Tuesday, December 30, 2014

Их говийн мартагдсан голомт Дэлгэрхангай

Их говийн мартагдсан голомт Дэлгэрхангай

Түүхэн тойм:
Дундговь аймгийн Дэлгэрхангай сум нь эртний түүхийн өлгий нутаг юм. Хүннү Сүмбэгийн үеэс сумын нутагт түрэг, уйгар, монгол овогтнууд ээлж дараалан оршин амьдарч байв. 13-р зууны эхэн үед Монголын нэгэн томоохон аймаг болох Хэрэйд аймгийн нутагт хамаарагдаж байжээ. Эзэн богд Чингэс хаан Их Монгол улсынхаа нийслэлийг Хархоринд байгуулсан нь Дэлгэрхангай нутгийг жинхэнэ утгаараа Их говийн голомт нутаг болох нөхцөлийг бүрэлдүүлжээ. "Нууц товчоо"-нд дурдсанаар худаг гаргаж амьдрал ахуйдаа хэрэглэх болсоноор нь говь нутаг руугаа Монголчууд түрэн суурьшиж, говь нутгаа эзэмшиж жилийн 4 улиралдаа тасралтгүй мал аж ахуйгаа эрхлэн амьдрах болжээ. Үүнээс өмнө голдуу цас орсоны дараа нь говь нутагруугаа нүүж өвөлжөөд хавар нь Хангайруугаа нүүдэг байж. Өгөдэй хааны өвөлжөө Сайхан-Овоо суманд байдаг нь үүний нэг илрэл юм. Чингэс хаан насан эцэслэхдээ өөрийн голомтоо бага хүүдээ өвлүүлдэг Монгол ёсоор бага хүү Тулуйдаа Эх Монгол нутгаа захируулахаар өгсөнөөс түүний удмын ноёд үе улиран Богд Хаант монгол улс хүртэл захирсаар ирсэн байна.
Монголчуудын хагарал бутрал, өнчрөл гансралын жилүүд болох Галдан бошигтын Халхад нэвтрэн орсон үе бол нийт Монгол овогтнууд тэр дундаа Монголчуудын зонхилох овог Боржигончуудад хүндээр туссан байна. Галдан Бошигт бүх Монголчуудыг нэгтгэн захирах хүсэлтэй байсан бөгөөд тэрхүү зорилгодоо хүрэхэд Боржигончуудын хүлээн зөвшөөрөгдсөн ноёрхол ихээхэн саад болж байв. Тиймээс Галдан бүх монголын Хаан болохын тулд бүх Боржигон овгийнхныг устгах бодлого барьжээ. Энэ нь Ойрд Монгол, Халх Монголыг эвдрэлцүүлж энэ нь төгсгөлдөө хоёулаа Манжийн дарлалд орсон гашуун түүхээр төгссөн юм.
Ар Монгол Манжийн дарлалд орох үед манжууд Ар монголыг анх 7 хошуунд хуваасаны нэг нь Говь түшээ гүний хошуу юм. Хошууг Боржигон овгийн Тулуйн удмын ноёд үе улиран захирч байсан бөгөөд хошууны ноён нь голчлон Дэлгэрхангай уулын ар, Онги голын саваар нутагладаг байжээ. Дэлгэрхангай сумын нутагт Хошуу хуралын хийдийн туурь байдаг ба тус хийд нь хошуу тамгийн газартай буюу Хошуу ноёны нутагладаг нутагтай ойр байсан тул ардууд ингэж нэрлэсэн бололтой. Хошуу хуралын хийд нь Онгийн голын 3 хийдийн нэг юм. Онгийн голын 3 хийд нь Говь түшээ гүний хошууны боловсрол, соёл, оюун санааны төв болж байв. Хошуу ноёны нутагладаг газар нь тухайн үедээ хошуу нутгийн улс төр, эдийн засаг оюун санааны төв болж хөгжиж байсан нь эндээс харагдана.
1911 оны Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэгч Г.Чагдаржав.
Говь түшээ гүний хошууны хошуу ноён Г.Чагдаржав нь Богд Хаант Монгол улсын үйл хэрэгт маш өндөр үүрэг гүйцэтгэн оролцож явсан түүхэн гавъяатай хүн юм. Манж чинь гүрний дарлалд 200 гаруй жил оршсон Монголчууд үндэстнийхээ хувьд мөхлийн ирмэг дээр ирээд байлаа. Энэ хүнд цаг үед Манжаас тусгаар тогтнож улс төр, эдийн засаг, соёлын эрх чөлөөнийхөө төлөө тууштай тэмцсэн  1911 оны түүхт үйл явдалд оройлон оролцож Богд Хаант монгол улсын анхны Сангийн яамны сайдаар ажиллаж байжээ. Түүний үед Монгол улс нь биеэ даасан гадаад бодлого, мөнгө санхүүгийн бодлого явуулж эхэлсэн байна. Хошуу нь Халх монголын улс төр, эдийн засгийн голлох төв болж газар нутаг, хүн ам, цэрэг стратегийн чухал түшиц байсан нь түүнийг өндөр албан тушаал хаших бас нэгэн хүч болж өгчээ.
1921 онд Ардын хувьсгал ялж Монголд шинэ нийгэм байгуулагдах үндэс суурь тавигдлаа. Удалгүй монголын сор болсон сэхээтнүүдийг улаан хувьсгалчид хар, шар феодал, ангийн дайсан гэдэг нэрийдлээр хэлмэгдүүлэн хомроглон устгах болов. Энэ үед Говь түшээ гүний хошуу ихээхэн хэлмэгдэж тухайн үеийн хамгийн боловсролтой гэгдэх хүмүүс тайж угсааны боржигон овгийн хүмүүс, лам нар болон шашин соёлын үнэт өв сүм хийдүүд хэрцгийгээр хэлмэгджээ. Нийгэмд айдас буй болгон айдсын хүчээр коммунист дарангуйлалыг тогтоосон байна. Энэ айдас 1990 оны ардчилсан Хувьсгал хүртэл ард түмний дунд байсаар байсан. 1950 иад онд болсон малчидын малыг нийгэмчлэх компанит ажил амжилттай ялах нөхцөл нь их хэлмэгдүүлэлтийн дараа монголчуудын сэтгэлгээнд нүүрэлсэн асар их айдсын хүчээр онцын саадгүй явагдсан юм.
Газар нутаг:
Говь түшээ гүний хошууны түүхэн газар нутаг нь тухайн үеийн хошуунууд дундаа хамгийн том газар нутагтай хошуу байсныг илтгэнэ. Одоогийн Өмнөговь аймгийн зүүн талын ихэнх нутаг буюу Номгон, Баян-Овоо, Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогт-цэций сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Манлай, Ханбогд сумдын баруун хэсэг Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэ далай, Өлзийт сумдын нутаг бүхэлдээ, Адаацаг, Сайнцагаан, Гурвансайхан сумдын нутгийн баруун хэсэг Өвөрхангай аймгийн говийн сумд болох Төгрөг, Баянгол, Сант, Баян-өндөр сумдын ихэнх хэсэг, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын урд хэсгийн газар нутаг алдарт Говь түшээ гүний нутагт хамаарч байв. Манжийн хааны Ар халхад явуулсан хорт бодлого нь монголчуудыг аль болох олон нэгжид хуваан хагаралдуулахад оршиж байсан учир хошууны тоог улам бүр нэмэгдүүлж байжээ. Энэ бодлогын үр дүнд говь түшээ гүний хошууны газар нутаг улам бүр хумигдсаар Богд хаант монгол улсын үе хүрсэн бололтой.
Ардын засаг тогтсоны дараа Хошууны нэрийг өөрчлөн Дэлгэрхангай уулын хошуу болгон засаг захиргааны шинэ нэгж болгов. Үүний дараа удаа дараалан Дэлгэрхангай уулын хошууг жижиглэн хуваасан ба ойролцоогоор 20 орчим сум болгон хуваажээ. Энэ нь монгол улсын Засаг захиргааны хуучин нэгжийг үндсээр нь устгах, хагалан бутаргах зорилготой Орос ах нарын шууд заавраар хийгдсэн ажил байв. Үүний үр дүнд монгол улс маш богино хугацаанд манжийн дарлалд байснаас илүү  олон засаг захиргааны нэгжид хуваагдсан. 1931 онд Өмнөговь аймгийг шинээр байгуулсан байна. Одоогийн Өмнөговь аймгийн төвийг Дэлгэрхангай сумын нутаг Дэрсэн ус хэмээх газраас 1931 онд нүүлгэн одоогийн Даланзадгадад суурьшуулсан байна.
Олон удаагийн Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг удаа дараа явуулж байсан бөгөөд тэр өөрчлөлт бүрт Дэлгэрхангай Засаг захиргааны нэгжийн хувьд хохирч асар том газар нутаг бүхий монголын ууган хошууyнаас одоогийн Дэлгэрхангай сум болон газар нутаг нь багасч жижгэрсээр байжээ. 1941 онд Дундговь аймаг байгуулагдаж Өмнөговь аймгийн 8 сумыг шинээр байгуулагдсан аймагт хамааруулсанд Дэлгэрхангай сум оржээ. Одоогийн Өмнөговь болон Дундговь аймгийн нийт газар нутгийн 50 гаруй хувь нь Хуучнаар Говь Түшээ гүний хошуунд харьчалагдаж байснаас харахад тус хошуу хичнээн том хошуу байсан нь ойлгогдоно.
Өнгөрсөн түүхийн буюу соц нийгмийн үед хуучин нийгмийн гэгдэж байсан лам нар феодал ноёд ихээр хэлмэгдэж байсны хажуугаар тэдгээрийн улс төр, соёл, эдийн засгийн төв болж байсан хошууны төв газар нутаг нь мөн хэлмэгдэлд өртсөний нэг тод жишээ болон үлдсэн сум бол Дэлгэрхангай сум юм. Коммунистуудын Засаг захиргааны нэгжийг хуваах бодлогод хуучин хошууны төвийн ач холбогдол нөлөөг багасгах бодлого гүнзгий сууснаар тэдгээр төвүүдийг аль болох зах хязгаар нутаг болгож байв. Мөн өөр нэг анзаарагддаг зүйл бол хуучин засаг захиргааны нэгжийг газар нутгийн хувьд 2 хувааж өөр өөр нэгжид хамааруулах явдал юм. Энэ нь ардын Засгийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн гарахаас сэргийлсэн арга хэмжээ байсан бололтой. Үүний үр дүнд Их эзэн Чингэс хааны үеэс Монголын их говийн улс төр, соёлын голомт төв болж ирсэн Дэлгэрхангай уул түүний засаг захиргааны нэгж эгэл жирийн хэнд ч анзаарагдамгүй зах хягаар нутгийн нэгэн сум болон үлджээ. Иймээс би нийтлэлээ Их говийн мартагдсан голомт Дэлгэрхангай хэмээн нэрлэсэн билээ.
Алдар цуутнууд:
Дэлгэрхангай сум бол Монгол улсын хамгийн олон гавъяаттай сум юм. Урлаг соёлын олон нэрт зүтгэлтэн энэ сумаас төрөн гарсан байдаг. Сономбалжирын Буяннэмэх, Сормууниршын Дашдооров, Гонгорын Хайдав, Дамбын Батсүх гэх мэтээр жагсаан бичвэл уртаас урт жагсаалт хөвөрнө. Дэлгэрхангай сум нь хошуу нутгийн төв байсан учир  тухайн хошуу нутгийнхаа төв орчмыг түшиж хошуу нутгийн сор болсон авъяас чадвартай урлаг, соёлын хүмүүс олноороо эртнээс нутаглаж ирсэн бололтой. Энэ нь ерөөс төр засгийнхаа төвд тухайн засаг захиргаанд харьяалагддаг авъяаслаг чадварлаг хүмүүс хуран цуглардаг бичигдээгүй хуулийн илрэл гэлтэй. Тэгэхээр эртний монголын урлаг, соёл, оюуны гайхамшигт сэхээтнүүд энэ нутгийг буюу хошуу ноёноо бараадан суурьшиж тэдгээрийн үр удам нь өсөн үржиж тухайн бүс нутагт буюу Дэлгэрхангай уулын орчимын нутагт монголчуудын бахархал болсон өвөрмөц Генефондыг бий болгосон байна. Дэлгэрхангай сумаас төрөн гарсан алдар цуутнууд бол тэрхүү гайхамшигт Генефондын үр бүтээл юм. Цаашдаа ч энэхүү гайхамшигт газраас ард түмэндээ хүндлэгдэж хайрлагдсан алдар гавъяатнууд төрөн гарах нь эргэлзээгүй юм. Харамсалтай нь одоо үед нутаг усныхаа нэрийг гаргаж байгаа авъяастангууд нь ардын засгийн эхэн үе болон Соц нийгмийн үед олноороо төрж байсан гавъяат цолтнуудын тоог гүйцэж чадахгүй түвшинд хүрчээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болох жишээ нь урлаг соёлын салбар Ардчилсан тогтолцооны үед ихээхэн уналтанд орж тэрхүү салбарын үнэлгээ ихээхэн унасан нь  хичнээн сайхан авъяастай ч гэсэн энэ салбарт хүч чадлаа үзэх хүмүүсийн сонирхол буурахад нөлөөлсөн. Бүх зүйлийг мөнгөөр хэмжих болж хүний оюуны бүтээл үнэгүйдсэн. Хэрвээ хэн нэгэн гайхамшигтай авъяастай хүүхэд ядуу айлд төрвөл тэр хүүхэд сурч чадахгүй байж улмаар авъяас чадвар нь үүрд булшлагдах тийм нийгэмд бид амьдарч байна. Хамгийн гол нь Соц нийгмийн давуу тал болох орон нутагт байгаа эрдэнийг олж улс орныхоо хэмжээнд товойлгон гаргаж ирдэг байсан боловсролын тогтолцоо болон урлаг соёлын өргөн хэмжээний уралдаант арга хэмжээнүүд үгүй болсон нь үүнд ихээхэн нөлөөлж байгаа бололтой. Магадгүй ард түмний сэтгэл зүрхийг байлдан дагуулах чадвар бүхий хичнээн гайхамшигтай авъяас чадвар бүхий хүүхэд залуучууд хөдөө хөхөрч гадаа гандаж байгааг би таашгүй билээ.
Мал сүрэг, цаг агаар:
Эрт цагаас эдүгээ үе хүртэл Дэлгэрхангай сумынханы амжиргаагаа залгуулж ирсэн гол аж ахуй нь Мал аж ахуй байв. Цаашид ч энэхүү мал аж ахуйгаа эрхэлсээр байх нь гарцаагүй. Гэвч сайн муугаар өөрчлөгдөн буй дэлхийн байгаль цаг уурын доройтол түүнээс үүдэн гарсан сөрөг үзэгдэл нүүдэлчдийн олон зуун жилийн амьдрал, аж ахуйд сүүдрээ тусгаад удаж байна. Зундаа ган гачигт нэрвэгдэж, өвөлдөө зуд турханд мал сүргээ алдах малчин хүмүүст тэр дундаа төв азийн хуурай сэрүүн, цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицон амьдардаг монголчуудад хүндээр тусах боллоо. Уламжлал ёсоор зун бүр уул овоогоо тахиж, хурмаст тэнгэрээс хур бороо гуйна. Харамсалтай нь ямар учраас гэдэг нь үл мэдэгдэм шалтгаанаар хурмаст тэнгэр аашаа хувиргаж малчин ардыг ивээхгүй байх нь тэдний амьдралыг дээсэн дөрөөн дээр авчирна. Үнэндээ монголчууд өнөөг хүртэл байгалиасаа хараат амьдарсаар байна. Мал сүрэг бол мэдээж байгалиас хараат гэвч хүн хэдийнээ байгалиас хараат байхаа болиод 500 шахам жил болж байна. Гэтэл монгол малчин хүн түүний ахуй амьдрал өнөөг хүртэл байгалиасаа хараат байгаа нь үндэстний эмгэнэл юм.
Дэлгэрхангай сум адуугаараа алдартай сум байлаа. Ардын хувьсгалын эхэн үеийн буюу 1930 аад оны улсын баяр наадамд Дэлгэрхайгайчууд бараг нас бүрт айраг уудаг байж. Харин одоо бол үгүй тэрхүү удамт сайхан хурдан хүлгүүдийн үр удам хаачив. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нутгийн гайгүй сайн уяачид нь хэлмэгдэн наснаас нөгчсөн, аль эсвэл фронтод бүхнийг уриан доор Дэлхийн 2-р дайнд хурдан удамт адуун сүргийнхээ ихэнхийг Орос руу гаргасан байж болох магадлалтай. Гэхдээ миний анхаарлыг өөр нэг зүйл татдаг. Одоо хүртэл хөгшид өвгөчүүлийн ярьдаг 1940 оны мичин жилийн зуд гэж айхавтар зуд болсон тухай дурсамж яриа говь нутагт бий. Тэр аймшигт зуднаар говь нутгийнхан ихээхэн хохирсон байдаг. Дэлгэрхайгайн хурдан угшилын адуун сүрэг нь тэрхүү зуднаар үхэж дууссан байх талтай, энэ бол үнэнд их дөхсөн таамаг. Үнэхээр ч 1940 өөд оноос хойш Дэлгэрхайгайн тэрхүү наадам болгонд өнгөлж байсан хурдан хүлгүүд алга болсон байна. Хэдийгээр говь нутаг байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй ч гэсэн говьчууд тэрхүү байдалдаа гайхалтай дасан зохицсон хөдөлмөрч ард түмэн билээ. Дэлгэрхайгайн адуун сүргийн тэрхүү хуучны сайхан хурдан угшилыг одоо цагт дахин сэргээн түмэн олон, нутаг усаа баясгах ирээдүйг өнгөрсөн түүх  нэхэж байх шиг. Дэлгэрхайгайн уяачид болон уугуул нутаг усаа гэх сэтгэлтэй хүмүүс энэ ажил дээр гар сэтгэл нийлж ажиллавал хуучин нэр төрөө дахин сэргээн улсын наадамдаа алдар цолоо дуудуулах уяачид, хүлэг морьд төрөн гарах биз ээ.
Одоо ба ирээдүй
Ирээдүй бол бидний одоо байгаа байдалын үргэлжлэл гэсэн үг байдаг. Энэ үгээр жишээлэхэд бид Ирээдүйгээ мэдэж ядах юмгүй мэт. Бидний одоо байгаа байдал ямарч шинэ санаачлагагүй, эрч хүчгүй, нэгэн хэвийн урсгалаараа уруу дорой байгааг харахад бидний ирээдүй энэ мэт сайнгүй байх дүр зургийг тодруулж өгч байна. Хүсэл мөрөөдөлгүй зорилгогүй залуу үе. Энэ нутгийн эцсийн найдвар залуу үеийн эрч хүчгүй сул дорой байдалыг хараад сайн сайхан ирээдүй байхуу гэдэгт эргэлзээ төрж урамгүй байдалд хүрнэ.
Орон нутгийн засаг захиргааны идэвх санаачлагагүй, үлбэгэр байдал, санхүүгийн эрх мэдэл, чадавхгүй төрөөс хараат өрөвдөлтэй тэжээвэр төрх. Энэ бүхэн бол монголын нийт орон нутгийн нийтлэг дүр төрх.
Хуучин хөдөөгийн сумд засаг, захиргааны нэгж байхаас гадна аж ахуйн нэгж байлаа. Түүнийг нэгдэл гэж нэрлэж байв. Хэдийгээр тухайн үеийн нэгдэл төвлөрсөн төлөвгөөт эдийн засгийн загвартай, хувийн өмчгүй нийгмийн өмч дээр суурилан байгуулагдаж хатуу захиргаадалтын аргаар сайн дурын биш байдалаар захирагдаж байсанч тухайн үедээ хөдөө орон нутагтаа хөгжил дэвшилийг авчирсан юм. Хуучин тэрхүү системийг шинэ цаг үеийн зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчимаар, сайн дурын үндсэн дээр дахин бий болгож /яг нэгдэл гэдэг нэрээр нь биш ч байж болно/ хөгжүүлбэл их оновчтой байж болох юм.  Сумын Засаг дарга сонгууль болохоор үнэн худлаа нэг мөрийн хөтөлбөр гаргадаг 4 жилийн дараа худлаа баахан хэрэгжилт гаргадаг. Нэг ёсондоо нэг нэгнийгээ хуурч ингэж явах нь цаашид үнэхээр утгагүй санагдахгүй байна уу. Хэрвээ сумын Засаг захиргааны хажууд нэгдэл хэмээх аж ахуй байх юм бол хүмүүс Засаг даргынхаа ажлыг тэрхүү  аж ахуйг хэр зэрэг ухаалаг, ашиг орлоготой, ард иргэддээ өгөөжтэйгээр удирдсанаар нь дүгнэх боломж нээгдэх юм. Сумын Засаг дарга нь Засаг даргын албан тушаалаа хашихын хажуугаар сумын аж ахуйгаа удирдана гэсэн үг юм. Ингэснээр сум бодитоор хөгжих болов уу. Хөдөөнөөс хот руу нүүдэллэх их нүүдэл сүүлийн хорин жил үргэлжиллээ. Энэ нүүдлийн эрч одоо хүртэл саараагүй байна. Энэ маягаараа монголын уудам тал эзэнгүйрэх нь холгүй байна. Хөдөө нутгийн сүүлчийн нүүдэлчид хөгшид өвгөчүүл болж тэдний үеийг залгамжлах залуу малчидын фронт алга. Үр ашиггүй байгалиас хараат мал аж ахуйд амьдарлаа даатган амьдрах залуус байхгүй тэд шинэ амьдрал шинэ боломж хайн хот, төв суурин газрыг бараадсаар. Манай мал аж ахуй эрчимжиж үйлдвэржиж чадсангүй өнөөг хүртэл аль дундад зууны үеийн амиа аргацаах төдий аж ахуй хэвээрээ. Энэ бүхнээс хөдөө хөдөө нутгийг хөгжүүлэхгүй бол монгол улс хөгжихгүй гэдэг дүгнэлтийг хийхээс аргагүй. Төр засгийг хөгжүүлээд өгөх болов уу гэсэн найдлага тээн суух нь хамгийн тэнэг явдал ба монголчуудын хэлдэгээр бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр мэт болох тул малчин олон минь өөрсөддөөл найдах хэрэгтэй. Хамгийн чухал хөгжилийн зүтгүүр бол залуучууд билээ. Холын австралид хонины аж ахуй гайхамшигтай хөгжсөн байна. Энэ мэт мал аж ахуйгаа өндөр түвшинд хөгжүүлсэн улс орнуудаас туршлага судлан түүнийг монгол орныхоо онцлогт тохируулан авч хэрэглэх цаг болсоныг байгаль эх бидэнд сануулж байна.
Зах зээлийн нийгмийн үндсэн мөн чанарыг буруу ойлгосоноос болж Монгол улс үндэстнийхээ хувьд уруудан доройтсон гэж би боддог. Зах зээлийн нийгэмд хүмүүс амь амиа хичээж өөрийгөө л болгож явах ёстой гэсэн хувиа хичээсэн Өрнөдийн орнуудын хамгийн дорд үзэл монгол улсад нэвтэрч хүмүүсийн тархи сэтгэлгээнд гүн бат суужээ. Үнэндээ ардчилсан чөлөөт эдийн засгийн системд хүн амиа бодсоноор сайн сайхан амьдардаггүй. Улс орон нь ч сайн сайханаар хөгжин цэцэглэхгүй. Аливаа хүний сайн сайхан амьдрал нь тухайн хүний бусдын төлөө хийж чадах үр ашигтай, хэрэгцээтэй, сайн сайхан  ямар нэгэн зүйлийг хийж чадах чадвараас шууд хамаардаг.  Өөрөөр хэлбэл талхчин талхаа амттай, чанартай сайн сайхан хийхгүй бол түүний талхыг хүн авахгүй. Талхчин хэдий чинээ худалдан авагчиддаа таалагдахуйц амт, үнэртэй, эрүүл мэндэд сайн талхыг хийнэ тэр чинээгээр түүний талх хурдан зарагдаж талхчин олсон ашгаараа төдий чинээ сайхан амьдрах юм. Үүнээс харахад хүн сайн сайхан амьдрахын тулд  нэгдүгээрт бусдын хүсэл таашаал, ашиг сонирхолыг тавьж, хоёрдугаарт өөрийнхөө хүслийг тавих ёстой юм. Өөрийгөө бодохоосоо илүү бусдын төлөө ажиллаж чадвал ашиг орлого нэмэгдэж хүн өөрөө тэрхүү ашиг орлогоороо сайхан амьдарна гэсэн үг.
Бурхан Будда тэртээ 3000 жилийн өмнө энэ зарчимыг ойлгож ухааран "Бусдын төлөө амьдар" хэмээн сургасан нь өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. Үнэндээ монголчуудад бусдын сайн сайханы төлөө хийж чадах бүтээгдэхүүн үйлчилгээ бараг байхгүй. Бүр тодруулж хэлбэл монгол хүний гар, ур ухаанаар хийсэн зүйл байхгүй. Монгол нутаг минь байгалийн баялаг ихтэй болохоор тэрнийгээ гаргадаг. Мал нь маш бага ажиллагаагаар ноос ноолуур арьс шир гэх мэт баялаг үйлдвэрлэж өгдөг. Монгол хүний хийсэн зүйл гэж байхгүй. Харин эсрэгээрээ бусдын төлөө юм хийж чаддаг хятад, япон, солонгос, оросоос бүх зүйлээ авч хэрэглэдэг. Энэ л бидний ядуу байгаагын шалтгаан. Бид бусдад хэрэгтэй зүйл хийж чадахгүй байгаа юм байна. Тиймүү гэвэл би Мэдээж тийм гэнэ. Учир нь бусдад хэрэгтэй зүйл хийхийн тулд чадвартай байх хэрэгтэй. Чадвар гэдгийг мэдлэг боловсрол гэж ойлгож болно. Бид чадвараа сайжруулах ёстой. Жишээ нь Дэлгэрхангайн хөмүүл гэж даршилсан хөмүүл хийж зарж байна. Эртнээс монголчуудын хоол амтлагч байсаар ирсэн хөмүүлийг үйлдвэрийн аргаар эрүүл ахуйн өндөр шаардлага хангасан нөхцөлд даршилан зарвал гүйлгээтэй байх нь гарцаагүй. Хөмүүл бол монгол "Кимчи" мөн. Гэвч одоогийнх шиг гар аргаар даршлах нь орчин цагийн эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй юм.
Мөн би саяхан Дэлгэрхангайн хүний хийсэн аарцтай хөмүүл гэх хоол амтлагчыг идэж үзлээ. Үнэхээр гайхалтай монгол амт бас мэдрэмж үүнийг үйлдвэрлэлд шилжүүлбэл мөн л орлогын нэгэн эх үүсвэр. Гүний усны нөөц бүхий газарт усалгаатай газар тариалан хөгжүүлж тэжээлийн ургамал тариалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нь орон нутаг дахь иргэдийн ахуй амьдрал ашиг орлогод сайнаар нөлөөлөх бөгөөд энэ мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хөдөө нутгийн хөгжилийн гараа байх юм. Хамгийн чухал нь дан ганц монголын байгалын баялаг, мал сүрэг гадныханд хэрэгтэй ашигтай байх биш харин монгол хүн  бусдад хэрэгтэй, ашигтай зүйлийг бүтээж байх нь чухал байна. Мөнгө чухал биш бидний бусдад хэрэгтэй зүйл хийх чадвар чухал. APPLE компани хамгийн сайн утас хийхийг л зорьсон түүнийгээ ч хийсэн түүний шагналд асар их ашиг орлого ирсэн. Мөнгө бол зүгээр шагнал юм. Нэгдүгээрт мөнгө олохдоо төвлөрөх биш нэгдүгээрт бусдын хэрэгцээ шаардлагад дээд зэргээр нийцэх тийм зүйл бүтээхдээ төвлөрөх нь чухал.

Бичсэн: Б.Оюунсуртал                                                                 2014 оны 12-р сарын 30 ны өдөр

No comments:

Post a Comment