ эрээвэр хураавар эрх ашгийн хэрэгцээг хангах үүднээс нийгмийн хамгааллыг илүүтэй дэмжих нь гарцаагүй. Ингээд тэд цалин нэмэх, уналтанд орж буй үр ашиггүй салбарыг тэтгэх, өрсөлдөх чадвараа алдсан аж үйлдвэрийг дэмжиж эцсийн дүнд төсвийн алдагдал, инфляц руу гулсан орох аюулыг гардан хийнэ. Шумпетер.
Гуравдугаар бүлэг. Хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө их тэмцэл.
Ишлэл: Бусдын зүгээс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх эрхийг зүгээр нэг хүртэлгүй харин түүнийг олж авахын жинхэнэ зовлонг биеэр туулан амссан цагт хүний “эрх чөлөөт оршихуй” нь ухамсартай болно. Гегель.
Хүн орон байр, хоол хүнс, амьд явахыг хүсэх боловч түүнээс гадна өөр материаллаг бус юм хүсдэг ажээ. Тэрхүү материаллаг бус зүйлс нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хүслээс гардаг аж. Жишээ нь: шагнал, уулын оройд гарах, дайсны тугийг булаах гэх мэт. Тийм зүйлийн төлөө амь насаа ч золиход бэлэн байдаг ажгуу.
Томас Гобсс: Эрх чөлөө гэж аливаа эсэргүүцэл үгүй байхыг хэлнэ. Эсэргүүцэл гэж би аливаа зүйлд хөндлөнгөөс ямар нэг хязгаарлалт тавихгүй байхыг ойлгоно. Хязгаарлалт нь ухаалаг, ухаалаг бус байх нь хамаагүй.
Харин үүнээс ялгаатай нь Гегель эрх чөлөөг сэтгэлзүйн үзэгдэл гэж тодорхойлсон ба  энэ зүй тогтол бол зөвхөн хүний шинж чанар гэжээ.
Үхлээс айх явдал нь орчин үеийн либерал нийгмийг бүтээн байгуулахад хөтөлж ирсэн гэж Гобсс үздэг. Либерал нийгмийн зорилт нь иргэн бүрийн амьдрах эрхийг адил тэгш хангахаас биш хэн нэгнийг илүүд үзэж давуу тал олгох явдал биш билээ.
Локкийн либерализмын хувилбарт “эрхэм дээд зорилго” гэж тавигддаггүй учир эцсийн дүндээ хүмүүс ядуу дорой, уламжлалт аж төрөх хэвшлээс салж илүү эрх чөлөө, баяжиж хөлжихийн төлөө зүтгэхээс өөр зорилгогүй болдог.
Адам Смит тайлбарлахдаа “Аливаа дундаж ажилчны цалин хоол хувцас, орон гэр гэд хүний наад захын хэрэгцээг хангаж чадна. Гэтэл тэр хүн ядуу ч бай ялгаагүй цалингийнхаа чухал хэсгийг нөгөө илүү зан буюу “тансаг” зүйлд зарцуулж байдаг гэж оношилжээ. Ингэхлээр хүмүүс ягаад амьдарлынхаа нөхцлийг сайжруулахын тулд хүчээ шавхан хөдөлмөрлөж гүрийхээс буцахгүй байдаг юм бэ? Учир нь:
Ийн тансагласнаар бусдад анзаарагдах, тоогдох болж, бусдын таалан харах харцыг мэдэрч, хүндэтгэн дэмжиж буй үг сонсож, анхаарлын төвд ордог. Тийм “гоц” анхааралд баярлаж, түүнийг эдлэх нь ч гол биш харин бусдын анхаарал татаж чадсан тэрхүү мөчид өөрийгөө хайрладаг нь бусдын хандлагаар ийнхүү нотлогддогт хамаг учир байгаа юм.
Төгс сэтгэлийн дуудлагын илрэлийг /хүлээн зөвшөөрүүлэх/зөв тайлалгүй гагцхүү эдийн засгийн сэдэлтэй хольж хутгаж болохгүй. Сэтгэлийн дуудлага бол үүнээс илүү эрхэм ариун зүйл ажээ.
Ө/х либерал үзэлтнүүд хүсэл, ухамсарыг хамгийн чухалд тавьдаг бөгөөд энэ нь аль болох амьд үлдэх, амиа хичээх, өмчийг чухалчлах, илүү аюулгүй амгалан тайван байдлыг эрхэм зүйл болгодог байна.
Макиевилли болон либерал онолын эцгүүд болох Гобсс, Локк нар Платоны гаргасан “Тhymos”-г үгүйсгэж түүнээс илүү хүний хувьд “амьд гарах” нь илүү чухал гэж сургасан байна. Тэгэхээр өнөөгийн нийгмийн ухааны шинэчлэлийн онолыг хүний ухаан, хүн чанарыг материалист үзэл давамгайлан ялсан ялалт гэж ойлгож болохнээ. Гэвч Ардчилал “хүний төгс сэтгэл”-ийн дуудлагад орон зай өгдөг. Тэрхүү өгч буй боломж нь харилцан тэгш эрхийн тэнцвэртэй байдлаар хамгаалагддаг гэнэ.
Гэвч орчин үеийн энэхүү үзлийг шүүмжилсэн сүүлчийн хүн бол Ницше ажгуу.
Ницше: Жижиг хөрөнгөтөн нь өөрийн амжиргааг бодохоос дээш гарч чадахгүй бор зүрхтэний нийгмийг Ницше хатуу эсэргүүцжээ. Хүнийг тодорхойлогч гол мөн чанар нь элдэв шалихгүй хүсэл, ухамсар ч биш харин хүнийг төгс сэтгэлийн дуудлага уриалан дууддаг бөгөөд хүн гэгч амьтан сайн мууг ялгаж чаддаг санаалаг амьтан аж. Ницшегийн гол бүтээл “Заратустра”-д энэхүү үзэл нь нэвт шингэсэн аж. Заратустра гэдэг нь эртний Персийн нэгэн домгийн шүтээн ажээ. Ницшегийн дэвшүүлсэн “эрх дархыг хүсэх үзэгдэл” гэх номлол нь “төгс сэтгэлийн дуудлагыг” хүсэл, ухамсараас дээгүүр тавьж, орчин үеийн либерализмын хүний өөрийн мөн чанараар бахархах болон өөрийгөө үнэлэх чадварт учруулж буй хохирлыг арилгахад чиглэсэн юм. Биднийг Ницшетэй нэгэн зүйл дээр өөрийн эрхгүй санал нийлэхэд хүргэсэн зүйл юу вэ? Гэвэл эртний гүн ухаантнууд нийгмийн жам ёсыг төгс сэтгэлийн дуудлагын хэт хурц /дайн эс бөгөөс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх эзэн, дарангуйлагч/ хэлбэрээс ангижруулахыг ихэд хичээснээр амжилтанд хүрсэн гэсэн Ницшегийн дүгнэлт юм.
Гегелийн онол нь либерал Ардчиллын зарчимыг дэмждэг боловч, хувийн эрх ашгийн хажуугаар хүний дотоод хүсэл, дуудлагыг хүлээн зөвшөөрдөгөөрөө онцлог юм. Ө/х хүнд хүний нэр төр, ёс суртахуун гэгч зүйл “өмч хөрөнгөний нэгэн адил эрхэм” байх ёстой гэнэ.
Ишлэл: Ийнхүү зөрчилтэй ч гэсэн энэ цаг үед Либерал Ардчилал бүрэн ялжээ. Энэ бол Гегелийн диаликтикийн үүднээс авч үзэх юм бол “Түүхийн төгсгөл” юм. А.Кожээв.
Дөрөвдүгээр бүлэг: Род арал дээгүүр харайхуй.
Гегелийн үзэж байснаар хүн өөрсдийн өнгөрсөн түүхийнхээ учир начрыг одоо цагаас эргэн дүгнэж цэгнэхээс биш хэзээ ч урьдчилан таамаглаж чадахгүй гэсэн авч энд зохиогч хүн төрөлхтөний түүхийг урьдчилан таамаглахаар шийдсэн байна.
Ницше либерал ардчилсан нийгмийг ард түмнээ хорхой хүргэсэн түмэн зүйлээр хуурч, ухаан санааг нь мунхруулж эцэст нь хүний мөсгүй, хоосон сүүдэр төдий болгон устгадаг “хүйтэн цэвдэг сэтгэлт аварга мангас” гэж нэрлэсэн байна.
Зохиогч энэ хэсэгт Либерал Ардчилсан нийгэмд зөрчил бий. Тэр нь түүнийг ирээдүйд мөхөөж илүү сайн сайхан нийгмийн загвар шинээр гарч ирэх үү? гэдэгт хариулах гэж оролдсон байна.
Ардчиллын 4 том саад:
1-рт: Олон угсаатан ястан үндэстэн 2-рт: Нийгмийн угсаа гарвалын тэгш бус байдал /Ө/х далд байх эзэн боолын харьцаа/ 3-рт: Шашин 4-рт: Төрөөс үл хамааран нэгдэх иргэний нийгэм ТББ-д
Ер нь Ардчилалд шилжих процесс нь либерал зарчим дээр үндэслэгдэж бий болоогүй байдаг бөгөөд шударга ёс нөгөө талаар төгс сэтгэлийн дуудлагаар нөхцөлдөж үүсдэг ажээ. Энэ үйл явц ЗХУ задран унахад илүүтэй харагдсан байна.
Азийн орнуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжилийн нууц нь либерал ардчилсан зарчимд бус харин тэдний үндэсний өв уламжлалд түүний дотор шашин нь хамгийн их нөлөөлсөн байна. Ардчилалд шилжиж буй орны үндэсний соёл уламжлал буюу өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх үзэл, төгс сэтгэлийн дуудлага, шашин, үндсэрхэг үзэл, боловсрол, овсгоо, мэргэжил зэрэг нь хөгжлийн гол шийдвэрлэх хүчин зүйл болсон хэвээр үлдэж, эдгээр нь тухайн улсыг нэг бол хөгжлийн зам руу оруулна, үгүй бол түгээмэл ядууралд живүүлнэ.
Эцсийн эцэст улс хоорондын өрсөлдөөн нь соёл хоорондын өрсөлдөөн гэдэг нь тодорхой боллоо. Үүний шалтгааныг номын 22-р хэсгийн Бухимдлын гүрэн, Соёрхлын гүрэн гэдэгт тодорхой дурджээ. Ягаад ардчилалд зарим улс бухимддаг. Ягаад зарим улс Ардчиллын үр шимийг хүртдэг вэ? Гэдгийг харуулсан.
Тавдугаар бүлэг. Сүүлчийн хүн
Либерал ардчиллыг өмгөөлөгчид хэдийгээр нийгэмд өмчийн тэгш бус байдал байгаа хэдий ч ямар ч хүнд амьдарлаа сайжруулах нийгмийн тэгш гарааны боломж байгаа гэж үздэг аж. Энэ боломж нь бүрэн эрх чөлөө ба боловсролын системээр дамжин хэрэгжихээс гадна нийгмийн ядуу буурай хэсэгт үзүүлж буй нийгмийн халамжын бодлого бол Ардчиллын нэг давуу тал гэнэ. Гэтэл энэ нь АНУ-д гэхэд л энэхүү утгаараа байж чадахгүй байгааг боловсролын тэгш биш системээс нь харж болно. Баян хоосны ялгаанаас болоод ядуучууд чанаргүй боловсрол эзэмшдэг ажээ. Халамжын бодлого нь эсрэг үр дүнд хүргэдэг байна. Ө/х халамжлуулсан этгээд улам бэлэнчлэх сэтгэлгээтэй болж ядуурдаг байна. Гэтэл АНУ-д тэгш боломжыг өгөхийн оронд халамжын бодлогоор хуурдаг гэнэ.
Ницше: Ардчилсан нийгэмд хүний нэр төр, хүндэтгэл гээч зүйл бүдгэрдэг. Язгууртны нийгэмд л хүний эрхэмсэг оршихуй байдаг гэдэгт Ницше хатуу итгэдэг байжээ. Ө/х эрх чөлөө, бүтээлч чанар зөвхөн хэт ондоосол буюу бусдаас илүү хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх шүлэнгэтлээс л бий болдог ажээ. Хүмүүс ижил төрсөн ч зүгээр л бусдын адил байхыг хүсдэг л бол хэзээ ч бүх хүч нөөцөө шавхан тэмцдэггүй аж. Сүүлчийн хүн юун түрүүнд өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа тавих болжээ. Ингэх нь ч элдэв зөрчилгүй юм.
Ницшегийн Заратустра зохиолд тэдний талаар: “Та нар өөрсдийгөө харин нэг хүн боллоо гэж бодно уу? Итгэл үнэмшил, эрс тэс чанар та нарт огт алга атал цээжээ дүхийлгэх нь юун. Тэр цээж тань хөндий хоосон байна шүү дээ” гэж хэлдэг.
Токвиль: Эзэн боолын уламжлалт харилцааг халах нь эцэстээ боолыг өөрөө өөртөө эзэн болгохгүйгээр барахгүй боолчлолыг өөр нэгэн шинэ хэлбэрт оруулна гэж үзэж байв. 
Либерал Ардчилал яваандаа нэг бол ондоосол эсвэл ижилсэл буюу ижил хүлээн зөвшөөрлийн хэнээрхлийн хэт давамгайллаас болж дотроосоо задарч болох юм.
Өнөө үед ондоослыг эрхэмлэгчид /өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх төрөлх араншин/ бусдын газар нутаг, хүн ардыг эзэрхийлэн хүлээн зөвшөөрөл эрэхийн оронд уулын оргилд гарах, ДОХ-ыг эмчлэх, шинэ технологи эзэмшихэд хүчээ үздэг болжээ.    
Орчин үеийн либерал нийгмийн иргэд ёс суртахууныг үл тоомсорлодог бөгөөд ёс суртахууны үүрэг тэдний хувьд тохиролцооны л хэрэг аж. Тэдний үүрэг нь бурханаас тогтоож өгсөн зүйл биш, төгс сэтгэлийн зүйл ч биш зөвхөн тохиролцооны хүрээнд хийгдсэн үүрэг хариуцлага аж.
Орчин үеийн америк гэр бүлийн бэрхшээлийн ихэнх нь /гэр бүл салалт/ гэр бүлийн гишүүд нь гэр бүлдээ дээрх тохиролцооны либерал зарчмын үүднээс ханддагаас үүсч байна.
Тэгш бус байдлын асуудал нь либерализмын хувьд үзэл баримтлалын үүднээс ерөөс шийдвэрлэгдэшгүй зүйл тул ирээдүйн хэдэн үеийн турш либерал нийгмийн зовлон хэвээр үлдэнэ. Мөн либерализм нь нийгмийн хамтач сэтгэлгээг үгүй хийдэг сул талтай.
Хамтын амьдарлын ёс сулрах нь ирээдүйд биднийг илүү сайн сайханд тэмүүлэх төгс сэтгэлийн дуудлага эрмэлзлэлгүй, хувийн тав тухаа бодож, аюулгүй байдалд хоргодон өөрсдийн амийг хичээсэн сүүлчийн хүн болгох аюул агуулж байна.
Ингээд төгсгөлд нь миний зүгээс та бүхэнд “Та сүүлчийн хүн болох уу?” гэж асууя. Та хариулахгүй байсанч болно.


Төгсөв.

No comments:

Post a Comment