Wednesday, November 30, 2016

Шашин ба Үндсэн хуульт ёс

Үндсэн хуульт ёс нь хүн төрөлхтний түүхийн харьцангуй сүүлийн үеийн бүтээл. Өөрөөр хэлбэл Их британий лордуудын Эзэн хааныхаа эсрэг тэмцсэн тэмцэл нь Үндсэн хуульт ёсны анхны “шав” болсон гэж үзвэл /Эзэн хааны хэмжээгүй эрхийг хуулийн хүрээнд хязгаарлах анхны зоримог алхам болсон буюу энэхүү түүхэн үйл явдал нь 1215 онд болсоноос үзэхэд/ Үндсэн хуульт ёс нь ухаант хүн үүссэн 45000  жилийн түүхтэй харьцуулахад нэн сүүлийн үеийн ухаарал, нээлт ажгуу. Хааны Засаглал биш хуулийн Засаглал дор амьдрах гэсэн хүн төрөлхтний түүхэн тэмцэл Их Британид эхэлж байхад Монголчууд хэмжээгүй эрхт хаант засаглалыг Төв Азид бэхжүүлэхээр их дайнаа амжилттай үргэлжлүүлж байжээ.
            Үндсэн хуульт ёс ийм хожуу үүссэн юм бол түүнээс өмнөх үеийн хүмүүс хууль ёсгүй амьдарч байсан уу? гэвэл үгүй юм. Гараар бичигдсэн хуулиас өмнө хүн төрөлхтөний амьдарлын хэм хэмжээ, дэг журмыг бичигдээгүй хууль зохицуулж байсан ба түүний нэг боловсронгуй хэлбэр нь шашны суртал, ухуулга байв. Нүгэл ба буян мөн хойт нас, там, диваажин хэмээх шашны ойлголтуудаар дамжуулан хүний айх, сүрдэх сэтгэхүйн онцлогт суурилж түүнийг ашиглах замаар, ёс суртахууны нөгөө талаар зөв амьдрахуйн бүхэл бүтэн цогц сургааль боловсрогдож тэрхүү сургааль, номлол нь хүн төрөлхтөний дагаж мөрдөх хууль дүрмийн үүргийг гүйцэтгэж байлаа.
            Бага хаадын үеийн монгол ба Манжын дарлалын үеийн монголчуудын амьдралд Буддын ёс суртахуун хүчтэй нөлөөтэй байж эгэл жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд Үндсэн хуулийн адил зохицуулалт хийж ирсэн байна. Үүний нэг томоохон жишээ бол 10 цагаан буян ба 10 хар нүглийн тухай сургааль юм. Бичигдээгүй хууль буюу хэв хуулийн нэг онцлог шинж нь тухайн үедээ одоогийн бичмэл хуулиас илүү тун сайн хэрэгжиж  байсан явдал юм. Өөрөөр хэлбэл шашны нөлөөгөөр хүмүүсийн ёс суртахуун сайжирч, айх, ичих мэдрэмж хүний амьдарлыг илүү их удирдах болсон ба нөгөө талаас бичигдээгүй энэхүү ёс суртахууны хуулийн хэрэгжилтэнд тавих эгэл жирийн иргэдийн хяналт хүчтэй байв. Нүгэл үйлдсэн хүнийг бусад хүний зүгээс /нийгмийн/ жигшин, зэвүүцэж гадуурхах ба энэхүү үйлдэл нь “өнөөгийн бичмэл” хуулийг зөрчсөн хүнд төрийн шийтгэл хүлээлгэснээс илүү хүнд шийтгэл болдог байжээ. Хувь хүнд нийгмийн зүгээс ирэх гадуурхал, үл тоомсорлол, жигшил зэвүүцэл нь маш том шийтгэл болдог тул тийнхүү жигшигдэж, гадуурхагдахгүйн тулд хувь хүмүүс нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг дуулгавартай сахин мөрддөг байжээ.
            Энэ тухай цухасхан гардаг кино бол “Ард Аюуш” хэмээх Монгол кино юм. Ард Аюушын өдөөсөн маргааныг шийдвэрлэхийн тулд элдэв бузраар хордуулсан гэгдэх эд зүйлийн доогуур маргалдагч талуудыг шурган гарахыг шаарддаг. Энэ нь шашны ойлголтоор дамжуулан хүн хоорондын амьдарлын элдэв маргааныг шийдвэрлэж байсныг нотлосон үйл явдал билээ.
            Нийгэм, улс төр судлаачдын анхаарал хандуулах ёстой нэг факт бол төрийн хүч сулархад шашны хүч нөлөө ихсэж, харин төрийн хүч нөлөө ихсэхэд шашны нөлөө багасаж ирсэн түүхийн үйл явц юм. Төр ба шашин хоёр нь харилцан бие биенээ нөхөж ирсэн түүхтэй ба зарим үед шашин нь төрөөс илүү нийгмийн амьдралыг зохицуулж, зарим үед энэ хүч нөлөөгөө төрд бүрэн алдаж явсан мэдээ хүн төрөлхтөний түүхэнд бий. Манай Монгол улсад Шашин төрийг хослон баригч Богд хааныг 1911 онд залж байсан нь үүнийг тодхон харуулна. 1990 оноос хойш Монголд төрийн эрх хэмжээ /төрийн дарангуйлал/ буурсанаар шашин дахин сэргэж хөгжиж ирлээ. Гэвч уламжлалт шашнаас гадна харийн буюу Христосын шашин монголд Буддын шашнаас илүү хурдацтай хөгжиж олон итгэгчтэй болсоор байгааг саяхан Их тэнгэрийн амны Туул голын гүүрний хажуудах Христ итгэгчдийн зан үйл харуулсан билээ.
            Хубилай хааны үе ба түүний үеэс хойших Монголчууд төрийн шашнаа Буддын шашин болгож албан ёсоор дэмжиж ирсэн байдаг. Энэ нь төрийн үйл хэрэгтээ шашныг ашиглан улмаар нийт улс орныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн боловч түүний эцсийн үр дүн нь эсрэг гарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хятадад дэлгэрүүлсэн Буддын шашин нь эргээд хятад дахь Монголын төрийг түлхэн унагаахад голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин Манж Чин гүрэн монголыг эрхшээлдээ оруулах улмаар үргэлжлэн нөлөөндөө байлгахад шарын шашин их нөлөөтэй гэж үзэж шашныг зүйл бүрээр дэмжиж ирсэн нь түүхнээ тодхон тэмдэглэгджээ. Гэвч 1911 онд Манжаас тусгаар тогтнох үзэл санаа тэрхүү зүйл бүрээр дэмжиж ирсэн шашны зүтгэлтнүүдийнх /Богд хаан/нь зүгээс гарч тэдний идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан нь бас л түүхийн бодит үнэн билээ.

            Эртний үед бүх зүйлийг бурханы хүсэл зоригоор тайлбарлаж ирсэн. Яваандаа бурхан өөрийн бүх хүсэл зоригийг хэрэгжүүлэх “эзэн хаан” хэмээгчийг бий болгосон ба Хаан газар дэлхий дээрх бурханы хаанчлалыг хэрэгжүүлэгч аж. Ийнхүү шашин хааныг зөвтгөсөн ба шашныг хаан зүйл бүрээр хөхүүлэн дэмждэг. Гэвч түүхэн хөгжилийн явцад эзэн хаан шашнаа үгүйсгэж шашныхаа дээр гарсан байдаг. Хэдийгээр “төр буюу хаан” шашны ивээл, хайр, зөвтгөлийн нөлөөгөөр үүссэн боловч хожим нь шашнаасаа илүү эрх мэдэлтэй болсон ажээ. Үүний нэгэн адилаар Үндсэн хуульт ёс нь ёс заншлаас үүсэлтэй боловч өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралд ёс заншлаас илүү статустай болсон байна. Шашны номлолд /ялангуяа Христийн/ бурханы өмнө хүн бүр “эрх тэгш” гэж тунхагладаг байжээ. Цаг хугацааны явцад энэхүү тунхаглал нь зөвхөн шашны тунхаглал төдийхнөөс халиж, илүү нийтийн, нийгмийн ялангуяа улс төрийн гол зарчим, уриа болсон ба энэ үзэл санааны үрээр хүмүүс “Эзэн хаан”-ы давуу эрхийг хязгаарлаж “эрх тэгш” байхыг чухалчлах болсоноор “Үндсэн хууль”-т ёс үүссэн гэлтэй.
            Шашнаас “улс төр” үргэлж хамаарч ирсэн учраас шашинд улс төрийн гол гол элементүүд өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл шашны номлолууд нь Үндсэн хуулийн адил нийгэмд хүчтэй нөлөөтэй хэвээр, ард түмний оюун санаанд оршсоор, “Төрийн хууль”-ийн хажуугаар нийгмийн амьдралд хэрэглэгдсээр байна. Төрийн хууль ёсны легитимт шинж чанар ард түмний дунд алдагдаж, төрийн хүч суларч эхлэхэд шашны номлол, хүч нөлөө нэмэгдэж өсөх ба энэ үйл явц нь төр ба улс орны хөгжилд сайн эсвэл муугаар нөлөөлдөг байна.

Үүний нэг жишээ нь манай Монгол улсад ажиглагдаж, төрийн хямралт байдлын улмаас монголчууд шашинд /зарим талаараа мухар сүсэгт/илүү татагдан орж байж болох юм. Үүний шалтгаан нь “хуульт ёс”-ны хямрал байж болно. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжихээ больж, нийгэмд үнэ цэнээ алдсанаар /хууль гууль болох/, иргэдийн “хуульт ёс”-нд /төрд/ итгэх итгэл алдарч түүний орон зайг “шашин” эзлэж байж болох юм. Иймээс “Үндсэн хуульт ёс”-ыг бэхжүүлэхийн тулд хуулийн хэрэгжилтийг чангатгахаас гадна хууль нь жинхэнэ нийгмийн дотоод асуудлыг бүрэн шударга шийдвэрлэж чадах, иргэдийн сэтгэл ханамжыг ихэсгэх чадамжтай байх шаардлага урган гарч байгаа болов уу.

No comments:

Post a Comment

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...