Wednesday, March 27, 2024

 

Тэнгэрийн тухай тайлах нь

Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод бусад судлаачид өөр өөрийнхөө тайлбарлаж байна.

Тэнгэр үзэл, тэнгэрийг шүтэх үзэл нь эртнээс нааш монголчуудын ууган шүтлэг бишрэл байсаар ирсэн. Тэнгэрийн тайх тахих тухай, тэнгэрийг магтах дээдлэх зан үйлийн тухай эртний Монголын төрт улсуудын түүхэнд түгээмэл тохиолдоно. Тэнгэрээ шүтэх ухааныг нийтийн үзэл суртал болгон түүнийгээ баримталж ирсэн цагт Монголчууд мандан бадарч тэнгэрийн үзлээс ухарч няцсан үедээ уруудан доройтдог байсан зүй тогтолыг Монголын түүхээс харж болно. Монголчууд өөрсдийгөө Тэнгэрээс заяат гэнэ. Мөнх тэнгэрийн хүчин дор гэнэ. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэнэ. Тэнгэрийн цаг тэнгэртээ болмогц гэнэ. Тэнгэр нь хаяна гэнэ. Тэнгэрийн гэсгээл гэнэ. Тэнгэрийн ташуур гэнэ. Тэнгэрт тэтгэгдэнэ гэнэ. Тэнгэрийн орон гэнэ. Тэнгэрийн хөвүүн гэнэ. Энэ мэт тэнгэртэй холбоотой ойлголтуудыг өнөө цагт мартаад ихэвчлэн тэнгэр гэдгийг одон гариг, эрхэс, орон зай, тэнгэрээс бороо хур, цас орно гэдгээр явцуу ойлгож тайлбарлаж байна.

Я.Цэвэл гуайн монгол хэлний товч тайлбар толинд Тэнгэр гэх үгийг үндсэн 2 утгаар тайлбарлажээ.

1. Огторгуй, газрын дээд талд буй бидний нүднээ үзэгдэх агаар мандал, хөх тэнгэр, агаар тэнгэр, тэнгэр бүрхэх, тэнгэр муухай аашлах, тэнгэр дулаарах, тэнгэр хүйтрэх гэх мэтээр цаг агаарын үзэгдэлтэй холбон хэрэглэх явдал өнөө түгээмэл ажиглагдана.

2. бөө нарын шүтэх шүтээн, 99 тэнгэр, тэнгэр, онгод шүтлэг, харын тэнгэр, цагааны тэнгэр гэх мэт сүсэг бишрэлийн байдлаар хэрэглэх хандлага мөн түгээмэл байна.

Мөн үүнээс гадна юмны хэмжүүрийн хэллэгт хэрэглэнэ. Тэнгэр шиг өндөр, том гэх мэтээр харьцуулах, мөн тэнгэрийн дүлий гэх мэт ургамалын нэршилд хүртэл хэрэглэгдэнэ. Дүгнээд хэлбэл Монголчуудын өдөр тутмын аж ахуйн үг хэллэгт Тэнгэр гэдэг үг нэлээд түгээмэл ашиглагдана. Азгүй бүтэлгүй хүнийг тэнгэргүй гэх байдлаар муушаах, азтай одтой байдлаа тэнгэртэй байх гэдэг үгээр илэрхийлнэ.

Тэнгэр гэдэг нь ТЭН-ГЭР гэсэн 2 язгуур үгийн нийлбэр юм. Алтан дээд үнэний аялгуу номонд тэнгэр гэх үгийг дараах байдлаар тайлбарладаг.

Тэн гэдэг нь ялалт гэсэн утгатай. Мөн өргөн уудам хязгааргүй гэсэн утгыг давхар агуулна.

Гэр гэдэг айл гэр сууц гэсэн утгаар ойлгогдоно. Мөн бүтээх, үйлдэх гэсэн утгатай.  Гэр гэдэг гэрчлэх, гэрэгэ баримт гэсэн үгийн язгуур болно.

Тэнгэр гэдэг үгийн нөгөө нэг утга нь тангар болно. Монгол хэл бол хос сувагтай хэл учир үзийн дуудлага, угийн дуудлага гэсэн 2 дуудлагатай байна. Тэнгэр гэдэг нь үзийн дуудлага, тангар гэдэг нь угийн дуудлага. Дуудлага нь өөр боловч утга нь нэг. Монгол хэлэнд ийм үгийн жишээ маш олон. Зэндмэнэ-Чандмань, Адил-Ижил, Ихэр-Хоёр, Луу-Үлэг, Өвөг-Овог энэ мэт үгийн жишээ олон.  Үүний нэгэн адил Тэнгэр гэдэг үгийн угийн дуудлага нь Тангар болно. Өнөө цагт Тангар гэдэг үг яг энэхүү бичлэг хэлбэрээрээ ашиглагдахгүй байна. Харин Тангараг гэдэг үгийн үндэс болжээ.

Одоо бүгдээрээ Тэнгэр гэдэг үг тангараг гэдэг үг хоёрыг ижил утгатай гэж ойлгоод тэнгэр гэдэг үгийн оронд тангараг гэдэг үгийг орлуулж үзье.

Тэнгэрийг шүтэх үзэл-Тангарагийг шүтэх үзэл, дээд тангарагаас заяат төрсөн, мөнх тангарагийн хүчин дор, хэрхэхийг тангараг мэднэ, тангарагийн цаг ирэх, тангараг нь хаях, тангарагийн гэсгээл, тангарагийн ташуур, тангарагт тэтгэгдэнэ, тангарагийн орон, тангарагийн хөвгүүн гэх мэтээр тэнгэр үгийг тангараг гэдэг үгээр орлуулахад ихэнх нь утгийн хувьд таарч байна.

Тэнгэрийг шүтэх үзэл гэдэг нь тангарагийг шүтэх үзэл байжээ гэж ойлгож болохоор байна.

Дээд тэнгэрээс заяат төрсөн гэдэг нь дээд тангарагаас/тангарагтанаас/ заяат төрсөн гэж ойлгогдож болж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдгийг мөнх тангарагийн хүчин дор гэж тайлбарлаж болж байна. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэдгийг хэрхэхийг тангараг мэднэ болгож өөрчилхөд ойлгож болж байна.

Тэнгэрийн цаг ирэх гэдгийг тангарагийн цаг ирэх гэж ойлгож болж байна. Тэнгэр нь хаях гэдгийг тангараг нь хаях гэж ойлгож болно. Тэнгэрийн гэсгээл гэдэг нь тангарагийн гэсгээл байж болно. Тэнгэрийн ташуур гэдэг нь тангарагийн ташуур болж болно. Тэнгэрийн орон гэдгийг тангарагийн орон гэж ойлгож болж байна. Тэнгэртэй хүн гэдэг бол тангарагтай хүн байж болно.

Тангараг өргөх, тангараг тавих соёл бол монголчуудын өнө эртний соёл мөн. Өргөсөн тангарагтаа үнэнч байх түүнийхээ төлөө амь биеэ үл хайхран тэмцэх нь монголчуудын тэр дундаа монгол эрчүүдийн өнө эртний уламжлал бахархал байсан.

Өнөө цагт энэхүү тангараг өргөх тангарагтаа үнэнч байх соёл бүдгэрч мартагдсан байж магадгүй.

Гэр гэдэг үгийн нэг салаа утга нь тангараг, үүрэг амлалт гэсэн үндсэн утгыг агуулна. Гэр бүлийн үндэс бол хос хоёрын бие биендээ өгсөн ам тангараг юм. Иймээс гэр бүл гэдэг бол бие биедээ ам тангараг өргөсөн хоёр хосыг хэлж байна. Тангараг өргөсөн хоёр хосын аль нэг нь эсвэл хоёулаа тангарагаасаа няцвал гэр бүл сална.

Улсын үндэс бол гэр бүл, гэр бүлийн үндэс бол тангараг юм бол улс орны үндэсийн үндэс бол тангараг гэдэг дүгнэлт хийж болно. Тухайн улс орны иргэд бүгд бие биедээ өргөсөн тангарагтай гэсэн үг. Улс орны иргэд бие биендээ өргөсөн тангарагаасаа няцвал улс орон уруудан доройтож мөхөж сүйрнэ.

Улс орны иргэд бие биендээ өргөсөн Тангараг нь юу байсан юм бол ...

Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс үзнэ үү.

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...