Wednesday, March 27, 2024

 

Тэнгэрийн тухай тайлах нь

Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод бусад судлаачид өөр өөрийнхөө тайлбарлаж байна.

Тэнгэр үзэл, тэнгэрийг шүтэх үзэл нь эртнээс нааш монголчуудын ууган шүтлэг бишрэл байсаар ирсэн. Тэнгэрийн тайх тахих тухай, тэнгэрийг магтах дээдлэх зан үйлийн тухай эртний Монголын төрт улсуудын түүхэнд түгээмэл тохиолдоно. Тэнгэрээ шүтэх ухааныг нийтийн үзэл суртал болгон түүнийгээ баримталж ирсэн цагт Монголчууд мандан бадарч тэнгэрийн үзлээс ухарч няцсан үедээ уруудан доройтдог байсан зүй тогтолыг Монголын түүхээс харж болно. Монголчууд өөрсдийгөө Тэнгэрээс заяат гэнэ. Мөнх тэнгэрийн хүчин дор гэнэ. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэнэ. Тэнгэрийн цаг тэнгэртээ болмогц гэнэ. Тэнгэр нь хаяна гэнэ. Тэнгэрийн гэсгээл гэнэ. Тэнгэрийн ташуур гэнэ. Тэнгэрт тэтгэгдэнэ гэнэ. Тэнгэрийн орон гэнэ. Тэнгэрийн хөвүүн гэнэ. Энэ мэт тэнгэртэй холбоотой ойлголтуудыг өнөө цагт мартаад ихэвчлэн тэнгэр гэдгийг одон гариг, эрхэс, орон зай, тэнгэрээс бороо хур, цас орно гэдгээр явцуу ойлгож тайлбарлаж байна.

Я.Цэвэл гуайн монгол хэлний товч тайлбар толинд Тэнгэр гэх үгийг үндсэн 2 утгаар тайлбарлажээ.

1. Огторгуй, газрын дээд талд буй бидний нүднээ үзэгдэх агаар мандал, хөх тэнгэр, агаар тэнгэр, тэнгэр бүрхэх, тэнгэр муухай аашлах, тэнгэр дулаарах, тэнгэр хүйтрэх гэх мэтээр цаг агаарын үзэгдэлтэй холбон хэрэглэх явдал өнөө түгээмэл ажиглагдана.

2. бөө нарын шүтэх шүтээн, 99 тэнгэр, тэнгэр, онгод шүтлэг, харын тэнгэр, цагааны тэнгэр гэх мэт сүсэг бишрэлийн байдлаар хэрэглэх хандлага мөн түгээмэл байна.

Мөн үүнээс гадна юмны хэмжүүрийн хэллэгт хэрэглэнэ. Тэнгэр шиг өндөр, том гэх мэтээр харьцуулах, мөн тэнгэрийн дүлий гэх мэт ургамалын нэршилд хүртэл хэрэглэгдэнэ. Дүгнээд хэлбэл Монголчуудын өдөр тутмын аж ахуйн үг хэллэгт Тэнгэр гэдэг үг нэлээд түгээмэл ашиглагдана. Азгүй бүтэлгүй хүнийг тэнгэргүй гэх байдлаар муушаах, азтай одтой байдлаа тэнгэртэй байх гэдэг үгээр илэрхийлнэ.

Тэнгэр гэдэг нь ТЭН-ГЭР гэсэн 2 язгуур үгийн нийлбэр юм. Алтан дээд үнэний аялгуу номонд тэнгэр гэх үгийг дараах байдлаар тайлбарладаг.

Тэн гэдэг нь ялалт гэсэн утгатай. Мөн өргөн уудам хязгааргүй гэсэн утгыг давхар агуулна.

Гэр гэдэг айл гэр сууц гэсэн утгаар ойлгогдоно. Мөн бүтээх, үйлдэх гэсэн утгатай.  Гэр гэдэг гэрчлэх, гэрэгэ баримт гэсэн үгийн язгуур болно.

Тэнгэр гэдэг үгийн нөгөө нэг утга нь тангар болно. Монгол хэл бол хос сувагтай хэл учир үзийн дуудлага, угийн дуудлага гэсэн 2 дуудлагатай байна. Тэнгэр гэдэг нь үзийн дуудлага, тангар гэдэг нь угийн дуудлага. Дуудлага нь өөр боловч утга нь нэг. Монгол хэлэнд ийм үгийн жишээ маш олон. Зэндмэнэ-Чандмань, Адил-Ижил, Ихэр-Хоёр, Луу-Үлэг, Өвөг-Овог энэ мэт үгийн жишээ олон.  Үүний нэгэн адил Тэнгэр гэдэг үгийн угийн дуудлага нь Тангар болно. Өнөө цагт Тангар гэдэг үг яг энэхүү бичлэг хэлбэрээрээ ашиглагдахгүй байна. Харин Тангараг гэдэг үгийн үндэс болжээ.

Одоо бүгдээрээ Тэнгэр гэдэг үг тангараг гэдэг үг хоёрыг ижил утгатай гэж ойлгоод тэнгэр гэдэг үгийн оронд тангараг гэдэг үгийг орлуулж үзье.

Тэнгэрийг шүтэх үзэл-Тангарагийг шүтэх үзэл, дээд тангарагаас заяат төрсөн, мөнх тангарагийн хүчин дор, хэрхэхийг тангараг мэднэ, тангарагийн цаг ирэх, тангараг нь хаях, тангарагийн гэсгээл, тангарагийн ташуур, тангарагт тэтгэгдэнэ, тангарагийн орон, тангарагийн хөвгүүн гэх мэтээр тэнгэр үгийг тангараг гэдэг үгээр орлуулахад ихэнх нь утгийн хувьд таарч байна.

Тэнгэрийг шүтэх үзэл гэдэг нь тангарагийг шүтэх үзэл байжээ гэж ойлгож болохоор байна.

Дээд тэнгэрээс заяат төрсөн гэдэг нь дээд тангарагаас/тангарагтанаас/ заяат төрсөн гэж ойлгогдож болж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдгийг мөнх тангарагийн хүчин дор гэж тайлбарлаж болж байна. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэдгийг хэрхэхийг тангараг мэднэ болгож өөрчилхөд ойлгож болж байна.

Тэнгэрийн цаг ирэх гэдгийг тангарагийн цаг ирэх гэж ойлгож болж байна. Тэнгэр нь хаях гэдгийг тангараг нь хаях гэж ойлгож болно. Тэнгэрийн гэсгээл гэдэг нь тангарагийн гэсгээл байж болно. Тэнгэрийн ташуур гэдэг нь тангарагийн ташуур болж болно. Тэнгэрийн орон гэдгийг тангарагийн орон гэж ойлгож болж байна. Тэнгэртэй хүн гэдэг бол тангарагтай хүн байж болно.

Тангараг өргөх, тангараг тавих соёл бол монголчуудын өнө эртний соёл мөн. Өргөсөн тангарагтаа үнэнч байх түүнийхээ төлөө амь биеэ үл хайхран тэмцэх нь монголчуудын тэр дундаа монгол эрчүүдийн өнө эртний уламжлал бахархал байсан.

Өнөө цагт энэхүү тангараг өргөх тангарагтаа үнэнч байх соёл бүдгэрч мартагдсан байж магадгүй.

Гэр гэдэг үгийн нэг салаа утга нь тангараг, үүрэг амлалт гэсэн үндсэн утгыг агуулна. Гэр бүлийн үндэс бол хос хоёрын бие биендээ өгсөн ам тангараг юм. Иймээс гэр бүл гэдэг бол бие биедээ ам тангараг өргөсөн хоёр хосыг хэлж байна. Тангараг өргөсөн хоёр хосын аль нэг нь эсвэл хоёулаа тангарагаасаа няцвал гэр бүл сална.

Улсын үндэс бол гэр бүл, гэр бүлийн үндэс бол тангараг юм бол улс орны үндэсийн үндэс бол тангараг гэдэг дүгнэлт хийж болно. Тухайн улс орны иргэд бүгд бие биедээ өргөсөн тангарагтай гэсэн үг. Улс орны иргэд бие биендээ өргөсөн тангарагаасаа няцвал улс орон уруудан доройтож мөхөж сүйрнэ.

Улс орны иргэд бие биендээ өргөсөн Тангараг нь юу байсан юм бол ...

Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс үзнэ үү.

Monday, January 22, 2018

Илүү сайжрахын тулд өөртөө бага багаар хэрэгжүүлэх 32 зайлшгүй алхам

Хувь хүнээ хөгжүүлэх аялал хэзээ ч дуусахгүй. Cурч, мэдэж, өсөн дэвжих тусмаа “өшөө их” суралцах ёстойгоо бид ойлгодог шүү дээ. Гэтэл заримдаа бид хаанаас, хэрхэн, яаж эхлэхээ мэддэггүй шүү дээ. Ийм үед өөрийгөө улам хөгжүүлэх хүслийг чинь үр дүнтэй болгоход доорх 32 санаа чамд туслах болно.

Black and white photography // The Happiest of Sad Songs // girl, reading, book, b&w, photography, film, inspiration
1. Ном унш, гэхдээ өдөр бүр бага багаар–Хорвоо ертөнцийг тольдож, өөрийгөө улам их танихад ном тусална. Тэр бол хэзээд жагсаалтаас буудаггүй номер нэг хувийн туслах.Ухаан бодлыг чинь тэлж, хувь хүнээ хөгжүүлж, цаг заваа үр бүтээлтэй өнгөрөөхөд тэр чамд гарцаагүй тусална.
2. Шинэ хэл сур – Мэдлэгийн хүрээгээ тэлж, ярианы ур чадвараа нэмээд зогсохгүй өөр орны түүх, соёл ахуй амьдралаас суралцах болно. Шинэ туршлага, шинэ мэдрэмж, шинэ мэдлэг чадварыг өгч өөрийгөө шинээр бий болгоход туслах болно. Duolingo , Rosetta Stone , Busuu сайтуудаас хүссэн хэлээ сурах боломжтой.
3. Шинэ хоббитой бол – Хэрэв чи спортод дуртай бол сонирхдогоосоо ондоо төрлийг туршаад үзээрэй. Тухайлбал туялзуур сэлэм, гольф, снөүборд, кун фу туршиж болох юм. Эсвэл илүү амар тайван байдлыг бэлэглэхүйц ваар урлах, Итали хоол хийх, вино амталгаа, веб дизайнер гэх мэт ч байж болно.
4. Курс, семинарт бүртгүүл – Сургалтаар чи маш олон чадвар мэдлэгийг эзэмших болно. Эдгээр хичээл нь заавал урт хугацааны байх шаардлагагүй. Нэг өдрийн, хэдхэн цагийн сургалт байсан ч чиний мэдлэг чадвар нэмэгдсээр л байна. Төлбөртэй болон төлбөргүй олон сургалтууд байгаа учраас боломжийг битгий алдаарай.
5. Өрөөгөө урам зориг өгөхүйцээр тохижуул – Орчин тойрон “гоё” байх тусмаа чи өдөр бүр эрч хүчээр цэнэглэгдэх болно. Учир нь хүн хамгийн ойр байгаа зүйлсээсээ төрөл бүрийн мэдрэмжийг авч байдаг. Өрөөгөө, өөрийнхөө буланг хүссэнээрээ тохижуулж өдөр бүр ажлаа ахиулах урам зоригоо нэмээрэй.
6. Айдсаа даван туул – Хүн бүрийн дотор том жижиг гэлтгүй айдас оршиж байдаг. Жишээлбэл олны өмнө гарахаас, аюултай нүүр тулахаас, алдаа эндэгдэл гаргахаас бид айдаг. Айдсаа даван туулах үед маш их хүч чадал, энерги мэдрэгдэнэ.
7. Өглөө эрт бос – Өглөөний 5-6 цагт босож хэвш. Ингэснээр ажлын бүтээмж, амьдралын сэтгэл ханамж хэд дахин нэмэгдэнэ. Эрт босоход оюун санаа сэргэг байдаг учраас чухал ажлуудаа бүтээлчээр амжуулах боломжтой. Мөн өглөөний цайгаа тавтай уух, ном сэтгүүл эргүүлэх , иог бясалгал хийх, гүйх зэрэг эрүүл мэнддээ тустай зүйл хийхэд хангалттай цаг гарах болно.
a carpenters kind of morning. also this is one of the best coffees i've ever made, vanilla sugared magic. ️
8. Долоо хоног тутмын дасгалын хэв маягийг бий болгох – Аз жаргалтай, амжилттай амьдрал эрүүл байхаас эхлэлтэй. Үүний тулд 7 хоног бүрийн тогтмол хугацаанд дасгал хөдөлгөөн, эрүүл хэвшлийг бий болгох зүйлсийг хийж байгаарай. Хамгийн багадаа долоо хоногийн 3өдөр, 30 минутыг зарцуулахад болно. Жишээлбэл усанд сэлэлт, алхалт, дугуй унах гэх мэт.
9. Өөрийн амьдралын “гарын авлага”-ыг бич – Амьдралын зорилго, мөрөөдөл, үнэ цэнэ, хийхийг хүсэж буй болон хийхээр төлөвлөж байгаа зүйлс зэрэг амьдралдаа хамаатай зүйлсийг бичиж тэмдэглэ. Үүнийгээ тогтмол ашиглаж би хаана явж байна вэ гэдгээ олж хардаг байгаарай. Учир нь чамайг өсөн дэвжихэд туслах болно.
10. Ирээдүйн өөртөө захидал бич – Нэг, таван жилийн дараах өөртөө зориулан захидал бич. Одооныхоосоо хэр өөрчлөгдсөн байх вэ, ямар өөрчлөлт ахиц дэвшил гарсан байх вэ зэргийг тооцоолон бичээрэй. Мөрөөдлийн ажил, мөрөөдлийн гэр, мөрөөдлийн ханхүүгийгхээ тухай ч бас захидалдаа бичиж болно. Бичсэн зүйлсийн ихэнхи нь биелдэг шүү дээ.
11. Тав тухтай бүсээсээ гар –Улам сайжирахыг хүсэж байгаа л бол өөрийн тав тухтай орчноос гарч, шаргуу хичээх хэрэгтэй. Өөрийн биеийн амрыг бодоод л байвал чи бэрхшээлтэй ч, бэлэгтэй ч нүүр тулахгүй. Хийж хэвшснээсээ өөрөөр хийж үз. Шинэ орчинд оч, шинэ хүмүүстэй уулзаж, шинэ ажилд өөрийгөө сорь.
12. Өөрийгөө бас бусдыг “сорилт”-нд оруул – Өрсөлдөөн бол өсч хөгжих хамгийн сайн аргуудын нэг. Ажлын хамтрагч, найзтайгаа хамт сорил зохио. Илүүдэл жингээ хаях, шинэ хэл сурах зэрэг хамтдаа хийж, хамтдаа өсөн дэвших боломжтой шинэ зүйлийг эхлүүл, уралд. Илүү сайн байсан нэгнээ урамшуул.
13. Бусдаас санал асуу – Найзууд, гэр бүлийнхэн, ажлын хамтрагчидаасаа ямар алдаагаа хэрхэн засаж болох тухай асуу. Магадгүй тэд чамайг өөрийгөө мэддэгээс илүү мэдэж байгаа. Тэднээс зөвлөгөө хүс. Хэрхэн сайжруулах арга замыг асуу.
14. Төлөвлөгөөндөө төвлөр – Төлөвлөгөөтэй ажиллах нь амьдралыг, ажлыг илүү эмх цэгцтэй болгодог. Оройны 15 минутыг маргаашийн төлөвлөгөө гаргахад зарцуул. Жагсааж бич. Хийсэн ажлуудаа тэмдэглэх нь илүү олон ажил амжуулах эрч хүчийг өгнө. Зөвхөн нэг өдрөөр зогсохгүй долоо хоног, нэг сар, улиралын төлөвлөгөө гаргаж, мөрдөж байгаарай.
A spread from a couple weeks ago! I passed the... - Lentil Studies
15. Алдаа дутагдлаа мэддэг бай – Хүн бүр төгс биш. Гэхдээ үүнийгээ мэддэг байх нь чухал юм. Чи ямар зүйл дээр алдсан бэ? үүнийг засах тал дээр чи юу хийж байна. Өөртөө дүгнэлт хийж, алдаагаа засахад анхаарал хандуул.
16. Үйлдэл хий – Сайжрах, өсөн дэвжих хамгийн чухал алхам бол үйлдэл хийх. Чи хичнээн бодож төлөвлөлөө гээд ямар ч үйлдэл хийхгүй бол бүх зүйл тархинд чинь л үлдэх болно. Аялахыг хүсэж байвал одооноос мөнгө цуглуул, судалгаа хий. Их бага хэмжээгээр үйлдэл хийж, алхам алхмаар урагшил.
17. Чамд урам зориг өгдөг хүмүүсээс “суралц” – Чамайг гайхшруулдаг, чамд урам зориг өгдөг хүмүүсийн тухай бод. Тэднээс юуг нь суралцаж үлгэрлэж болохоор байна, сайн зүйлсийг суралцаж, үлгэр жишээ ав.
18. Сөрөг хүмүүсээс зайлсхий – Өдрийн дийлэнх цагийг ямар хүмүүстэй хамт өнгөрөөдөг вэ? Бодоод үз дээ. Тэд чамд ажиллах урам зориг өгч, сайн сайхан бодол төрүүлэхүйц байж чаддаг уу? Сөрөг энергитэй хүмүүс хаа сайгүй бий. Тэд аз жаргалыг чинь бага багаар идэж, ажлын бүтээмжийг ч унагааж байдаг. Сөрөг хүмүүсээс өөрийгөө, оюун бодлоо хамгаалах дархлаатай байж, аль болох зайгаа барь.
19. Харилцахад хэцүү хүмүүсээс ч суралцах зүйл олон бий – Ажлын байрны хамт олон дунд харилцахад төвөгтэй зан чанартай хүмүүс байж байдаг. Гэхдээ тэднээс зайгаа барихаас илүүтэй ойр дотно байж харилцахыг хичээ. Учир нь эдгээр хүмүүстэй эв дүйтэй харилцах гэж хичээх явцдаа чи бусадтай харилцах харилцааны ур чадвар улам сайжрах болно. Дарга чинь хичнээн муухай ааштай хүн байлаа ч тэр бол ажлын арвин туршлагатай, удирдлагыг хэрхэн гартаа авахаа мэддэг тийм л хүн. Түүнээс айхын оронд шинэ санаагаа танилцуулж, хэрхэн сайжруулах талаар яриа өрнүүлж болно шүү дээ.
20. Найзуудаасаа суралц– Хүн бүрт гайхалтай чанарууд байдаг. Чамайг тойрон хүрээлж байгаа найзуудаасаа суралц. Тэднийг гаднаас нь биш дотроос нь мэдэр. Тэдний сайхан чанаруудыг олж хар. Жишээ нь цаг баримталдаг, төлөвлөгөөгөө яг таг биелүүлдэг, үргэлж сайхан зүйлсийг ярьж инээмсэглэж явдаг найзуудаасаа үлгэр дууриалал аваарай.
21. Хувийн блогоо хөгжүүл – Ингэснээр чиний амьдралын хэв маяг илүү бүтээлч болно. Өөрийгөө хөгжүүлэх санаанууд, аяллын болон номын тэмдэглэл, хоолны жор зэрэг мэдсэн сурснаа бусадтай хуваалцаж, өдрийг маш бүтээлчээр ашиглах боломжтой. Мөн бичих чадвар аяндаа сайжраад ирнэ. Бас өөрийг бодлыг цэгцэлж, бусдад зөвөөр ойлгуулах чадвар чинь сайжирна.
✧ @joyenny ✧
22. Ментортой бол – Зорилгодоо хүрэх замыг сайжруулахын тулд ажил мэргэжил, туршлагын хувьд өөрөөс чинь илүү хэн нэгнээс зөвлөгөө хүс. Тэр бол чиний дасгалжуулагч гэсэн үг. Даргаасаа, багшаасаа гээд чамд карьерийн зөвлөгөө өгөхийг хүсээрэй.
23. Бусадтай “чатлах” цагаа багасга – Утсаа өдөржингөө оролдож, найзуудтайгаа хэрэгтэй хэрэггүй зүйл бичсээр л байна уу? Ажлын бүтээмжийг чинь “идсээр” байгааг анзаараагүй байгаа юм биш биз. Хэрэв тийм бол ид ажлын үеэр сошиал хаягуудаа оффлайн болгоорой. Эсвэл оройд л сошиал хаягуудаа шалгаж бай. Бусад үед ажил болон өөрийгөө хөгжүүлэх, хэрэгтэй зүйлсэд төвлөрөөрэй. Ингэснээр чиний ажлыг цаг хий дэмий зүйлд үрэгдэхгүй, бүтээмж өндөртэй ажиллах болно.
24. Шатар тогло (стратегийн төлөвлөгөө сайжруулах тоглоом)- Логик ухаан шаардсан тоглоом тоглох нь чиний стратегийн чадвар сайжрахад тус болно. Мэдээж цагийг хөгжилтэй зугаатай өнгөрөөхөөс гадна дүн шинжилгээ хийх, логик сэтгэлгээгээ хөгжүүлэх дасгал болно.
25. 30 өдрийн сорил эхлүүл – Өөртөө тодорхой зорилго тавьж түүндээ хүрэх 30 өдрийг сорилыг зохио. Өглөөний хүн болохыг хүсвэл 30 өглөө эрт босох сорил, эрүүл хооллохыг хүсч байвал эрүүл хооллолтын 30 өдрийн дэглэм сахь. Энэ нь зорилгоо хэрэгжүүлэх, шинэ дадал зуршлыг бий болгоход тохирсон хугацаа юм.
26. Бясалга –Бясалга бясалга бас дахин бясалга. Бясалгал нь чамайг амраагаад зогсохгүй оюун санааг тайвшруулж, бодлоо эерэг зүйлд төвлөрүүлэхэд тус болно. Бясалгал гэхээр л ууланд эсвэл нэг танхимд өдөржингөө суухыг хэлдэг юм биш шүү. Намуухан ая сонсож тархиа амраах, агаарт сайхан зүйл бодон алхах, хөнгөн ном унших нь ч бясалгал буюу өөрийгөө амраах дасгал болно.
27. Өнгөрснөө хүлээн зөвшөөр – Хүн бүхний амьдралд таагүй үйл явдал, эрсдэл тохиож байдаг. Эсвэл өнгөрсөнд гаргасан маш том алдаа, сэтгэлийн шарх ч юм уу. Гэхдээ юу гээч, энэ бүхнийг өнгөрсөнд нь үлдээгээд, өнөөдрөөрөө амьдарч, ирээдүй өөд тэмүүл. Чи болоод өнгөрсөн зүйлсийг нэгэнт л өөрчилж чадахгүй учраас тэндээс авах зүйлээ аваад, шаардлагагүй зүйлсийг ардаа үлдээгээрэй. Өөрийгөө болон бусдыг уучил, өнгөрснөөс өөрийгөө чөлөөл.
28. Эргэн тойрондоо энэрэнгүй сайхан ханд – Ажилдаа гарахдаа ээжийгээ, аавыгаа үнсээд гараарай. Ойрд гэрийн хоолоо хийх зав гараагүй бол өнөөдөр амттай хоол хийж гэрийнхнээ дайл. Сайн дурын ажил хийж нийгэмдээ сайн өөрчлөлтийг авчрахад гар бие оролц. Чамтай таагүй харилцаатай байдаг ажлын хамтрагчаа кофенд даангаа, яриа өд. Яагаад болохгүй гэж?
Have courage and be kind. Be the change you want to see in the world. Quote. Inspire.
29. Чамд дургүй хүмүүсийг ч хайрла– Чамд дургүй, чамайг үзэн яддаг хэн нэгэн бий юу? Хэрэв тийм бол түүнрүү түрүүлээд чи гараа сунга. Уужуу бай, өмнөх гомдлыг нэг тийш болго. Тэд хариу өгөхөөс татгалзсан ч тэднийг бүгдийг нь хайрла. Үзэн ядахаас хайрлах нь хамаагүй хялбар бас сэтгэлд сайхан.
30. Хувь хүний хөгжлийн нийтлэл унш – Өдөр бүр хэрэгтэй зүйлээ уншихад тодорхой цаг зарцуулах нь маш хэргэтэй дадал юм. Сайн бичигдсэн нийтлэл, сайн ном унших нь оюун санааны хувьд ч, амьдралын хэв маягт ч ахиц дэвшил авчрах болно.
31. Өөртөө өгсөн амлалтдаа хүр – Дээрх алхамуудыг бага багаар, нэг нэгээр нь хэрэгжүүл. Амьдралыг зөв хэвшлийг бий болгох нь, шинэ зүйлсэд суралцах нь тийм ч амар биш. Гэхдээ хийхээ хэзээ ч зогсоохгүй байх нь л чухал. Энэ бүхний эцэст хийнэ л гэсэн бол хийж өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагадаа үнэнч байгаарай.
32. Давуу талаа төгөлдөржүүл – Бичих дуртай хүний хувьд блог хөтлөх нь бичих чадварыг сайжруулна, бусдыг инээлгэх чадвартай UB comedy –ийн нээлттэй микрофон өдөрлөгт оролцож үз. Чамд ямар давуу тал бий вэ? түүнийгээ байнга хөгжүүл.

Wednesday, November 30, 2016

Иргэдийн оролцоо: Үндсэн хуулинд заасан шууд Ардчиллыг ашиглах нь

Монгол улсын үндсэн хууль”-д Ардчиллын нэгэн хэлбэр/загвар/ болдог шууд /сонгодог/ ардчиллын аргачлалыг төрийн үйл хэрэгт /шийдвэр гаргах/ ашиглах санааг хоёрдмол утгаар биш тов тодорхой шууд ойлгогдох утга агуулгаар дараах байдлаар хуульчилсан аж.
Гуравдугаар зүйл.
3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож,  ... энэхүү эрхээ эдэлнэ.
Энэхүү заалтаас харахад Монголын ард түмний төрийн үйл хэрэгтээ оролцох эрх нь шууд ба төлөөллийн гэсэн хоёр хэлбэрээр хангагдахаар хуульчлагдсан байна. Үүнийг мөн хуулийн 16-р зүйлд дахин баталгаажуулж Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх хэмээн тунхагласан нь сонирхол татаж байна.
Арван зургадугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
...16.9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.
            Эдгээр заалтуудаас харахад Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд шууд оролцох эрхзүйн үндэстэй байна гэж дүгнэж болохоор боловч бодит амьдрал дээр энэ онцгой эрхээ ашиглаагүй байна. Үүний зарим шалтгааныг мөн хуулийн дараах хэсгээс харж болно.
Хорин тавдугаар зүйл.
1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
...16/ ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
                Энэхүү заалтаас харахад иргэдийн Улс төрийн амьдралд шууд оролцох эрхээ эдлэх нэгээхэн арга зам болсон “ард нийтийн санал асуулга явуулах” асуудлыг зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан нь  төлөөллийн байгууллага болох УИХ –ын эрх хэмжээг, ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрхээс дээгүүр тавьж, тус эрхийг хааж боогдуулах нөхцөлийг хангасан байна.
            Чухамдаа Үндсэн хуульт ёсны тулгуур Үндсэн зарчим нь “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх” тухай үзэл санаа юм. Энэхүү үзэл санааг Женевийн иргэн гэж алдаршсан Жан Жак Руссо өөрийнхөө “Нийгмийн гэрээ” номондоо маш итгэл үнэмшилтэй, түүхэн баримттайгаар нотлон бичсэн билээ. Тэрээр төр, засаг үүсэхээс өмнө “Нийгмийн гэрээ” үүссэн гэж үзсэн ба энэхүү гэрээг төр засаг амьдралд хэрэгжүүлэх үүрэгтэйг заасан. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдэл бүхэлдээ зөвхөн ард түмний гарт байх ба энэхүү цорын ганц онцгой эрхээ “шууд” эдлэх  жам ёсны эрхтэй ажээ. Гэвч төр улс томрохын хэрээр ард түмний энэхүү “онцгой” эрхээ шууд эдлэх боломж буурдаг тул “Төлөөллийн ардчилал”-ын үзэл санаа шууд Ардчиллын эсрэг хөгжиж өнөөгийн олон орон энэхүү төлөөллийн аргаар засаг, төрийн үйл ажиллагааг хөтлөн явуулж байна. Төлөөллийн Ардчилал нь олон сайн талтай боловч мөнхүү сул талтай юм. Өөрөөр хэлбэл нийт Ард түмний хүсэл зориг, эрх ашгийг ханган ажиллах учиртай төлөөллийн байгууллагын “улс төрийн шийдвэр” нь ард түмний хүсэл сонирхлоос зөрөх тохиолдол олонтаа гардаг.
            Орчин үеийн Ардчиллын онолчидын томоохон төлөөлөгчийн нэг Роберт Даль энэхүү асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн ба төлөөллийн ардчиллын сул тал нь бидний зорьж буй “эрхэмлэх төгс Ардчилал”-д харш, муу нөлөө үзүүлж буйг тэмдэглээд шууд Ардчилалын загварыг төлөөллийн Ардчилалын загвартай хослуулан хэрэглэх санааг дэвшүүлсэн байна. Мөн тэрээр орчин үеийн интернэт ба сошиал медиа хэрэгсэлүүд нь шууд Ардчиллыг шийдвэр гаргах түвшинд ашиглах урьд байгаагүй бололцоог өнөө үед олгож байгааг цохон тэмдэглэжээ. /Эх сурвалж: https://ganaa.mn/2009/09/17/lkjfglkjdflskjl/
           
Ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрх нь “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” үзэл санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл мөн. Иймээс миний зүгээс “айлаас эрэхээр авдараа уудал” гэдэг монгол сургааль үгийн биелэл болсон нэгэн шийдлийг санал болгохыг хүсэж байна.

            Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд “шууд” Ардчиллын аргыг хэрэглэж байсан түүхэн туршлага бий. 1945 оны “ард нийтийн санал асуулга”-р БНХАУ-с тусгаар тогтнох, эсэх тухай асуудлыг шийдсэн явдал нь монголын ард түмэн бүх нийтээр оролцож гаргасан хүчин төгөлдөр улс төрийн шийдвэр мөн билээ. Энэхүү аргыг хэрэглэх боломжыг Үндсэн хуулиар олгосон боловч энэхүү эрхээ эдлэх, эс эдлэх тухай асуудал нь өнөөгийн УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байгааг би дээр тодорхой дурдсан.
            Үүнээс гадна монголын иргэдийн улс төрийн амьдралд шууд оролцох эрхээ эдэлдэг нэг институц бол “баг, хорооний Иргэдийн нийтийн хурал” хэмээх байгууллага юм. Энэ байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь төлөөллийн бус шууд оролцооны хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр гаргах үйл хэрэгт иргэд өөрөө өөрийгөө төлөөлдөг буюу асуудалд шууд оролцох сонгодог Ардчиллын зарчим энд үйлчилдэг. Энэ талаар Монгол улсын Үндсэн хуульд дараах байдлаар тусгасан байна.
Тавин есдүгээр зүйл.
2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол ..., баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, ... мөн.
Ийнхүү хуульчилсаны хажуугаар дараах зүйлд Нутгийн өөрөө удирдах байгууллага “улсын хэмжээний чанартай асуудлыг шийвэрлэхэд” шууд оролцох эрхтэй байж болохоор хуульчилсаныг  анзаарна уу.
Жаран хоёрдугаар зүйл.
1. Нутгийн өөрөө удирдах байгууллага ... эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт УЛС, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

            Энэхүү заалтаас харахад дам байдлаар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад улс орны хэмжээний асуудлыг шийдэхэд оролцох ард түмний “шууд оролцоо”-ны эрхийг “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”-аар дамжуулан олгосон байна. Мэдээж хэрэг ганц нэг сум ба нэг аймгийн бүх баг, хорооны иргэдийн нийтийн хурлын шийдвэр нь УИХ-аас гаргасан шийдвэртэй эн тэнцүү байх боломжгүй ба харин бүх монгол улсын хэмжээний баг /нийт 1568 баг/, хороо/нийт 151 хороо/-ны иргэдийн нийтийн хурал тус бүрээр улсын хэмжээний нэг асуудлаар хуралдаж, олонхын зарчимаар нэг шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ нь УИХ-аас гаргасан эрх зүйн баримт бичгээс дээгүүрт тооцогдох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” заалтаар зөвтгөгдөж, хууль ёсны болох эрхээр хангагджээ. 

Шашин ба Үндсэн хуульт ёс

Үндсэн хуульт ёс нь хүн төрөлхтний түүхийн харьцангуй сүүлийн үеийн бүтээл. Өөрөөр хэлбэл Их британий лордуудын Эзэн хааныхаа эсрэг тэмцсэн тэмцэл нь Үндсэн хуульт ёсны анхны “шав” болсон гэж үзвэл /Эзэн хааны хэмжээгүй эрхийг хуулийн хүрээнд хязгаарлах анхны зоримог алхам болсон буюу энэхүү түүхэн үйл явдал нь 1215 онд болсоноос үзэхэд/ Үндсэн хуульт ёс нь ухаант хүн үүссэн 45000  жилийн түүхтэй харьцуулахад нэн сүүлийн үеийн ухаарал, нээлт ажгуу. Хааны Засаглал биш хуулийн Засаглал дор амьдрах гэсэн хүн төрөлхтний түүхэн тэмцэл Их Британид эхэлж байхад Монголчууд хэмжээгүй эрхт хаант засаглалыг Төв Азид бэхжүүлэхээр их дайнаа амжилттай үргэлжлүүлж байжээ.
            Үндсэн хуульт ёс ийм хожуу үүссэн юм бол түүнээс өмнөх үеийн хүмүүс хууль ёсгүй амьдарч байсан уу? гэвэл үгүй юм. Гараар бичигдсэн хуулиас өмнө хүн төрөлхтөний амьдарлын хэм хэмжээ, дэг журмыг бичигдээгүй хууль зохицуулж байсан ба түүний нэг боловсронгуй хэлбэр нь шашны суртал, ухуулга байв. Нүгэл ба буян мөн хойт нас, там, диваажин хэмээх шашны ойлголтуудаар дамжуулан хүний айх, сүрдэх сэтгэхүйн онцлогт суурилж түүнийг ашиглах замаар, ёс суртахууны нөгөө талаар зөв амьдрахуйн бүхэл бүтэн цогц сургааль боловсрогдож тэрхүү сургааль, номлол нь хүн төрөлхтөний дагаж мөрдөх хууль дүрмийн үүргийг гүйцэтгэж байлаа.
            Бага хаадын үеийн монгол ба Манжын дарлалын үеийн монголчуудын амьдралд Буддын ёс суртахуун хүчтэй нөлөөтэй байж эгэл жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд Үндсэн хуулийн адил зохицуулалт хийж ирсэн байна. Үүний нэг томоохон жишээ бол 10 цагаан буян ба 10 хар нүглийн тухай сургааль юм. Бичигдээгүй хууль буюу хэв хуулийн нэг онцлог шинж нь тухайн үедээ одоогийн бичмэл хуулиас илүү тун сайн хэрэгжиж  байсан явдал юм. Өөрөөр хэлбэл шашны нөлөөгөөр хүмүүсийн ёс суртахуун сайжирч, айх, ичих мэдрэмж хүний амьдарлыг илүү их удирдах болсон ба нөгөө талаас бичигдээгүй энэхүү ёс суртахууны хуулийн хэрэгжилтэнд тавих эгэл жирийн иргэдийн хяналт хүчтэй байв. Нүгэл үйлдсэн хүнийг бусад хүний зүгээс /нийгмийн/ жигшин, зэвүүцэж гадуурхах ба энэхүү үйлдэл нь “өнөөгийн бичмэл” хуулийг зөрчсөн хүнд төрийн шийтгэл хүлээлгэснээс илүү хүнд шийтгэл болдог байжээ. Хувь хүнд нийгмийн зүгээс ирэх гадуурхал, үл тоомсорлол, жигшил зэвүүцэл нь маш том шийтгэл болдог тул тийнхүү жигшигдэж, гадуурхагдахгүйн тулд хувь хүмүүс нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг дуулгавартай сахин мөрддөг байжээ.
            Энэ тухай цухасхан гардаг кино бол “Ард Аюуш” хэмээх Монгол кино юм. Ард Аюушын өдөөсөн маргааныг шийдвэрлэхийн тулд элдэв бузраар хордуулсан гэгдэх эд зүйлийн доогуур маргалдагч талуудыг шурган гарахыг шаарддаг. Энэ нь шашны ойлголтоор дамжуулан хүн хоорондын амьдарлын элдэв маргааныг шийдвэрлэж байсныг нотлосон үйл явдал билээ.
            Нийгэм, улс төр судлаачдын анхаарал хандуулах ёстой нэг факт бол төрийн хүч сулархад шашны хүч нөлөө ихсэж, харин төрийн хүч нөлөө ихсэхэд шашны нөлөө багасаж ирсэн түүхийн үйл явц юм. Төр ба шашин хоёр нь харилцан бие биенээ нөхөж ирсэн түүхтэй ба зарим үед шашин нь төрөөс илүү нийгмийн амьдралыг зохицуулж, зарим үед энэ хүч нөлөөгөө төрд бүрэн алдаж явсан мэдээ хүн төрөлхтөний түүхэнд бий. Манай Монгол улсад Шашин төрийг хослон баригч Богд хааныг 1911 онд залж байсан нь үүнийг тодхон харуулна. 1990 оноос хойш Монголд төрийн эрх хэмжээ /төрийн дарангуйлал/ буурсанаар шашин дахин сэргэж хөгжиж ирлээ. Гэвч уламжлалт шашнаас гадна харийн буюу Христосын шашин монголд Буддын шашнаас илүү хурдацтай хөгжиж олон итгэгчтэй болсоор байгааг саяхан Их тэнгэрийн амны Туул голын гүүрний хажуудах Христ итгэгчдийн зан үйл харуулсан билээ.
            Хубилай хааны үе ба түүний үеэс хойших Монголчууд төрийн шашнаа Буддын шашин болгож албан ёсоор дэмжиж ирсэн байдаг. Энэ нь төрийн үйл хэрэгтээ шашныг ашиглан улмаар нийт улс орныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн боловч түүний эцсийн үр дүн нь эсрэг гарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хятадад дэлгэрүүлсэн Буддын шашин нь эргээд хятад дахь Монголын төрийг түлхэн унагаахад голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин Манж Чин гүрэн монголыг эрхшээлдээ оруулах улмаар үргэлжлэн нөлөөндөө байлгахад шарын шашин их нөлөөтэй гэж үзэж шашныг зүйл бүрээр дэмжиж ирсэн нь түүхнээ тодхон тэмдэглэгджээ. Гэвч 1911 онд Манжаас тусгаар тогтнох үзэл санаа тэрхүү зүйл бүрээр дэмжиж ирсэн шашны зүтгэлтнүүдийнх /Богд хаан/нь зүгээс гарч тэдний идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан нь бас л түүхийн бодит үнэн билээ.

            Эртний үед бүх зүйлийг бурханы хүсэл зоригоор тайлбарлаж ирсэн. Яваандаа бурхан өөрийн бүх хүсэл зоригийг хэрэгжүүлэх “эзэн хаан” хэмээгчийг бий болгосон ба Хаан газар дэлхий дээрх бурханы хаанчлалыг хэрэгжүүлэгч аж. Ийнхүү шашин хааныг зөвтгөсөн ба шашныг хаан зүйл бүрээр хөхүүлэн дэмждэг. Гэвч түүхэн хөгжилийн явцад эзэн хаан шашнаа үгүйсгэж шашныхаа дээр гарсан байдаг. Хэдийгээр “төр буюу хаан” шашны ивээл, хайр, зөвтгөлийн нөлөөгөөр үүссэн боловч хожим нь шашнаасаа илүү эрх мэдэлтэй болсон ажээ. Үүний нэгэн адилаар Үндсэн хуульт ёс нь ёс заншлаас үүсэлтэй боловч өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралд ёс заншлаас илүү статустай болсон байна. Шашны номлолд /ялангуяа Христийн/ бурханы өмнө хүн бүр “эрх тэгш” гэж тунхагладаг байжээ. Цаг хугацааны явцад энэхүү тунхаглал нь зөвхөн шашны тунхаглал төдийхнөөс халиж, илүү нийтийн, нийгмийн ялангуяа улс төрийн гол зарчим, уриа болсон ба энэ үзэл санааны үрээр хүмүүс “Эзэн хаан”-ы давуу эрхийг хязгаарлаж “эрх тэгш” байхыг чухалчлах болсоноор “Үндсэн хууль”-т ёс үүссэн гэлтэй.
            Шашнаас “улс төр” үргэлж хамаарч ирсэн учраас шашинд улс төрийн гол гол элементүүд өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл шашны номлолууд нь Үндсэн хуулийн адил нийгэмд хүчтэй нөлөөтэй хэвээр, ард түмний оюун санаанд оршсоор, “Төрийн хууль”-ийн хажуугаар нийгмийн амьдралд хэрэглэгдсээр байна. Төрийн хууль ёсны легитимт шинж чанар ард түмний дунд алдагдаж, төрийн хүч суларч эхлэхэд шашны номлол, хүч нөлөө нэмэгдэж өсөх ба энэ үйл явц нь төр ба улс орны хөгжилд сайн эсвэл муугаар нөлөөлдөг байна.

Үүний нэг жишээ нь манай Монгол улсад ажиглагдаж, төрийн хямралт байдлын улмаас монголчууд шашинд /зарим талаараа мухар сүсэгт/илүү татагдан орж байж болох юм. Үүний шалтгаан нь “хуульт ёс”-ны хямрал байж болно. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжихээ больж, нийгэмд үнэ цэнээ алдсанаар /хууль гууль болох/, иргэдийн “хуульт ёс”-нд /төрд/ итгэх итгэл алдарч түүний орон зайг “шашин” эзлэж байж болох юм. Иймээс “Үндсэн хуульт ёс”-ыг бэхжүүлэхийн тулд хуулийн хэрэгжилтийг чангатгахаас гадна хууль нь жинхэнэ нийгмийн дотоод асуудлыг бүрэн шударга шийдвэрлэж чадах, иргэдийн сэтгэл ханамжыг ихэсгэх чадамжтай байх шаардлага урган гарч байгаа болов уу.

Sunday, October 2, 2016

Франсис Фукуяма. Түүхийн төгсгөл ба Сүүлчийн хүн номын тухай.

Франсис Фукуяма
Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн
1989 онд “The National Interest” сэтгүүлд зориулан бичсэн “Түүхийн төгсгөл” гэдэг өгүүлэлээ анх хэвлүүлсэн.
Түүнийхээ дараагаар 1992 онд “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” зохиолоо хэвлүүлсэн байна.

Профессор Фрэнсис Фукуяама 


Энэ хүн олон улсын шилдэг их дээд сургуулиудад уригдан лекц уншдаг юм.  Улс төр, эдийн засгийн холбогдолтой олон ном зохиол бичиж тэрээр дэлхийд алдаршжээ. Түүний  хамгийн алдартай ном нь “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” юм.  Энэ ном шүүмжлэгчдээс магтаал хүртэж, олны дунд ихээхэн шуугиан тарьсан гэдэг. 1992 онд худалдаанд гарсан даруйдаа АНУ, Франц, Япон, Чили улсад хамгийн олон тоогоор борлогдсон номоор тодорч, бас “Лос Анжелес Таймс”-ын шилдэг номоор шалгарчээ. Дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдсэн энэ бүтээл уншигчдаас өндөр үнэлгээ авсан төдийгүй орчин үеийн лидерүүдийн ширээний ном болсон байна. 

Түүнээс гадна тэрээр 1995 онд “Итгэл найдвар: Нийгмийн үр ашиг ба баялгийг бүтээх нь” номоо дэлхийн арав гаруй орны хэлээр хэвлүүлсэн нь найман сая гаруй ширхэг борлогджээ. “Хүн төрөлтхний ирээдүй: Биотехнологийн хувьсгалын үр дагавар” номоо 2002 онд гадаадын дөрвөн хэлээр хэвлүүлж, дөрвөн сая гаруй нь борлогдсон байна. Харин “Төрийн байгуулалт: Засаглал ба дэлхийн хэв журам XXI зуунд” номоо 2004 онд, “Салаа замын эхэн дэх Америк” номоо 2006 онд хэвлүүлсэн нь тус бүр хоёр сая хувиар, “Хоцрогдол: АНУ болон Латин Америкийн хөгжлийн ялгааг тайлбарлах нь” номоо 2008 онд, “Улс төрийн дэг журмын эхлэл” номоо 2011 онд нийтэд толилуулсан нь тус бүр сая хувиар борлогджээ.  

Фукуяама “Салаа замын эхэн дэх Америк” номоороо америкчуудад өнгөрснөө эргэн харж, ирээдүйдээ чухам ямар хувь тавиланг сонгох вэ гэдэг асуултыг тавьсан юм. Тэрбээр Иракийн дайны гашуун туршлагыг сануулж, америкчууд энхийн замаар явсан бол дэлхий нийтээрээ хямрал, хүнд байдлаас зайлсхийх боломжтой байсныг илэрхийлэн олон улсын бодлогод шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа онцолсон байдаг.  

Нэгэн үеийн турш хөгжлийн талаарх барууны сэтгэлгээ чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол буюу заримдаа Вашингтоны зөвшилцөл хэмээгддэг онол дээр тулгуурлаж иржээ. Олон жилийн турш энэхүү загвар ширүүн шүүмжлэлд өртсөн бөгөөд 2008-2009 оны Уолл Стритийн санхүүгийн хямралаас хойш нийтээрээ түүнээс татгалзах болжээ. Энэхүү загварыг Европын загвараар орлуулж болох тухай зарим санаа гардаг ч энэ нь тийм ч таатай сонголт бус гэдгийг эдүгээ үргэлжилж буй еврогийн хямрал бэлхнээ нотолж буй гэлтэй.

Тэгээд ер нь улс орнууд хөгжлийн ямар загвар баримтлах учиртай вэ? Зарим нь Хятадын авторитар капитализмыг боломжит хувилбар гэж үздэг. Хятадын тэрхүү загварын амжилтын үндэс нь төрийн чадавхид оршдог гэж үзэх авч ихэнх хөгжиж буй орнуудад төрийн чадавх үгүйлэгддэг. Иймд хөгжлийн стратеги нь төрийн оролцоог хангахдаа нөхцөл байдлын бодит дүгнэлт үнэлгээнд суурилах, мөн улсын хэвшлийн чухал салбаруудад чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх учиртай. Тиймээс орчин үеийн, аль нэг хувь хүнийг шүтсэн бус, өмчийн эрх, мөн иргэний эрх, эрх чөлөөг хангаж ажилладаг төртэй байх нь дан ганц эдийн засгийн хөгжилд бус ардчилал оршин тогтноход амин чухал ач холбогдолтой талаар Фрэнсис Фукуяама энэ удаа өгүүлэх бололтой.
Эх сурвалж: NEWS.MN

Номын гол агуулга:
Энэхүү ном нь Германы сонгодог философич Гегель болон Ницше нарын үзэл санааг дахин улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэж, шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Эдгээр хоёр сэтгэгчийн үзэл санаа нь марксист үзэл санаа гэгдэх болж 20 дугаар зууны сүүлд үл ойшоогдох болсон байна. Өөрөөр хэлбэл коммунист дэглэм нуран унаж, либерал Ардчилсан дэглэм дэлхийд өрсөлдөгчгүйгээр ноёрхох болсон нь хүн төрөлхтөний түүхийн төгсгөл болж байна уу гэсэн асуултыг гарган ирсэн.
Гегелийн философи буюу эзэн боолын мөнхийн зөрчилт харилцаа дууссанаар дэлхийн түүх төгсөнө гэсэн таамаглал үнэн бол бид эдүгээ хүн төрөлхтөний түүхийн төгсгөлд тулж ирсэн бөгөөд тэрхүү төгсгөлд нь амьдарч буй сүүлчийн хүмүүс аж.
Гегель: Хүн бүрт өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дийлдэшгүй их хүслэн байдаг. Энэ их хүсэл бол хүнийг анх үүсэхэд л хүний оюун санаанд анхнаасаа байсан санж. Ийнхүү “анхны хүн” мөн өөртэйгөө адил хүнтэй тааралдах тэр үед хэн хэндээ “хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх” цуст тулаан хийжээ. Ингээд өөрийнхөө  “хүлээн зөвшөөрлийг” амиараа солихоос ч буцахгүй эр зоригтон нь ялагч болж, эзэн болсон бол өөрийнхөө амь насыг “хүлээн зөвшөөрлөөсөө” илүүд үзсэн нь аз туршихаас айж бууж өгч эзний боол болсон ажээ. Ийнхүү эзэн боолын харилцаа үүссэн ба энэ харилцаа нь цаашид хүн төрөлхтөний мөнхийн зөрчилт харилцаа болж, түүхэн хөгжилийн явцад боол эзнийхээ харьяатаас гарч эрх чөлөөт хүн болох урт хугацааны тэмцэлд орсон нь хүн төрөлхтөний нийтлэг түгээмэл түүх аж. Хачирхалтай нь эзэн боолын харьцаа нь эцсийн эцэст боолд ашигтайгаар дуусдаг бөгөөд боол хөдөлмөрлөх явцадаа өөрийгөө биеэ даасан “хүлээн зөвшөөрлийн оршихуй” гэдгээ ухамсарлах бөгөөд ийнхүү боолууд эзнийхээ эсрэг тэмцсэнээр эзэн боолийн харилцаа дуусаж эзэн ба боол гэгдэх зүйлгүй эрх чөлөөтэй, тэгш нийгэмд /либерал ардчилсан нийгэм/ хүрэх ажээ.
Ишлэл: Гегель. Хүн болгон өөрийгөө тодорхой хэмжээний үнэ цэнэтэй гэдэгт итгэдэг бөгөөд бусад хүмүүс түүнийг тэрхүү үнэ цэнээс нь доогуур үнэлэхэд тэрээр уур уцаарын мэдрэмжийг мэдэрдэг байна. Бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл, эрмэлзлэл, түүнийг дагалдах уур, ичилт, бахархал, бүгд нийлэд улс төрийн амьдралд онц чухал ач холбогдолтой хүний нэгэн цогц, бодгаль шинжийг агуулдаг ажээ. Эдгээрийг Гегель түүхийн бүхий л үйл явцын хөдөлгөгч хүч гэж үзсэн. Энэхүү ойлголтыг энэ номонд “Thymos”, ондоошил, төгс сэтгэлийн дуудлага, шударга ёс, ёс суртахуун, хүнлэг чанар гэх мэтээр өргөн утгаар тайлбарлан бичжээ.
Энэ зан чанар бол дарангуйлал удаан хугацаанд оршин тогтнодоггүйн гол шалтгаан юм. Учир нь хүмүүс боолчлолыг бус эрх чөлөөг хүсдэг ажгуу.
Фредрих Ницше: Либерал ардчилал ба английн Утилитар үзэл санааг шүүмжлэгч
Либерал Ардчилал нь өмчийн тэгш биш байдлыг зөвтгөдөг учраас аливаа үндэстний хөгжил цэцэглэлтийн туйлын түвшин болон шийдэл биш. Өөрөөр хэлбэл либерал Ардчилал эрх тэгш хүмүүсийг цаашид ч тэгш бус байдлаар хүндэтгэж, хүлээн зөвшөөрсөөр байх болно гэдэг.
Фредрих Ницше орчин үеийн Ардчиллыг боолчууд өөрөө өөрсөддөө эзэн болсон явдал биш, харин боол боолын ёс зүй гарцаагүй ялсаны илэрхийлэл гэж үзэж байв.
Түүнийхээр бол хүн /орчин үеийн/ либерал сургаалиар хүмүүжиж өөртөө итгэх итгэл, үнэмшил, өөрийнхөө дотоод мөн чанар давуу талынхаа “төлөө тэмцэлийг” ая тухтайхан амьдарч, амиа аргалах аргаар сольсон “сүүлчийн хүн” аж. Либерал Ардчилал хүсэл эрмэлзлэл, рационализмын мэдрэхүй сайтайч, төгс сэтгэлийн /Thymos/ мэдрэхүй муутай, алс хэтийн ашиг сонирхлоо тооцоолсны үндсэн дээр үл ханах явцуу хүсэл/эдийн/ шуналаа хангах шинэ арга зам олохдоо гаргуун болсон /цээжгүй болсон, зүрх сэтгэлгүй/ хүнийг бий болгон төлөвшүүлдэг.
Сүүлчийн хүнд өөрийгөө бусдаас дээгүүр гэж хүндлүүлж, хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзлэл байдаггүй тул төгс төгөлдөр амжилтанд хүрэх боломжгүй. Хувийн аз жаргалдаа сэтгэл ханаж, мөнөөх хүсэл шуналаасаа дээш гарч чадахгүй байгаагаа ойлгож, ичих чадваргүй болсноор сүүлчийн хүн маань эцэстээ хүн байхаа больдог аж.
Энэ ном нь 5 бүлэгтэй, 31 хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэг. Урт настай асуултыг дахин нэг тавихуй.
Энд дурдагдсан урт настай асуултыг анх Гегель тавьсан бөгөөд тэр асуулт нь хүн төрөлхтөний түгээмэл түүх гэж байх уу? Байдаг бол тэр нь ямар түүх байх вэ? Түүх төгсөх үү гэх мэт асуултууд байсан. Тэр эдгээр асуултанд бүгдэд нь тодорхой хэмжээний хариулт олж, түүнийгээ тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний түгээмэл түүх гэж байх бөгөөд тэр түүх нь эзэн боолын харилцааны түүх аж. Энэхүү эзэн боолын зөрчилт харилцаа төгссөнөөр түүх төгсөх ажээ. Энэ нь Марксист үзэл санааны суурь болсон бөгөөд үүнийг Карл Маркс цааш хөгжүүлжээ.
Хүн бол тогтсон нэг шинж төрхтэй байгаад байх бус, урьд байснаасаа өөр болох нь хүний бодгаль шинж билээ. Гегель
Хүн аз жаргалын хойноос улайрдаггүй атал ганцхан англи хүн л тэгэх аж. Ницше
Тэрээр англичуудад маш дургүй байжээ. Тэдний утилитар үзлийг шавхай дунд гэдэс цатгалан туйлын тааламжтайгаар хэвтэж буй гахайтай зүйрлэсэн аж.
Хоёрдугаар бүлэг. Хүн төрөлхтөний эрт үе.
Гэвч коммунист систем нуран унасанаар марксист үзэл санаа тоогдохоо больжээ. Өөрөөр хэлбэл түгээмэл түүхийн үзэл санаа үгүйсгэгдсэн байна. Гэхдээ  улс үндэстнүүдийн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ба ондооших гэсэн тэрхүү нууц оньс одоог хүртэл хэвээр байгаа бөгөөд түүний нэг бэлхэн жишээ бол Араб дахин юм.
Хүн төрөлхтөний түүхэнд үл тоомсорлогдож дорд үзэгдэж, бүдүүлэг боол гэгдэж асан үндэстнүүд тэднийг тийнхүү доромжилж ирсэн соёл иргэншлийг эцэстээ мөхөөж өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж ирсэн боловч эдүгээ тэдгээр эрт үеийнх шиг зэрлэгүүд хэдийнээ алга болж иргэншсэн байна.
Либерал Ардчилал түүхийн олон саад тотгор, хүчтэй өрсөлдөгчтэй тулгарч байсан ч эцсийн эцэст ялалт байгуулж ялалтын тугаа дэлхий дахинаа мандуулсан хэдий ч басхүү яг энэ зарчмаар хөгжөөгүй зөрүүд хэдэн азийн улс байсныг анзаарах хэрэгтэй болов уу. Одоогийн Азийн бар гэгдэх Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань зэрэг улс ардчиллын биш авторитар дэглэмийн үед эдийн засгийн гайхамшигт өсөлтийг үзүүлсэн байдаг. Үүний нууц нь юу юм бол. Ягаад ардчилал тийм үнэхээр сайхан зүйл юм бол зарим орон ардчилалд шилжиж чадахгүй байгаа юм бол?
Хэдийгээр коммунизм бүтэлгүйтэж түгээмэл түүхийн үзэл санаа үгүйсгэгдсэн ч энэ үзэл санаа дүрсээ хувирган шинэ дүр төрхтэйгээр гарч ирсэн нь либерал Ардчилал бөгөөд энэ зарчим нь дэлхийн улс орнуудын цаашдын хөгжилийн нэгэн түгээмэл түүх болж байгаа аж.
Ишлэл: Хүний жинхэнэ хэрэгцээ үнэндээ тун цөөхөн, хүн гадны элемендүүдээс хамгаалах орон байр, идэх хоол л хэрэгтэй, үүнээс бусад хүний бүх хүслэн бол аз жаргалтай холбоотой зүйл биш, харин хүний өөрийнхөө бусадтай харьцуулах бусдад байгаа зүйл өөрт нь байхгүй нөхцөлд сэтгэл ханамжгүй байдалд ордогоо мэдрэх чадвараас үүсэлтэй. Жан жак Руссо.
Ишлэл: Ардчиллын гол дайсан бол өөрсдийн давуу эрх ашгаа уламжлалт, соёл ёс заншилаар хүлээн зөвшөөрүүлсэн хуучинсаг ноёрхогч бүлгүүд юм. Ө/х засгийн эрхийг авахын тулд ардчиллын тухай онолдож түүний ачаар тэрүүхэн зуур олдсон Ардчилсан хэм хэмжээний багахан ололтоор төрийн эрхийг авангуут өнөө анх ярьсан ардчилал нь ул мөргүй алга болдог байна. Фукуяма.
Жозеф Шумпетер: “Капитализм, социализм ба Ардчилал” номонд дурдсанаар ...
Ардчиллыг бишрэн шүтсэн сонгогчид чөлөөт зах зээлийн зарчмыг ерөнхий утга санаагаар нь дэмждэг хирнээ ойр зуурын эдийн засгийн эрх ашиг нь эрсдэлд орох төлөвтэй болонгуут өөрийн үзэл баримтлалаас буцах нь энүүхэнд гэнэ. Ө/х ардчиллыг хүсэгчид эдийн засгийн хувьд ухаалаг хувилбарыг сонгоно гэсэн ямарч бодит зүй тогтол байхгүй аж.
Ардчилсан нийгмийн эрх мэдэлтэн нийгмийнхээ эрээвэр хураавар эрх ашгийн хэрэгцээг хангах үүднээс нийгмийн хамгааллыг илүүтэй дэмжих нь гарцаагүй. Ингээд тэд цалин нэмэх, уналтанд орж буй үр ашиггүй салбарыг тэтгэх, өрсөлдөх чадвараа алдсан аж үйлдвэрийг дэмжиж эцсийн дүнд төсвийн алдагдал, инфляц руу гулсан орох аюулыг гардан хийнэ. Шумпетер.
Гуравдугаар бүлэг. Хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө их тэмцэл.
Ишлэл: Бусдын зүгээс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх эрхийг зүгээр нэг хүртэлгүй харин түүнийг олж авахын жинхэнэ зовлонг биеэр туулан амссан цагт хүний “эрх чөлөөт оршихуй” нь ухамсартай болно. Гегель.
Хүн орон байр, хоол хүнс, амьд явахыг хүсэх боловч түүнээс гадна өөр материаллаг бус юм хүсдэг ажээ. Тэрхүү материаллаг бус зүйлс нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хүслээс гардаг аж. Жишээ нь: шагнал, уулын оройд гарах, дайсны тугийг булаах гэх мэт. Тийм зүйлийн төлөө амь насаа ч золиход бэлэн байдаг ажгуу.
Томас Гобсс: Эрх чөлөө гэж аливаа эсэргүүцэл үгүй байхыг хэлнэ. Эсэргүүцэл гэж би аливаа зүйлд хөндлөнгөөс ямар нэг хязгаарлалт тавихгүй байхыг ойлгоно. Хязгаарлалт нь ухаалаг, ухаалаг бус байх нь хамаагүй.
Харин үүнээс ялгаатай нь Гегель эрх чөлөөг сэтгэлзүйн үзэгдэл гэж тодорхойлсон ба  энэ зүй тогтол бол зөвхөн хүний шинж чанар гэжээ.
Үхлээс айх явдал нь орчин үеийн либерал нийгмийг бүтээн байгуулахад хөтөлж ирсэн гэж Гобсс үздэг. Либерал нийгмийн зорилт нь иргэн бүрийн амьдрах эрхийг адил тэгш хангахаас биш хэн нэгнийг илүүд үзэж давуу тал олгох явдал биш билээ.
Локкийн либерализмын хувилбарт “эрхэм дээд зорилго” гэж тавигддаггүй учир эцсийн дүндээ хүмүүс ядуу дорой, уламжлалт аж төрөх хэвшлээс салж илүү эрх чөлөө, баяжиж хөлжихийн төлөө зүтгэхээс өөр зорилгогүй болдог.
Адам Смит тайлбарлахдаа “Аливаа дундаж ажилчны цалин хоол хувцас, орон гэр гэд хүний наад захын хэрэгцээг хангаж чадна. Гэтэл тэр хүн ядуу ч бай ялгаагүй цалингийнхаа чухал хэсгийг нөгөө илүү зан буюу “тансаг” зүйлд зарцуулж байдаг гэж оношилжээ. Ингэхлээр хүмүүс ягаад амьдарлынхаа нөхцлийг сайжруулахын тулд хүчээ шавхан хөдөлмөрлөж гүрийхээс буцахгүй байдаг юм бэ? Учир нь:
Ийн тансагласнаар бусдад анзаарагдах, тоогдох болж, бусдын таалан харах харцыг мэдэрч, хүндэтгэн дэмжиж буй үг сонсож, анхаарлын төвд ордог. Тийм “гоц” анхааралд баярлаж, түүнийг эдлэх нь ч гол биш харин бусдын анхаарал татаж чадсан тэрхүү мөчид өөрийгөө хайрладаг нь бусдын хандлагаар ийнхүү нотлогддогт хамаг учир байгаа юм.
Төгс сэтгэлийн дуудлагын илрэлийг /хүлээн зөвшөөрүүлэх/зөв тайлалгүй гагцхүү эдийн засгийн сэдэлтэй хольж хутгаж болохгүй. Сэтгэлийн дуудлага бол үүнээс илүү эрхэм ариун зүйл ажээ.
Ө/х либерал үзэлтнүүд хүсэл, ухамсарыг хамгийн чухалд тавьдаг бөгөөд энэ нь аль болох амьд үлдэх, амиа хичээх, өмчийг чухалчлах, илүү аюулгүй амгалан тайван байдлыг эрхэм зүйл болгодог байна.
Макиевилли болон либерал онолын эцгүүд болох Гобсс, Локк нар Платоны гаргасан “Тhymos”-г үгүйсгэж түүнээс илүү хүний хувьд “амьд гарах” нь илүү чухал гэж сургасан байна. Тэгэхээр өнөөгийн нийгмийн ухааны шинэчлэлийн онолыг хүний ухаан, хүн чанарыг материалист үзэл давамгайлан ялсан ялалт гэж ойлгож болохнээ. Гэвч Ардчилал “хүний төгс сэтгэл”-ийн дуудлагад орон зай өгдөг. Тэрхүү өгч буй боломж нь харилцан тэгш эрхийн тэнцвэртэй байдлаар хамгаалагддаг гэнэ.
Гэвч орчин үеийн энэхүү үзлийг шүүмжилсэн сүүлчийн хүн бол Ницше ажгуу.
Ницше: Жижиг хөрөнгөтөн нь өөрийн амжиргааг бодохоос дээш гарч чадахгүй бор зүрхтэний нийгмийг Ницше хатуу эсэргүүцжээ. Хүнийг тодорхойлогч гол мөн чанар нь элдэв шалихгүй хүсэл, ухамсар ч биш харин хүнийг төгс сэтгэлийн дуудлага уриалан дууддаг бөгөөд хүн гэгч амьтан сайн мууг ялгаж чаддаг санаалаг амьтан аж. Ницшегийн гол бүтээл “Заратустра”-д энэхүү үзэл нь нэвт шингэсэн аж. Заратустра гэдэг нь эртний Персийн нэгэн домгийн шүтээн ажээ. Ницшегийн дэвшүүлсэн “эрх дархыг хүсэх үзэгдэл” гэх номлол нь “төгс сэтгэлийн дуудлагыг” хүсэл, ухамсараас дээгүүр тавьж, орчин үеийн либерализмын хүний өөрийн мөн чанараар бахархах болон өөрийгөө үнэлэх чадварт учруулж буй хохирлыг арилгахад чиглэсэн юм. Биднийг Ницшетэй нэгэн зүйл дээр өөрийн эрхгүй санал нийлэхэд хүргэсэн зүйл юу вэ? Гэвэл эртний гүн ухаантнууд нийгмийн жам ёсыг төгс сэтгэлийн дуудлагын хэт хурц /дайн эс бөгөөс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх эзэн, дарангуйлагч/ хэлбэрээс ангижруулахыг ихэд хичээснээр амжилтанд хүрсэн гэсэн Ницшегийн дүгнэлт юм.
Гегелийн онол нь либерал Ардчиллын зарчимыг дэмждэг боловч, хувийн эрх ашгийн хажуугаар хүний дотоод хүсэл, дуудлагыг хүлээн зөвшөөрдөгөөрөө онцлог юм. Ө/х хүнд хүний нэр төр, ёс суртахуун гэгч зүйл “өмч хөрөнгөний нэгэн адил эрхэм” байх ёстой гэнэ.
Ишлэл: Ийнхүү зөрчилтэй ч гэсэн энэ цаг үед Либерал Ардчилал бүрэн ялжээ. Энэ бол Гегелийн диаликтикийн үүднээс авч үзэх юм бол “Түүхийн төгсгөл” юм. А.Кожээв.
Дөрөвдүгээр бүлэг: Род арал дээгүүр харайхуй.
Гегелийн үзэж байснаар хүн өөрсдийн өнгөрсөн түүхийнхээ учир начрыг одоо цагаас эргэн дүгнэж цэгнэхээс биш хэзээ ч урьдчилан таамаглаж чадахгүй гэсэн авч энд зохиогч хүн төрөлхтөний түүхийг урьдчилан таамаглахаар шийдсэн байна.
Ницше либерал ардчилсан нийгмийг ард түмнээ хорхой хүргэсэн түмэн зүйлээр хуурч, ухаан санааг нь мунхруулж эцэст нь хүний мөсгүй, хоосон сүүдэр төдий болгон устгадаг “хүйтэн цэвдэг сэтгэлт аварга мангас” гэж нэрлэсэн байна.
Зохиогч энэ хэсэгт Либерал Ардчилсан нийгэмд зөрчил бий. Тэр нь түүнийг ирээдүйд мөхөөж илүү сайн сайхан нийгмийн загвар шинээр гарч ирэх үү? гэдэгт хариулах гэж оролдсон байна.
Ардчиллын 4 том саад:
1-рт: Олон угсаатан ястан үндэстэн 2-рт: Нийгмийн угсаа гарвалын тэгш бус байдал /Ө/х далд байх эзэн боолын харьцаа/ 3-рт: Шашин 4-рт: Төрөөс үл хамааран нэгдэх иргэний нийгэм ТББ-д
Ер нь Ардчилалд шилжих процесс нь либерал зарчим дээр үндэслэгдэж бий болоогүй байдаг бөгөөд шударга ёс нөгөө талаар төгс сэтгэлийн дуудлагаар нөхцөлдөж үүсдэг ажээ. Энэ үйл явц ЗХУ задран унахад илүүтэй харагдсан байна.
Азийн орнуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжилийн нууц нь либерал ардчилсан зарчимд бус харин тэдний үндэсний өв уламжлалд түүний дотор шашин нь хамгийн их нөлөөлсөн байна. Ардчилалд шилжиж буй орны үндэсний соёл уламжлал буюу өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх үзэл, төгс сэтгэлийн дуудлага, шашин, үндсэрхэг үзэл, боловсрол, овсгоо, мэргэжил зэрэг нь хөгжлийн гол шийдвэрлэх хүчин зүйл болсон хэвээр үлдэж, эдгээр нь тухайн улсыг нэг бол хөгжлийн зам руу оруулна, үгүй бол түгээмэл ядууралд живүүлнэ.
Эцсийн эцэст улс хоорондын өрсөлдөөн нь соёл хоорондын өрсөлдөөн гэдэг нь тодорхой боллоо. Үүний шалтгааныг номын 22-р хэсгийн Бухимдлын гүрэн, Соёрхлын гүрэн гэдэгт тодорхой дурджээ. Ягаад ардчилалд зарим улс бухимддаг. Ягаад зарим улс Ардчиллын үр шимийг хүртдэг вэ? Гэдгийг харуулсан.
Тавдугаар бүлэг. Сүүлчийн хүн
Либерал ардчиллыг өмгөөлөгчид хэдийгээр нийгэмд өмчийн тэгш бус байдал байгаа хэдий ч ямар ч хүнд амьдарлаа сайжруулах нийгмийн тэгш гарааны боломж байгаа гэж үздэг аж. Энэ боломж нь бүрэн эрх чөлөө ба боловсролын системээр дамжин хэрэгжихээс гадна нийгмийн ядуу буурай хэсэгт үзүүлж буй нийгмийн халамжын бодлого бол Ардчиллын нэг давуу тал гэнэ. Гэтэл энэ нь АНУ-д гэхэд л энэхүү утгаараа байж чадахгүй байгааг боловсролын тэгш биш системээс нь харж болно. Баян хоосны ялгаанаас болоод ядуучууд чанаргүй боловсрол эзэмшдэг ажээ. Халамжын бодлого нь эсрэг үр дүнд хүргэдэг байна. Ө/х халамжлуулсан этгээд улам бэлэнчлэх сэтгэлгээтэй болж ядуурдаг байна. Гэтэл АНУ-д тэгш боломжыг өгөхийн оронд халамжын бодлогоор хуурдаг гэнэ.
Ницше: Ардчилсан нийгэмд хүний нэр төр, хүндэтгэл гээч зүйл бүдгэрдэг. Язгууртны нийгэмд л хүний эрхэмсэг оршихуй байдаг гэдэгт Ницше хатуу итгэдэг байжээ. Ө/х эрх чөлөө, бүтээлч чанар зөвхөн хэт ондоосол буюу бусдаас илүү хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх шүлэнгэтлээс л бий болдог ажээ. Хүмүүс ижил төрсөн ч зүгээр л бусдын адил байхыг хүсдэг л бол хэзээ ч бүх хүч нөөцөө шавхан тэмцдэггүй аж. Сүүлчийн хүн юун түрүүнд өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа тавих болжээ. Ингэх нь ч элдэв зөрчилгүй юм.
Ницшегийн Заратустра зохиолд тэдний талаар: “Та нар өөрсдийгөө харин нэг хүн боллоо гэж бодно уу? Итгэл үнэмшил, эрс тэс чанар та нарт огт алга атал цээжээ дүхийлгэх нь юун. Тэр цээж тань хөндий хоосон байна шүү дээ” гэж хэлдэг.
Токвиль: Эзэн боолын уламжлалт харилцааг халах нь эцэстээ боолыг өөрөө өөртөө эзэн болгохгүйгээр барахгүй боолчлолыг өөр нэгэн шинэ хэлбэрт оруулна гэж үзэж байв. 
Либерал Ардчилал яваандаа нэг бол ондоосол эсвэл ижилсэл буюу ижил хүлээн зөвшөөрлийн хэнээрхлийн хэт давамгайллаас болж дотроосоо задарч болох юм.
Өнөө үед ондоослыг эрхэмлэгчид /өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх төрөлх араншин/ бусдын газар нутаг, хүн ардыг эзэрхийлэн хүлээн зөвшөөрөл эрэхийн оронд уулын оргилд гарах, ДОХ-ыг эмчлэх, шинэ технологи эзэмшихэд хүчээ үздэг болжээ.    
Орчин үеийн либерал нийгмийн иргэд ёс суртахууныг үл тоомсорлодог бөгөөд ёс суртахууны үүрэг тэдний хувьд тохиролцооны л хэрэг аж. Тэдний үүрэг нь бурханаас тогтоож өгсөн зүйл биш, төгс сэтгэлийн зүйл ч биш зөвхөн тохиролцооны хүрээнд хийгдсэн үүрэг хариуцлага аж.
Орчин үеийн америк гэр бүлийн бэрхшээлийн ихэнх нь /гэр бүл салалт/ гэр бүлийн гишүүд нь гэр бүлдээ дээрх тохиролцооны либерал зарчмын үүднээс ханддагаас үүсч байна.
Тэгш бус байдлын асуудал нь либерализмын хувьд үзэл баримтлалын үүднээс ерөөс шийдвэрлэгдэшгүй зүйл тул ирээдүйн хэдэн үеийн турш либерал нийгмийн зовлон хэвээр үлдэнэ. Мөн либерализм нь нийгмийн хамтач сэтгэлгээг үгүй хийдэг сул талтай.
Хамтын амьдарлын ёс сулрах нь ирээдүйд биднийг илүү сайн сайханд тэмүүлэх төгс сэтгэлийн дуудлага эрмэлзлэлгүй, хувийн тав тухаа бодож, аюулгүй байдалд хоргодон өөрсдийн амийг хичээсэн сүүлчийн хүн болгох аюул агуулж байна.
Ингээд төгсгөлд нь миний зүгээс та бүхэнд “Та сүүлчийн хүн болох уу?” гэж асууя. Та хариулахгүй байсанч болно.


Төгсөв.

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...