Friday, January 8, 2016

Монгол төрийн цаашдын чиг хандлага ямар байх вэ?

Монгол төрийн цаашдын чиг хандлага ямар байх вэ? гэсэн асуулт өнөөдөр их яригдах болж. Нэг хэсэг нь Ардчилсан хөгжилийнхөө үзэл баримтлалд тууштай байх тухай ярьж байхад нөгөө хэсэг монголын Ардчилал  хуурамч “дүр эсгэсэн Ардчилал” болжээ. Ард түмэн хүчтэй удирдагчийг хүсэж байна. Ер нь монголд Ардчилал тохирохгүй нь Монголыг хүчтэй, амбицтай, Путин шиг Ерөнхийлөгч удирдвал илүү их хөгжинө гэх мэт дэл сул яриа гарч байна.
Ардчилал хөгжилийн замаар замнасан 25 жилд алдаатай оноотой зүйл бий. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, авилгал хээл хахууль гэх мэт иргэдийн санааг зовоосон, нийгмийн өмнө тулгамдсан асуудлууд монголыг тойрсонгүй. Алга урвуулахын төдийд Америк шиг хөгжилтэй улс болно гэж зарим хүмүүс итгэж, улс төрчид нь сонгуульд ялахын тулд илбийн юм шиг өөрчлөөд хөгжүүлээд өгнө гэж амладаг боловч сонгуулийн дараа бүх зүйл бахь байдагаараа болохоор Ардчилалд итгэх иргэдийн итгэл буурч байгаа байж болох юм. Ер нь монголчууд Ардчилсан төр засгаас их зүйл хүсэж хүлээдэг боловч өнөөх төр засаг нь хүссэн хэмжээнд нь хүрч ажиллахгүй ч байгаа ч юм уу. Миний хувийн бодлоор иргэдийн хүлээлт, төрд итгэх итгэл харьцангуй өндөр байх шиг. Харин төрийн хариу гүйцэтгэл тун муу байна. АНУ-ын нэгэн судалгааны байгууллага Монголчуудын Ардчилалд итгэх итгэл суларсан гэсэн судалгаа хийсэн гэнэ. Гадны улсын судалгаатай судалгаагүй бүх хүний нүдээ ил байх баримт бол сонгууль бүрт сонгогчидын ирц буурч байгаа явдал юм. Хамгийн сүүлд болсон орон нутгийн сонгуульд зарим газар сонгогчидын ирц хүрээгүйн улмаас дахин сонгууль болсоноос харахад Иргэдийн төр засагтаа итгэх итгэл буурч байгааг зоволтгүй мэдэж болно.
Өндөр хөгжилтэй Ардчилсан улсад сонгуулийн ирц 50 хувьдаа ч хүрэхгүй байх тохиолдол элбэг бий. Ийм улсад иргэд нь төр засагтаа итгэхээ больсон учраас сонгуульдаа оролцдоггүй биш зүгээр л улс төр тэдний өдөр тутмын амьдралд тийм их хамаатай биш. Тэдгээр улсын иргэдээс “Та яагаад сонгуульдаа оролцоогүй вэ?” гэж асуухад миний амьдрал сонгууль өгсөн өгөөгүй элбэг хангалуун туйлын тогтвортой байна гэж хариулдаг байна. Нийгмийн асуудлууд нь шийдэгдчихсэн, хууль нь тогтвортой, эдийн засгийн өндөр хөгжилтэй улсад бол хүмүүс нь нэг их улс төржөөд байдаггүй. Улс төртэй төргүй амьдрал нь тогтвортой хангалуун болчихсон гэсэн үг л дээ.
Харин манай улсын хувьд сонгогчид нь  идэвхгүй болсон  шалтгаан нь  төр засагтаа итгэхээ байсантай холбоотой гэнэ. Ухаандаа аль ч нам нь адилхан, тэртээ тэргүй юу ч хийхгүй харин идэж уухаа л боддог хүмүүсийг юуг нь сонгох вэ? дээ гэх мэтээр төр засагтаа үл итгэх ба түүнийг эсэргүүцэх тэмцэл нь сонгуульд оролцохгүй байх явдал болж хувирсан байна. Итгэл найдвар хүлээлгэн бидний төлөө эрх биш ажиллах байх гэж сонгосон хүн нь сонгогдоод л сураг тасарна. Хааяа нэг ТВ-гээр харагдах нөхрийн амьдрал нь дээшилж, хүмүүсийн нүдээ илтээр баяжиж, амьдрал нь чинээлэг болоод ирэхээр ард олонд дургүйцэл өөрийн эрхгүй төрж заримынх нь огиудас нь хүрдэг биз.
Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл буурсан гэдгийг харуулсан судалгааны  дүн ч гарсан байна. Ийм дүр зураг удаан үргэлжилбэл ард түмний дургүйцэл нь үйлдэл болж, бослого тэмцэлээр үргэлжилж зарим хүмүүсийн уриалж байгаагаар хувьсгал хийгдвэл Монгол улсад амьдрахад хүнд болно. Энэ бол хүсээд байх зүйл биш.
Ардчилал бол хамгийн сайн засаглал биш гэхдээ өнөөдрийн хүн төрөлхтөний мэддэг засаглалуудаас хамгийн сайн нь гэж У.Черчил хэлсэн байдаг.
Ардчилсан засаглалаа улам хөгжүүлэн төгөлдөржүүлж, засаж сайжруулан, ард түмэндээ илүү их үр өгөөжөө өгдөг байхад чиглүүлэх явдал бол Монгол төрийн цаашдын чиг хандлага байх учиртай юм.
Бүх зүйл хоёр талтай байдагчлан монголын өнөөгийн  дорой, буурай байдалд улс төрийн нам, эрх мэдэлтэнгүүд буруутайгаас гадна судлаач Д.Ганхуяг гуайн хэлсэнээр ард түмний “сурчихсан арчаагүй байдал” ч бас холбоотой юм. Монгол бол Ардчилсан улс гэж хэлбэрдэхээсээ илүү Ардчилалынхаа мөн чанарт нь илүү их анхаарах цаг болж. Улс төрийн намууд нь Ардчилалтай байна уу? Олон түмний сонгох, сонгогдох эрх баталгаатай хангагдсан уу? гэх мэт суурь асуудлууд руу анхаарах цаг болжээ.
Ер нь хэлбэрийн төдий Ардчилал үүсэх үндсэн нөхцөл нь иргэдийн  оролцооны хомсдол юм. Олон түмний улс төрийн идэвх оролцоо сул байгаагаас үүдэлтэй  Ардчилалгүй буюу Ардын эрхгүй Ардчилал монголд зонхилж байна. Голлох намууд нь цөөн хэдэн олигархиудын өмч болж тэдний эрх ашигт үйлчлэх болсон байна. Жижиг намуудын олонх нь ганц хүний өмч буюу үүсгэн байгуулагчийн өмч байдаг. Уг нь нам бол олон нийтийн байгууллага шүү дээ.
Хуучин нийгмийн үед Ардын эрхт төр, Ардын засаг гэх мэт үгийг маш их ашиглаж байсан учраас 1990 оноос хойш тэдгээр үгнүүдээс татгалзаж Ардчилсан гэдэг үгийг хэрэглэх болсон нь тун харамсалтай. Уг нь Ардын эрхт төр, Ардын засаг гэх мэт үгс нь Ардчилсан гэдэг үгийг түүнээс илүү утга төгөлдөр илэрхийлдэг юм.
Ардчилсан улсад хүн бүр улс төрч байдаг. Үүнийг Аристотель “ Хүн бол улс төрийн амьтан” гэж шууд тодорхойлсон. Онолын хувьд улс орны өдөр тутмын амьдралыг удирдан зохицуулахад хүн бүр оролцох эрхтэй боловч ийм боломж үнэндээ байдаггүй. Тиймээс хүмүүс өөрсдийнхөө өмнөөс биднийг төлөөлөн улс орны асуудлыг шийд хэмээн хамгийн их итгэж найддаг, боловсролтой шилдэг гэсэн хүндээ улс орноо удирдах өөрсдийн эрхээ шилжүүлж, түүнийг өөрсдийнхөө өмнөөс тэдний эрх ашигт нийцсэн хууль тогтоомж гаргаж түүнийгээ хэрэгжүүл хэмээн явуулдаг. Хаашаа гэдэг нь тодорхой Улаанбаатар хотын төвд байх Төрийн ордон руу.
Өөрөөр хэлбэл хуучнаар Ардын их хурал одоо цагийнхаар бол Улсын их хурлын гишүүн болгодог. Энэ хурал бол бүх ард түмнийг бүрэн төлөөлөх их хурал юм. Энэ их хурлаас улс орон даяар мөрдөх хууль тогтоомжыг гаргаж түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрыг томилдог. Миний бодлоор бол Засгийн газрыг Ардын засгийн газар гэвэл илүү зохимжтой мэт. Ардын засаг гэдэг нь нийт ард түмний эрх ашгийн төлөөх засаг гэсэн утгатай. Нийт гэдэг нь хуучин цагийнхаар бол хаад, ноёд, лам нарын засаг биш, одоогийнхоор бол хэдхэн олигархи бүлэглэлийн засаглал биш гэсэн Утгийг илтгэнэ. Монголын улс төрийн бодит байдалыг хараад байхад монголд жинхэнэ Ардын эрхт Ардчилсан төр байна уу үгүй юу гэдэгт эргэлзээ төрнө.
Жинхэнэ Ардын эрхт, ард түмний төлөөх Ардчилсан Ардын засаглал байгуулах зорилтоосоо ухарч боломгүй. Одоогийн хүрсэн амжилтаа улам ахиулж Ардчилсан төрийн тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх шаардлага байгаа юу гэвэл байна. Тийм боломж байна уу гэвэл бас байна. Учир нь манай улс харьцангуй Ардчилсан улс. Хараат бус сэтгүүл зүй бараг байхгүй болсонч  интернэтийн буянаар Facebook гэх мэт сошиал хэрэгсэлүүдээр хүмүүс чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлж, шүүмжилж байна. Энэ бол дэвшил.
Ардчилал бол иргэн хүнээс оролцоог дээд хэмжээгээр шаардахаас гадна улс төрийн өндөр боловсролтой байхыг шаарддаг. Тиймээс бүх их дээд сургуулиудад Улс төрийн боловсрол олгох хичээл заахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудад Улс төрийн талаар ойлголт өгөх хичээл орж байна. Энэ бол бүхэлдээ иргэдийн улс төрийн боловсролыг сайжруулахад чиглэж байгаа боловч хангалтгүй байна. Ардчилсан улсын иргэн байхын тулд өндөр хариуцлагатай, ухамсартай, боловсролтой, ёс зүйтэй байх хэрэгтэй болдог.
Ардчилалын хамгийн том дайсан нь ажилгүйдэл ядуурал юм. Ядуурлын түвшин өндөртэй улсад Ардчилал бүрэн утгаараа төлөвшинө гэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хүмүүс Ардчиллаа талхнаас сольчихдог. Сонгууль болох үед мөнгөтэй баян хүмүүс будаа, гурил, түлээ, нүүрс мэтхэнээр хүмүүсийн саналыг авчихдаг. Ядуурал ихсэх тусам Ардчилал хэврэгшинэ. Энэ хоёр урвуу хамааралтай. Нийгмийн дундаж давхарга нэмэгдэх тусам Ардчилал бэхжиж хөгждөг. Энэ хоёр шууд хамааралтай.
Ядуурлыг бууруулах бодлого нь ядуу байхыг дэмжих бодлого болж хувирдаг. Харин дундаж давхаргыг дэмжиж, дундчуулаа ядууруулахгүй байх бодлого нь ядуурал нэмэгдэхгүй байх боломжыг бүрдүүлдэг. Ардчиллаа бэхжүүлж хөгжүүлэхэд нийгмийн дундаж давхаргын нийгэмд эзлэх эзлэхүүн чухал үүрэгтэй. Харин нийгмийн дундаж давхаргын эзлэхүүнийг нэмэгдүүлэх төрийн бодлого байна уу? Ардчилсан төрийн амин сүнс дундаж давхаргаа дэмжье.

  Тэнгэрийн тухай тайлах нь Тэнгэр хэмээх ойлголтыг өнөө цагт янз бүрээр тайлбарлах явдал өргөн хүрээг хамарч байна. Бөө нар болоод буса...