Saturday, January 18, 2014

БУЛГАН НУУР ТӨСӨЛ



Төслийг санаачлагч: Булган суманд төрж, өссөн иргэн Базарчулууны ОЮУНСУРТАЛ


Төслийн нэр: БУЛГАН НУУР
Төсөл хэрэгжих газар: Өмнөговь Булган сум
Төслийн зорилго: Тариалан эрхлэлтийн усан хангамжыг сайжруулах, нэмэгдүүлэх
Төсөл хэрэгжүүлэгч: Хэнч байж болно
Төсөл санхүүжүүлэгч: Хэнч байж болно







Төсөл бичсэн огноо: 2013 оны 12 сарын 11

Сумын Ерөнхий танилцуулга:
Өмнөговь аймгийн Булган сум нь 1952 онд байгуулагдсан. Шинэ байгуулагдсан сумаа сумын төвөөсөө холгүй орших булгийнхаа нэрээр нэрлэжээ. Тус сум нь 2000 гаруй хүн амтай. Иргэд нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэн амьдардаг. Газар тариалан эрхлэлтээрээ аймагтаа тэргүүлдэг. Голлон хүнсний ногоо тарих бөгөөд түүн дундаа Булганчуудын тарисан ПОМИДОР улсдаа алдартай. Сумын төвд оршин суугчидын ихэнх хэсэг нь дулааны улиралдаа хүнсний ногоо, помидор тарих бөгөөд намар түүнийгээ борлуулж олсон мөнгө нь тэдгээр хүмүүсийн амьдралд мэдэгдэхүйц дэм болж байдаг онцлогтой хөдөлмөрч хүмүүс юм.
Төслийн Ерөнхий танилцуулга:
Өмнөговь аймгийн Булган сумын Булган булаг нь усны ундарга ихтэй, цэвэр тунгалаг устай, Социалист нийгмийн үед байгуулж өгсөн услалтын систем хашаажуулсан ногооны талбайг нь сумын иргэд өнөөг хүртэл ашиглаж газар тариалангаа эрхэлж байна. Сүүлийн 10 гаруй жил говь нутагт минь хуурайшилт ихсэж ган зудын давтамж нэмэгдсэн төдийгүй говьчуудын амьдарлын эх сурвалж болсон булаг шандных нь ундарга багасаж байгаа нь нутгийн бидэнд жилээс жилд мэдрэгдэж байдаг. Орчин үеийн үсрэнгүй хөгжлийн бараан сүүдэр болсон Хүлэмжийн хий нь дэлхийн дулааралд нөлөөлж дэлхий сүүлийн 100 шахам жилд харьцангуй дулаараад байгаа нь манай говь нутагт ийнхүү нөлөөлж байгаа нь энэ биз.
Булган булгийн ус хэдийгээр ундарга сайтай ч ундарга нь жил бүр багасаж, халуун, хуурай, ус бороогүй болж буй зуны цагтаа тариалан эрхлэгчдийнхээ усны хэрэгцээг хангаж чадахгүй болжээ. Усны асуудлыг шийдэх гэж чамгүй ажил хийж байгаа ч энэ нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна.
Төслийн гол санаа: Булганчууд зөвхөн зуны цагтаа булгийн усаа газар тариаландаа ашиглаад өвлийн цагтаа булгийн усаа ашигладаггүй. Үүнийг өөрчилж өвлийн цагт булгийн усаа нуур болгон хуримтлуулж хавар зуны тариалан эрхлэлтийн оргил усны хэрэгцээ ачаалалтай үедээ хуримтлуулсан усаа хэрэглэж усны гачаалаас гарах нь асуудлыг шийдэх оновчтой гарц гэж би харж байна. Иймээс би энэхүү төслийг БУЛГАН НУУР хэмээн нэрлэсэн.
Төслийн шийдвэрлэх гэж буй асуудал:
Говь нутгийн хуурайшилтаас хамааран Булганчуудын ургацын гарч багасаж, газар тариалангаас авах ашиг шим буурч байгаа нь усны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж байгаа юм. Ялангуяа нарийн ногоог жимслэх хүртэл нь хангалттай сайн услаагүйгээс жимс нь давжаарах, хатаж ургахаа болих гэх мэт сөрөг үзэгдлүүд гарч энэ нь ургацын хэмжээнд шууд муугаар нөлөөлж байдаг. Энэ ногооны чухал үе нь говийн халуун хуурай байдаг 6-7 сарын үед тохиодог бөгөөд энэ үед нь дан булгийн ундарга усны хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч улмаар усны хүрэлцээгүйн улмаас иргэд ногоогоо хангалттай сайн услаж чаддаггүй. Иймээс энэ бэрхшээлийг даван туулахын тулд өвлийн цагтаа булгийн усаа хуримтлуулж зуны энэхүү ачаалалтай цагтаа хуримтлуулсан усаа хэрэглэснээр бид усан хангамжаа сайжруулж, нэмэгдүүлэх ба үүний үр дүнд нийт Булганчуудын авах ургацын хэмжээ нэмэгдэж тариалан эрхлэлт илүү хөгжих юм. Хуримтлуулсан усныхаа илүүдлээр жимсны мод бусад модоо услах бүрэн боломжтой болно.
Төслийн зорилго: Булган булгийн усыг өвлийн цагт хуримтлуулж нуур болгоод зуны цагт тэрхүү хуримтлуулсан усаа ашиглаж газар тариалан эрхлэлтийнхээ усан хангамжыг сайжруулах, нэмэгдүүлэх
Төслийн зорилтууд:
1.    Төслийг эцсийн шатанд бэлтгэх, ТЭЗҮндэслэлийг боловсруулах, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцооллыг бодитойгоор тогтоох гэх мэтээр миний энэхүү төслийг бүрэн төгс төсөл болгон боловсруулах нь хамгийн эхний ажил. Миний энэхүү төсөл нь түүхий төсөл бөгөөд зөвхөн санаачлага төдий юм. Булган нуурыг байгуулахад мэргэжлийн инженер техникийн ажилчдын тооцоо судалгаа, зураг, төсөв шаардлагатай бөгөөд үүнийг гаргаснаар сая энэхүү төсөл маань бодитоор хэрэгжих боломжтой болох юм.
2.    Төслийн санхүүжилтыг шийдэх. Төслийн санхүүжилтыг ямарч замаар шийдэж болно. Хандив, буцалтгүй тусламж, төсвийн санхүүжилт, зээл гэх мэт
3.    Төслийг хэрэгжүүлэх. Төслийг хэнч хэрэгжүүлж болно гэхдээ ганцхан шаардлага байх ёстой төсөл хэрэгжүүлэгч нь хамгийн бага өртгөөр чанартай далан байгууламж байгуулж Булган нуурыг бий болгох ёстой.
Төслөөс гарах үр ашиг:
Энэ бол мэдээж ойлгомжтой. Энэ бол Булган сумын хөгжил дэвшил байх болно.

Төсөл бичсэн:                                  Б.ОЮУНСУРТАЛ


Хавсралт.
Булган нуурыг байгуулах газрыг GOOGLE EARTH программаас татсан зургаар харуулав. Ерөнхий төсөөллийг өгөх болов уу. 

Нуур байгуулах газрыг улаан шугамаар харуулав.



  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...