Wednesday, December 16, 2015

Цуст ванн доторх хүүр


Энэ зураг бол их алдартай. Аугаа их Францын хувьсгалын нэрт зүтгэлтэн /Жан Пол Марат/ үхлийг харуулсан түүхэн зураг юм. Энэ зураг мөн дэлхийн Улс төрийн шинжлэх ухаанд ч хамааралтай. Марат арьсны өвчтэй хүн байснаас усанд ордог өрөөгөө  албан өрөө болгон ашигладаг байжээ. Түүнийг Шарлот Кордей хэмээх бүсгүй өс хонзонгийн сэдэлтэйгээр алсан гэж үздэг ч энэ аллагыг хожим янз бүрээр тайлбарласан байдаг. Тэр шүүх хурлын үеэр “Би 100,000 хүний амь аврахын тулд ганц хүний амийг бүрэлгэсэн юм” гэж мэдүүлсэн байдаг. Юутай ч энэ явдал хүн төрөлхтөнд ихээхэн сургамжтай зүйл болжээ.
Үүнийг Нэгдүгээрт: Ордны хуйвалдаан гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл хувьсгалчдын дотоод хуйвалдааны золиос болсон гэх таамаг юм. Юу ч гэж нэрлэсэн энэ үйл явдал бол гэмт хэрэг гэдэг нь тодорхой. Гэвч хувьсгалт тэмцлийн үед хүн алах бол гавъяа байдаг. Хоёрдугаарт: Түүний амь насаа алдах үед хэрэглэж байсан ванн хийгээд амьдарч байсан тансаг харш бол түүнийх биш харин түүний хувьсгал хийж алж хядаж устгасан Францын дээд язгууртнуудын хэн нэгнийх нь эзэмшил юм. Хувьсгал хийсний дараа эзэмшигчдийг нь хороож өөрөө эзэмшсэн хэрэг л дээ. Тийм биш байсан ч хувьсгалын үед аллага дээрэм тонуул хяналтаас гарч нийгэмд эмх замбараагүй байдал үүсдэг тул түүнд өс хонзон санах хүн олон байсан нь лавтай.
Нэг. Ордны хуйвалдаан
Хүн төрөлхтний засаглалын түүхэн хөгжлийн явцад ордны хуйвалдаан үргэлж байсаар ирсэн. Засаглах эрх мэдэл хэдхэн хүний гарт буюу Хаан болон түүний тойрон хүрээлэгчдэд байх ба үүнд ард түмний оролцоо эрх мэдэл байхгүй. Хэмжээгүй эрхийг авсан хүний хувийн үзэмжээр хууль болон бусад улс орны чанартай шийдвэрүүд гарна. Дайтах хийгээд найрамдах, шийтгэх хийгээд шагнах нь зөвхөн захирагчид /хаанд/ байх хэмжээгүй эрх байв. Түүний зан авир, хүсэл сонирхолд “хэн ч” хэмжээ хязгаар тавихгүй. Үүнийг Францын 16-р Людвиг Хаан “Төр бол би” гэж хэлснээр улс төрд томъёолно. Ийм төртэй улс оронд ард түмэн туйлын хүнд дарлал зовлонг амсаж, ямар ч эрх чөлөө эдлэхгүйгээс гадна зүгээр л хааны үнэгүй албат боол болж хувирдаг.
Засаглалын легитимт шинж хэмээх ойлголт Улс төрийн төрийн амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг монголчилбол засаглалын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх шинж гэж ойлгогдоно. Энэ бол засаглалын маш  чухал шинж. Энэ шинж чанараа алдсан засаглал нэгэнт мөхдөг хувь тавилантай. Өгүүлэн буй үеийн Франц улсын Хаант засаглал ард олны дун дахь энэ шинжээ нэгэнт алдаж үр дүнд нь Хувьсгалт тэмцлээр Францад дэлхийн хамгийн анхны Бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэй.
13-р зууны үеийн Монголчуудын Засаглалын легитимт байдал нь Боржигон удмын ноёрхол буюу Чингэс хааны удмын үе залгамжилсан өвөрмөц хууль ёсны /тогтсон/ уламжлалаар баталгаажиж байв. Хааны эрх мэдлийг бусдад хүлээн зөвшөөрүүлэх тогтсон уламжлал нь Их хуралдай байсан ба Их хааныг Их хуралдайгаар Өргөмжилснөөр түүний эзэнт гүрэн дэх бүрэн эрх баталгааждаг байв. Энэ уламжлалыг Хубилай эвдэж “Их хуралдайн зөвшөөрөл”-гүйгээр өөрийгөө хаанд  өргөмжилсөн нь хууль ёсны бус Хаан гэгдэх шалтгаан болж үр дүнд нь эзэнт гүрэн хуваагдсан түүхтэй. Энэ нь монголын түүхэнд монголчууд дундаа хагаралдах, өөр өөрсдийгөө дур зоргоороо хаанд өргөмжлөх явдал цаашид зогсолтгүй үргэлжлэх гинжин урвалын эхлэл болсон байна. Өөрөөр хэлбэл нийт монголчуудыг нэгтгэж байсан Их хуралдай гэх уламжлалт засаглалын хэлбэрийг үгүй хийснээр хэн хэндээ хүлээн зөвшөөрөгдөөгүй  эзэнт улсуудад хуваагдсан ба энэ нь  монголчуудын цаашдын түүхэнд маш хортойгоор нөлөөлж улмаар энэ нь Манжийн дарангуйлал хүртэл үргэлжилж Монгол төр доройтон мөхсөн байдаг.
Бага хаадын үед ордны хуйвалдаан дээд цэгтээ хүрч хаанаар өргөмжлөгдсөн хүн багахан хугацаанд амьдраад түүний дараагийн хаан өргөмжлөгдөх гэх мэтээр ялангуяа энэ процессын үр дүнд хааны угсааныхан маш их зовлон амссан байдаг. Төр улс жолоодох чадваргүй хүүхдийг тоглоомын улсын хаанаар өргөмжилж хэсэг бүлэг нөлөө бүхий түшмэл буюу боржигон угсааны бус хүн хэрэг дээрээ төрийн эрх барих үзэгдэл цөөнгүй гарсан байдаг. Энэ бол бүхэлдээ засаглалын легитимт шинжийн хямралын үр дүн юм. Орчин үед үүнийг төр засаг ард түмнээсээ тасран холдох үзэгдэл гэж нэрлэдэг. Ард түмнээсээ холдсон эрх мэдэлтнүүдэд иргэд захирагдахаа больж тэдний засаглалыг үл зөвшөөрч, өөр хууль ёсны засаглал буюу ард түмний дундаас төрсөн өөрсдийн засаглалыг  үүсгэн байгуулж, түүнийг бүх талаар зөвтгөн дэмжих ба ард түмнийхээ амьдралаас холдон тасарсан ноёрхогч  цөөнхийн эсрэг цуст тероризм хийж тэдний засаглалыг бүр мөсөн устгадаг. Энэ үйл явцыг хувьсгал гэж нэрлэдэг. Ордны хуйвалдаан бол Ардчиллаас ангид зүйл юм. Ард түмний хүсэл сонирхлыг үл тоосон хэдхэн хүний хуйвалдаан улс орны амьдралд хүчтэй нөлөөлж байвал энд Ардчилсан засаглал байгаа эсэх нь тун эргэлзээтэй болж таардаг.
Харин манай монголд ийм үзэгдэл байна уу?  Сүүлийн үед сонгуулийн ирц буурсаар байгаа нь төрд итгэх ард түмний итгэл суларсантай холбоотойгоос гадна төр засаг нь ард түмнээсээ бага багаар хөндийрөн тасарч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл ард түмний төр засгаа хууль ёсоор хүлээн зөвшөөрөх байдал нь суларч байна гэсэн үг.
Хоёр: Цуст ванн
Зурагт  хувьсгалт тэмцэгчийг цустай ваннд үхсэнээр дүрсэлсэн байна. Энэ бол хоёр дахь бодомж үүсэх шалтгаан юм. Өөрөөр хэлбэл түүнийг хувьсгалчдын доторх хуйвалдааны золиос болсон гэдгээс гадна  түүний тансаг амьдралд нь хорссон ард түмний өс хонзон, уур хилэн түүний үхлийн шалтгаан гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэдэг юм. Дээдэс язгууртны баян тансаг байдал, тэдний хэтэрхий дур зоргоороо авирлах үйлдэл ядуу иргэдийн уур бухимдлыг төрүүлэх гол шалтгаан болдог. Эгэл жирийн хүн өлсгөлөнгөөр гудамжид амиа алдаж байхад ихэс дээдсийн ордонд тансаг найр цэнгүүн тасралтгүй үргэлжилж тэнд очсон хүмүүс бялууг ч тоож идэхээргүй цатгалан байдаг явдалд бухимдаж дургүйцсэн олон түмний уур хилэнг удирдаж, хувьсгалт тэмцэл хийсэн хувьсгалын удирдагч өөрөө язгууртны орд харш, баян тансаг амьдралыг булаан тэдний жишгээр амьдардаг.
1990 оны хувьсгалчид тухайн үеийн намын төв хорооныхны Тусгай хангамжийг шударга бус гэж маш их шүүмжилсэн байдаг. Харин одоогийн дарга нарын тусгай хангамж тэд нарынхаас тэгтлээ ялгарах зүйлгүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү. Ер нь Ардчилал бол байнга засаж сайжруулж, хөгжүүлж байхыг шаарддаг засаглалын хэлбэр. Ухаандаа хүн гэрээ цэвэрлэхгүй хэтэрхий удвал амьдрах орчин чинь тохь тух муутай, бохир заваан болох учир та гэр орноо байнга цэвэрлэхэд хүрдэг. Яг үүний нэгэн адилаар Ардчиллыг байнга арчиж зүлгэж, цэвэрлэж байхгүй бол тэр бохирдож, өнгөө алддаг.
Золгүй хувьсгалчийн хувьд гадаа гудамжид үхэх, тансаг ваннд үхэх хоёрт зарчмын ялгаа байхгүй ч орчны ялгаа бол мэдээжээр байна. Манай нэг дуучны дуулснаар “Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр”  гэж бодсон ч байж болох.
Эцсийн дүндээ нийгэмд шударга ёс тогтох хүртэл ард олны уур хилэн намждаггүй бололтой. Нийгэм дэх баян хоосны ялгаа нэмэгдэж хэсэг цөөнх бүлэглэл нь шударга бусаар нийгмийн баялгийг эзэмшиж эхлэх нь бусад хүмүүсийн дургүйцэл, бухимдлыг төрүүлдэг. Энэ бол хамгийн аюултай үзэгдэл юм. Тиймээс аливаа нийгэм хүн бүрт шударгаар хөрөнгөжих, чөлөөтэй өрсөлдөх эдийн засгийн тэгш боломжийг олгох хэрэгтэй ба эсрэгээрээ шударга бусаар баяжсан хөрөнгөжсөн хүмүүст туйлын хатуу шийтгэл ноогдуулан ард оны уур хилэнг намжаахгүй бол асуудал даамжирсаар улс орон ямар ч зам руу гулсан орж мэдэх юм.
Ардчилсан улсад хуулийн засаглал хүчтэй байх учиртай. Хүн бүрт хууль тэгш үйлчлэх ба хуулиас дээгүүр хэн ч гарах ёсгүй юм. Энэ зарчим бол нийгмийн тогтвортой хөгжлийн үндсэн зарчим. Харин манайд сүүлийн үед хуулиас дээгүүр эрх мэдэл эдлэх, хуулиас дээгүүр хүн мэт аашлах, хуулийг үл тоомсорлон зөрчих гэх мэт зүй бус үзэгдэл мэр сэр гарсаар байна. Үүнд хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг Судлаач Д.Ганхуяг ах “сурчихсан арчаагүй байдал” гэж тодорхойлсон байна. Харин би “монголчууд төр засгийнхаа сайн ба муугаас үл хамааран хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдраад байж чаддаг хүмүүс” гэж хэлмээр байна. Үүнд байгалийн баялаг бүхий өргөн уудам нутаг, мал сүрэг гэх мэт өвөг дээдсээс өвлүүлсэн нүүдэлчин ахуй нөлөөлдөг байх. Гэхдээ энэ бол мэдээж Ард түмнийг тэмцэх чадваргүй, мунхаг гэж басан доромжилсон хэрэг биш. Төр засаг ч ийм мэтээр төсөөлж боломгүй.
Зөвхөн хууль дээр нийгэм тогтдог уу гэвэл бас тийм биш юм. Улс орны хөгжилд үүнээс дутахгүй нөлөөлдөг чухал хүчин зүйл бол ёс зүйтэй байх, бие биеэ хүндэтгэх, хүн хүндээ итгэж найдах явдал юм. Сонгуульд оролцож, амлалт өгч, улс орныг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нам, улс төрийн хүчин олон түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх тусам ард түмний төр засагт итгэх, Ардчилалд итгэх итгэл буурсаар байна. Ард түмний засаглах эрх мэдлийг нэмэгдүүлэх, шууд Ардчиллын зарим хэлбэрийг ашиглах, шударга ёсыг сахиулах, хууль бусаар хөрөнгөжих, завших явдлыг хязгаарлах, нийгэм дэх баян хоосны ялгааг багасгах, төрд тавих хяналт, хариуцлагын механизмыг бий болгох гэх мэт маш олон сорилт монголын Ардчиллын өмнө байна.
Тэгш эрхийн зарчим алдагдсан ганцхан жишээг дурдъя. Энэ бол УИХурлын 76 гишүүнд байдаг “Халдашгүй дархан эрх” минийхээр эдгээр нөхдийн халдашгүй дархан эрхийг цуцлах, үгүй бол бүх Ард түмнээ халдашгүй дархан эрхтэй болгох. Ингэвэл шударга ёсонд илүү нийцмээр санагдана.

Дүгнэхэд “цуст ванн доторх хүүр”бол түүхийн маш том сургамж ийм хүүртэй болохгүйн тулд хаа хаанаа хичээх хэрэгтэй мэт. 

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...