Friday, December 11, 2015

Жинхэнэ ДАРГА нь хэн бэ? /Зарим нэг нэршилийн тухайд/

Коммунист улсаас Ардчилсан улс болох үйл явц тийм ч амаргүй байна. Ихэнх хүмүүс бид Ардчиллыг бүрэн хийчихсэн гэдэгт итгэдэг бололтой. Ер манай улсын Ардчилал тийм ч төгс болчихсон зүйл биш л дээ учир нь Ардчилал өөрөө их харьцангуй. Орос ба Хятад, Казакстан зэрэг улсуудтай харьцуулахад манай улс Ардчилсан улс боловч Ардчилал хөгжсөн Европын улсуудын  хажууд манай улс Ардчилсан улс болох замдаа явж байна.
Ардчилсан хувьсгалыг тэр үеийн коммунист нийгэмд өсөж төлөвшсөн хүмүүс хийсэн. Тэдний Ардчиллын тухай ойлголт их бүдүүн тойм байсан тухай дурсамж яриа их байдаг. Ардчилал, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг гэдгээ ойлгох гэж тухайн үед Их сургуулийн багш нараас Ардчилсан хувьсгалчид тусгай лекц сонсдог байсан тухай яриаг би нэг багшаас сонсож байсан. Үнэндээ 1990-ээд онд Ардчиллыг бүрэн утгаар нь ойлгож байсан хүн тун ховор байсан шиг. Хамгийн гайгүй ойлголттой байсан нь Их сургуулийн ШУКОнолын тэнхимийн багш С.Зориг агсан гуай байсан гэж ярьдаг. Коммунист улс учраас Ардчилал, эрх чөлөөний талаар буюу барууны үзэл сурталын талаарх орчуулгын ном зохиол бүтээл монголд байгаагүй. Тиймээс манай Ардчилсан хувьсгалчид Ардчилалынхаа мөн чанарыг сайн танилгүй, манай хошин шогийнхний хэлдэгээр нэг иймэрхүү багцааны юм байх юм даг уу даа гээд таамгаар хийгээд хаясан юм шиг байгаа юм.
Хүний итгэл үнэмшил, оюун сэтгэлгээ маш богино хугацаанд орвонгоороо эргэнэ гэж байхгүй л дээ. Кинон дээр гардаг шиг ой санамжаа алдчихгүй л бол. Тиймээс коммунист системд өсөж хүмүүжсэн хүмүүсийн хийсэн Ардчилалд коммунист ул мөр тод үлдсэн байна. Жишээ нь: Зарим нэг нэршилийг аваад үзий.
Ер коммунист нийгэмд хамгийн түгээмэл тохиолдох нэршил бол дарга гэдэг үг. Нийгмийн бүх шатанд дарга гэдэг үг хэрэглэгдэнэ. Даргална. Удирдана. Захирна. Бүх зүйл дээд шатнаасаа учраас тэр шүү дээ. Даргаас бүрэн хамааралтай нийгэм. Гол шийдвэрийг дарга гаргана. Даргыг шүүмжилж болохгүй гээд л ...
Монгол улсын их хурлын дарга: Энэ үг бол цэвэр хуучин нийгмийн үлдэгдэл үг. Дарга гэдэгтээ гол учир байна. Уг нь бол дарга биш л дээ. Улсын их хурал бол хамтын шийдвэр гаргадаг төлөөллийн байгууллага. Энд бол хурал даргалаад  төлөөлөгчдөө захираад ганцаараа шийдвэр гаргаад байна гэж үгүй. Зүй нь Хурал зохион байгуулагч, хурлын зохицуулагч эсвэл хурлын дэг сахиулагч гэх ч юм уу? Нэг тийм даргаас өөр нэршил байвал илүү зохимжтой буюу эдгээр нэршил нь түүний хийж байгаа ажилд нь илүү тохироод байгаа юм.
Монгол улсын Ерөнхий сайд: Засаглалын гурван салаа мөчир бий гээд Засаглал хуваах онолд үздэг. Түүний нэг салаа засаглал болох Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хуучний сайд гэсэн нэршилээ зээлдээд Ерөнхий сайд гээд нэрлэчихсэн. Сайд гэдэг үгийн утга нь Л.Түдэв гуайн бичсэнээр бол сандал, суудал гэсэн утгатай гэнэ.
Зүй нь Улсын Ерөнхий Гүйцэтгэгч гэвэл илүү оновчтой нэршил болох юм. Гүйцэтгэх засаглал бол Хууль тогтоох байгууллагаас гаргасан хууль дүрмийг амьдралд хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй тэр битгий хэл  зарцуулах мөнгөө хүртэл Хууль тогтоох байгууллагаар батлуулж байж  үрнэ. Товчхондоо тэдэнд эрх мэдэл гэж байхгүй. Харин гүйцэтгэх үүргийг хүлээдэг. УИХурал бол манай хууль тогтоох байгууллага буюу өргөн утгаар нь авч үзвэл нийт Ард түмэн юм. Өөрөөр хэлбэл монгол улсын насанд хүрсэн бүх иргэн нийлээд Монгол улсын парламент харин түүнийг багасгаж илүү хялбаршуулсан бүтэц нь УИХ. Ухаандаа монголчууд бүгдээрээ Улсын их хурлын танхимд багтахгүй тийм том танхимтай байсан ч  байн байн улс орны чанартай асуудлыг хэлэлцэх гээд энд тэнд цуглаж шийдвэр гаргаад явах цаг зав  байдаггүй учраас иргэд /бүх иргэн улстөрчид/ өмнөөсөө өөрийнхөө эрх ашгийг төлөөлөх хүнийг сонгоод миний өмнөөс шийдвэр гарга гээд явуулдаг. Тэр хүнийг УИХурлын гишүүн гэнэ. Маш хялбарханаар тайлбарлавал эцсийн дүндээ бүх шийдвэрийг ард түмэн гаргаж, ард түмэн захирна. Харин тэр шийдвэрийг нь улс орон даяар гүйцэтгэх, хэрэгжүүлэх хүн нь Ерөнхий сайд ба түүний ажлын алба юм. Үндсэн ажил нь гүйцэтгэгч байдаг хүнийг сайд гээд нэрлэчихээр нэг тийм сонин парадокс үүсээд байгаа ч юм шиг.
За ингээд цаашаа ярьвал их олон даргыг ярьж болно.
Аймгийн Засаг дарга-Аймгийн гүйцэтгэгч
Сумын Засаг дарга-Сумын гүйцэтгэгч
Багийн Засаг дарга-Багийн гүйцэтгэгч
Яг үнэндээ дарга нарт эрх мэдэл байхгүй, тэдэнд дур зоргоор шийддэг юм гэж багахан. Тэдний бүх шийдвэр, үйл хөдлөл нь хуулийн дагуу байх ёстой. Хуулинд захирагдана. Харин эсрэгээрээ Ард түмний олонхын хүссэнийг тэд гүйцэтгэх учиртай. Үүнийг л Ард түмний Ардчилсан засаглал гэдэг юм шүү дээ.

Дээр хэлсэнчлэн парадокс гэж бичсэнийгээ илүү тодруулмаар байна. Одоогийн бидний нийгэмд хуучин нийгмийн ул мөр тод байгаа нь Ард түмний сэтгэлгээнд бас ажиглагдана. Ардын эрхт Ардчилсан улсын иргэн мөртлөө өөрийгөө дарга гэж бодож чадахгүй харин Засгийн газар, удирдлагын ордонд байгаа хүмүүсийг дарга гэж харна. Тэд нарыг ард түмнийг даргалах ёстой, захирах ёстой гэж ойлгоно. Учир нь дарга гэсэн нэртэй болохоор нь тэгж ойлгоод байна. Гүйцэтгэгч гэсэн нэртэй бол энэ чинь дарга биш иргэн би дарга шүү дээ гэдгээ хялбархан ойлгочих байх. Улс орны жинхэнэ удирдагч, дарга нь ард түмэн тэгсэн чинь нөгөө хамгийн том дарга /ард түмэн/ нь өөртөө үйлчлэх ёстой гүйцэтгэгч хүнийг бидний дарга, удирдагч гэж ойлгочихоод байхаар чинь энэ улс орныг чинь хэн удирдах болж байна аа. Ард түмэн үү аль эсвэл хэн нэгэн дарангуйлагч уу?

No comments:

Post a Comment