Thursday, August 25, 2011

Сонгох уу? Олох уу?

Adoption

Хүмүүс сонголтын тухай их ярьдаг. 10 жилийн хүүхдүүд ямар мэргэжил сонгох вэ? Ганц бие хүмүүс ханиа хэрхэн сонгох вэ? Улс төрийн сонгууль болоход сонгогчид аль намыг сонгох вэ?  гэх мэтээр түмэн янзын сонголтын тухай асуултын зөв хариултыг хайцгааж байдаг. Тэгээд ямар нэгэн сонголт хийдэг. Зөв сонголт хийх тухай эх адаггүй яриа үүнээс улбаалан хөвөрдөг. Зарим нэг нь нөгөөдөө зөв сонголт хэрхэн хийх тухай ярьж өгч байхыг та харсан л биз. Би ч хүмүүстэй энэ талаар ярилцдаг. Гэвч сонголт гэгч маань дэндүү өрөөсгөл ойлголтыг хүмүүст өгөөд байгааг зарим хүмүүс анзаарахгүй байна. Сонголтын тухай ойлголт эдийн засгийн ухаанд их хэрэглэгддэг. Манайхан орчуулахдаа  дан ганц сонгох гэдэг утгаар нь хадмалдаж орчуулсанаас болсон уу ямартайч ихэнх хүмүүс энэ утгаар нь голдуу ойлгож хэрэглээд байх шиг. Мэдүүштэй нь сонгох гэдэг энэ үг зөв олох гэдэг утгийг давхар агуулдаг юм. Миний хувьд олох гэдэг утга дээр нь илүү төвлөрөх нь зөв гэж боддог. Жишээ нь: Олон хүүхдүүд мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? гэдэг. Хүн гэгч амьтан бүхнийг хийх чадвартай төрдөггүй юм. Ухаандаа бүгд дуу дуулах авъяастай төрөхгүй буюу арилгасан сонгино шиг бүгд адилхан чадвар, биеийн өндөр, үсний өнгөтэй байдаггүй учир нь хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль ямарваа зүйлийг бүтээхдээ хэзээ ч дахин давдагдашгүй байх  цор ганц хувийг л бүтээдэг.

Тэгэхээр бүх мэргэжил хүн бүрт таарч тохирно гэж үгүй дуучин хүн дуу дуулах авъяастай байж гэмээнэ сая жинхэнэ дуучин болно. Төрөлхийн л инженерийн ур чадвар өөрт нь заяагдсан байж гэмээнэ нь сая бусдаас сайн инженер болно. Нэг түгээмэл асуулт байдаг аугаа хүнийг бий болгодог уу эсвэл аугаа хүн байгалиас өөрөө төрдөг үү гэсэн асуулт. Би бол энэ асуултанд аугаа хүн төрдөг бас түүнийг бүтээдэг гэж хариулна. Хулганад нэг  кило ачаа зүүгээд үзвэл хөдлөхгүй сарвагнаад л байх болов уу. Харин Зараа бол дажгүй яваад байж мэднэ. Сарлаг бол нэг кило ачааг байгаа үгүйг нь мэдэхгүй шахам л явна. Нэг номон дээр нэг залуу ингэж бичсэн байж билээ. "Би байдаг бүх хүч чадал, ухаан бодлоо дайчлан бүхэл бүтэн таван цаг бодож байж нэг бодлогын хариуг гаргаж байхад миний өрсөлдөгч ердөө л хагас цагийн дотор нөгөө бодлогын хариултыг гаргачиж билээ. Тэр үед л би математикт  хол явахгүй юм байна гэдгээ ойлгож билээ гэж дурссан байдаг" Яг үүний нэгэн адилаар та өөртөө тохирох мэргэжил, ажил, хань ижил бас улс орноо хөгжүүлж чадах бодлогыг "олох" учиртай. Олох гэдэг үгийг би маш их онцолж байгааг та анзаарч байгаа үнэндээ ихэнх хүн ямарваа нэг сонголт хийх гэж байгаа юм шигээр сэтгэдэг. Харин эсрэгээрээ ямар нэгэн маш чухал зүйл олох гэж байгаа юм шигээр сэтгэдэггүй. Яг л дэлгүүрийн лангуун дээр ирээд бүх гутал өөрт нь таарах юм шиг л аяглана. Тэгээд илүү гоё харагдсаныг нь ч юм уу за нэг тиймэрхүү "шинж чанар" дээр нь үндэслэж байгаад сонголт хийх тухай бодоцгоодог. Дэлгүүрээс өөртөө хувцас авах гэж байгаа үед ингэж бодох нь зүй ёсных байх харин өөрийнхөө цаашдын амьдрал хувь заяатай холбоотой асуудалд ингэж хандаж болох уу. Үгүй дээ тийм биш ялангуяа амьдарлынхаа хувь заяатай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа бол та хэзээ ч ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Та бол цор ганц бөгөөд танд тохирох мөн л цор ганц   зүйл  бий. Тэр нь юу ч байж болно мэргэжил, хань ижил гэх мэт. Зөвхөн өөртөө тохирох эдгээр зүйлсээ та олох ёстой болохоос дэлгүүрт байгаа юм шигээр дуртайгаа авна эсвэл хамгийн сайныг нь сонгоно гэдэг ч юм уу тухайн үед таалагдаж байснаар нь ямар нэгэн сонголт хийчихвэл та алдаа гаргах магадлалтай. Бүр маш өндөр магадлалтай гэж би хэлмээр байна.

Хичээл зүтгэл бол хүний амжилтын үндэс гэдэг нь маргаангүй. Үүн дээр төрөлхийн авъяас чадварыг нэмбэл ямарч хүн аугаа хүн болно. Өөрийгөө таньж мэд гэж эртний Грекийн нэг сүмэн дээр бичсэн байдаг байж. Энэ үг одоо хүртэл үнэ цэнээ алдсангүй нэлээн дээхэн хөгжмийн зохиолч Жанцаноров гуайн ярилцлагыг сонсож байхад Жанцанноров гуай "Би бол өөрийгөө олсон хүн" гэж билээ. Өөрийгөө олсон хүн гэдэг бол өөрийгөө мэдсэн таньсан хүн юм. Манай их эзэн Чингэс хаан үр хойчдоо гэрээслэхдээ "Биеэ зас" гэж хэлж. Энэ үгний далд нэг утга нь өөрийгөө ол гэсэн утгатай юм болов уу гэж би боддог. Бидэнд сонгохоос илүүтэйгээр  олох зүйл маш их бий. Тийм учраас би амьдрал бол сонголт биш харин ололт гэж боддог. Хэрвээ Эйнштэйн амьд байсан бол "Миний амьдрал, амжилт бол цагаа олсон маш олон зөв "ОЛ-ОЛ-Т"-ууд мөн. Ээдээ хүүхдүүд минь сонгохоосоо илүү олох нь л чухал юм шүү" гэж хэлэх байсан байхаа. Хамгийн наад зах нь өөрсдийгөө олох ёстой шиг.

Хамгийн сүүлчийн өгүүлбэр буюу асуулт. Та одоо сонгомоор байна уу? Олмоор байна уу?

/Өөрийгөө ялан дийл. гэдэг үг ямар учиртай үг болохыг одоо л ойлгож байна./ дараагийн нийтлэлд ...

No comments:

Post a Comment