Monday, December 14, 2015

Хаан шалдан байна

Энэ бол их алдартай үлгэр. Бүр энэ үлгэрээр хийсэн кино хүртэл байдаг. Хүүхэд байхдаа тэр киног нь үзээд өөрийн эрхгүй инээд алддаг сан. Ялангуяа тэр нэхмэлийн машинийг хоосон ажиллуулаад “хар л даа ямар сайхан бөс даавуу байгааг” гэж хэлэхэд нь хааны итгэмжит түшмэл нь олж харах гэж хичээж хичээж сүүлд нь Тэнэг гэж хэлэгдэхгүйн тулд “Тийм байна аа тийм байна Гайхамшигтай хувцас байна” гэдэг хэсэг дээр нь инээхгүй байхын аргагүй. Их сургамжтай үлгэр л дээ. Товчхондоо бол хоёр луйварчин ухаантай болж харагдах гэсэн Хаан болоод түүний тойрон хүрээлэгчидийг хөнгөхөөн залилаад зогсохгүй, олны өмнө жинхэнэ Тэнэгүүд гэдгийг харуулж чаддаг.
Манай улсын Их сургууль уг нь “Улс төр судлаач” гэх мэргэжлийн улс төр судлаачыг бэлтгэдэг боловч тэрхүү улс төр судлаачдынх нь дуу хоолой нийгэмд хүрдэггүй. Тиймээс монголын улс төрд ямар ч тооцоо судалгаагүй, шинжлэх ухаанч бус, улс төрийн зорилт мөрийн хөтөлбөр, үг үйлдэл, дүгнэлт ноёрхож, хэн нэгэн улс төрчийн хувийн бодол, хийрхэл газар авч улс төрчид дур зоргоороо авирлаж популизм хийдэг. Энэхүү зан байдал, үг үйлдэлд нь мэргэжлийн, шинжлэх ухаанч, баримттай, тооцоо судалгаатай тайлбар хийчих хараат бус судлаач байдаггүй болохоор “Намайг хэн хэлэх вэ? Нохойг хэн саах вэ?” гэдэг шиг авирладаг. Товчхондоо улс төрчидын шалдан эсвэл хувцастай эсэхийг нь Ард түмэнд шударгаар хэлээд өгчих байгууллага “судлаач” алга. Өөрөөр хэлбэл манай улсын улс төр судлалын шинжлэх ухаан Их сургуулийнхаа танхимаас гараагүй, Улс төрчидынхөө “Нүцгэн үнэн”-ийг харуулах чадваргүй хөгжилийн доод түвшинд байна. 
Ардчилал хөгжсөн оронд бол Улс төрийн бодлогын судалгааны хүрээлэнгүүд идэвхтэй ажиллаж, “судлаачид” улс төрчидийнхөө үг, үйлдэл, бодлогод үнэлэлт дүгнэлт өгөх байдалаар хөндлөнгийн хүчтэй хяналт бүрдүүлсэн байдаг аж. Манайд ийм зүйл байдаггүй болохоор манай улс төрчид “Улс төрийн бодлогын маш том алдаа” гаргачихаад одоо түүнийгээ өөрсдийнхөө буруу биш Дэлхийн эдийн засгийн хямралын буруу гээд хариуцлагаас эвтэйхэн бултаж, харин тэр алдаатай бодлогынх нь горыг ард түмэн нь амсаад сууж байна.
Байгалийн баялаг дээр суурилсан эдийн засгийн бүтцийг хэт дэмжиж энэ бодлогодоо хэт найдаж явсаны дээр улс төрд шургалсан эдийн засгийн олигархи бүлэглэлүүдийн монголын баялагт эзэн суух гэсэн явцуу эрх ашгийн төлөөх тэмцэл нь монголын эдийн засгийг хөлдөө чирч үр дүнд нь Ард түмэн хохирлоо. Зүй нь ганцхан байгалийн баялагтаа найдах биш хөдөө аж ахуйн салбар, монгол хүний оюуны баялагт найдаж түүнд хөрөнгө оруулж, шувууны сүүдэр шиг дайраад өнгөрөх эдийн засгийн өсөлт, түүнээс гарсан ховор боломж, хөрөнгийг хөдөө аж ахуйг хөгжүүлэх болоод шинжлэх ухаан, үйдвэрлэлийн бусад салбарт зарцуулсан бол өнөөдрийн монгол өөр байх байсан нь лавтай.
Эдийн засгийн энэ боломжыг хоосон улс төр, бэлэн мөнгө тараах халамжын хөтөлбөрт зарцуулсан дэндүү үрэлгэн харалган бодлого бол монголын тооцоо судалгаагүй, үнэн бодит бус, алсын хараагүй улс төрийн бодлогын шууд үр дагавар.
Ард түмний татварын хөрөнгийг зарцуулах тал дээр дэндүү үрэлгэн, хайхрамжгүй хандаж байна. Тендерүүд нь хяналтгүй. Авилгал, хээл хахууль нь багасч байгаа зүйл алга. Ардчилсан нам ялсан биш бүр авилга ил цагаандаа гарч, тендер аваад өгий. 10 хувийг нь өгчих гээд хар зах дээр гүйх бацаанууд олширсон гэдэг яриа нэг хэсэг тараад намжсан юм даг. Монгол дахь авилгал улиг  болсон зүйл учраас би энэ талаар ярьмааргүй байна. Харин дэндүү үрэлгэн төсвийн зарцуулалт монгол улсыг бүхлээр нь залгих шинжтэй болж. Үүнийг энгийн наад захын тендерийн дүнгээс харж болно. Зураг төсөв зохиох үйл явц нь ил тод биш, бүрхэг нууцлагдмал. Түүнд хяналт тавьж байгаа зүйл алга. Дурын нэг төсөвчин өөрийнхөөрөө төсөв зохиодог. Энэ нь цаанаасаа захиалгатай. Захиалагч нь төсөвтөө авилгалынхаа мөнгийг суулгуулна. Үр дүнд нь үнэн бодит зах зээлийн ханшаар тооцсон гэхэд итгэмээргүй төсөвтэй тендер төрнө.
Энгийн нэг гүний худаг гаргуулахад /гүнээсээ хамаардаг/ хамгийн ихдээ 15 сая төгрөг зарцуулдаг. Үүнийг хашаандаа худаг гаргуулсан бүх хүн мэддэг. Гэтэл төсвийн хөрөнгөөр худаг гаргахад 45 сая төгрөг зарцуулсан байх жишээтэй.
Хэдэн жилийн өмнө хувийн компанийн хөрөнгөөр хүнд даацын хатуу хучилттай замыг замын компаниуд 1 км-ыг нь 500 сая төгрөгөөр булаацалдан гүйцэтгэсэн гэдэг. Гэтэл төсвийн хөрөнгөөр хийгддэг авта замуудын олонх нь 1 км нь 1 тэрбум төгрөгөөр тавигддаг гэдэг. Замын бизнес бол дарга нарын бизнес гэдэг нь оргүй үг биш бололтой. Орон нутагт бол бүүр сонирхолтой тоо баримтууд харагдана. 150 хүүхдийн ортой цэцэрлэг 700 сая-д босож нээлтээ хийгээд байхад хажуу талд нь түүнтэй ижил хэмжээтэй бага сургуулийн барилга 1 тэрбумыг залгичихаад ахиад мөнгө өгөхгүй бол ашиглалтанд оруулж чадахгүй нь ээ гэд сууж байдаг. Аливаа нэг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах улсын жишиг үнэ гэж байхгүй хэн нэгэн дарга энэ ажлыг дурынхаа төсөвт өртөгт багтаамаар байна гэвэл төсөвчин нь яаж ийж байгаад л хэлсэн үнэнд нь төсвийг нь зохиодог захиалгат төсвийн хяналтгүй систем байх шиг байгаа юм. Мэдээж би энэ бүхнийг нарийн судлаагүй зүгээр л гаднаас нь харахад л ийм байх шиг санагдаж хардах сэтгэл төрдөг. Үнэн гэд шууд хэлчихгүй ч гэсэн худлаа гэх хүн гарахгүй дээ.
За тэгээд тендер шалгаруулалт бол тэр чигээрээ үнэмшилтэй найруулга бүхий жүжиг. Ер нь монголд бие биенийгээ хуурдаг, түүнийгээ хуулиар халхавчилдаг явдал бүүр ёс мэт тогтсон байна. Нөгөө хуульчлагдсан хулгай гэдэг л энэ байх. Энэ бүх болж бүтэхгүй байгаа зүйлийг ихэнх хүн мэддэг. Гэхдээ хэн ч дуугарахгүй. Энэ систем нь дарга нарт ашигтай. Компаниудад ашигтай. Хэдийгээр тендерт ороод ялагдсан ч ахиад өөр тендерт ороод ялах учир тогтолцоогоо муулахгүй. Энэ тогтолцоо бүхэлдээ алтаар өндөглөдөг тахиа учир албан тушаалтнууд ч тэр, компаниуд ч тэр тогтолцоогоо муу хэлж “алтаар өндөглөдөг тахиагаа алах”-ыг хүсэхгүй. Нэг үгээр хэлбэл улс төрийн “эс үйлдэхүй”-гээр муу муухайгаа хаацайлдаг. Уг нь энэ бол гэмт хэрэг л дээ. Төсөөлөхөд хэн нэгэн Ард түмний хөрөнгийг хулгайлж буйг мэдсэн мөртлөө дуугүй л сууна. Дараа нь би ингэж хулгайлах юм шүү гэдгээ тооцоолж байгаа хэрэг. Хэрвээ энд нэг ийм хулгай хийж болдог нүх байна. Үүгээр хулгай хийгээд байна гэд хэлчихвэл тэр нүхийг бөглөчих учраас ашиггүй.
Харин улсын эзэн болсон ард түмэн өөрийнхөө хөрөнгөд хяналт тавих эрхгүй. Бүүр өөрийнхөө хөрөнгийг /улсын төсвийг/ олон түмнийх ч биш дарга нарынх гэж үздэг хүн олон байгааг яалтай ч билээ.
Хохирогч нь хөөрхий муу ард түмэн завшигч нь хувийн хүсэл шуналаа үл тэвчиж чадах дарга нар, ашгаас өөр зүйлийг боддоггүй хүйтэн сэтгэлтэй компаниуд. Хоёр км зам тавих мөнгөөр нэг км зам тавиад байна уу үгүй юу гэдгийг нь үнэн бодитоор нь тооцоо судалгаатайгаар ард түмэнд хэлээд өгчих “судлаачгүй” Монгол улс. За ийм шударга “судлаач” байлаа гэхэд “Төрийн төлөө оготно боож үхнэ” гээчээр чи юу юм гэх бол энүүхэнд шүү. Ийм сэтгэлгээгээр асуудалд хандаад, өөрчлөхөөс, асуудлыг шийдэхээс айгаад байвал “Хөгждөггүй улс, ханаж цаддаггүй” дарга нартайгаа амьдраад л, амьдраад л байна шүү дээ та минь.

Үлгэрийн төгсгөлд “Шалдан хаан” өөрийн гоёмсог хувцасыг олон түмэндээ гайхуулдаг. Хааны хувцасыг “Тэнэг” хүн харж чадахгүй гэж урьдчилан зарладаг учраас олон түмний дундаас хааныг “Шалдан байна” гэж хэлж сайн дураараа тэнэг болох хүн гардаггүй. Гэтэл нэг “Бяцхан охин” “Хаан шалдан байна” гэж хашгирдаг. Олон түмэн нир хийн инээлдэж “Хаан” олны доог тохуу болсноор үлгэр дуусдаг.

Монголчууд эрх мэдэлтнүүдийгээ шалдан /бодлогогүй/ байгааг харсаар мөртлөө “Бидний хаан шалдан биш /бодлоготой/ гэдэгт итгэхийг хүсдэг” Харин эрх мэдэлтнүүд нь “Өөрсдийгөө шалдан гэдгээ мэдсээр мөртлөө” хувцастай /бодлоготой/ юм шиг аашилдаг. 

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...