Thursday, July 21, 2011

Болсон явдалаас улбаалсан санаа

Би нэгэн хороон дээр төрийн үйлчилгээ авахаар 09,05 минут орчимд хүрч очлоо. Аз болоход хороо онгорхой байв. Би дотроо ихэд баярлаж хороонд явж орсон боловч хорооны ихэнх албан хаагчид эзгүй байна. Хорооны цэвэрлэгч өрөөнүүдийг цэвэрлэнэ... Хорооны ажилтнуудаас ганц ажилтан ирсэн байлаа. Тэр ажилтанд өөрийнхөө хэрэг зоргийг танилцуулж тодорхойлолт авах учраа хэллээ. Хороон Засаг дарга хуралтай байгаа 10 цаг өнгөрөөгөөд ирнэ гэв. Хороон Засаг даргыг тань иртэл би хүлээх хэрэг үү. Уг нь тийм ч сүртэй тодорхойлолт биш шүү дээ гэж би учирлан хэллээ. Хүлээх дургүй бол явахгүй юу даа гэсэн хариулт сонслоо. Олигтой үг сонсохгүй гэдгээ мэдсэн би коридорт хүлээлгийн өрөөнд суулаа. Цэвэрлэгч цэвэрлэгээ хийсээр ...

10 цаг өнгөртөл тэвчээртэй хүлээв. Миний адил хүлээгчид нэмэгдэж байв. Нэг нь Засаг даргын утсыг мэддэг бололтой утсаар ярьлаа. Ярианаас удахгүй дарга ирэх гэж байгаа болох нь тодорхой боллоо... Засаг дарга бас бус хүний хамтаар орж ирэв. Би ч тэвчээртэй хүлээсний хэрэг гарлаа гэж дотроо баярлаж байлаа. Гэтэл хороон Засаг дарга коридорт байсан хэдэн хүмүүс болон дагуулж ирсэн бусад хүмүүсийнхээ хамтаар өрөөндөө орж “бид одоо хуралтай” гэж хэлээд өрөөнийхөө хаалгаа түгжиж  тэд нэлээд хугацаанд таг болов. Ашгүй хаалга дуугарч түгжээ торхийн онгойж нөгөө хүмүүс баахан үүрэг даалгавар авсан бололтой “харин тиймээ, сайн ойлгож байгаа” гэх мэтийн зүйлсийг ярьсаар гарч одлоо.

Үүний дараагаар би сая л хорооны Засаг даргын өрөөнд орж хэрэг явдлаа даргад танилцууллаа. Иргэний үнэмлэхээ өг гэлээ. Тэр мэдээж тул тэр дор нь гаргаж өгөв. Гэтэл Засаг дарга “ийм тодорхойлолт гаргуулахад 2 хувь цээж зураг, ... төгрөгний хураамж бас иргэний үнэмлэхээ ар өвөргүй конандаад ... гэх мэт ” /би бүгдийг нь нэг дор тогтоож авахад арай л их агуулгатай зүйл хэлэв/ үүний дараа таны тодорхойлолтыг чинь гаргаж өгнө гэлээ. Ажил бүтэх гэж бодож байсан бодол маань тэр дороо замхран арилж оронд нь бухимдах, энүүхнийг сонсох гэж ингэж удаан хүлээсэндээ харамсах сэтгэл төрлөө. Би тэсэлгүй “ийм тодорхойлолт гаргуулахад ийм ийм зүйлийг бүрдүүлэх ёстой гэдгийг танилцуулсан иргэдэд зориулсан нээлттэй мэдээллийн салбар ч юм уу нэг тийм юм байдаггүй юм уу” гэлээ. Засаг дарга “Байгаа ш дээ өөрөө олоод харахгүй юу” гэж уцаарлангуй хэлж миний амыг таглаж орхив. Би тэрүүхэн хооронд өөртөө эргэлзэж “би олж хараагүй юм байхдаа хачин л юм” гэж бодоод коридорт гарсаныхаа дараагаар галын самбараас өөр юм байхгүйг харуут “би зөв л харсан байна даа” гэх өөрийгөө өмөөрөх бодол толгойд харван орж ирээд уур улам хүрээд явчив. Намайг гаруут өөр хүн аль хэдийн даргын өрөөнд зөрөөд орсон учир би хорооны нэгэн албан хаагчаас “танай мэдээллийн самбар хаана байна вэ?” гэж асуулаа. Гэтэл эсрэг талын өрөөг зааж тэр өрөөнд байгаа ороод харж болно гэв. Иргэд чөлөөтэй үзэж танилцаж байх ёстой самбар бас нэгэн албан хаагчийнх нь өрөөнд байгаад би ихээхэн гайхаж байж үзэж танилцаад, бүрдүүлэх ёстой гэх баримтуудын жагсаалтыг нямбай тэмдэглэж аваад хорооноос гарах зуур цаг өдрийн 12 цаг болж байлаа.

Үйл явдалаас улбаалсан санаа буюу шийдэл нь юу байж болох вэ?

Гараад явах зуур уурлах бухимдах маань бага зэрэг намжсан байв. /учир нь би өөрөө төрийн албан хаагч байсан учраас дорхноо тайвширч төрийн албанд ажиллаж байхад тохиолддог байсан бэрхшээлүүдийн тухай дурсамжууд сэргэж, бодогдож байлаа/ Энэ асуудал бол бараг л бүх шатны төрийн байгууллагад байдаг бас ихэнх иргэдэд тохиолддог бэрхшээл /хэтрүүлж хэлбэл иргэдийн зовлон болсон зүйл/ билээ. Нэгэнтээ “ төр бол хамгийн муу менежер” гэж хэлсэн байдаг. Энэ үг яах аргагүй үнэн. Бизнесийн байгууллагын “үйлчилгээний шинэ соёл” тэдний нэвтрүүлсэн дэвшилтэд арга технологиос төрийн үйлчилгээ байнга хоцорч байдгаас үүнийг төвөггүй олж харж болно.

Миний хэлэх гээд байгаа санаа бол мэдээж шинэ биш гадаадаас туршлага хайн явах шаардлага ч байхгүй манай монгол компаниудын аль хэдийнээ зах зээлд нэвтрүүлчихсэн үйлчилгээ. Энэ бол “ЛАВЛАХ”-ын үйлчилгээ “Одоо бүх асуултыг их мэдэхээс л асуудаг болсон” гэх мэтийн реклам чихэнд хоногшжээ. “Ноён зууч 1950”-н реклам ч чихэнд хоногшсон сайн реклам. Бүүр зарим компани өөрийн гэсэн тусгай лавлахтай. 2222 руу залгаад “үс засуулахад сайн өдрөө яаж үзэх билээ” гэх мэтээр л үйлчилүүлнэ шүү дээ.

Төрийн нэг ийм үйлчилгээ байхад хаа хаанаа л хэрэгтэй байна. Өөрсдөө санаачилдаггүй юм аа гэхэд “сонгууль болохоор хошуу дэлгэн гуйдаг иргэдээ бодоод” төр засгийн үйлчилгээндээ дэвшилттэй арга технологийг нь цаг алдалгүй нэвтрүүлж баймаар байна. Шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ авах гэх мэтээр иргэдэд ч хороон даргын тодорхойлолт ч хэрэг болох үе ч гарна шүү дээ гарна.

Надад тохиолдолдсон явдал дээр жишээ авъя: Би өглөө гарахаасаа өмнө “төрийн лавлах” /одоохондоо ингэж гэрлэе/ руу утасдаж ийм тийм “тодорхойлолт” авах гэж буйгаа хэлж бүрдүүлэх ёстой материал, хэлэх ёстой үг зэргийн талаар тун тодорхой мэдээлэл авна. Нэгэнт мэдээлэл авсан хүн чинь над шиг хорооноосоо хоосон гуяа ганзгалаад буцахгүйн тулд хэрэгтэй гэсэн бүхнийг нөгөөх лавлахаас авсан мэдээллийнхээ мөрөөр бүрдүүлээд жин тан очно. Хэн хэндээ амар. Ажил түргэн бүтнэ. Нээлттэй төр засгийн бас нэгэн шинж болон төлөвшинө. Иргэдийн төр болон түүний албан хаагчдыг хүнд сурталтай хэмээн харааж зүхэх нь багасна. Тоочоод байвал олон үр ашиг гарна шүү. Ийм нэгэн санаа төрсөнөө та бүхэнтэй хуваалцлаа. Ажил хэрэг болгочихоор албаны хүн байвал ажил хэрэг болгохыг хичээгээрэй.

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...