Wednesday, November 30, 2016

Иргэдийн оролцоо: Үндсэн хуулинд заасан шууд Ардчиллыг ашиглах нь

Монгол улсын үндсэн хууль”-д Ардчиллын нэгэн хэлбэр/загвар/ болдог шууд /сонгодог/ ардчиллын аргачлалыг төрийн үйл хэрэгт /шийдвэр гаргах/ ашиглах санааг хоёрдмол утгаар биш тов тодорхой шууд ойлгогдох утга агуулгаар дараах байдлаар хуульчилсан аж.
Гуравдугаар зүйл.
3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож,  ... энэхүү эрхээ эдэлнэ.
Энэхүү заалтаас харахад Монголын ард түмний төрийн үйл хэрэгтээ оролцох эрх нь шууд ба төлөөллийн гэсэн хоёр хэлбэрээр хангагдахаар хуульчлагдсан байна. Үүнийг мөн хуулийн 16-р зүйлд дахин баталгаажуулж Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх хэмээн тунхагласан нь сонирхол татаж байна.
Арван зургадугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
...16.9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.
            Эдгээр заалтуудаас харахад Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд шууд оролцох эрхзүйн үндэстэй байна гэж дүгнэж болохоор боловч бодит амьдрал дээр энэ онцгой эрхээ ашиглаагүй байна. Үүний зарим шалтгааныг мөн хуулийн дараах хэсгээс харж болно.
Хорин тавдугаар зүйл.
1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
...16/ ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
                Энэхүү заалтаас харахад иргэдийн Улс төрийн амьдралд шууд оролцох эрхээ эдлэх нэгээхэн арга зам болсон “ард нийтийн санал асуулга явуулах” асуудлыг зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан нь  төлөөллийн байгууллага болох УИХ –ын эрх хэмжээг, ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрхээс дээгүүр тавьж, тус эрхийг хааж боогдуулах нөхцөлийг хангасан байна.
            Чухамдаа Үндсэн хуульт ёсны тулгуур Үндсэн зарчим нь “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх” тухай үзэл санаа юм. Энэхүү үзэл санааг Женевийн иргэн гэж алдаршсан Жан Жак Руссо өөрийнхөө “Нийгмийн гэрээ” номондоо маш итгэл үнэмшилтэй, түүхэн баримттайгаар нотлон бичсэн билээ. Тэрээр төр, засаг үүсэхээс өмнө “Нийгмийн гэрээ” үүссэн гэж үзсэн ба энэхүү гэрээг төр засаг амьдралд хэрэгжүүлэх үүрэгтэйг заасан. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдэл бүхэлдээ зөвхөн ард түмний гарт байх ба энэхүү цорын ганц онцгой эрхээ “шууд” эдлэх  жам ёсны эрхтэй ажээ. Гэвч төр улс томрохын хэрээр ард түмний энэхүү “онцгой” эрхээ шууд эдлэх боломж буурдаг тул “Төлөөллийн ардчилал”-ын үзэл санаа шууд Ардчиллын эсрэг хөгжиж өнөөгийн олон орон энэхүү төлөөллийн аргаар засаг, төрийн үйл ажиллагааг хөтлөн явуулж байна. Төлөөллийн Ардчилал нь олон сайн талтай боловч мөнхүү сул талтай юм. Өөрөөр хэлбэл нийт Ард түмний хүсэл зориг, эрх ашгийг ханган ажиллах учиртай төлөөллийн байгууллагын “улс төрийн шийдвэр” нь ард түмний хүсэл сонирхлоос зөрөх тохиолдол олонтаа гардаг.
            Орчин үеийн Ардчиллын онолчидын томоохон төлөөлөгчийн нэг Роберт Даль энэхүү асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн ба төлөөллийн ардчиллын сул тал нь бидний зорьж буй “эрхэмлэх төгс Ардчилал”-д харш, муу нөлөө үзүүлж буйг тэмдэглээд шууд Ардчилалын загварыг төлөөллийн Ардчилалын загвартай хослуулан хэрэглэх санааг дэвшүүлсэн байна. Мөн тэрээр орчин үеийн интернэт ба сошиал медиа хэрэгсэлүүд нь шууд Ардчиллыг шийдвэр гаргах түвшинд ашиглах урьд байгаагүй бололцоог өнөө үед олгож байгааг цохон тэмдэглэжээ. /Эх сурвалж: https://ganaa.mn/2009/09/17/lkjfglkjdflskjl/
           
Ард түмний улс төрийн үйл хэрэгт “шууд” оролцох эрх нь “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” үзэл санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл мөн. Иймээс миний зүгээс “айлаас эрэхээр авдараа уудал” гэдэг монгол сургааль үгийн биелэл болсон нэгэн шийдлийг санал болгохыг хүсэж байна.

            Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд “шууд” Ардчиллын аргыг хэрэглэж байсан түүхэн туршлага бий. 1945 оны “ард нийтийн санал асуулга”-р БНХАУ-с тусгаар тогтнох, эсэх тухай асуудлыг шийдсэн явдал нь монголын ард түмэн бүх нийтээр оролцож гаргасан хүчин төгөлдөр улс төрийн шийдвэр мөн билээ. Энэхүү аргыг хэрэглэх боломжыг Үндсэн хуулиар олгосон боловч энэхүү эрхээ эдлэх, эс эдлэх тухай асуудал нь өнөөгийн УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байгааг би дээр тодорхой дурдсан.
            Үүнээс гадна монголын иргэдийн улс төрийн амьдралд шууд оролцох эрхээ эдэлдэг нэг институц бол “баг, хорооний Иргэдийн нийтийн хурал” хэмээх байгууллага юм. Энэ байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь төлөөллийн бус шууд оролцооны хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр гаргах үйл хэрэгт иргэд өөрөө өөрийгөө төлөөлдөг буюу асуудалд шууд оролцох сонгодог Ардчиллын зарчим энд үйлчилдэг. Энэ талаар Монгол улсын Үндсэн хуульд дараах байдлаар тусгасан байна.
Тавин есдүгээр зүйл.
2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол ..., баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, ... мөн.
Ийнхүү хуульчилсаны хажуугаар дараах зүйлд Нутгийн өөрөө удирдах байгууллага “улсын хэмжээний чанартай асуудлыг шийвэрлэхэд” шууд оролцох эрхтэй байж болохоор хуульчилсаныг  анзаарна уу.
Жаран хоёрдугаар зүйл.
1. Нутгийн өөрөө удирдах байгууллага ... эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт УЛС, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

            Энэхүү заалтаас харахад дам байдлаар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад улс орны хэмжээний асуудлыг шийдэхэд оролцох ард түмний “шууд оролцоо”-ны эрхийг “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”-аар дамжуулан олгосон байна. Мэдээж хэрэг ганц нэг сум ба нэг аймгийн бүх баг, хорооны иргэдийн нийтийн хурлын шийдвэр нь УИХ-аас гаргасан шийдвэртэй эн тэнцүү байх боломжгүй ба харин бүх монгол улсын хэмжээний баг /нийт 1568 баг/, хороо/нийт 151 хороо/-ны иргэдийн нийтийн хурал тус бүрээр улсын хэмжээний нэг асуудлаар хуралдаж, олонхын зарчимаар нэг шийдвэрт хүрсэн тохиолдолд энэ нь УИХ-аас гаргасан эрх зүйн баримт бичгээс дээгүүрт тооцогдох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” заалтаар зөвтгөгдөж, хууль ёсны болох эрхээр хангагджээ. 

Шашин ба Үндсэн хуульт ёс

Үндсэн хуульт ёс нь хүн төрөлхтний түүхийн харьцангуй сүүлийн үеийн бүтээл. Өөрөөр хэлбэл Их британий лордуудын Эзэн хааныхаа эсрэг тэмцсэн тэмцэл нь Үндсэн хуульт ёсны анхны “шав” болсон гэж үзвэл /Эзэн хааны хэмжээгүй эрхийг хуулийн хүрээнд хязгаарлах анхны зоримог алхам болсон буюу энэхүү түүхэн үйл явдал нь 1215 онд болсоноос үзэхэд/ Үндсэн хуульт ёс нь ухаант хүн үүссэн 45000  жилийн түүхтэй харьцуулахад нэн сүүлийн үеийн ухаарал, нээлт ажгуу. Хааны Засаглал биш хуулийн Засаглал дор амьдрах гэсэн хүн төрөлхтний түүхэн тэмцэл Их Британид эхэлж байхад Монголчууд хэмжээгүй эрхт хаант засаглалыг Төв Азид бэхжүүлэхээр их дайнаа амжилттай үргэлжлүүлж байжээ.
            Үндсэн хуульт ёс ийм хожуу үүссэн юм бол түүнээс өмнөх үеийн хүмүүс хууль ёсгүй амьдарч байсан уу? гэвэл үгүй юм. Гараар бичигдсэн хуулиас өмнө хүн төрөлхтөний амьдарлын хэм хэмжээ, дэг журмыг бичигдээгүй хууль зохицуулж байсан ба түүний нэг боловсронгуй хэлбэр нь шашны суртал, ухуулга байв. Нүгэл ба буян мөн хойт нас, там, диваажин хэмээх шашны ойлголтуудаар дамжуулан хүний айх, сүрдэх сэтгэхүйн онцлогт суурилж түүнийг ашиглах замаар, ёс суртахууны нөгөө талаар зөв амьдрахуйн бүхэл бүтэн цогц сургааль боловсрогдож тэрхүү сургааль, номлол нь хүн төрөлхтөний дагаж мөрдөх хууль дүрмийн үүргийг гүйцэтгэж байлаа.
            Бага хаадын үеийн монгол ба Манжын дарлалын үеийн монголчуудын амьдралд Буддын ёс суртахуун хүчтэй нөлөөтэй байж эгэл жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд Үндсэн хуулийн адил зохицуулалт хийж ирсэн байна. Үүний нэг томоохон жишээ бол 10 цагаан буян ба 10 хар нүглийн тухай сургааль юм. Бичигдээгүй хууль буюу хэв хуулийн нэг онцлог шинж нь тухайн үедээ одоогийн бичмэл хуулиас илүү тун сайн хэрэгжиж  байсан явдал юм. Өөрөөр хэлбэл шашны нөлөөгөөр хүмүүсийн ёс суртахуун сайжирч, айх, ичих мэдрэмж хүний амьдарлыг илүү их удирдах болсон ба нөгөө талаас бичигдээгүй энэхүү ёс суртахууны хуулийн хэрэгжилтэнд тавих эгэл жирийн иргэдийн хяналт хүчтэй байв. Нүгэл үйлдсэн хүнийг бусад хүний зүгээс /нийгмийн/ жигшин, зэвүүцэж гадуурхах ба энэхүү үйлдэл нь “өнөөгийн бичмэл” хуулийг зөрчсөн хүнд төрийн шийтгэл хүлээлгэснээс илүү хүнд шийтгэл болдог байжээ. Хувь хүнд нийгмийн зүгээс ирэх гадуурхал, үл тоомсорлол, жигшил зэвүүцэл нь маш том шийтгэл болдог тул тийнхүү жигшигдэж, гадуурхагдахгүйн тулд хувь хүмүүс нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг дуулгавартай сахин мөрддөг байжээ.
            Энэ тухай цухасхан гардаг кино бол “Ард Аюуш” хэмээх Монгол кино юм. Ард Аюушын өдөөсөн маргааныг шийдвэрлэхийн тулд элдэв бузраар хордуулсан гэгдэх эд зүйлийн доогуур маргалдагч талуудыг шурган гарахыг шаарддаг. Энэ нь шашны ойлголтоор дамжуулан хүн хоорондын амьдарлын элдэв маргааныг шийдвэрлэж байсныг нотлосон үйл явдал билээ.
            Нийгэм, улс төр судлаачдын анхаарал хандуулах ёстой нэг факт бол төрийн хүч сулархад шашны хүч нөлөө ихсэж, харин төрийн хүч нөлөө ихсэхэд шашны нөлөө багасаж ирсэн түүхийн үйл явц юм. Төр ба шашин хоёр нь харилцан бие биенээ нөхөж ирсэн түүхтэй ба зарим үед шашин нь төрөөс илүү нийгмийн амьдралыг зохицуулж, зарим үед энэ хүч нөлөөгөө төрд бүрэн алдаж явсан мэдээ хүн төрөлхтөний түүхэнд бий. Манай Монгол улсад Шашин төрийг хослон баригч Богд хааныг 1911 онд залж байсан нь үүнийг тодхон харуулна. 1990 оноос хойш Монголд төрийн эрх хэмжээ /төрийн дарангуйлал/ буурсанаар шашин дахин сэргэж хөгжиж ирлээ. Гэвч уламжлалт шашнаас гадна харийн буюу Христосын шашин монголд Буддын шашнаас илүү хурдацтай хөгжиж олон итгэгчтэй болсоор байгааг саяхан Их тэнгэрийн амны Туул голын гүүрний хажуудах Христ итгэгчдийн зан үйл харуулсан билээ.
            Хубилай хааны үе ба түүний үеэс хойших Монголчууд төрийн шашнаа Буддын шашин болгож албан ёсоор дэмжиж ирсэн байдаг. Энэ нь төрийн үйл хэрэгтээ шашныг ашиглан улмаар нийт улс орныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн боловч түүний эцсийн үр дүн нь эсрэг гарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хятадад дэлгэрүүлсэн Буддын шашин нь эргээд хятад дахь Монголын төрийг түлхэн унагаахад голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин Манж Чин гүрэн монголыг эрхшээлдээ оруулах улмаар үргэлжлэн нөлөөндөө байлгахад шарын шашин их нөлөөтэй гэж үзэж шашныг зүйл бүрээр дэмжиж ирсэн нь түүхнээ тодхон тэмдэглэгджээ. Гэвч 1911 онд Манжаас тусгаар тогтнох үзэл санаа тэрхүү зүйл бүрээр дэмжиж ирсэн шашны зүтгэлтнүүдийнх /Богд хаан/нь зүгээс гарч тэдний идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан нь бас л түүхийн бодит үнэн билээ.

            Эртний үед бүх зүйлийг бурханы хүсэл зоригоор тайлбарлаж ирсэн. Яваандаа бурхан өөрийн бүх хүсэл зоригийг хэрэгжүүлэх “эзэн хаан” хэмээгчийг бий болгосон ба Хаан газар дэлхий дээрх бурханы хаанчлалыг хэрэгжүүлэгч аж. Ийнхүү шашин хааныг зөвтгөсөн ба шашныг хаан зүйл бүрээр хөхүүлэн дэмждэг. Гэвч түүхэн хөгжилийн явцад эзэн хаан шашнаа үгүйсгэж шашныхаа дээр гарсан байдаг. Хэдийгээр “төр буюу хаан” шашны ивээл, хайр, зөвтгөлийн нөлөөгөөр үүссэн боловч хожим нь шашнаасаа илүү эрх мэдэлтэй болсон ажээ. Үүний нэгэн адилаар Үндсэн хуульт ёс нь ёс заншлаас үүсэлтэй боловч өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралд ёс заншлаас илүү статустай болсон байна. Шашны номлолд /ялангуяа Христийн/ бурханы өмнө хүн бүр “эрх тэгш” гэж тунхагладаг байжээ. Цаг хугацааны явцад энэхүү тунхаглал нь зөвхөн шашны тунхаглал төдийхнөөс халиж, илүү нийтийн, нийгмийн ялангуяа улс төрийн гол зарчим, уриа болсон ба энэ үзэл санааны үрээр хүмүүс “Эзэн хаан”-ы давуу эрхийг хязгаарлаж “эрх тэгш” байхыг чухалчлах болсоноор “Үндсэн хууль”-т ёс үүссэн гэлтэй.
            Шашнаас “улс төр” үргэлж хамаарч ирсэн учраас шашинд улс төрийн гол гол элементүүд өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл шашны номлолууд нь Үндсэн хуулийн адил нийгэмд хүчтэй нөлөөтэй хэвээр, ард түмний оюун санаанд оршсоор, “Төрийн хууль”-ийн хажуугаар нийгмийн амьдралд хэрэглэгдсээр байна. Төрийн хууль ёсны легитимт шинж чанар ард түмний дунд алдагдаж, төрийн хүч суларч эхлэхэд шашны номлол, хүч нөлөө нэмэгдэж өсөх ба энэ үйл явц нь төр ба улс орны хөгжилд сайн эсвэл муугаар нөлөөлдөг байна.

Үүний нэг жишээ нь манай Монгол улсад ажиглагдаж, төрийн хямралт байдлын улмаас монголчууд шашинд /зарим талаараа мухар сүсэгт/илүү татагдан орж байж болох юм. Үүний шалтгаан нь “хуульт ёс”-ны хямрал байж болно. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжихээ больж, нийгэмд үнэ цэнээ алдсанаар /хууль гууль болох/, иргэдийн “хуульт ёс”-нд /төрд/ итгэх итгэл алдарч түүний орон зайг “шашин” эзлэж байж болох юм. Иймээс “Үндсэн хуульт ёс”-ыг бэхжүүлэхийн тулд хуулийн хэрэгжилтийг чангатгахаас гадна хууль нь жинхэнэ нийгмийн дотоод асуудлыг бүрэн шударга шийдвэрлэж чадах, иргэдийн сэтгэл ханамжыг ихэсгэх чадамжтай байх шаардлага урган гарч байгаа болов уу.

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...