Sunday, January 1, 2012

Өрх гэр бүлийн аж амьдарлын баталгаа ба түүнийг дэмжих нь

Өрх гэр бүлийнхээ аж амьдарлын баталгааг хангах түүнийг бий болгох нь зайлшгүй өрхийн гишүүн бүрийн үүрэг мөн боловч энэхүү өрхийн үйл ажиллагаанд нь төр, орон нутгийн засаг захиргааны  байгууллагын зүгээс бодлогоор болон бусад зүйлсээр дэмжлэг үзүүлэх нь нэн чухал юм.
Төр, орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс өрх гэр бүлд үзүүлэх дэмжлэг нь өрх гэр бүлийн эдийн засаг, соёл боловсролын дотоод чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдэх нь илүү оновчтой байх юм. Өөрөөр хэлбэл бэлэнчлэх сэтгэлгээг нь өөгшүүлэхүйц дэмжлэг туслалцаанаас аль болох зайлсхийж, бэлэн бусаар оюуны хөрөнгө оруулалт хийх нь илүү оновчтой байх болно. Хүний амьдарлыг бэлэн 1 сая төгрөг өөрчилдөггүй харин хүний ухамсарт шингэсэн зөв бодол санаа, хүнээ олсон зөв боловсрол нь  тухайн хүний амьдарлыг насан туршид нь өөрчилдөг нь амьдарлын үнэн билээ.
Өрх, гэр бүл бүр өөрөө өөрсдийнхөө амьдралд бүрэн хариуцлага хүлээх учиртай. Элбэг хангалуун амьдарлынхаа өмнө ч тэр, ядуу хоосон амьдарлынхаа өмнө ч тэр. Ардчилсан нийгэмд шилжсэн үеэс эхлэн хүн бүр эрх чөлөөтэй болсон ба хүмүүсийн баян амьдрах аль эсвэл ядуу амьдрах эрх нь  мөн л энэ эрх чөлөөтэй хамт иржээ. Үүнээс урьдах нийгэмд хүнийг өмчгүй байлгах замаар  нийтээр нь тэгш байлгахыг зорьдог байв. Нийтээрээ өмчгүй гэдэг нь одоогийнхоор нийтээрээ ядуу амьдарч байсан гэсэн үг. Нэг үгээр хэлбэл баян ч амьдарч болохгүй ядуу ч амьдарч болохгүй нийгэмд амьдарч байж.
Сэргэн мандалтын үеийн нэгэн нэрт сэтгэгч “Эрх чөлөө бол яг л хоёр үзүүртэй зүүтэй ижил. Жишээ нь боол хүнд эрх чөлөө өгвөл нэг бол ядуу дорой амьдардаг нөгөө бол хүн алдаг. Тэд бол гав гинжиндээ байж эзнийхээ өгсөн хоолоор амь зогоох тавилантай” гэж хэлсэн байдаг. Энэ үг бол тухайн үедээ боолуудад эрх чөлөө өгөхийг эсэргүүцэж байсан хүний үг боловч  энэ үгэнд бага ч болов үнэн агуулагдаж байна гэж би боддог. Өөрөөр хэлбэл эрх чөлөөт нийгэмд өрх, гэр бүлийн баян, хоосон, жаргалтай, жаргалгүй амьдрах нь зөвхөн тэрхүү өрх, гэр бүлээс шалтгаалдаг. Боол хүнд эрх чөлөө байхгүй ч гэсэн эзнийхээ өгсөн хоолоор хооллож, эзнийхээ ажлыг хийж нэг ёсондоо түүний амьдарлын баталгааг эзэн нь хангадаг.
Харин чөлөөт нийгэмд энэ бүхнээ өрх гэр бүл өөрөө хангах учиртай. Хүний ямархуу амьдрах нь тухайн хүний нийгэмдээ хэр зохицон амьдрах чадвартай вэ? гэдгээс нь шууд хамаарна. Хүний нийгэмдээ зохицон амьдрах чадвар нь тухайн хүний мэдлэг боловсорлоос шалтгаална. Дүгнэж хэлбэл хүн болоод өрх гэр бүлийн амьдрал нь тэдний мэдлэг боловсрол ба түүнийгээ амьдралдаа хэрхэн хэрэглэж чадах чадвараас нь шууд хамаардаг байна.
Өрх гэр бүлд үзүүлэх бэлэн мөнгөний тусламж нь тэдний биеэ дааж амьдрах чадварыг нь бага багаар устгаж байдаг. Харин тэдэнд үзүүлэх зарим эдийн болоод оюуны, соёл боловсролын хөрөнгө оруулалт нь тэдний биеэ дааж амьдрах чадварыг улам хөгжүүлж, бэхжүүлж байдагаараа илүү үр дүнтэй байдаг. Иймээс өрх гэр бүлд боловсрол олгох нь өрх гэр бүлийг дэмжих хамгийн зөв арга зам юм.
Өрх гэр бүлийн сайн сайханд бодит дэмжлэг болохуйц боловсрол нь дараах төрөлтэй байх юм. Үүнд:
1.    Өрх гэрт зах зээлийн эдийн засгийн боловсрол олгох замаар зах зээлийн нийгэмд зохицон амьдрах чадавхийг хөгжүүлэх
2.    Өрх гэрт эрх зүйн боловсрол олгох
3.    Өрх гэрийн гишүүнд мэргэжлийн боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх
4.    Өрх гэрт эрүүл мэндийн боловсрол олгох замаар эрүүл амьдарлын хэвшилд сургах
5.    Нийгмээ болон өөрийгөө зөв ухаарахад буюу зөв амьдрахад туслах мэдлэг, боловсрол олгох зэрэг орно.
Зарим залуу гэр бүлд тулгарч буй бэрхшээл түүнийг шийдвэрлэх нь: Нийт өрх гэр бүлүүдийн дотроос хамгийн дэмжиж туслууштай нь амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу гэр бүлүүд юм. Тэдний өмнө аж амьдарлын баталгаагаа хангах, амьдралд хөлөө олоход нь олон бэрхшээл тулгардаг. Эдгээр бэрхшээлийг шийдэж чадаагүйн улмаас шинээр гэр бүл бологсдийн 50% нь хамтын амьдарлынхаа эхний 5 жилд салж байна гэсэн судалгаа байдаг. Энэ нь залуу гэр бүлийн асуудал нийгмийн шинжтэй асуудал болсныг харуулж байна.
Гэр бүл дотроос залуу төрийн албан хаагч гэр бүлийн амьдрал ямар байна вэ? Өмнөговь аймгийн хувьд бүс нутгийн ялгаатай байдал тод ажиглагддаг. Уул уурхайн хөгжлийн нөлөөгөөр ажлын байр их бий болсон бүс нутаг буюу зүүн сумдуудын төрийн албан хаагчидын цалин орлого уул уурхайн компанид ажилладаг хүмүүсийн цалин орлоготой харьцуулахад бага байгаа юм. Жишээлбэл: Ханбогд суман дахь залуу төрийн албан хаагчидын дундаж цалин, орлого 250-300 мянган төгрөгтэй байхад Оюу толгойд цэвэрлэгч, үйлчлэгч хийдэг хүний цалин дунджаар 350 мянган төгрөгтэй байна. Энэ нь тус сумын төрийн албан ы үнэлэмжид сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй энэ хэмжээний орлогоор залуу гэр бүл аж амьдарлаа баталгаатай авч явах, цаашид хэрэглэгдэх мөнгөн хуримтлал үүсгэхэд нь хүндрэл учруулдаг. Орон нутгийн сайн боловсон хүчин цалин, орлогын байдлаас хамааран ихэвчлэн төрийн албаны ажлыг биш хувийн секторийн ажлыг сонгож байгааг дурдахгүй байхын аргагүй.Цалин орлогын бага хэмжээ нь залуу төрийн албан хаагчдын ажил албандаа хайхрамжгүй хандах, өөр бусад хууль бус эрсдэлд ороход нь нөлөөлж болзошгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.
Харин баруун сумдад уул уурхай бага хөгжиж байгаа учир зарим сумдад хамгийн том ажил олгогч нь төрийн байгууллага болдог. Төрийн албанаас өөр ажил байхгүй буюу эсвэл бага олддог. Хэдийгээр төрийн албанд ажиллаж байгаа ч тэдний цалин орлого мөн аж амьдарлынх нь найдвартай баталгаа болдоггүй. Үүнийг ажилчдын хэдэн хувь нь цалингийн зээлтэй байна вэ? гэдгээр нь харж болно. Гэвч тэд сумынхаа хэмжээнд найдвартай орлоготой цөөн өрхийн нэг болдог. Эдгээр суманд ажлын орон тоо гарах нь бага учир ихэнх залуучууд болон залуу гэр бүл нь төв суурин газрыг зорьж байна.
Төрийн албаны цалин бага байгаа нь дунд болон доод түвшиний төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжид сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл залуучуудын хувьд төрийн алба нь ажил амьдарлын гараагаа эхлэх эхний сургалтын бааз төдий болох эрсдэл байна. Учир нь шинэ залуу боловсон хүчин төрийн албаны шалгалтанд л тэнцсэн бол төрийн албанд ажиллаж болдог бол томоохон аж ахуй нэгж байгууллага, компани шинээр ажилчин авахдаа ажилласан жилийн болон өөр төрлийн олон нөхцөл заадаг.  
Дүгнэж хэлэхэд төрийн албанд ажиллаж буй залуу гэр бүл түүний гишүүнд үзүүлэх тусламж, орлогыг нэгдсэн бодлого, хөтөлбөрөөр дэмжих нэмэгдүүлэх, тэднийг цаашид мэдлэг, мэргэжилээ дээшлүүлэх, ажил албандаа тогтвор суурьшилтай ажиллахад нь байнгын урамшуулал дэмжлэг үзүүлэх нь төрийн албаны чанар, бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээнд ахиц дэвшил гаргахад сайнаар нөлөөлөх юм.

Бичсэн: Б.Оюунсуртал

1 comment:

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...