Wednesday, December 16, 2015

Тоо буруутай юу?

Уламжлал ба шинэчлэл хоёр эсрэг тэсрэг учраас үргэлж зөрчилдөж байдаг. Хуучин нь ул болж, шинэ зул болдог нь хүний нийгмийн нэгэн зүй тогтол. Гарцаагүй илүү үр дүнтэй, илүү дэвшилтэд, үр ашигтай зүйлс нь хуучны хоцрогдсон бүдүүлэг технологи, үзэл санаа зэргийг түрэн зайлуулдаг нь жам ёсны үзэгдэл юм. Хэрвээ энэ жам ёсны үзэгдлийг хааж боож хяхан хавчваас шинэ зүйлийн эрч хүч хуучныгаа юу ч үгүй болтол нь гишгэлдэг. Гэхдээ нийгмийн аливаа үзэгдэлд эрс хувьсгалч байдлаар хандах нь туйлын муу, сөрөг үр дагаврыг авчрах нь бас бий. Тиймээс уламжлал, шинэчлэлийг хослуулах нь төвөгтэй ч гэсэн ийм замаар явахаас өөр аргагүй. Ямар ч хүн толигор сайхан засмал замаар хурдлахыг хүсдэг. Яг үүний нэгэн адилаар хүн бүр үргэлж шинэ соргог, өөрт илүү тааламжтай зүйлийг хүсдэг.
Харин улс төрд шинэчлэл яаж хийгддэг вэ? Ихэнхдээ шинэчлэлийг залуус хийдэг тэд нийгмийн хуучин бүтцийн алдаа оноо сул тал зэргийг илчлэн түүнийг засаж сайжруулахад туйлын идэвхтэй оролцдог. 1990 оны Ардчилсан хувьсгалыг 20-30 насны залуучууд хийсэн байдаг. Тэд шинэ юмыг маш соргогоор хүлээн авч өөрчлөлт хийх зориг зүрх, хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Харин одоогийн байр суурь, нийгмийн зэрэг зиндаагаа хамгаалан үлдэхэд нь шинэчлэл туйлын халгаатай байдаг учир хөгшчүүл шинэчлэлд хойрго удаан, болгоомжтой хандах бөгөөд нэгэнт тогтсон уламжлалыг хэвээр хадгалахыг хүсдэг. Манай улсын шинэ цагийн Ардчилалд хуучин коммунист нийгмээс уламжлагдан ирсэн олон зүйл бий. Нам төвтэй систем, дарга төвтэй гүйцэтгэх засаглал товчхондоо хуулийн биш хэсэг бүлгийн эрх ашигт илүү их үйлчилсэн нийгмийн тогтолцооны гажиг.
Нэгэнт эрх мэдэлд хүрсэн бол тэр хүн эрх мэдлээ аль болох удаан хадгалах сонирхолтой байдаг нь хүний төрөлх араншин учраас үүнийг хазаарлахын тулд сонгууль зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл сонгууль нь дарангуйлал үүсэхээс сэргийлсэн нэг төрлийн хамгаалалт. Нөгөөтэйгүүр нийгмийн амьдрал түүний тулгамдсан асуудлыг үргэлж шинэчлэн шийдвэрлэж байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хүний нийгмийн хөгжлийн хурдыг улс төрийн шийдвэр гаргах үйл явц үргэлж гүйцэж байгаагүй. Өөрөөр хэлбэл улс төрчид нийгмийн асуудлыг урьдчилан зохицуулж чаддаггүй ба нийгмийн хөгжлөөс улс төр ямагт хоцордог. Асуудал нэгэнт бий болсны дараа түүнийг зохицуулахаас өөр аргагүй болсон үед л  ард түмний шахалт дарамтын хүчээр асуудлыг шийдэж явдаг. Үнэндээ бүгд зөнч биш учраас нийгмийн асуудлыг урьдчилан харж, зохицуулах боломж   хомс үүнд улс төрчдийг буруутгах аргагүй. Ийм байдаг гээд асуудалд цалгар назгай, удаан хойрго хандах эрх улс төрчдөд байхгүй. Улс төрчид нийгэмд үүссэн асуудалд тун мэдрэмжтэй байж, түүнийг даамжрахаас нь өмнө зөв шийдлийг олж, шийдвэрлэж байх бүр цаашилбал нийгэмд тулгамдсан асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж, асуудалд шинжлэх ухаан ч, тооцоо судалгаатайгаар хандах эрмэлзлэлтэй байх учиртай.
Саяхан өргөн барьсан үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд засгийн эрхийн хугацааг 5 жил болгохоор тусгасан нь тун эмгэнэлтэй юм. Ардчилсан хөгжлийнхөө ололт амжилтаас ухарсан алсын хараагүй төсөл. Хуучин “соц” нийгмийн үед нийгмийн хөгжлөө 5 жилээр төлөвлөж удирддаг байсныг Ардчилсан хувьсгалаар 4 жил болгон өөрчилсөн нь дэвшил байв. Гэвч 25 жил яваад энэ хөгжлөөсөө ухарч хуучин уламжлалаа илүүд үзсэн нь хэр оновчтой вэ? Өдөр ирэх бүр улам бүр даяарчлагдан хурдтай хөгжиж буй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд монголын төрд хурд хэрэгтэй болохоос биш хугацаа хэрэггүй. Тэртээ тэргүй нийгмийн хөгжлөөс улс төр ямагт хоцордог байтал бүүр хоцроох шийдэл хэнд хэрэгтэй вэ? 4 жил тутамд шинэчлэн өөрчлөгдөж, хөгжиж байх ёстой улс төрийн зорилго зорилтууд маань 5 жил тутамд шинэчлэгдэх болбол нийгмийн хөгжлийн хурд 1 жилээр саарах нөхцөл бүрдэх юм. Нөгөө талаас эрх мэдэлтнүүдийн зөөлөн сандалдаа илүү удаан, илүү тухтай, илүү найдвартай тухлах гэсэн хүсэл зорилго нь энд нуугдаж байна. Ард түмний эрх баригчдад дүн тавьдаг сонгуулийн хугацаа улам бүр нэмэгдэх нь ард түмэн хийгээд улс төрчидийн хоорондын ойр холбоог холдуулах аюултай. Өөрөөр хэлбэл улс орныг удирдан залах олон түмний эрх мэдэл тэднээс улам бүр тасрахад хүргэнэ. Муугаар бодоход  сонгогчидын 4 жил тутамд авдаг будаа гурил, түлээ нүүрс, сонгуулийн бялуурам амлалт, саналаа худалддаг мөнгө нь хойшлох ба хамгийн чухал “эрхэм эрх” буюу улсыг удирдахад саналаа өгөх эрх чөлөө нь ард түмнээс 1 жилээр холдох юм. Сонгууль болоход аз жаргалаар бялхаж улс орны хамгийн чухал хүн гэдгээ сая нэг мэдэрдэг сайхан мэдрэмж нь 1 жилээр хойшлох нь.
Одоогийн эрх баригчид өөрсдийнхөө ажилгүй, сэтгэлгүй, хайхрамжгүй байдалд буруу өгсөнгүй харин энгийн нэг тоонд бүх бурууг өгч байна. Улсаа хөгжүүлэхэд 76 гэсэн тоо буруутай гэнэ. Уг нь 99 байвал улс орон минь мандах бадрах юм байх. 4 гэсэн тоо бас л дутаад 5 болгочихвол улс төрчид Ард түмнээс “ОНЦ” /5/ үнэлгээ авах юм байх. Миний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч болмооргүй санагдана. Ажил муу хийснийхээ бурууг “Тоо” руу чихээд, ард нь өөрсдөө цэвэрхэн үлдэх үү. Эцсийн эцэст энэ бүхэнд тоо буруутай юу?
Хохирогч нь Ард түмэн. Завшигч нь улс төрчид. 4 жил тутам нэмэгддэг сургууль цэцэрлэг, 5 жил тутамд нэмэгдэх болно. Гэтэл хүн амын өсөлт улам нэмэгдэж, нийгмийн хөгжилийг дагасан асуудлууд хурдтай томорч байхад улс төрчид нь энэ бүхнээс зайгаа барихыг санаархаж байна.
Сонгуулийн хугацаа холдох тусам ард түмнээс төр засаг алсран холдож, төр засгаа өөрчлөх сонгууль болохыг хүлээж тэвчилгүй хувьсгал хийх магадлал нэмэгдэнэ. Энэ бол Ардчилалын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл юм. Ихэнх Ардчилсан улсын сонгуулийн давтамж 4 жил байдаг нь тохиолдолын санамсаргүй хэрэг биш.
Ерөнхийлөгч нь хаа очсон газраа манай улс бол Ардчилсан улс гэж ам бардам тунхаглаж явна. Зүй нь Ардчилсан хөгжилийн замдаа яваа л даа. Өнөөгийн Ардчилсан гэх улс орнууд Ардчиллын замаар цаад зах 200 жил замнаж байж сая дэлхийд гайгүй Ардчилалтай улс гэгдэж байхад манай улс 25 хан жилийн дотор жинхэнэ Ардчилсан улсыг байгуулсан юм байх.
Олон түмэн болохоор энэ үгэнд үнэхээр үнэмшчихсэн.Тэгсэн хэрнээ улс орноо өөрсдийнхөө ахуй амьдарлаа хараад ядуу буурай хэвээрээ байгаад гайхаж эцсийн дүндээ Ардчилал бол улс орныг хөгжүүлж, ард түмнийг жаргаах тийм төр засаглалын хэлбэр биш юм байна гэсэн логик дүгнэлт хийхэд хүрчээ.
Монголын гэсэн онцлогтой Ардчилсан улс байгуулах шилжилтийн, завсрын үеийг бид туулж байна. Эхэндээ Ардчилалтай цоо шинээр танилцаж байсан учраас бусдын туршлагыг шууд хуулбарласан. Шинэ ажилтан ажил дээрээ туршлагатай ажилчныг дагалдан ажиллаж түүний туршлага мэдлэгээс суралцдаг ч дараа нь өөрийн гэсэн ажлын арга барил туршлагыг бий болгож түүнийгээ хөгжүүлдэг. Хуучин цагийн шинэ хүмүүс улс орныг удирдаж байна. Одоо халаагаа шинэ цагийн шинэ хүмүүст өгөх цаг болсон бололтой.
Бодсоор бодсоор бодын шийр 4 гэгчээр явж явж улс төрийн нам дээрээ л ирдэг. Нам нь дотроо ардчилалгүй, гишүүд нь намынхаа дотоод хэрэгт идэвхтэй оролцдоггүй. Нам нь улс орноо үнэн шударгаар удирдаж хөгжүүлж чадах тийм манлайлагчыг төрүүлэн гаргах чадавхгүй. Хугацаа нь дууссан бараа шиг улс төрийн тогоонд 20 жил чанагдсан нөгөө л нэг байдаг л улс төрчид нь , тулга тойрсон шалдир бульдар хэрүүлээ хийнэ. Сандал суудал булаацалдана.
Нам ажлаа хийгүй бол ард түмэн өмнөөс нь ажлыг хийгээд өгдөг. Ардчилсан улсад хүн бүр улс төрч учраас улс орноо гэх сэтгэлтэй, зүтгэлтэй, боловсролтой өөр нэг хүнийг сонгочих эрх нь Ард түмэнд одоохондоо байна.
Манай улсыг тойроод бөөн амбиц. Хятад улс дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогч болохыг мөрөөдөж байна. Тэд хятад мөрөөдөлдөө хүрэхэд ойрхон ирсэн. Орос улс Евразид гол тоглогч байхыг санаархаж байна. Адгийн муу Казакстан хүртэл дэлхийн өндөр хөгжилтэй 30 улсын тоонд багтах зорилт дэвшүүлсэн гэнэ. Харин манай монголчууд ялангуяа улс төрчид нь ядуу буурай, хөгжилгүй, арчаагүй байдалтайгаа эвлэрчихсэн. Жижиг жижигхэн түлээ нүүрс, будаа гурил гэх мэт асуудлаас цааш гардаггүй. Нэг хэсэг нь бид тусгаар тогтнуулсан, нөгөө хэсэг нь бид Ардчиллыг авчирсан гэдгээ улиг болтол ярьж “тахин шүтүүлэх” байдалтай. Эвий минь хөөрхий минь эд нар маань нээрээ Ард түмэндээ гавъяа байгуулсан шүү дээ гээд насаараа тэд нарыг бурхан болгож тахих ёстой юм шиг аашилна. Ардчилсан нийгэм бол удирдагчдынхаа чадвар мэдлэг боловсролыг маш богино хугацаанд ашиглаад хаядаг дарга нарт халгаатай нийгэм. Харин монголын Ардчилал бол удирдагчдаа  маш богино хугацаанд тэрбумтан болгодог сонин туршлагатай. Зарим хүмүүс улс төрийг баяжих арга хэрэгсэл гэж андуурч ойлгоод байх шиг. Тэдэнд хувийн амбиц байхаас биш улс орныг хөгжүүлэх том амбиц байхгүй.

Хувийн биш улс орноо хөгжүүлэх маш том амбицтай баймаар байна. Энэ бол иргэн бүрт хамааралтай үг. Амбиц бол мөрөөдөл, хүсэл зорилго. Бидэнд бусдад зарлачихсан Монгол мөрөөдөл байна уу. 

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...