Friday, November 18, 2011

Өөрийгөө зодоод уйлуулчихбал өөрийгөө би дийлчихнэ

Бусдыг дийлдэг хүнийг хүчтэн, Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ. Өөрийгөө ялсан ялалт л жинхэнэ ялалт гэх мэт өөрийгөө ялах, ухаарах, таньж мэдэхтэй холбоотой өчнөөн олон сайхан үгс байдаг. Та ч гэсэн үүнээс өөр энэ чиглэлийн нэлээд хэдэн онч мэргэн үгийг нэрлэчих биз. Миний мэдэхийн би энэ үгийг бараг бичиг үсэг тайлагдсан цагаасаа уншиж мэдсэн, цээжилж сурсан юмдаг. Гэвч жинхэнэ утга учрыг нь сайн ойлгодоггүй байж. Тодруулбал өөрийгөө дийлнэ гэдгийг нь. Ухаандаа бяцхан гайхаад өнгөрсөн хэрэг. Юмны учир мэдэхгүй жаахан хүүхэд байхдаа би өөрийгөө дийлнэ гэдгийн нарийн учрыг иймэрхүү байдлаар ойлгож байлаа. Тэр үед ялж дийлнэ гэдэг бол минийхээр муудсан нэгэнтэйгээ гар зөрүүлж /зодолдож/ дийлвэл уйлуулах эсвэл дийлдвэл өөрөө уйлах тухай ойлголт л байлаа. Тэгээд хүн өөрөө өөрийгөө дийлнэ гэдэг чинь өөрөө өөрийгөө зодож уйлуулах хэрэг үү гэсэн гэнэн бодол толгойд орж ирдэг байв. Өөрөө өөрийгөө зодоод уйлуулчихбал өөрийгөө би дийлчихнэ.
Үнэндээ өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол иймэрхүү ойлголт огт биш гэдгийг би 20 нас гарч байж л ойлгосон юм. Өөрийгөө ялан дийл гэдгийн утга учрыг бүрэн ойлгохын хамгийн эхний алхам бол өөрийгөө таньж мэдэх юм. Эртний Грекийн нэгэн сүмийн үүдэнд өөрийгөө таньж мэд гэж товойлгон сийлсэн байдаг байж. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдсэн хүн өөрийгөө ялан дийлэх боломжтой болох юм. Би хэн бэ? Надад ямар ямар сайн болоод муу чанарууд байгаа вэ? Уурын мунхаг, хүсэл тачаалаа би хянаж чадах уу? Өөрийнхөө залхуу хойрго, санаачлага идэвхгүй, аймхай хулчгар зангаа би мэдэрч чаддаг уу? Сэтгэлээр унаж гуниж гутрах үеээ би мэдэж чаддаг уу гэх мэт олон асуултанд өөрийгөө таньж мэдсэн хүн төвөггүй хариулж чаддаг.
Энэ түвшинд хүрсэн хүн сая өөрийгөө ялан дийлэх бололцоотой болно. Би сайн хүн юм уу муу хүн юм уу? Тийм бол би өөрийн сайн чанаруудаа яаж илүү хүчирхэг болгох вэ? Эсрэгээрээ муу чанаруудаа хэрхэн үгүй хийж багасгах вэ? Уур мунхаг, хүсэл тачаалаа хэрхэн яаж ялан дийлэх вэ? Өөрийнхөө залхуу, идэвх санаачлагагүй, хулчгар зан араншиндаа би дийлдэхгүй байж сурсан уу? Сэтгэлээр унах, гутрах үеээ би мэдэрч таньж түүнээсээ яаж гарах улмаар яаж үүнээс сэргийлэхээ мэддэг тэр мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг болсон уу гэх мэт асуултанд төвөггүй хариулж чаддаг болсон хүн өөрийгөө ялан дийлж эхэлдэг. Аливаа зүйлийг мэдэх нэг хэрэг, мэдсэн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлнэ гэдэг бол өөр хэрэг. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол хялбарчилбал ийм л ойлголт.
Жишээ авъя: Архи бол эрүүл мэндэд муу, ер нь бол сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж ярьдаг муулдаг. Гэвч түүнийг хүмүүс хэрэглэсээр уусаар л байдаг. Архийг уусан, уудаг хүмүүс мэдээж өөрсдийгөө зөвтгөх өч төчнөөн шалтгаан хэлнэ. Архи бол идээний дээж, монголчууд архийг хүндлэн дээдэлж хүндтэй хүндээ өгдөг байсан, тохируулж хэрэглэх хэрэгтэй гэх мэтээр ...  өөрсдийгөө түмэн янзаар зөвтгөж байдаг. /Дашрамд хэлэхэд өдөрт 30 гр архи уух нь л зохистой хэрэглээ харин түүнээс хэтрүүлэн хэрэглэсэн ямарч тохиолдолд архи хортой болдог тухай би Эрүүл мэндийн нэгэн сэтгүүлээс уншсан гэдгээ дуулгая/
Ямарч нөхцөлд архи уудаггүй үгүй ядахад өдөрт 30 граммаас хэтрүүлдэггүй хүнийг би өөрийгөө ялсан хүн гэж хэлнэ. Нэг тиймэрхүү зүйлийг л өөрийгөө ялан дийлэх гээд байгаа юм даа. Энэ бол энгийн нэг л жишээ. Мэдээж залхуу зан, атаач, худалч, хулгайч гэх мэт төрөл бүрийн олон муу чанаруудаа таньж мэдээд түүнийгээ дахин гаргахгүй байж чадсан бүх л тохиолдлыг өөрийгөө ялж дийлсэн гэж хэлнэ.
Хөгжилтэйгээр зүйрлүүлж хэлэх юм бол өөрийгөө таньж мэднэ гэдэг нь нэгдүгээр ангиа төгсөхтэй адил зүйл харин өөрийгөө ялан дийлж сурвал хоёрдугаар ангиа төгслөө гэсэн үг. Анги дэвшүүлэх шалгалтыг амьдрал өөрөө авна. Шалгалтанд та хэнээс ч хуулах бололцоогүй дан ганц өөрийн сурсан мэдсэнээрээ л шалгалт өгдөг. Зарим нь амьдарлаа дуустал нэгдүгээр ангид сурдаг боловч түүнийгээ ч төгсөж чадалгүйгээр бурханы орон руугаа явдаг гэдэг. Хэн ч хэзээ ч шууд л хоёрдугаар ангид элсэн ордоггүй тэгэхээр өөрийгөө таньж мэдэж өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь нэг нь нөгөөгүйгээрээ байх бололцоогүй нэгэн цулын хоёр бүрэлдэхүүн юм.
Их эзэн Хаан Чингэс маань "Эхлээд биеэ зас дараа нь гэрээ зас, түүний дараа төр улсаа зас" гэж сургасан байдаг. Би бодохдоо "биеэ зас" гэдэг сургаалиараа дамжуулан үр хойчдоо эхлээд өөрсдийгөө таньж мэдэж, өөрсдийгөө ялан дийлж сур гэж гэрээсэлсэн юм болов уу гэж боддог юм. Үүнийг мэргэн уншигч та гэгээн оюундаа тунгаан бодно биз ээ.
Жич: Энэ бичлэгийн маань жинхэнэ нэр нь түрүүний нийтлэлийн төгсгөлд амласан ёсоор "Өөрийгөө ялан дийл" гэдэг нэртэй боловч илүү сонирхолтойг нь бодож дээрх нэрийг өгөв.
Б.Оюунсуртал

No comments:

Post a Comment