Friday, December 2, 2011

ОЮУ ТОЛГОЙ ОРДЫГ 20 ЖИЛИЙН ДОТОР ОЛБОРЛОЖ ДУУСГАХ УУ.

Оюу толгойн гэрээ гэж хэрүүлийн алим болсон зүйл. Гэтэл гадныхан танай гэрээ дэлхийд загвар болохоор сайн болсон гэнэ. Миний хувьд энэ гэрээ их сэжиглүүштэй байна. Үүнийг би нэг баримт түшин тайлбарлахыг хичээе.
Асуудал юунд байна вэ? Манай засгийн газар эрхэм төрийн түшээд маань гэрээндээ Оюу толгой дахь Монголын талын эзэмшил, оролцоо 30 жилийн дараагаас 50 хувь ба түүнээс дээш байж болохоор заажээ. Харин миний хувьд гадныхан манай оюу толгойн нөөцийг 30 жил ба түүнээс бага хугацаанд зөөн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэж бодож байна. Мэдээж ингэж бодох нь зүгээр нэг хардалт төдий зүйл биш болохыг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлая.
Хэдийгээр Оюу толгой Эрдэнэтийн нөөцөөс хэд дахин илүү нөөцтэй ч орчин үеийн техник, технологийн дэвшил тэрхүү нөөцийг одоогийн Эрдэнэт үйлдвэрийн ажилласан хугацаанаас  хэд дахин бага хугацаанд нөөцийг нь олборлон гаргах боломжыг бий болгосон.
Энэ нөхцөлд гэрээ байгуулсан хоёр тал маш үнэмшилтэй хариултыг бидэнд хэдэн янзаар өгч чадна. Бид итгэхээс өөр яахав. Гэхдээ усны нөөцийн талаар тэд тодорхой тайлбар хийхгүй байна. Оюу толгойн төсөл эхлэхээс дуусах хугацаанд гадаргын усыг ашиглах талаар нэг ч үг гарсангүй. Уг нь хэдэн жилийн өмнө бол яригдаж л байсан юм. Холбогдох мэргэжилтэн болон яамны зүгээс бид судалгаа хийж байна гэсэн жижүүрийн ганц тайлбартай.
Бодит байдал буюу газар дээрээ ямар дүр зурагтай байгаа талаар нутгийн хүний хувьд үгээ хэлье. Оюу толгой төсөлд  говьд байгаа газрын гүний усыг ашиглахаар олон цооног өрөмдөж байна. Тэрхүү цооногууд нь Оюу толгойгоос зүүн зүгт 60-80 км-ийн зайд байрладаг. Оюу толгойн мэргэжилтнүүдийн зүгээс нутгийн иргэдэд ямар мэдээлэл өгч байна вэ? гэвэл "Энд газар доор асар том далай бий. Тэр далайн усны нөөц асар их та бүхний ундаалдаг ус болох хөрсний усанд тань муугаар нөлөөлөх зүйл байхгүй. Учир нь газрын гүний усаа бид та бүхний хэрэглэдэг хөрсний уснаас 300-400 метрийн зайнаас олборлоно."
Гэвч Оюу толгой төсөл эхлээчгүй байхад малчдад маань эхний шинж тэмдэгүүд нь мэдрэгдээд эхэлж. Ухаандаа 1000 мал услахад шавхагддаггүй байсан худаг 200-300 мал услахад бүрэн шавхагддаг болжээ. Усны ундарга нь муудсанаас тэр. Одоо нутгийн иргэдийн дунд айдас хүйдэс тэнүүчлэж байна. Хэдэн тонн алттай байлаа гээд усгүй бол яаж амьдрах билээ тоглоом ч юм шиг шоглоом ч юм шиг. Усгүй цөлд хүн дусал усыг хэдэн тонн алтаар ч үнэлээд үнийг нь бараг дийлэхгүй гэж манай өвөг дээдэс ярилцсаар ирсэн. Говь нутгийн маань байгаль экологи тун эмзэг, жишээ нь газрын гүний усны нөхөн сэргээгдэх хугацаа нь 2000-1000000 жил байдаг гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо байна. Говийнхон бид газрын гүний ус болон хөрсний усаараа л ундаалдаг. Хангайнхан шиг гол, горхи, нуур, цөөрөм гэх мэт гадаргын ус бидэнд байдаггүй. Газрын гүний ус маань дуусвал бидний ус дуусна.
Харин монголын усны мэргэжилтнүүдийн тооцоо судалгаагаар одоогийн Оюу толгойн ус олборлож буй талбайн усны нөөц Оюу толгой төслийг 12-20 жилийн хугацаанд усаар хангахад хүрэлцэх аж. Гэтэл Оюу толгой төсөлд нөөц усны төлөвлөгөө алга.
Үүнээс харахад гадныхан Оюу толгой ордыг цаад зах нь 20 жилийн дотор олборлож дуусгахаар тооцоолсон байж болох нь гэсэн хардалт өөрийн эрхгүй төрдөг юм.
Засгийн газар маань бид 30 жилийн дараа Оюу толгойгоо эзэмшинэ гээд бидэнд тайлбарлаад байгаатай судалгаа, тоо баримт бас ажил нь зөрөөд байгааг анзаарахгүй байхын аргагүй. Арай ард түмнээ молигдоогүй байлтай. Гэвч ...

Уг нь монгол сайхан нутгаас маань эх авч урссаар харийн тэнгис далайг зорьдог олон сайхан гол, мөрөн бий. Өөрөөр хэлбэл манай улсад гадаргын усны нөөц хангалттай байна. Эдгээрийн усыг Оюу толгой төсөлд ашиглах бүтээн байгуулалтыг бид энэ төслөөр хамтад нь хийж чадвал Оюу толгой ордын нөөц дууссанч говьд жинхэнэ далай бий болж,  ус татах байгууламж үеийн үе, үрийн үрд маань үлдмээр шиг санагдана. Энэ бол хэн хэндээ хэрэгтэй бүтээн байгуулалт.
Наймаачдад эх орон байдаггүй гэдэг. Тэд бол наймаачид, бизнес хийгчид тэдэнд зөвхөн мөнгө, ашиг л хэрэгтэй. Бидний баялаг дуусахаар тэд өөр нэгнийг хайж одно. Харин бидэнд мөнгө олдоно гэвч эх орон минь, онгон дагшин байгаль нутаг минь олдохгүй шиг санагдана.
Би хувьдаа газрын гүний ус бүгд холбоотой байдаг зүйрлэх юм бол хүний цусны систем шиг гэж сонссон юм байна. Хүн цус алдвал түүнийг маш яаралтай тогтоохгүй бол удахгүй тэр хүн талийгч болдог. Яг үүн лугаа адил нэг газрын гүний усныг маш ихээр ашиглах нь бусад газрын гүний усны түвшин доошлох шалтгаан болдог гэж сонссон. Энэ хэрвээ үнэн бол говийн гурван аймаг цаашлаад бүх монголын гүний усны нөөцөд нөлөөлж мэдэх юм.

Бид нийгмээрээ "бүр" дэлхий нийтээрээ мөнгө, хөрөнгийг шүтсэн эрин үед амьдарч байна. Харин эрдэмтэд ирээдүйд хүмүүс мөнгөний төлөө нэг нэгнээ иддэг биш харин усны төлөө нэг нэгнээ хөнөөдөг болно гэж сануулсаар байна.
Гэтэл нутгийн малчид маань ус татарч, хур бороо багасаад байгаатай хурмаст тэнгэр, лус савдагаа аргаддаг уламжлалт аргаараа тэмцэж байна. Харамсалтай нь түүнээс нь илүү аймшигтай, хүний сэтгэлтэй, зөвхөн мөнгө, ашиг харсан гадныхан тэдний ирээдүйд санаа тавихгүй нь. Тэгээд хэн тэдэнд санаа тавих ёстой гэж ...

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...