Sunday, January 8, 2012

Хадуур /Залуу насны тухай эргэцүүлэл/

Ajliin-daraa
Хоёр хадуур үйлдвэрээс гарчээ. Шинэхэн үйлдвэрээс гарсан хадуурнууд учир ир сайтай ба өөрт хүрсэн бүхнийг хайр найргүй зүсчихээр байлаа. Хадуурнууд ч гэсэн өөрсөддөө бүрэн итгэлтэй байв. "Бид бүхнийг хадаж чадна даа" гэж бодож байлаа. Бас улс орныхоо хөгжил дэвшилд, хүн малд их л тустай ажил хийхээр заяагдлаа гэж хоорондоо ярилцаж их л баяртай байцгаана. Удалгүй хадуурнууд эзнээ олов учир нь шинэхэн хадуур өвс бэлтгэлийн баазад хувиарлагдаж нэг нь туршлагатай олон жил хадуур барьсан настай хүний хадуур боллоо. Харин нөгөө нь залуухан бас туршлага муутай нэгний хадуур болов.

Туршлагатай хадланчин өөрт ирсэн  хадуураа  өдөр болгон хурцалж хайр гамтай хэрэглэнэ. Тиймээс тэр хадуур урам зоригтой байх ба тэнд байсан хадланчдын хорхой нь хүрдэг хадуур болов. Зарим нэг нь тэр хадуурыг барьвал би  дэлхийн бүх өвсийг хадсан ч чадахаар байна. "Мөн ч сайхан хадуур юм даа гэцгээж шагшин магтана.  Энэ хадуур намар болж хадланчдын ажил дуустал эзний хамтаар өчнөөн олон тонн өвсийг хадаж эзэндээ болон улс орондоо олон жил  их гавъяа байгуулсан юм.
Гэвч өнөөх туршлагагүй хадланчинд очсон хадуур ажлын эхний өдрөө л "Би бүгдийг хадаж чадахгүй юм байна" гэдгээ ойлгожээ. Учир нь хадуур чулуу гээч асар хатуу этгээдийг ягаад ч дийлэхгүй байв. Хадланчин хайр гамгүй хадуураар газар цохино. Хөөрхий хадуур эхний өдрөө л өнөөх сайхан ирээ мохоолгов. Гэвч орой нь залуу хадланч түүнийг ирлэсэнгүй майхны мухарт шидэж орхилоо. Өглөө нь босоод хадуураа ирлэсэнгүй чигээр хадландаа гарч тунч удалгүй хэд хоногийн дараа шинэ хадуур олон жилийн хадланд гарсан хуучин хадуураас муу иртэй болов. Ир нь мөлийж, эн тэндээ эмтэрч муруйж, иш нь хугарчээ. Урам зориг нь бүрэн мохож хүч чадал нь арилсан байв. Хадуурын сүр сүлд гээч нь зөвхөн ирэндээ оршдог ажээ. Хадуур иргүй бол хадланчаас их хүч гарна. Их хүч гарах бүр хадланч улам амархан ядарна. Ядрах бүр уур уцаар болж хадуурандаа хамаг бурууг өгч байв. Чанар муутай хэрэггүй хадуур ахиад цоо шинэ хадуур авах юмсан гэнэ. Харин бусад нь түүнийг зэмлэнэ. Залуу хүн байж бага хадлан хадлаа үр бүтээл багатай байна, шинэ хадуураа тордож ирлэж хурцалсангүй, унтах идэх залхуурах нь хэтэрхий юм гэцгээнэ. Тиймээс залуу хадланч  хадлангийн нутгийг орхин явж харин хадуур нь  майхны хаяанд зэвэнд идэгдэн хэвтэж улам л өнгө зүсээ алдсаар тэр жилдээ төмрийн хогонд ачигджээ.
Хүний залуу нас яг л энэ хадуур мэт буюу өөрийгөө байнга хурцал үгүй бол чи хэнд хэрэггүй нэгэн болно.

Sunday, January 1, 2012

Өрх гэр бүлийн аж амьдарлын баталгаа ба түүнийг дэмжих нь

Өрх гэр бүлийнхээ аж амьдарлын баталгааг хангах түүнийг бий болгох нь зайлшгүй өрхийн гишүүн бүрийн үүрэг мөн боловч энэхүү өрхийн үйл ажиллагаанд нь төр, орон нутгийн засаг захиргааны  байгууллагын зүгээс бодлогоор болон бусад зүйлсээр дэмжлэг үзүүлэх нь нэн чухал юм.
Төр, орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс өрх гэр бүлд үзүүлэх дэмжлэг нь өрх гэр бүлийн эдийн засаг, соёл боловсролын дотоод чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдэх нь илүү оновчтой байх юм. Өөрөөр хэлбэл бэлэнчлэх сэтгэлгээг нь өөгшүүлэхүйц дэмжлэг туслалцаанаас аль болох зайлсхийж, бэлэн бусаар оюуны хөрөнгө оруулалт хийх нь илүү оновчтой байх болно. Хүний амьдарлыг бэлэн 1 сая төгрөг өөрчилдөггүй харин хүний ухамсарт шингэсэн зөв бодол санаа, хүнээ олсон зөв боловсрол нь  тухайн хүний амьдарлыг насан туршид нь өөрчилдөг нь амьдарлын үнэн билээ.
Өрх, гэр бүл бүр өөрөө өөрсдийнхөө амьдралд бүрэн хариуцлага хүлээх учиртай. Элбэг хангалуун амьдарлынхаа өмнө ч тэр, ядуу хоосон амьдарлынхаа өмнө ч тэр. Ардчилсан нийгэмд шилжсэн үеэс эхлэн хүн бүр эрх чөлөөтэй болсон ба хүмүүсийн баян амьдрах аль эсвэл ядуу амьдрах эрх нь  мөн л энэ эрх чөлөөтэй хамт иржээ. Үүнээс урьдах нийгэмд хүнийг өмчгүй байлгах замаар  нийтээр нь тэгш байлгахыг зорьдог байв. Нийтээрээ өмчгүй гэдэг нь одоогийнхоор нийтээрээ ядуу амьдарч байсан гэсэн үг. Нэг үгээр хэлбэл баян ч амьдарч болохгүй ядуу ч амьдарч болохгүй нийгэмд амьдарч байж.
Сэргэн мандалтын үеийн нэгэн нэрт сэтгэгч “Эрх чөлөө бол яг л хоёр үзүүртэй зүүтэй ижил. Жишээ нь боол хүнд эрх чөлөө өгвөл нэг бол ядуу дорой амьдардаг нөгөө бол хүн алдаг. Тэд бол гав гинжиндээ байж эзнийхээ өгсөн хоолоор амь зогоох тавилантай” гэж хэлсэн байдаг. Энэ үг бол тухайн үедээ боолуудад эрх чөлөө өгөхийг эсэргүүцэж байсан хүний үг боловч  энэ үгэнд бага ч болов үнэн агуулагдаж байна гэж би боддог. Өөрөөр хэлбэл эрх чөлөөт нийгэмд өрх, гэр бүлийн баян, хоосон, жаргалтай, жаргалгүй амьдрах нь зөвхөн тэрхүү өрх, гэр бүлээс шалтгаалдаг. Боол хүнд эрх чөлөө байхгүй ч гэсэн эзнийхээ өгсөн хоолоор хооллож, эзнийхээ ажлыг хийж нэг ёсондоо түүний амьдарлын баталгааг эзэн нь хангадаг.
Харин чөлөөт нийгэмд энэ бүхнээ өрх гэр бүл өөрөө хангах учиртай. Хүний ямархуу амьдрах нь тухайн хүний нийгэмдээ хэр зохицон амьдрах чадвартай вэ? гэдгээс нь шууд хамаарна. Хүний нийгэмдээ зохицон амьдрах чадвар нь тухайн хүний мэдлэг боловсорлоос шалтгаална. Дүгнэж хэлбэл хүн болоод өрх гэр бүлийн амьдрал нь тэдний мэдлэг боловсрол ба түүнийгээ амьдралдаа хэрхэн хэрэглэж чадах чадвараас нь шууд хамаардаг байна.
Өрх гэр бүлд үзүүлэх бэлэн мөнгөний тусламж нь тэдний биеэ дааж амьдрах чадварыг нь бага багаар устгаж байдаг. Харин тэдэнд үзүүлэх зарим эдийн болоод оюуны, соёл боловсролын хөрөнгө оруулалт нь тэдний биеэ дааж амьдрах чадварыг улам хөгжүүлж, бэхжүүлж байдагаараа илүү үр дүнтэй байдаг. Иймээс өрх гэр бүлд боловсрол олгох нь өрх гэр бүлийг дэмжих хамгийн зөв арга зам юм.
Өрх гэр бүлийн сайн сайханд бодит дэмжлэг болохуйц боловсрол нь дараах төрөлтэй байх юм. Үүнд:
1.    Өрх гэрт зах зээлийн эдийн засгийн боловсрол олгох замаар зах зээлийн нийгэмд зохицон амьдрах чадавхийг хөгжүүлэх
2.    Өрх гэрт эрх зүйн боловсрол олгох
3.    Өрх гэрийн гишүүнд мэргэжлийн боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх
4.    Өрх гэрт эрүүл мэндийн боловсрол олгох замаар эрүүл амьдарлын хэвшилд сургах
5.    Нийгмээ болон өөрийгөө зөв ухаарахад буюу зөв амьдрахад туслах мэдлэг, боловсрол олгох зэрэг орно.
Зарим залуу гэр бүлд тулгарч буй бэрхшээл түүнийг шийдвэрлэх нь: Нийт өрх гэр бүлүүдийн дотроос хамгийн дэмжиж туслууштай нь амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу гэр бүлүүд юм. Тэдний өмнө аж амьдарлын баталгаагаа хангах, амьдралд хөлөө олоход нь олон бэрхшээл тулгардаг. Эдгээр бэрхшээлийг шийдэж чадаагүйн улмаас шинээр гэр бүл бологсдийн 50% нь хамтын амьдарлынхаа эхний 5 жилд салж байна гэсэн судалгаа байдаг. Энэ нь залуу гэр бүлийн асуудал нийгмийн шинжтэй асуудал болсныг харуулж байна.
Гэр бүл дотроос залуу төрийн албан хаагч гэр бүлийн амьдрал ямар байна вэ? Өмнөговь аймгийн хувьд бүс нутгийн ялгаатай байдал тод ажиглагддаг. Уул уурхайн хөгжлийн нөлөөгөөр ажлын байр их бий болсон бүс нутаг буюу зүүн сумдуудын төрийн албан хаагчидын цалин орлого уул уурхайн компанид ажилладаг хүмүүсийн цалин орлоготой харьцуулахад бага байгаа юм. Жишээлбэл: Ханбогд суман дахь залуу төрийн албан хаагчидын дундаж цалин, орлого 250-300 мянган төгрөгтэй байхад Оюу толгойд цэвэрлэгч, үйлчлэгч хийдэг хүний цалин дунджаар 350 мянган төгрөгтэй байна. Энэ нь тус сумын төрийн албан ы үнэлэмжид сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй энэ хэмжээний орлогоор залуу гэр бүл аж амьдарлаа баталгаатай авч явах, цаашид хэрэглэгдэх мөнгөн хуримтлал үүсгэхэд нь хүндрэл учруулдаг. Орон нутгийн сайн боловсон хүчин цалин, орлогын байдлаас хамааран ихэвчлэн төрийн албаны ажлыг биш хувийн секторийн ажлыг сонгож байгааг дурдахгүй байхын аргагүй.Цалин орлогын бага хэмжээ нь залуу төрийн албан хаагчдын ажил албандаа хайхрамжгүй хандах, өөр бусад хууль бус эрсдэлд ороход нь нөлөөлж болзошгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.
Харин баруун сумдад уул уурхай бага хөгжиж байгаа учир зарим сумдад хамгийн том ажил олгогч нь төрийн байгууллага болдог. Төрийн албанаас өөр ажил байхгүй буюу эсвэл бага олддог. Хэдийгээр төрийн албанд ажиллаж байгаа ч тэдний цалин орлого мөн аж амьдарлынх нь найдвартай баталгаа болдоггүй. Үүнийг ажилчдын хэдэн хувь нь цалингийн зээлтэй байна вэ? гэдгээр нь харж болно. Гэвч тэд сумынхаа хэмжээнд найдвартай орлоготой цөөн өрхийн нэг болдог. Эдгээр суманд ажлын орон тоо гарах нь бага учир ихэнх залуучууд болон залуу гэр бүл нь төв суурин газрыг зорьж байна.
Төрийн албаны цалин бага байгаа нь дунд болон доод түвшиний төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжид сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл залуучуудын хувьд төрийн алба нь ажил амьдарлын гараагаа эхлэх эхний сургалтын бааз төдий болох эрсдэл байна. Учир нь шинэ залуу боловсон хүчин төрийн албаны шалгалтанд л тэнцсэн бол төрийн албанд ажиллаж болдог бол томоохон аж ахуй нэгж байгууллага, компани шинээр ажилчин авахдаа ажилласан жилийн болон өөр төрлийн олон нөхцөл заадаг.  
Дүгнэж хэлэхэд төрийн албанд ажиллаж буй залуу гэр бүл түүний гишүүнд үзүүлэх тусламж, орлогыг нэгдсэн бодлого, хөтөлбөрөөр дэмжих нэмэгдүүлэх, тэднийг цаашид мэдлэг, мэргэжилээ дээшлүүлэх, ажил албандаа тогтвор суурьшилтай ажиллахад нь байнгын урамшуулал дэмжлэг үзүүлэх нь төрийн албаны чанар, бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээнд ахиц дэвшил гаргахад сайнаар нөлөөлөх юм.

Бичсэн: Б.Оюунсуртал

Friday, December 2, 2011

ОЮУ ТОЛГОЙ ОРДЫГ 20 ЖИЛИЙН ДОТОР ОЛБОРЛОЖ ДУУСГАХ УУ.

Оюу толгойн гэрээ гэж хэрүүлийн алим болсон зүйл. Гэтэл гадныхан танай гэрээ дэлхийд загвар болохоор сайн болсон гэнэ. Миний хувьд энэ гэрээ их сэжиглүүштэй байна. Үүнийг би нэг баримт түшин тайлбарлахыг хичээе.
Асуудал юунд байна вэ? Манай засгийн газар эрхэм төрийн түшээд маань гэрээндээ Оюу толгой дахь Монголын талын эзэмшил, оролцоо 30 жилийн дараагаас 50 хувь ба түүнээс дээш байж болохоор заажээ. Харин миний хувьд гадныхан манай оюу толгойн нөөцийг 30 жил ба түүнээс бага хугацаанд зөөн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэж бодож байна. Мэдээж ингэж бодох нь зүгээр нэг хардалт төдий зүйл биш болохыг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлая.
Хэдийгээр Оюу толгой Эрдэнэтийн нөөцөөс хэд дахин илүү нөөцтэй ч орчин үеийн техник, технологийн дэвшил тэрхүү нөөцийг одоогийн Эрдэнэт үйлдвэрийн ажилласан хугацаанаас  хэд дахин бага хугацаанд нөөцийг нь олборлон гаргах боломжыг бий болгосон.
Энэ нөхцөлд гэрээ байгуулсан хоёр тал маш үнэмшилтэй хариултыг бидэнд хэдэн янзаар өгч чадна. Бид итгэхээс өөр яахав. Гэхдээ усны нөөцийн талаар тэд тодорхой тайлбар хийхгүй байна. Оюу толгойн төсөл эхлэхээс дуусах хугацаанд гадаргын усыг ашиглах талаар нэг ч үг гарсангүй. Уг нь хэдэн жилийн өмнө бол яригдаж л байсан юм. Холбогдох мэргэжилтэн болон яамны зүгээс бид судалгаа хийж байна гэсэн жижүүрийн ганц тайлбартай.
Бодит байдал буюу газар дээрээ ямар дүр зурагтай байгаа талаар нутгийн хүний хувьд үгээ хэлье. Оюу толгой төсөлд  говьд байгаа газрын гүний усыг ашиглахаар олон цооног өрөмдөж байна. Тэрхүү цооногууд нь Оюу толгойгоос зүүн зүгт 60-80 км-ийн зайд байрладаг. Оюу толгойн мэргэжилтнүүдийн зүгээс нутгийн иргэдэд ямар мэдээлэл өгч байна вэ? гэвэл "Энд газар доор асар том далай бий. Тэр далайн усны нөөц асар их та бүхний ундаалдаг ус болох хөрсний усанд тань муугаар нөлөөлөх зүйл байхгүй. Учир нь газрын гүний усаа бид та бүхний хэрэглэдэг хөрсний уснаас 300-400 метрийн зайнаас олборлоно."
Гэвч Оюу толгой төсөл эхлээчгүй байхад малчдад маань эхний шинж тэмдэгүүд нь мэдрэгдээд эхэлж. Ухаандаа 1000 мал услахад шавхагддаггүй байсан худаг 200-300 мал услахад бүрэн шавхагддаг болжээ. Усны ундарга нь муудсанаас тэр. Одоо нутгийн иргэдийн дунд айдас хүйдэс тэнүүчлэж байна. Хэдэн тонн алттай байлаа гээд усгүй бол яаж амьдрах билээ тоглоом ч юм шиг шоглоом ч юм шиг. Усгүй цөлд хүн дусал усыг хэдэн тонн алтаар ч үнэлээд үнийг нь бараг дийлэхгүй гэж манай өвөг дээдэс ярилцсаар ирсэн. Говь нутгийн маань байгаль экологи тун эмзэг, жишээ нь газрын гүний усны нөхөн сэргээгдэх хугацаа нь 2000-1000000 жил байдаг гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо байна. Говийнхон бид газрын гүний ус болон хөрсний усаараа л ундаалдаг. Хангайнхан шиг гол, горхи, нуур, цөөрөм гэх мэт гадаргын ус бидэнд байдаггүй. Газрын гүний ус маань дуусвал бидний ус дуусна.
Харин монголын усны мэргэжилтнүүдийн тооцоо судалгаагаар одоогийн Оюу толгойн ус олборлож буй талбайн усны нөөц Оюу толгой төслийг 12-20 жилийн хугацаанд усаар хангахад хүрэлцэх аж. Гэтэл Оюу толгой төсөлд нөөц усны төлөвлөгөө алга.
Үүнээс харахад гадныхан Оюу толгой ордыг цаад зах нь 20 жилийн дотор олборлож дуусгахаар тооцоолсон байж болох нь гэсэн хардалт өөрийн эрхгүй төрдөг юм.
Засгийн газар маань бид 30 жилийн дараа Оюу толгойгоо эзэмшинэ гээд бидэнд тайлбарлаад байгаатай судалгаа, тоо баримт бас ажил нь зөрөөд байгааг анзаарахгүй байхын аргагүй. Арай ард түмнээ молигдоогүй байлтай. Гэвч ...

Уг нь монгол сайхан нутгаас маань эх авч урссаар харийн тэнгис далайг зорьдог олон сайхан гол, мөрөн бий. Өөрөөр хэлбэл манай улсад гадаргын усны нөөц хангалттай байна. Эдгээрийн усыг Оюу толгой төсөлд ашиглах бүтээн байгуулалтыг бид энэ төслөөр хамтад нь хийж чадвал Оюу толгой ордын нөөц дууссанч говьд жинхэнэ далай бий болж,  ус татах байгууламж үеийн үе, үрийн үрд маань үлдмээр шиг санагдана. Энэ бол хэн хэндээ хэрэгтэй бүтээн байгуулалт.
Наймаачдад эх орон байдаггүй гэдэг. Тэд бол наймаачид, бизнес хийгчид тэдэнд зөвхөн мөнгө, ашиг л хэрэгтэй. Бидний баялаг дуусахаар тэд өөр нэгнийг хайж одно. Харин бидэнд мөнгө олдоно гэвч эх орон минь, онгон дагшин байгаль нутаг минь олдохгүй шиг санагдана.
Би хувьдаа газрын гүний ус бүгд холбоотой байдаг зүйрлэх юм бол хүний цусны систем шиг гэж сонссон юм байна. Хүн цус алдвал түүнийг маш яаралтай тогтоохгүй бол удахгүй тэр хүн талийгч болдог. Яг үүн лугаа адил нэг газрын гүний усныг маш ихээр ашиглах нь бусад газрын гүний усны түвшин доошлох шалтгаан болдог гэж сонссон. Энэ хэрвээ үнэн бол говийн гурван аймаг цаашлаад бүх монголын гүний усны нөөцөд нөлөөлж мэдэх юм.

Бид нийгмээрээ "бүр" дэлхий нийтээрээ мөнгө, хөрөнгийг шүтсэн эрин үед амьдарч байна. Харин эрдэмтэд ирээдүйд хүмүүс мөнгөний төлөө нэг нэгнээ иддэг биш харин усны төлөө нэг нэгнээ хөнөөдөг болно гэж сануулсаар байна.
Гэтэл нутгийн малчид маань ус татарч, хур бороо багасаад байгаатай хурмаст тэнгэр, лус савдагаа аргаддаг уламжлалт аргаараа тэмцэж байна. Харамсалтай нь түүнээс нь илүү аймшигтай, хүний сэтгэлтэй, зөвхөн мөнгө, ашиг харсан гадныхан тэдний ирээдүйд санаа тавихгүй нь. Тэгээд хэн тэдэнд санаа тавих ёстой гэж ...

Wednesday, November 30, 2011

Арван хар нүглийн тухай дэлгэрэнгүй тайлбар оршвой.

Хүн ямар нэгэн зорилт тавьж зорилгоо хэрэгжүүлэхдээ янз бүрийн сайн муу үйлүүдийг хийдэг. Сайн муу үйлүүдийг тэр бүгдийг нэрлэнэ гэвэл тоочоод баршгүй. Гэвч бурханы сургаальд биеэр хийх 3, хэлээр хийх 4, сэтгэлээр хийх 3 нийт 10 муу үйл хийхийг хориглодог бөгөөд хэрэв хийсэн байвал түүнийг нүгэл үйлдлээ гэдэг. Хэрэв эдгээрийг хийхгүй тэвчиж чадвал буян хийлээ гэдэг. Ийм учраас арван муу үйлийг арван хар нүгэл, арван сайн үйлийг арван цагаан буян гэж нэрлэдэг байна.
Биеэр хийх 3 нүгэл гэвэл:
1.    Амьтны амь таслах
2.    Эс өгснийг авах
3.    Буруу хурьцах зэрэг болно.
Хэлээр хийх 4 нүгэл гэвэл:
1.    Худлаа хэлэх
2.    Хов ярих
3.    Ширүүн үг хэлэх
4.    Чалчих зэрэг болно.
Сэтгэлээр хийх 3 нүгэл гэвэл:
1.    Хомхойрох үзэл
2.    Үзэн ядах үзэл
3.    Буруу үзэл зэрэг болно.
Одоо биеэр хийх муу үйлийн тухай авч үзье.
Амь таслах: Энэ тухай “Тодорхой толь” хэмээх номд
“Амьтан болон төрөгсөд
Аминдаа хайртай тул
Асралт мэргэд биетэйгээ адилтгаад
Амь таслахыг сайтар цээрлээрэй” гэж бичжээ.
Үнэхээр амьтан болгон хүн, адгуус амьтан аминдаа хайртай бөгөөд өт хорхой, тарвага, зурманд хүртэл ойртоход амиа хамгаалаад зугтдаг. Амь таслах гэдэгт өөрөө амьтны амь таслахгүй ч гэсэн амьтны амь таслахад өрөөл бусдыг турхирсан бол бас нүгэлд ордог байна. Амь бол аливаагаас эрхэм гэдгийг ойлгож хүн 10 хар нүглийн нэг болох амь таслахыг өөрийн амьтайгаа зүйрлэж тэвчих хэрэгтэй гэж сургадаг. Амьтны амь бусниулахыг цээрлэснээр дараагийн бүх төрөлдөө урт удаан настай, удаан жаргалтай бие эрүүл сайхан амьдарна гэж үздэг.
Эс өгснийг авах: Монгол ардын сургаальд эс өгснийг авах талаар, “Эд таваар бүхэн Эзэндээ хайрлагдах тул Эрхэм мэргэд эргэцүүлэн бодоод Эм өгснийг авахыг эгнэгт цээрлээрэй” гэж сургажээ. Эс өгснийг авах гэдэгт хулгай дээрэм хийх, залилж авах, зээлж авсанаа үл өгөх, хадгалуулсан зүйлийг шамшигдуулах, луйвардах, худалдаа наймаанд элдэв башир арга хэрэглэх зэрэг багтах ажээ. Эс өгснийг авах хэмээх 10 хар нүглийн нэгийг тэвчиж явбаас заяа түвшин, сэтгэл амар, алдар хиргүй, дараагийн төрөлдөө эд баялагаар дүүрэн аж төрөхийн үндэс болдог гэж үздэг.
Буруу хурьцах: Хүсэл тачаалдаа дийлдэн буруу хурьцах буюу садар, самуун явдал гэдэгт хүч хэрэглэж хүнтэй хурьцах, бусдын эхнэр буюу нөхөртэй эр эмийн харьцаанд орох, ижил хүйстэнтэйгээ хурьцах, өөрийн төрөлтэй хурьцах, аарцаг салтаа, ам хошного, ар өгзөг зэрэгт болон аль нэг эрхтэн бус зүйлээр орлуулан хурьцах зэрэг болно. Мөн буруу хурьцах гэдэгт сүм хийд, сургууль цэцэрлэг, суварга шүтээний газар, хад чулуутай хазгай газар зэрэг хурьцахад зохисгүй газар хурьцал үйлдэх ордог байна. Мөн сарын тэмдэг ирсэн, жирэмсний сүүлийн сар, дөнгөж амаржсаны дараа, хавьтах боломжгүй өвчтэй байж хүнтэй хурьцах зэрэг бас багтдаг байна. Мөн завхайралд хүнийг уруу татсан хүн бас буруу хурьцалд ордог байна. Энэхүү нүглийг тэвчсэнээр бие эрүүл, зүс үзэсгэлэн, алдар яруу, нөхөд олон, хань ижил нь шалиг, завхай бус хүсэж байсан үнэнч шударга сайн эхнэр, нөхөртэйгээ учрах болно гэж үздэг.
Одоо хэлээр хийх 4 нүглийг авч үзье:
Худлаа хэлэх: Үнэний эсрэг тал худал бөгөөд худал үгийг хэлснээр хоромхон зуурын хэрэг бүтэх авч хотол олонд жигшигдээд хойших хэрэг нь үл бүтдэг байна. Худлаа ярихын санаа нь харснаа хараагүй болох, эсвэл хараагүй зүйлээ харсан болж бодит байдлыг өөрчлөх болно. Мөн өөрөө худлаа хэлээгүй боловч бусдаар худал хэлүүлэх бас ордог байна. Хамгийн аюултай нь худал хуурмаг бол гуйвуулж завхруулсан үнэн гэдгийг тунгаан бодож явах хэрэгтэй. Худал хуурмагийг тэвчсэнээр ирээдүйд өөрийг чинь хүн залилж, зэмлэж буруутгахгүй, бусдын худалд хууртагдахгүй, ихэс дээдэст доромжлуулахгүй сайхан амьдарна гэж үздэг байна.
Ширүүн үг: Ширүүн үг гэгч яахаараа хар нүглийн нэг болдог вэ? Гэвэл бусдын сэтгэлийг хямруулж, хорсол гомдлыг буй болгож, уурын мунхагийг төрүүлж, гэмгүй байсан хүнээр өдий төдий нүглийг үйлдүүлдэг ажээ. Өөрөө нүгэл үйлдээд, өрөөлийг нүгэл үйлдүүлдэг ширүүн үг буюу дайрч доромжлох, нэр хоч өгөхийг тэвчих хэрэгтэй. Гарал угсаа, бие махь бодь, ёс суртахуун, ааш зангийнх нь хувьд дутагдалтай холбоотой таагүй үнэн, худал үгээр дайрч доромжлох, чи сайнаа үзэхгүй харж л байгаарай гэх юм уу тарни шившлэг үйлдэх юм уу үйлдүүлэх зэрэг бол ширүүн үгэнд багтана. Хүмүүс биед нь гар хөл хүрэхээр чи зодлоо жанчлаа гээд сүржигнэдэг хирнээ өөрсдөө хүний сэтгэл руу дайрч давшилж үгээр зоддог боловч түүнийгээ юмын чинээ боддоггүй хүн олон байдаг. Энэ бол хэлээр үйлдсэн нүгэл гэдгийг “Тодорхой толь” хэмээх сургаалийн номд:
“Сэлмээр цавчваас бие өвдмүй Ширүүн үгээр дайрваас сэтгэл өвдмүй
Сэтгэл гэгч нь биеэсээ эрхэм тул Сэцэн ухаантан үл өгүүлмүй” гэжээ.
Мөн ардын зүйр цэцэн үгэнд:
Цохисны шарх бүтдэг Хэлсний шарх бүтдэггүй гэдэг.
Тийм учраас ширүүн үг, хараал зүхлээс бүр татгалзвал зохилтой. Харин түүний оронд туслах үүднээс загнаж байвал арай дээр. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр ширүүн үг болон хараалын үгний хариу толгой дээр буудаг гэдгийг санаж ширүүн үгийг тэвчих аваас хүнээс муу үг сонсохгүй, хүнээр муулуулахгүй, доромжлуулахгүй, энэ насандаа жаргалтай хойт насандаа төрөл дээшлэхэд тустай гэдгийг санаж явах хэрэгтэй ажээ.
Хов ярих: Хов гэдэг үг нь монгол хэлний хоосон гэснээс гаралтай бөгөөд хов хэлнэ гэдэг нь хоосон, худал үгийг зөөх гэсэн утгатай аж.
Эвтнийг эвддэг, эвслийг тараадаг хов живийн хор нөлөөг сургааль шашдирт:
“Арга зальтай хов үгээр
Амраглан ханилагсдыг хагацуулах нь
Алсдаа өөрт тусгүй бөгөөд
Аливаа бүхэнд жигшигдмүй” гэжээ.
Эвтнийг эвдрэлцүүлж, элэг нэгтнийг дайсагналцуулах худал, үнэн нь мэдэгдэхгүй хоосон үг нь хов болно. Хов гэдэг нь хоёрыг холтгож, хонзонтны бахыг хангах хоосон зүйл гэдгийг ухаарч хов хэлэхгүй байх нь садан төрөл, сайн найз нөхөд, хань ижилтэйгээ эвдрэлцэж муудаж салахгүй, бусад хүн эсэргүүцэн босохгүй аз жаргалтай амьдарна гэж үздэг байна.
Чалчих: Ярих нь сонсохоос бага байгаасай гэж хүнд 2 чих нэг ам заяасан гэдэг. Чалчина гэдэг нь олонд тустай сайн үйл хийж, сайн үг хэлэх цагийг дэмий юманд барж, алтан цагийг хулгайлж байна гэсэн үг. Чалчих гэдэгт хэрүүл хийх, мууг нь дуудаж маргах, бярманы нууц тарнид баясах, ядарсан дуугаар гаслах, хашгирах, тоглоом шоглоом хийх, алиа марзан зүйл ярих, хаад түшмэд, ихэс дээдэс, лам хуврагтныг доромжлох, шоолох, хулгайч дээрэмчдийн муу үйлийг сайн болгож магтан ярих, галзуу солиотой юм шиг утга авцалдаагүй, учир холбогдолгүй, ёс суртахуунд харш зүйлийг ярихыг хэлнэ. Олон үг дэлгэх нь охорхон ухааны шинж гэдгийг ухан ойлгож, чалчих нүглийг тэвчих аваас хэлсэн үгэнд нь хэн боловч итгэж, хүндэлж хайрлаж, олондоо нэр хүндтэй, үргэлж дээдлэгдэх болно гэж үздэг байна.
Одоо сэтгэлээр хийх 3 нүглийг авч үзье:
Хомхойрох үзэл: Хорвоогийн хамаг муу бүхэн хомхойрох үзэл буюу шунаг зангаас үүсдэг. Шунах хомхойтохын гайгаар хүн төрөлхтөн ямар их гай гамшгийг амсаж байна. Шунах сэтгэлд автсанаар эх болсон байгаль дэлхийгээ хайр гамгүй сүйтгэж, бусдын нутгийг булаан эзлэх түрэмгий дайныг өдөөж, хүн хэмээх амьтны ариун сайхан бүхнийг түймэрдэж байна. Билэг сургаальд: “Эд таваарт хүсэл ихэдвэл Эцэстээ зовлон ирмүй Эрвээхэй хорхой зул дунд тачаагаад Эрхгүй түлэгдэх мэт” хэмээжээ.
Шунаг зан гэдэг нь бусдын эд хогшил, сайхан бүхэнд хорхойсох, хөрөнгө хогшил цуглуулах, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл үл ханах шуналтай байх, бусдын аливаа сайханд хомхойрхож минийх болоосой гэж бодох, өөрийн эд хогшилдоо маш их харам байх, шуналдаа хөтлөгдөн ичих нүүргүй болж гэм зэмийг ойлгохгүй болох зэрэг болно. Арван хар нүглийн нэг хомхой сэтгэлийг тэвчвээс эд агуурсаар баялаг, уур ундуугүй, сэтгэлийн амгаланг эдэлж хорвоогийн эрхэм дээд жаргалд хүрдэг ажээ.
Үзэн ядах үзэл: Үзэн ядах үзэл нь хорсох сэтгэлийг төрүүлдэг. Өшөө хонзон, атаа жөтөө, гүжир гүтгэлэг тэргүүтэн үүдэн гарч өрөөл бусдын баяр жаргалыг бусниулан сүйтгэдэг ажээ. Мөн бусдыг алж, хүлэхэд яадаг юм, эд хөрөнгө, эрүүл мэнд нь доройтоосой гэдэг бодол нь үзэн ядах нүгэл болно. Тэрхүү санаагаа гүйцэлдүүлбэл үйлдэл болно. Үзэн ядах үзэл нь зодож нүдэх зэрэг муу үйл хийлгэдэг байна. Хорсох сэтгэл гэдэгт ямар нэгэн учир шалтгаангүй юманд уурлах, жаахан хор хөнөөлд тэвчээр алдарч “энэ надад гай тарьсан” гээд түүнийг хорлох санаа төрөх, зүй бус зүйлд уурлаж муу санаа өвөртлөн түүнийг цаг ямагт бясалган бодох, энэ надад өс санаж байна  “үүнийг ягаад зодож, алж болохгүй юм бэ?” гээд түүнд бас хонзогнох, ичих нүүрээ умартан хорлох сэтгэлээ барих чадваргүй болж харааж зүхэх, өрөөл бусдад гаргасан хонзонг хань ижил, үр хүүхэд, ах дүү, амраг садан, найз нөхдөд нь гаргах зэрэг болно. Хорлох сэтгэлийн үр нөлөө нь юу болдогийг сургааль шашдирт:
“Хар хор ихэдвэл эл хариу нь өөрт ирмүй Галзуу зааныг дайсанд тавиваас харин гэдрэгээ хорлох мэт” хэмээн сургасныг бодож 10 хар нүглийн нэг болох үзэн ядах үзлийг тэвчвээс хүмүүс танд хор хүргэхгүй, үргэлж танд туслаж байх болно гэж үздэг байна.
Буруу үзэл: Үзэл буруутвал үйл буруудна гэдэг. Буруу үзэл гэдэг нь үгүйсгэх үзэл болно. Энэ нь шалтгаан, үр дагавар, үйл хөдлөл болон бодит оршихуйг үгүйсгэх байдлаар илрэн гарна. Тухайлбал: бидний дээр харуулаад байсан Бурханы сургаалийн гол үзэл баримтлал болсон зовлонгийн шалтгаан болох “би”-ийн хоосон биш чанарыг үгүйсгэх, нас барснаар бие, сэтгэл салаад сэтгэл нь 6 зүйл амьтан дээр төрлөө олдог, төрөл дээшилж доошлох нь хүний хийсэн үйлээс болдог гэсэн үйлийн үрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг бурханы шашны үзлийг буруутгах явдал болно. Буруу үзлээс болж дээр бидний авч үзсэн зовлонгийн үндэс болсон нисваанисын 5 хор боловсрон гардаг байна. Буруу үзэлд автваас сайн сайхан үйл үйлдэх үүд хаалга нь хаагдаж арван хар нүгэл рүүгээ хальтран ордог байна.
Ийнхүү 10 хар нүглийн нэг буруу үзлийг тэвчиж, үнэн үзэл, ариун бодлыг дээдэлж явбаас сайн үйл болж энэ насандаа зовлонгоос ангижирч жаргалд хүрч, хойт насандаа төрлөө дээшлүүлж зовлонгоо нимгэлэх төдийгүй 6 зүйл амьтныг үйлийн үрийн зовлонгоос ангижруулахад ач тустай, буянтай үйлс хийлээ гэж ойлгож болох нь байна.
Бурханы сургаальд 10 хар нүглийн бие болон хэлээр үйлдэх нүгэл нь сэтгэлийн үйлээс эхтэй гэж үздэг. Тийм болохоор сэтгэлийн муу үйлийг тэвчиж явах нь хамгийн чухал юм байна. Хүнд хөнгөн хэрэг гэж байдагтаа нэгэн адил нүглийг дотор нь бас хүнд хөнгөн гэж ангилдаг байна. Тухайлбал, амьтны амь таслах нь нүгэл боловч хүний амь хороох нь амьтны амь хороохоос их нүгэл болох, буга зааны зэрэг том амьтны амийг хороох нь хулгана, зэрэг жижиг амьтны амь хороохоос их нүгэл болох, биеэр хийх нүгэл нь хэлний нүглээс их болох зэрэг ажээ.
Дээр дурдсан арван хар нүглийг тэвчих аваас буян болдог байна.
Эх сурвалж: ASUU.mn /Арван хар нүглийн талаар илүү дэлгэрэнгүйг Буддын сургааль ном шаштираас үзэж болно. Энэхүү нийтлэлийг интернэтэд байгаа хамгийн дэлгэрэнгүй, ойлгоход хялбар нийтлэл гэж үзсэн тул нийтлэв/

Friday, November 18, 2011

Өөрийгөө зодоод уйлуулчихбал өөрийгөө би дийлчихнэ

Бусдыг дийлдэг хүнийг хүчтэн, Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ. Өөрийгөө ялсан ялалт л жинхэнэ ялалт гэх мэт өөрийгөө ялах, ухаарах, таньж мэдэхтэй холбоотой өчнөөн олон сайхан үгс байдаг. Та ч гэсэн үүнээс өөр энэ чиглэлийн нэлээд хэдэн онч мэргэн үгийг нэрлэчих биз. Миний мэдэхийн би энэ үгийг бараг бичиг үсэг тайлагдсан цагаасаа уншиж мэдсэн, цээжилж сурсан юмдаг. Гэвч жинхэнэ утга учрыг нь сайн ойлгодоггүй байж. Тодруулбал өөрийгөө дийлнэ гэдгийг нь. Ухаандаа бяцхан гайхаад өнгөрсөн хэрэг. Юмны учир мэдэхгүй жаахан хүүхэд байхдаа би өөрийгөө дийлнэ гэдгийн нарийн учрыг иймэрхүү байдлаар ойлгож байлаа. Тэр үед ялж дийлнэ гэдэг бол минийхээр муудсан нэгэнтэйгээ гар зөрүүлж /зодолдож/ дийлвэл уйлуулах эсвэл дийлдвэл өөрөө уйлах тухай ойлголт л байлаа. Тэгээд хүн өөрөө өөрийгөө дийлнэ гэдэг чинь өөрөө өөрийгөө зодож уйлуулах хэрэг үү гэсэн гэнэн бодол толгойд орж ирдэг байв. Өөрөө өөрийгөө зодоод уйлуулчихбал өөрийгөө би дийлчихнэ.
Үнэндээ өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол иймэрхүү ойлголт огт биш гэдгийг би 20 нас гарч байж л ойлгосон юм. Өөрийгөө ялан дийл гэдгийн утга учрыг бүрэн ойлгохын хамгийн эхний алхам бол өөрийгөө таньж мэдэх юм. Эртний Грекийн нэгэн сүмийн үүдэнд өөрийгөө таньж мэд гэж товойлгон сийлсэн байдаг байж. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдсэн хүн өөрийгөө ялан дийлэх боломжтой болох юм. Би хэн бэ? Надад ямар ямар сайн болоод муу чанарууд байгаа вэ? Уурын мунхаг, хүсэл тачаалаа би хянаж чадах уу? Өөрийнхөө залхуу хойрго, санаачлага идэвхгүй, аймхай хулчгар зангаа би мэдэрч чаддаг уу? Сэтгэлээр унаж гуниж гутрах үеээ би мэдэж чаддаг уу гэх мэт олон асуултанд өөрийгөө таньж мэдсэн хүн төвөггүй хариулж чаддаг.
Энэ түвшинд хүрсэн хүн сая өөрийгөө ялан дийлэх бололцоотой болно. Би сайн хүн юм уу муу хүн юм уу? Тийм бол би өөрийн сайн чанаруудаа яаж илүү хүчирхэг болгох вэ? Эсрэгээрээ муу чанаруудаа хэрхэн үгүй хийж багасгах вэ? Уур мунхаг, хүсэл тачаалаа хэрхэн яаж ялан дийлэх вэ? Өөрийнхөө залхуу, идэвх санаачлагагүй, хулчгар зан араншиндаа би дийлдэхгүй байж сурсан уу? Сэтгэлээр унах, гутрах үеээ би мэдэрч таньж түүнээсээ яаж гарах улмаар яаж үүнээс сэргийлэхээ мэддэг тэр мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг болсон уу гэх мэт асуултанд төвөггүй хариулж чаддаг болсон хүн өөрийгөө ялан дийлж эхэлдэг. Аливаа зүйлийг мэдэх нэг хэрэг, мэдсэн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлнэ гэдэг бол өөр хэрэг. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол хялбарчилбал ийм л ойлголт.
Жишээ авъя: Архи бол эрүүл мэндэд муу, ер нь бол сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж ярьдаг муулдаг. Гэвч түүнийг хүмүүс хэрэглэсээр уусаар л байдаг. Архийг уусан, уудаг хүмүүс мэдээж өөрсдийгөө зөвтгөх өч төчнөөн шалтгаан хэлнэ. Архи бол идээний дээж, монголчууд архийг хүндлэн дээдэлж хүндтэй хүндээ өгдөг байсан, тохируулж хэрэглэх хэрэгтэй гэх мэтээр ...  өөрсдийгөө түмэн янзаар зөвтгөж байдаг. /Дашрамд хэлэхэд өдөрт 30 гр архи уух нь л зохистой хэрэглээ харин түүнээс хэтрүүлэн хэрэглэсэн ямарч тохиолдолд архи хортой болдог тухай би Эрүүл мэндийн нэгэн сэтгүүлээс уншсан гэдгээ дуулгая/
Ямарч нөхцөлд архи уудаггүй үгүй ядахад өдөрт 30 граммаас хэтрүүлдэггүй хүнийг би өөрийгөө ялсан хүн гэж хэлнэ. Нэг тиймэрхүү зүйлийг л өөрийгөө ялан дийлэх гээд байгаа юм даа. Энэ бол энгийн нэг л жишээ. Мэдээж залхуу зан, атаач, худалч, хулгайч гэх мэт төрөл бүрийн олон муу чанаруудаа таньж мэдээд түүнийгээ дахин гаргахгүй байж чадсан бүх л тохиолдлыг өөрийгөө ялж дийлсэн гэж хэлнэ.
Хөгжилтэйгээр зүйрлүүлж хэлэх юм бол өөрийгөө таньж мэднэ гэдэг нь нэгдүгээр ангиа төгсөхтэй адил зүйл харин өөрийгөө ялан дийлж сурвал хоёрдугаар ангиа төгслөө гэсэн үг. Анги дэвшүүлэх шалгалтыг амьдрал өөрөө авна. Шалгалтанд та хэнээс ч хуулах бололцоогүй дан ганц өөрийн сурсан мэдсэнээрээ л шалгалт өгдөг. Зарим нь амьдарлаа дуустал нэгдүгээр ангид сурдаг боловч түүнийгээ ч төгсөж чадалгүйгээр бурханы орон руугаа явдаг гэдэг. Хэн ч хэзээ ч шууд л хоёрдугаар ангид элсэн ордоггүй тэгэхээр өөрийгөө таньж мэдэж өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь нэг нь нөгөөгүйгээрээ байх бололцоогүй нэгэн цулын хоёр бүрэлдэхүүн юм.
Их эзэн Хаан Чингэс маань "Эхлээд биеэ зас дараа нь гэрээ зас, түүний дараа төр улсаа зас" гэж сургасан байдаг. Би бодохдоо "биеэ зас" гэдэг сургаалиараа дамжуулан үр хойчдоо эхлээд өөрсдийгөө таньж мэдэж, өөрсдийгөө ялан дийлж сур гэж гэрээсэлсэн юм болов уу гэж боддог юм. Үүнийг мэргэн уншигч та гэгээн оюундаа тунгаан бодно биз ээ.
Жич: Энэ бичлэгийн маань жинхэнэ нэр нь түрүүний нийтлэлийн төгсгөлд амласан ёсоор "Өөрийгөө ялан дийл" гэдэг нэртэй боловч илүү сонирхолтойг нь бодож дээрх нэрийг өгөв.
Б.Оюунсуртал

Thursday, August 25, 2011

Сонгох уу? Олох уу?

Adoption

Хүмүүс сонголтын тухай их ярьдаг. 10 жилийн хүүхдүүд ямар мэргэжил сонгох вэ? Ганц бие хүмүүс ханиа хэрхэн сонгох вэ? Улс төрийн сонгууль болоход сонгогчид аль намыг сонгох вэ?  гэх мэтээр түмэн янзын сонголтын тухай асуултын зөв хариултыг хайцгааж байдаг. Тэгээд ямар нэгэн сонголт хийдэг. Зөв сонголт хийх тухай эх адаггүй яриа үүнээс улбаалан хөвөрдөг. Зарим нэг нь нөгөөдөө зөв сонголт хэрхэн хийх тухай ярьж өгч байхыг та харсан л биз. Би ч хүмүүстэй энэ талаар ярилцдаг. Гэвч сонголт гэгч маань дэндүү өрөөсгөл ойлголтыг хүмүүст өгөөд байгааг зарим хүмүүс анзаарахгүй байна. Сонголтын тухай ойлголт эдийн засгийн ухаанд их хэрэглэгддэг. Манайхан орчуулахдаа  дан ганц сонгох гэдэг утгаар нь хадмалдаж орчуулсанаас болсон уу ямартайч ихэнх хүмүүс энэ утгаар нь голдуу ойлгож хэрэглээд байх шиг. Мэдүүштэй нь сонгох гэдэг энэ үг зөв олох гэдэг утгийг давхар агуулдаг юм. Миний хувьд олох гэдэг утга дээр нь илүү төвлөрөх нь зөв гэж боддог. Жишээ нь: Олон хүүхдүүд мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? гэдэг. Хүн гэгч амьтан бүхнийг хийх чадвартай төрдөггүй юм. Ухаандаа бүгд дуу дуулах авъяастай төрөхгүй буюу арилгасан сонгино шиг бүгд адилхан чадвар, биеийн өндөр, үсний өнгөтэй байдаггүй учир нь хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль ямарваа зүйлийг бүтээхдээ хэзээ ч дахин давдагдашгүй байх  цор ганц хувийг л бүтээдэг.

Тэгэхээр бүх мэргэжил хүн бүрт таарч тохирно гэж үгүй дуучин хүн дуу дуулах авъяастай байж гэмээнэ сая жинхэнэ дуучин болно. Төрөлхийн л инженерийн ур чадвар өөрт нь заяагдсан байж гэмээнэ нь сая бусдаас сайн инженер болно. Нэг түгээмэл асуулт байдаг аугаа хүнийг бий болгодог уу эсвэл аугаа хүн байгалиас өөрөө төрдөг үү гэсэн асуулт. Би бол энэ асуултанд аугаа хүн төрдөг бас түүнийг бүтээдэг гэж хариулна. Хулганад нэг  кило ачаа зүүгээд үзвэл хөдлөхгүй сарвагнаад л байх болов уу. Харин Зараа бол дажгүй яваад байж мэднэ. Сарлаг бол нэг кило ачааг байгаа үгүйг нь мэдэхгүй шахам л явна. Нэг номон дээр нэг залуу ингэж бичсэн байж билээ. "Би байдаг бүх хүч чадал, ухаан бодлоо дайчлан бүхэл бүтэн таван цаг бодож байж нэг бодлогын хариуг гаргаж байхад миний өрсөлдөгч ердөө л хагас цагийн дотор нөгөө бодлогын хариултыг гаргачиж билээ. Тэр үед л би математикт  хол явахгүй юм байна гэдгээ ойлгож билээ гэж дурссан байдаг" Яг үүний нэгэн адилаар та өөртөө тохирох мэргэжил, ажил, хань ижил бас улс орноо хөгжүүлж чадах бодлогыг "олох" учиртай. Олох гэдэг үгийг би маш их онцолж байгааг та анзаарч байгаа үнэндээ ихэнх хүн ямарваа нэг сонголт хийх гэж байгаа юм шигээр сэтгэдэг. Харин эсрэгээрээ ямар нэгэн маш чухал зүйл олох гэж байгаа юм шигээр сэтгэдэггүй. Яг л дэлгүүрийн лангуун дээр ирээд бүх гутал өөрт нь таарах юм шиг л аяглана. Тэгээд илүү гоё харагдсаныг нь ч юм уу за нэг тиймэрхүү "шинж чанар" дээр нь үндэслэж байгаад сонголт хийх тухай бодоцгоодог. Дэлгүүрээс өөртөө хувцас авах гэж байгаа үед ингэж бодох нь зүй ёсных байх харин өөрийнхөө цаашдын амьдрал хувь заяатай холбоотой асуудалд ингэж хандаж болох уу. Үгүй дээ тийм биш ялангуяа амьдарлынхаа хувь заяатай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа бол та хэзээ ч ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Та бол цор ганц бөгөөд танд тохирох мөн л цор ганц   зүйл  бий. Тэр нь юу ч байж болно мэргэжил, хань ижил гэх мэт. Зөвхөн өөртөө тохирох эдгээр зүйлсээ та олох ёстой болохоос дэлгүүрт байгаа юм шигээр дуртайгаа авна эсвэл хамгийн сайныг нь сонгоно гэдэг ч юм уу тухайн үед таалагдаж байснаар нь ямар нэгэн сонголт хийчихвэл та алдаа гаргах магадлалтай. Бүр маш өндөр магадлалтай гэж би хэлмээр байна.

Хичээл зүтгэл бол хүний амжилтын үндэс гэдэг нь маргаангүй. Үүн дээр төрөлхийн авъяас чадварыг нэмбэл ямарч хүн аугаа хүн болно. Өөрийгөө таньж мэд гэж эртний Грекийн нэг сүмэн дээр бичсэн байдаг байж. Энэ үг одоо хүртэл үнэ цэнээ алдсангүй нэлээн дээхэн хөгжмийн зохиолч Жанцаноров гуайн ярилцлагыг сонсож байхад Жанцанноров гуай "Би бол өөрийгөө олсон хүн" гэж билээ. Өөрийгөө олсон хүн гэдэг бол өөрийгөө мэдсэн таньсан хүн юм. Манай их эзэн Чингэс хаан үр хойчдоо гэрээслэхдээ "Биеэ зас" гэж хэлж. Энэ үгний далд нэг утга нь өөрийгөө ол гэсэн утгатай юм болов уу гэж би боддог. Бидэнд сонгохоос илүүтэйгээр  олох зүйл маш их бий. Тийм учраас би амьдрал бол сонголт биш харин ололт гэж боддог. Хэрвээ Эйнштэйн амьд байсан бол "Миний амьдрал, амжилт бол цагаа олсон маш олон зөв "ОЛ-ОЛ-Т"-ууд мөн. Ээдээ хүүхдүүд минь сонгохоосоо илүү олох нь л чухал юм шүү" гэж хэлэх байсан байхаа. Хамгийн наад зах нь өөрсдийгөө олох ёстой шиг.

Хамгийн сүүлчийн өгүүлбэр буюу асуулт. Та одоо сонгомоор байна уу? Олмоор байна уу?

/Өөрийгөө ялан дийл. гэдэг үг ямар учиртай үг болохыг одоо л ойлгож байна./ дараагийн нийтлэлд ...

Wednesday, August 24, 2011

Оюутны эссэ


Таны ирээдүйн зорилго болон та сургуулиа төгсөж ирээд өөрийн аймагтаа ямар чиглэлээр ажиллаж юу хийхийг мөрөөддөг тухайгаа бичнэ үү? сэдвээр бичсэн нэгэн оюутны эссэг нийтэлж байна.
Хөдөө орон нутагт ажиллана гэдэг бахархалтай зүйл ялангуяа өөрийн өсч төрсөн төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд өөрийн гар биеэрээ оролцох нь бидний бахархал амьдарлын маань утга учир байх учиртай. Гэвч миний үеийн олон залуучууд хот болон хүн ам ихээр төвлөрсөн суурин руу тэмүүлж илүү таатай амьдарлын нөхцөл ая тухтай, амар хялбар амьдрах орчинд татагдан хотын амьдарлыг илүүд үзсээр байна. Хэдийгээр хотын амьдрал нь хөдөө орон нутгийн амьдралын орчин нөхцлөөс илүү сайхан амьдрах нөхцөлтэй нь үнэн боловч цэвэр агаар байгаль, экологийн цэвэр хүнс, амгалан тайван хүнлэг зан чанар бүхий хүмүүс зэргээрээ хотын амьдарлын нөхцөлөөс хөдөө нутаг илүү сайн сайхан амьдралтай  гэж би боддог.
      Миний мэргэжил бол хөдөлмөрийн багш. Хөдөө орон нутгийн иргэд бидний хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ зах зээлд борлуулах тал дээрээ одоог хүртэл ахиц дэвшил гаргаж чадахгүй л байна. Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн үед хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ амжилттай борлуулах нь хамгийн чухал  байдаг билээ. Манай хичээл нь хүүхдүүдийг бага наснаас нь буюу дунд сургуулийн орчноос нь эхлэн хөдөлмөрч, бүтээлч, аливааг бүтээн бий болгох сэтгэхүйтэй болгон хүмүүжүүлэхэд чиглэгдэж ийм сэтгэлгээг хүүхдэд төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа манай хичээл сургалт, энэ чиглэлийн боловсролыг олгодог багшийг бэлтгэх хөгжүүлэх нь орон нутгийн хөгжилд оруулах томоохон хөрөнгө оруулалт болно гэж би бодож байна.
      Би мэргэжлээрээ сурч төгсөөд орон нутагтаа ирж ажиллана. Орон нутгийнхаа дунд сургуульд багшилж ирээдүйд улс эх орон хөдөө нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсан үйлдвэрлэгч, зохион бүтээгч, хөдөлмөрч бизнесмен иргэдийн шинэ үеийг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Энэ бол төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулах миний өөрийн хувь нэмэр минь гэж бодож байна.

Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам

Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл зари...