Wednesday, November 30, 2011

Арван хар нүглийн тухай дэлгэрэнгүй тайлбар оршвой.

Хүн ямар нэгэн зорилт тавьж зорилгоо хэрэгжүүлэхдээ янз бүрийн сайн муу үйлүүдийг хийдэг. Сайн муу үйлүүдийг тэр бүгдийг нэрлэнэ гэвэл тоочоод баршгүй. Гэвч бурханы сургаальд биеэр хийх 3, хэлээр хийх 4, сэтгэлээр хийх 3 нийт 10 муу үйл хийхийг хориглодог бөгөөд хэрэв хийсэн байвал түүнийг нүгэл үйлдлээ гэдэг. Хэрэв эдгээрийг хийхгүй тэвчиж чадвал буян хийлээ гэдэг. Ийм учраас арван муу үйлийг арван хар нүгэл, арван сайн үйлийг арван цагаан буян гэж нэрлэдэг байна.
Биеэр хийх 3 нүгэл гэвэл:
1.    Амьтны амь таслах
2.    Эс өгснийг авах
3.    Буруу хурьцах зэрэг болно.
Хэлээр хийх 4 нүгэл гэвэл:
1.    Худлаа хэлэх
2.    Хов ярих
3.    Ширүүн үг хэлэх
4.    Чалчих зэрэг болно.
Сэтгэлээр хийх 3 нүгэл гэвэл:
1.    Хомхойрох үзэл
2.    Үзэн ядах үзэл
3.    Буруу үзэл зэрэг болно.
Одоо биеэр хийх муу үйлийн тухай авч үзье.
Амь таслах: Энэ тухай “Тодорхой толь” хэмээх номд
“Амьтан болон төрөгсөд
Аминдаа хайртай тул
Асралт мэргэд биетэйгээ адилтгаад
Амь таслахыг сайтар цээрлээрэй” гэж бичжээ.
Үнэхээр амьтан болгон хүн, адгуус амьтан аминдаа хайртай бөгөөд өт хорхой, тарвага, зурманд хүртэл ойртоход амиа хамгаалаад зугтдаг. Амь таслах гэдэгт өөрөө амьтны амь таслахгүй ч гэсэн амьтны амь таслахад өрөөл бусдыг турхирсан бол бас нүгэлд ордог байна. Амь бол аливаагаас эрхэм гэдгийг ойлгож хүн 10 хар нүглийн нэг болох амь таслахыг өөрийн амьтайгаа зүйрлэж тэвчих хэрэгтэй гэж сургадаг. Амьтны амь бусниулахыг цээрлэснээр дараагийн бүх төрөлдөө урт удаан настай, удаан жаргалтай бие эрүүл сайхан амьдарна гэж үздэг.
Эс өгснийг авах: Монгол ардын сургаальд эс өгснийг авах талаар, “Эд таваар бүхэн Эзэндээ хайрлагдах тул Эрхэм мэргэд эргэцүүлэн бодоод Эм өгснийг авахыг эгнэгт цээрлээрэй” гэж сургажээ. Эс өгснийг авах гэдэгт хулгай дээрэм хийх, залилж авах, зээлж авсанаа үл өгөх, хадгалуулсан зүйлийг шамшигдуулах, луйвардах, худалдаа наймаанд элдэв башир арга хэрэглэх зэрэг багтах ажээ. Эс өгснийг авах хэмээх 10 хар нүглийн нэгийг тэвчиж явбаас заяа түвшин, сэтгэл амар, алдар хиргүй, дараагийн төрөлдөө эд баялагаар дүүрэн аж төрөхийн үндэс болдог гэж үздэг.
Буруу хурьцах: Хүсэл тачаалдаа дийлдэн буруу хурьцах буюу садар, самуун явдал гэдэгт хүч хэрэглэж хүнтэй хурьцах, бусдын эхнэр буюу нөхөртэй эр эмийн харьцаанд орох, ижил хүйстэнтэйгээ хурьцах, өөрийн төрөлтэй хурьцах, аарцаг салтаа, ам хошного, ар өгзөг зэрэгт болон аль нэг эрхтэн бус зүйлээр орлуулан хурьцах зэрэг болно. Мөн буруу хурьцах гэдэгт сүм хийд, сургууль цэцэрлэг, суварга шүтээний газар, хад чулуутай хазгай газар зэрэг хурьцахад зохисгүй газар хурьцал үйлдэх ордог байна. Мөн сарын тэмдэг ирсэн, жирэмсний сүүлийн сар, дөнгөж амаржсаны дараа, хавьтах боломжгүй өвчтэй байж хүнтэй хурьцах зэрэг бас багтдаг байна. Мөн завхайралд хүнийг уруу татсан хүн бас буруу хурьцалд ордог байна. Энэхүү нүглийг тэвчсэнээр бие эрүүл, зүс үзэсгэлэн, алдар яруу, нөхөд олон, хань ижил нь шалиг, завхай бус хүсэж байсан үнэнч шударга сайн эхнэр, нөхөртэйгээ учрах болно гэж үздэг.
Одоо хэлээр хийх 4 нүглийг авч үзье:
Худлаа хэлэх: Үнэний эсрэг тал худал бөгөөд худал үгийг хэлснээр хоромхон зуурын хэрэг бүтэх авч хотол олонд жигшигдээд хойших хэрэг нь үл бүтдэг байна. Худлаа ярихын санаа нь харснаа хараагүй болох, эсвэл хараагүй зүйлээ харсан болж бодит байдлыг өөрчлөх болно. Мөн өөрөө худлаа хэлээгүй боловч бусдаар худал хэлүүлэх бас ордог байна. Хамгийн аюултай нь худал хуурмаг бол гуйвуулж завхруулсан үнэн гэдгийг тунгаан бодож явах хэрэгтэй. Худал хуурмагийг тэвчсэнээр ирээдүйд өөрийг чинь хүн залилж, зэмлэж буруутгахгүй, бусдын худалд хууртагдахгүй, ихэс дээдэст доромжлуулахгүй сайхан амьдарна гэж үздэг байна.
Ширүүн үг: Ширүүн үг гэгч яахаараа хар нүглийн нэг болдог вэ? Гэвэл бусдын сэтгэлийг хямруулж, хорсол гомдлыг буй болгож, уурын мунхагийг төрүүлж, гэмгүй байсан хүнээр өдий төдий нүглийг үйлдүүлдэг ажээ. Өөрөө нүгэл үйлдээд, өрөөлийг нүгэл үйлдүүлдэг ширүүн үг буюу дайрч доромжлох, нэр хоч өгөхийг тэвчих хэрэгтэй. Гарал угсаа, бие махь бодь, ёс суртахуун, ааш зангийнх нь хувьд дутагдалтай холбоотой таагүй үнэн, худал үгээр дайрч доромжлох, чи сайнаа үзэхгүй харж л байгаарай гэх юм уу тарни шившлэг үйлдэх юм уу үйлдүүлэх зэрэг бол ширүүн үгэнд багтана. Хүмүүс биед нь гар хөл хүрэхээр чи зодлоо жанчлаа гээд сүржигнэдэг хирнээ өөрсдөө хүний сэтгэл руу дайрч давшилж үгээр зоддог боловч түүнийгээ юмын чинээ боддоггүй хүн олон байдаг. Энэ бол хэлээр үйлдсэн нүгэл гэдгийг “Тодорхой толь” хэмээх сургаалийн номд:
“Сэлмээр цавчваас бие өвдмүй Ширүүн үгээр дайрваас сэтгэл өвдмүй
Сэтгэл гэгч нь биеэсээ эрхэм тул Сэцэн ухаантан үл өгүүлмүй” гэжээ.
Мөн ардын зүйр цэцэн үгэнд:
Цохисны шарх бүтдэг Хэлсний шарх бүтдэггүй гэдэг.
Тийм учраас ширүүн үг, хараал зүхлээс бүр татгалзвал зохилтой. Харин түүний оронд туслах үүднээс загнаж байвал арай дээр. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр ширүүн үг болон хараалын үгний хариу толгой дээр буудаг гэдгийг санаж ширүүн үгийг тэвчих аваас хүнээс муу үг сонсохгүй, хүнээр муулуулахгүй, доромжлуулахгүй, энэ насандаа жаргалтай хойт насандаа төрөл дээшлэхэд тустай гэдгийг санаж явах хэрэгтэй ажээ.
Хов ярих: Хов гэдэг үг нь монгол хэлний хоосон гэснээс гаралтай бөгөөд хов хэлнэ гэдэг нь хоосон, худал үгийг зөөх гэсэн утгатай аж.
Эвтнийг эвддэг, эвслийг тараадаг хов живийн хор нөлөөг сургааль шашдирт:
“Арга зальтай хов үгээр
Амраглан ханилагсдыг хагацуулах нь
Алсдаа өөрт тусгүй бөгөөд
Аливаа бүхэнд жигшигдмүй” гэжээ.
Эвтнийг эвдрэлцүүлж, элэг нэгтнийг дайсагналцуулах худал, үнэн нь мэдэгдэхгүй хоосон үг нь хов болно. Хов гэдэг нь хоёрыг холтгож, хонзонтны бахыг хангах хоосон зүйл гэдгийг ухаарч хов хэлэхгүй байх нь садан төрөл, сайн найз нөхөд, хань ижилтэйгээ эвдрэлцэж муудаж салахгүй, бусад хүн эсэргүүцэн босохгүй аз жаргалтай амьдарна гэж үздэг байна.
Чалчих: Ярих нь сонсохоос бага байгаасай гэж хүнд 2 чих нэг ам заяасан гэдэг. Чалчина гэдэг нь олонд тустай сайн үйл хийж, сайн үг хэлэх цагийг дэмий юманд барж, алтан цагийг хулгайлж байна гэсэн үг. Чалчих гэдэгт хэрүүл хийх, мууг нь дуудаж маргах, бярманы нууц тарнид баясах, ядарсан дуугаар гаслах, хашгирах, тоглоом шоглоом хийх, алиа марзан зүйл ярих, хаад түшмэд, ихэс дээдэс, лам хуврагтныг доромжлох, шоолох, хулгайч дээрэмчдийн муу үйлийг сайн болгож магтан ярих, галзуу солиотой юм шиг утга авцалдаагүй, учир холбогдолгүй, ёс суртахуунд харш зүйлийг ярихыг хэлнэ. Олон үг дэлгэх нь охорхон ухааны шинж гэдгийг ухан ойлгож, чалчих нүглийг тэвчих аваас хэлсэн үгэнд нь хэн боловч итгэж, хүндэлж хайрлаж, олондоо нэр хүндтэй, үргэлж дээдлэгдэх болно гэж үздэг байна.
Одоо сэтгэлээр хийх 3 нүглийг авч үзье:
Хомхойрох үзэл: Хорвоогийн хамаг муу бүхэн хомхойрох үзэл буюу шунаг зангаас үүсдэг. Шунах хомхойтохын гайгаар хүн төрөлхтөн ямар их гай гамшгийг амсаж байна. Шунах сэтгэлд автсанаар эх болсон байгаль дэлхийгээ хайр гамгүй сүйтгэж, бусдын нутгийг булаан эзлэх түрэмгий дайныг өдөөж, хүн хэмээх амьтны ариун сайхан бүхнийг түймэрдэж байна. Билэг сургаальд: “Эд таваарт хүсэл ихэдвэл Эцэстээ зовлон ирмүй Эрвээхэй хорхой зул дунд тачаагаад Эрхгүй түлэгдэх мэт” хэмээжээ.
Шунаг зан гэдэг нь бусдын эд хогшил, сайхан бүхэнд хорхойсох, хөрөнгө хогшил цуглуулах, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл үл ханах шуналтай байх, бусдын аливаа сайханд хомхойрхож минийх болоосой гэж бодох, өөрийн эд хогшилдоо маш их харам байх, шуналдаа хөтлөгдөн ичих нүүргүй болж гэм зэмийг ойлгохгүй болох зэрэг болно. Арван хар нүглийн нэг хомхой сэтгэлийг тэвчвээс эд агуурсаар баялаг, уур ундуугүй, сэтгэлийн амгаланг эдэлж хорвоогийн эрхэм дээд жаргалд хүрдэг ажээ.
Үзэн ядах үзэл: Үзэн ядах үзэл нь хорсох сэтгэлийг төрүүлдэг. Өшөө хонзон, атаа жөтөө, гүжир гүтгэлэг тэргүүтэн үүдэн гарч өрөөл бусдын баяр жаргалыг бусниулан сүйтгэдэг ажээ. Мөн бусдыг алж, хүлэхэд яадаг юм, эд хөрөнгө, эрүүл мэнд нь доройтоосой гэдэг бодол нь үзэн ядах нүгэл болно. Тэрхүү санаагаа гүйцэлдүүлбэл үйлдэл болно. Үзэн ядах үзэл нь зодож нүдэх зэрэг муу үйл хийлгэдэг байна. Хорсох сэтгэл гэдэгт ямар нэгэн учир шалтгаангүй юманд уурлах, жаахан хор хөнөөлд тэвчээр алдарч “энэ надад гай тарьсан” гээд түүнийг хорлох санаа төрөх, зүй бус зүйлд уурлаж муу санаа өвөртлөн түүнийг цаг ямагт бясалган бодох, энэ надад өс санаж байна  “үүнийг ягаад зодож, алж болохгүй юм бэ?” гээд түүнд бас хонзогнох, ичих нүүрээ умартан хорлох сэтгэлээ барих чадваргүй болж харааж зүхэх, өрөөл бусдад гаргасан хонзонг хань ижил, үр хүүхэд, ах дүү, амраг садан, найз нөхдөд нь гаргах зэрэг болно. Хорлох сэтгэлийн үр нөлөө нь юу болдогийг сургааль шашдирт:
“Хар хор ихэдвэл эл хариу нь өөрт ирмүй Галзуу зааныг дайсанд тавиваас харин гэдрэгээ хорлох мэт” хэмээн сургасныг бодож 10 хар нүглийн нэг болох үзэн ядах үзлийг тэвчвээс хүмүүс танд хор хүргэхгүй, үргэлж танд туслаж байх болно гэж үздэг байна.
Буруу үзэл: Үзэл буруутвал үйл буруудна гэдэг. Буруу үзэл гэдэг нь үгүйсгэх үзэл болно. Энэ нь шалтгаан, үр дагавар, үйл хөдлөл болон бодит оршихуйг үгүйсгэх байдлаар илрэн гарна. Тухайлбал: бидний дээр харуулаад байсан Бурханы сургаалийн гол үзэл баримтлал болсон зовлонгийн шалтгаан болох “би”-ийн хоосон биш чанарыг үгүйсгэх, нас барснаар бие, сэтгэл салаад сэтгэл нь 6 зүйл амьтан дээр төрлөө олдог, төрөл дээшилж доошлох нь хүний хийсэн үйлээс болдог гэсэн үйлийн үрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг бурханы шашны үзлийг буруутгах явдал болно. Буруу үзлээс болж дээр бидний авч үзсэн зовлонгийн үндэс болсон нисваанисын 5 хор боловсрон гардаг байна. Буруу үзэлд автваас сайн сайхан үйл үйлдэх үүд хаалга нь хаагдаж арван хар нүгэл рүүгээ хальтран ордог байна.
Ийнхүү 10 хар нүглийн нэг буруу үзлийг тэвчиж, үнэн үзэл, ариун бодлыг дээдэлж явбаас сайн үйл болж энэ насандаа зовлонгоос ангижирч жаргалд хүрч, хойт насандаа төрлөө дээшлүүлж зовлонгоо нимгэлэх төдийгүй 6 зүйл амьтныг үйлийн үрийн зовлонгоос ангижруулахад ач тустай, буянтай үйлс хийлээ гэж ойлгож болох нь байна.
Бурханы сургаальд 10 хар нүглийн бие болон хэлээр үйлдэх нүгэл нь сэтгэлийн үйлээс эхтэй гэж үздэг. Тийм болохоор сэтгэлийн муу үйлийг тэвчиж явах нь хамгийн чухал юм байна. Хүнд хөнгөн хэрэг гэж байдагтаа нэгэн адил нүглийг дотор нь бас хүнд хөнгөн гэж ангилдаг байна. Тухайлбал, амьтны амь таслах нь нүгэл боловч хүний амь хороох нь амьтны амь хороохоос их нүгэл болох, буга зааны зэрэг том амьтны амийг хороох нь хулгана, зэрэг жижиг амьтны амь хороохоос их нүгэл болох, биеэр хийх нүгэл нь хэлний нүглээс их болох зэрэг ажээ.
Дээр дурдсан арван хар нүглийг тэвчих аваас буян болдог байна.
Эх сурвалж: ASUU.mn /Арван хар нүглийн талаар илүү дэлгэрэнгүйг Буддын сургааль ном шаштираас үзэж болно. Энэхүү нийтлэлийг интернэтэд байгаа хамгийн дэлгэрэнгүй, ойлгоход хялбар нийтлэл гэж үзсэн тул нийтлэв/

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...